Гитлерийн эзлэн түрэмгийллийн он жилүүдэд энгийн нэгэн гэрийн эзэгтэй Диана Будисавлевич Ховатад байх бөөнөөр хорих лагериудаас 10 мянга гаруй хүүхэд аварсан түүхтэй. Гэвч дайн дууссаны дараа Югославын шинэ засгийн газар түүнийг “персона нон грата” буюу “тааламжгүй этгээд” хэмээн зарлаж байв. Харин XXI зуунд түүний тэмдэглэл нийтлэгдсэний дараа Будисавлевичийн гавьяаг дэлхий нийт олж мэдсэн юм. Гэвч тэр бээр энэ цаг үеийг олж харж чадаагүй.
Диана Будисавлевич хүүхдүүдийг үхлийн лагериас аварч байхдаа хөтөлдөг байсан тэмдэглэл нь 2003 онд “Өдрийн тэмдэглэл” нэрээр хэвлэгдэн олны хүртээл болжээ. Тэр үеэс хойш Будисавлевич Серби болон төрөлх Австридаа үндэсний баатар болсон юм.
“Дианагийн хүүхдүүд” баримтат кинонд доктор Милутин Вучковац долоон настай байхдаа хэрхэн бөөнөөр хорих лагерьт хоригдож, Будесавлевичийн ачаар амьд мэнд үлдсэнээ дурсжээ.
“Миний үеийн хүүхдүүд өлсөж, осгож үхэж байгааг харж байлаа.”Өдрийн тэмдэглэл” хэвлэгдэн гарсны дараа л Ябланац руу Диана Будисавлевич ирснийг би олж мэдсэн юм. Тэр олон хүнийг аварсан. Үхэлтэй нүүр тулж байсан минь хожим эцгийнхээ мөрөөдлийг биелүүлж, анагаах ухааны факультетад элсэн орж, бусдын амь насыг аврахын төлөө ажиллах боломжийг өгсөн. Эмэгтэйчүүдийн эмч болсноороо би олон мянган хүүхэд эсэн мэнд мэндлэхэд тусалсан. Гэхдээ нярай хүүхдийн уйлах дуу долоон настай байхдаа сонссон уйлах, орилох чимээнээс өөр гэдгийг би мэддэг” хэмээн доктор Милутин ярьжээ.
“Өдрийн тэмдэглэл” хэвлэгдэн гарсны дараа Будисавлевичэд олон шагнал хүртээж, түүний нэрээр гудамж, цэцэрлэгт хүрээлэнг нэрлэж, кино бүтээж, ном бичиж байв. Гэвч тэр өөрөө энэ талаар огт мэдээгүй.
Гэрийн эзэгтэй
Диана Обексер 1891 онд тухайн үед Австри-Унгарын бүрэлдэхүүнд байсан Инсбрук хотод төржээ. Түүний гэр бүл чинээлэг, аав нь худалдаа эрхэлдэг, хотдоо нэр хүнд сайтай нэгэн байв.
Дэлхийн нэгдүгээр дайны үед Диана бусад олон охидын адил анагаахын дамжаа төгссөн ч энэ чиглэлээр ажилласангүй. Гэхдээ суралцах хугацаандаа хэтдээ ихээхэн амжилтад хүрэх Юлий Будисавлевич эмчтэй танилцжээ. Юлий Хорватийн уугуул, Сербийн дээд зиндааны гэр бүлээс гаралтай байсан бөгөөд тухайн үед Инсбрукийн эмнэлэгт ажиллаж байв.
Диана, Юлий хоёр 1917 онд гэрлэж, хоёр жил Инсбрукд амьдраад дараа нь нөхрийнх нь төрөлх хот болох Загреб рүү нүүжээ.
Тэдний амьдрал элбэг дэлбэг, аз жаргалтай үргэлжилж байв. Юлий их сургуулийн анагаах ухааны факультетын профессор, нэр хүндтэй мэс засалч байлаа. Харин Диана гэрийн эзэгтэйн үүрэг гүйцэтгэж, охидоо өсгөн хүмүүжүүлдэг байв. Түүний зохион байгуулдаг үдэшлэг Загребийн сэхээтнүүдийн хүрээнд ихэд алдартай байлаа. Гэвч энэ амгалан амьдралыг Дэлхийн II дайн бусниулав.
“Диана Будисавлевичийн акци”
1941 онд Югослав Гитлерийн цэргүүдэд эзлэгдэв. Нацистын Герман болон шинээр байгуулагдсан Хорватын фашист хэт барууны байгууллага болох Усташи нийлж Хорватыг эзлэн түрэмгийлэгчдийг дэмждэг тусдаа улс болгожээ.Загребийг тойроод 1941 оны хавар гэхэд олон тооны лагерь байгуулагдпав. Тэдгээрийн нэг болох Ясеновац Европт гуравдугаарт бичигдэх том лагерь болжээ. Устащи еврейчүүд, цыганууд төдийгүй сербүүдийг ч үй олноор хомроглон устгахаар шийдсэн гэдэг.
Бөөнөөр хорих лагериуд байгуулагдсан нь Диана Будисавлевичийн хувьд хүндхэн цохилт болжээ. Эдгээр газарт эмэгтэйчүүд, хүүхдүүд хоригдож байгааг сонссон Диана ямар нэг тэмцэл, алхам хийх ёстой гэдгээ ухаарсан гэдэг. Энгийн нэгэн гэрийн эзэгтэй гэм зэмгүй эмэгтэйчүүд, хүүхдүүдэд туслахын тулд эхлээд санхүүгийн тусламж, хүнс, хувцас, эм бэлдмэл цуглуулдаг болов.
Энэ үйлсэд нь гэр бүлийн найзууд нь туслах болжээ. Удалгүй “Диана Будисавлевичийн акци” гэсэн албан бус нэртэй болсон буяны үйлсэд нэгдэх хүмүүсийн тоо нэмэгдэж эхлэв.
“Над дээр ирсэн хүмүүст энэ буяны үйлсийн талаар сайтар итгэж болох танилууддаа дамжуулж хэлээрэй гэж гуйдаг байсан. Ингээд хэдэн өдрийн дотор олон хүн нэгдэж, маш олон дулаан хувцас цуглуулж чадсан юм. Хоёр охин болон тэдний найзуудын тусламжтайгаар манай байранд оёдлын жижиг цех ажиллаж эхэллээ. Хамба хилэн хөшгөөр хүүхдийн пальто, даашинз бүтээлэг оёдог байв” хэмээн Будисавлевич өдрийн тэмдэглэлдээ бичжээ.
Илгээмжийг хорих лагериудад хоригдож байгаа Сербийн эмэгтэйчүүд, хүүхдүүдэд илгээдэг байсан ч тусламжийн ихэнх хэсэг нь хаягласан хүмүүстээ очдоггүй байж.
Дараа нь энэ үйлсэд Улаан загалмайн ажилтнууд нэгдэв.
Илгээмж болон материаллаг тусламж хорих лагерийн хоригдлуудад ямар ч нэмэргүй гэдгийг Диана ойлгожээ. Түүнчлэн хамгийн сул дорой хоригдлууд буюу хүүхдүүд хорих лагерьт аймшигтай нөхцөл байдалд байгааг олж мэдэв.
1942 оны зуны эхээр партизануудын эсрэг хийсэн Герман, Усташийн цэргүүдийн байлдааны ажиллагааны дүнд Загреб орчмын хорих лагериуд шинэ хоригдлуудаар дүүрчээ. Тэдний ихэнх нь сербүүд, гэр бүлээрээ, хүүхдүүдээ аваад хоригдсон байлаа. Эрчүүд, эмэгтэйчүүд, өсвөр настнуудыг Герман руу илгээсэн бол 14 хүртэлх насны олон мянган хүүхэд, тэр дундаа хөхүүл хүүхдүүд лагерьт хаягдаж үлдсэн аж. Хорихын нөхцөл аймшигтай, тэдэнд хэн ч санаа тавихгүй, хүүхдүүд аажмаар үхэж байв.
Диана Будисавлевич энэ талаар Герман руу илгээж буй эмэгтэйчүүдэд хүнс тараан галт тэрэгний буудал дээр байх үедээ олж мэджээ. Эмэгтэйчүүд Дианад хүүхдүүдээс нь хэрхэн хүчээр салгасан тухай, тэднийг дахиж харах ямар ч найдваргүй тухай, тэд амьд үлдэж чадах эсэхийг ч мэдэхгүй байгаа талаараа ярьсан аж.
Энэ үеэс хойш Дианагийн толгойд ганц л бодол эргэлдэнэ. Хүүхдүүдийг хорих лагериас гаргах.
“Гарцаагүй үхлээс хүмүүсийг аврах нь миний амьдралын хамгийн гайхалтай бэлэг байлаа” хэмээн Будисавлевич 1942 оны 06 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэлдээ бичжээ.
Ийм үйлсийг эзлэн түрэмгийлэгчдийн эрх баригчдаас албан ёсны зөвшөөрөл авалгүйгээр хийх ямар ч боломжгүй гэдгийг тэр ойлгож байв. Ингээд зөвшөөрөл авахаар шийдэв. Диана австри хүн, германаар ярьдаг, төрийн байгууллагад холбоо сүлбээтэй, нөхөр нь Дотоод хэргийн сайд асны ах тул зөвшөөрөл авчихаж дөнгөнө гэж найдаж байлаа.
Хэдийгээр асар их эрсдэлтэй байсан ч өөрт нь туслаж мэдэх хүн бүртэй л Диана уулзаж байв. Энэ тэмцэлд охид нь туслаж, хамт зогсож байлаа, харин нөхөрт нь энэ бүхэн таалагддаггүй байлаа. Гэр бүлд нь аюул учирна гэж эмээснээс тэр.
“Миний нөхөр миний, өөрийнхөө өмнөөс айж, миний ажлыг хүлээн зөвшөөрдөггүй байсан. Харин би чадах хэмжээгээрээ л туслахыг хүсэж байлаа. Надад өөр сонголт байгаагүй тул хариуцлагыг өөр дээрээ авсан. Гэм зэмгүй хоригдож байгаа хүмүүсийн амь наснаас миний амь нас үнэтэй биш гэж би шийдсэн” хэмээн Диана тэмдэглэлдээ бичжээ.
Ямартай ч Диана хүүхдүүдийг хорих лагериас авах зөвшөөрөл авч чаджээ. 1942 оны долдугаар сард хамтран зүтгэгчид болон Улаан загалмайн нийгэмлэгийн сувилагч нарын хамт ээжүүд нь Герман руу цөлөгдсөн хүүхдүүдийг авахаар Стара Градишка бөөнөөр хорих лагерьт ирэв.
“Эхлээд бид хэдэн өрөө харсан, тэнд орон дээр хүүхдүүд хэвтэж байлаа. Бидний дотор айдас хурж байв. Өрөөнд ямар ч тавилга байхгүй, туранхай бяцхан хүүхдүүд газар хэвтэж, сууж байсан” хэмээн Диана хорих лагерьт очсон анхны өдрийнхөө талаар бичжээ.
Дараа нь Диана Будисавлевичийн бүлгийн сайн дурынхан ээжтэйгээ хамт хоригдож байгаа хүүхдүүдийг авахаар очдог болов. Эмэгтэйчүүд орь дуу тавин уйлж байсан ч хүүхдээ аврах үүнээс өөр арга байхгүй гэдгийг ойлгож байсан тул сайн дурынханд хүүхдээ өгч явуулдаг байжээ.
Ингээд 1942 оны долоо, наймдугаар сард Диана туслахуудынхаа хамтаар бөөнөөр хорих лагериудаас хэдэн мянган хүүхэд аварч, тэднийг Загреб болон бусад хотуудад байх эмнэлэг, асрах газар руу илгээсэн байна. Гэвч тэднийг зөөх үеэр олон хүүхэд өвчтэй, сульдсан байсан тул хол замыг дийлж чадалгүй нас баржээ.
“Мал ачдаг фургонд дэвсгэр байхгүй модон шалан дээр 62 хүүхэд хэвтүүлээд ганцаараа явж байлаа. Хоол, ус байхгүй. Аймшигтай байсан. Халдваргүйжүүлэх станц дээр ирэхэд гурван хүүхэд нас барлаа. Бусад хэсгүүдэд ч хүүхдүүд нас барсан. Гитлерийн гэм зэм” хэмээн Будисавлевич тэмдэглэлдээ бичжээ.
Хэдийгээр эмгэнэлтэйгээр олон хүүхэд алдсан ч аврагдсан хүүхдийн тоо асар их байв. Ингээд 1942 оны наймдугаар сарын сүүл гэхэд эмнэлэг, асрах газрууд хүүхдүүдийг нэмж хүлээн авах боломжгүй болжээ. Тиймээс Диана хамтрагч профессор Бреслегрийн хамтаар хорих лагериас гаргасан хүүхдүүдийг асрах айл өрх хайж эхлэв. Бреслерийн ачаар тэд зохих зөвшөөрлөө авч, ингээд олон мянган хүүхдийг айлд өргүүлжээ.
Үүнээс өмнө Диана хүүхэд бүр алсдаа ээж аавтайгаа уулзаж магадгүй гэж найдсан тул хүүхдүүдийн нэр усыг хадгалах зорилттой тулгарчээ. Ихэнх хүүхдүүд ярьж ч чадахгүй байсан тул өөрөө л олж мэдэхээс аргагүй болжээ. Ингээд асар хүнд ачаа үүрч, хүүхэд бүр дээр баримт цуглуулж эхлэв. Ингээд хүүхдүүдийн овог нэрийг шинэ хаяг дээр нь бүртгүүлж эхэллээ. Энэ баримтад хүүхдүүдийн зургийг хүртэл хавсаргасан байсан гэдэг. Дианагийн энэ бүртгэлд 10 000 гаруй хүүхэд багтжээ.
Түүний нөр их хөдөлмөрийн ачаар Германаас эргэн ирсэн олон эцэг эх энэхүү бүртгэлийг ашиглан хүүхдүүдээ олж чадсан гэнэ. Гэхдээ өргөж авсан эцэг эхээс их зүйл шалтгаалж байв. Ойролцоогоор 2000 хүүхэд гарал үүслээ мэдэхгүй үлдсэн бөгөөд өргөж авсан эцэг эх нь тэдний нэр усыг сольсон байсан аж.
Диана 1978 онд таалал төгсжээ. Тэрээр дайны үед хийсэн гавьяаныхаа талаар хэнд ч ам нээсэнгүй. Ач зээ нь ч мэддэггүй байсан гэдэг.
“Эмээгийнхээ талаар амьдад нь нэг их зүйл мэддэггүй байсан. Нас барсных нь дараа л түүний хувцастай хайрцагнаас “Aktion DB” гэсэн бичигтэй өдрийн тэмдэглэл олсон юм” хэмээн Дианагийн ач охин Сильвия Сабо ярьжээ.
Гагцхүү Сильвиягийн ачаар Диана Будисавлевич ихээхэн алдаршсан байна. Сильвия 1983 онд эмээгийнхээ тэмдэглэлийг олж, герман хэлнээс хорват хэл рүү хөрвүүлжээ. Ингэж л “Өдрийн тэмдэглэл”-ийн талаар дэлхий ертөнц мэдсэн нь энэ.