2024-12-29, Ням
-24 C
Ulaanbaatar

Ц.Отгонжаргал: Шүлэг бол “Бичсэн нууцыг нь би л мэдэх тархинд шигдсэн сувд” юм даа

1980-аад оны сүүл, ерээд оны эхээр Монголын их утга зохиолын ертөнцөд цахиур хагалан орж ирсэн “Хөтөлийн” хэмээх тодотголтой яруу найрагч Цэвлээгийн Отгонжаргалтай олонтаа (“Улаанбаатар таймс”, “Ардын элч”, “Өдрийн сонин”-д) ярилцжээ. Төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбар түүнийг дунд сургуулийн сурагч байхад нь захидлаар харилцаж багш, шавийн барилдлага тогтоож байсан бөгөөд нэгэнтээ зөвхөн түүнтэй уулзах гэж Дундговь аймаг руу онгоц хөлөглөн очиж байсан түүхтэй. Оросын мөнгөн зууны яруу найрагт Анна Ахматова, Марина Цветаева нарын бүсгүйчүүд тод мөрөө үлдээсний нэгэн адил Монголын утга зохиолд өөрийн өвөрмөц шүлгүүдээрээ орон зай-цаг хугацаагаа эзэгнэсэн тэрээр МЗЭ-ээс зарласан анхны номын уралдаанд “Хөх морьд” түүврээрээ шалгарч байсан билээ. Хожим “Над шиг бүсгүй чамд”, “Муруй дүрс” (2009 он) номуудаа хэвлүүлж оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын эзэн болж байв. Хүний энэхэн замбуулинд эгч дүүсийн барилдлагатай найрагч маань эжийг минь мэнд сэрүүн ахуйд сэтгэл зүрхээ хуваалцдаг байсан гэгээн сэтгэлт нэгэн буюу. МЗЭ-ийн шагналт яруу найрагч Цэвлээгийн Отгонжаргалтай ийн хөөрөлдөж байв.

-Шүлэг бол “Бичсэн нууцыг нь би л мэдэх тархинд шигдсэн сувд” юм даа-

-Хоёулаа яриагаа домог мэт болсон зүйлээс эхлэе. Таныг Дундговь аймагт сурагч байхад яруу найрагч Очирбатын Дашбалбар онгоцоор нисэж очоод уулзсан гэл үү?

-Ерөөлийн алтан товтой нэг л өдөр хашааны минь явган хаалгыг тэр хүн тогшсон. Онгойж буй хаалганы цаана тайрмал гэзэгтэй, цонхигордуу нэгэн эрхэм асуусан нүдээр хараад зогсож байсан юм.

-Та балмагдав уу. Дашбалбар багш таны нүдээр ямаршуухан хүн шиг санагдаж байв?

-Би шууд л таньж золгосон. Тухайн цагийн нийгэм дэх хүмүүсийн түгшүүр, айдсын дарамтыг гуч гаруйхан настай тэр хүн балчир хүүхэд миний ой ухаанд оносон зөв ойлголт өгч тайлбарласан юм. Би түүнийг Даашка гэж дууддаг байлаа. Зуурдаар амьдраад өнгөрөх энэ замиланд шударга, зоригтой явахад тотгор дэндүү их нүүрлэж, хувь хүндээ цөвтэйг Даашка ах мэдэж л байсан байх. Гээд бид бүгдээрээ энэ батгүй ертөнцөөс амьд мэнд мултарч яагаад ч чадахгүй нь үнэн. Язартлаа таргалсан бүдүүн дарга, ядарсан адгийн гуйлгачин ч зуун жилийн дараа яг л ижилхэн болчихоод шүдээ ярзайлгаад хэвтэнэ шүү дээ. Харин тэгтэл Очирбатын Дашбалбар найрагчийн “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийг хүмүүс шимшрэн уншина.

-Ёстой л үнэн юм даа. Яруу найрагч үхэвч яруу шүлэг нь яах аргагүй л үлддэг дээ…

otgonjargal

-Би зоригтой биш ч үнэнийг эрхэмлэдэг зан чанарыг нь дуурайл болгосон л гэж дотроо боддог. Бүхэл бүтэн ард түмэн түүнд хайртайг бүгд мэднэ.

-Та хүүхэд ахуйдаа зуны амбаарт өвөлжиж, бас йогоор хичээллэдэг байсан гэл үү?

-Би олон хүүхэдтэй айлд төрсөн ч ямагт ганцаараа байхыг хүсдэг. Цэцэрлэгт байхдаа хувцасны шүүгээ юм уу, эсвэл орон доогуур нуугддаг байлаа. Би бүгдийг маш тод санадаг.

-Юуг?

-Анх яслид ороход нэг танихгүй хүн цааш хөтлөн явсныг, намайг эргээд харахад манайхан бушуухан нуугдсаныг, нүв нүцгэлээд хүйтэн жин дээр зогсоосныг хүртэл… Цэцэрлэгт Иванова нэртэй багштай байснаа, тэр орос эмэгтэй хачин үнэртэй навчнууд ургуулдаг, түүнээс улаахан лооль гарч ирдэг сэн. Хэн нэгэнд баригдвал хар хурдаараа зугтдаг сан. Орон дотроо хэдэн хуруутайгаа сэмхэн ярьж, зураг зурахдаа шал өөр юм зориуд зурна. Тайван биш хүүхэд байсан. Бүх зүйл намайг зовоодог ч байсан юм шиг.

Сургуульд ч ялгаагүй тийм баяртай байгаагүй. Бусадтай зөрчилдөх нь ихэссэн. Арай том болоод туулай, тахианы саравчинд ороод суудаг болсон. Адина (ээжийгээ бид тэгж дууддаг байв)-гаа нас эцэслэхэд удалгүй модоор жижиг байшин босгож авлаа. Бушуухан эрх чөлөөтэй, том болохсон гэж л их бодсон. Жижиг байшиндаа суугаад л их юм бодно.

otgonjargal-Юу бодож суухав?

-Тэр үед дөнгөж арав гаруйхан настай ч Махатма Гандиг Жавахарлал Нерутай нь мэддэг, Бурханы дөрвөн үнэнг сонссон, хатха йогоор оролддог, зовлонг зүгээр л түр зуурын жирийн нэг барцад гэж ойлгодог, гитар тоглож ая зохиодог зожиг хүүхэд байв. Шүлгүүдээ ч бас бичсэн дээ.

-Уран бүтээлч болоход гол нөлөөлсөн хүн гэж байдаг. Таны хувьд тийм багш тань хэн байна?

-Яагаад ч юм, бичсэн шүлгүүд маань анхнаасаа л уншсан хүний анхаарлыг татаж, сэтгэлийг нь баясгадаг байсан. Монгол хэл-уран зохиолын Сувдаа, Зандансүрэн, Жуужаа гэж гурван багш эмэгтэй надад тал өгч магтана.

-Багш нартаа хүлээн зөвшөөрөгдсөн найрагч охин байж…

-Багш нар үргэлж сайн хүмүүсийн бэлгэдэл болдог. Надад ээж үгүй болохоор тэгдэг байсан ч байж магадгүй. “Хөх жавар”-ын Долгорын Цэнджав зохиолч мэргэжлийн анхны хичээлийг заасан.

Даашка ах (О.Дашбалбар), Бя.Энхтуяа нар намайг хэн нэгнээс хамгаалж, “Хэзээ ч, хэнийг ч зусардах хэрэг чамд байхгүй, зүгээр л бичээд бай, бас хүмүүсийн дунд яв” гэдэг сэн. Бас “Талын гурван улаан”-ы Доржпаламын Сумъяа “Чам шиг хүнийг магтаалаар алж магадгүй. Одоо зугт” гэж билээ.

-Магтаал ч алах хүнээ алдаг байх шүү. 1980-аад онд Зохиолчдын хороон дээр болдог байсан залуу найрагчдыг тодруулах “Нээлттэй хаалганы өдрүүд”-эд шүлгээ уншиж байв уу, та?

otgonjargal-“Нээлттэй хаалганы өдрүүд”-ээр шүлгээсээ уншихад чив чимээгүй сонсоцгоохыг би анзаарсан.

-Тухайн наяад оны утга зохиолын алдартан суутнууд таныг ямаршуухан янзаар хүлээж авсан бэ?

-Арван долоотой хүүхдийг учир зүггүй магтацгааж эхлэв ээ.

-Юу гэж магтахав?

-“Хөг аялгуу нь шуугианд замхарсан
Хуучирсан дууны үг юу хэлнэ вэ…”, “…Аяа зэрлэгхэн чамайгаа…” гээд эхэлдэг бэлтрэгний тухай шүлэг, бас “Улаахан тууз минь баяртай” гэх мэтийг Бавуугийн Лхагвасүрэн гуай анзаарч “Энэ хүүхдийг Монголын яруу найраг дуу алдан тосож авах учиртай” гээд үстэй толгойгоо сэгсэрч хөдөлгөхөд миний инээд их хүрч билээ. Зохиолчдын ордноор явахад нэг л хачин харцгаагаад байгааг мэдэрнэ.

-Тэгэхэд нь та яадаг байв?

-“Инээж шоологчийг нэг цохь
Ихэмсэг ховчийг хоёр цохь
Итгэл алдагчийг гурав цохь
Эх орноосоо урвагчийг нам цохь” гэж уншаад галзуурах нь халаг амьтан явдаг байлаа.

otgonjargal-Та Монголын утга зохиолын ертөнцөд ингэж их шуугиан дэгдээж гарч ирчихээд гэв гэнэт яагаад нам гүмхэн бүгчихсэн юм бэ?

-Яагаад ч юм бэ сэтгэл минь “Яваач” гэж хэлсэн. Ширээний ард суудаг, шалиг онигой ярьдаг өвгөд надад огт таалагдаагүй ээ. Яруу найрагч болж жүжиглэх ч хэрэг үгүй болсон. Хэн нэгнийг архидуулж, өвөр дээр нь суугаад хэлээ зажилдаг “амьдралыг” хүсээгүй юм. Зүрх сэтгэл минь бурхны авралаар ийм зам мөрөөр явтлаа буруудаагүй.

Хэрэв тэгсэн бол өөрийгөө шууд буудах байсан. Яруу найрагч гэдэг нэр нь бус бичсэн болоод бичих яруу найргууд л надад дэндүү чухал санагдаад. Орчлонд дээр, доор гэсэн ялгаа алга, өөр санаа, өөр үйлдлүүд л байж магадгүй.

-Нууц биш бол нам гүм байх гуч гаруй жилийн хугацаанд яаж аж төрж байв?

-Гучаад жил чив чимээгүй шахуу явахдаа үргэлж эрж хайсан. Их эрлийн үед юм ярих нь дутуу яриа болдог учир ил гарах бодлоо үргэлж дараад л явлаа. Олон залуус шүлэг найраг оролдоод занганд унах мэт төөрөлддөг. Тэд үгийг хүч чадлын үндсэн утга учир-үүргийг үл тоомсорлон, зүгээр л түмний анхаарал татахын тулд ажиллаж эхэлсэн.

Ердөө л хэн нэгэнд анзаарагдах гэж хачин ч гэмээр хуурмаг зүйлсийг шүлэг хэмээн уншиж, зарим нь бүр гүн ухаан гэчихээд дэндүү гэнэн баримжаагүй, зөрчилтэй, учир зүйн утга багатай зүйлсээр хүмүүсийг төөрөгдүүлэх гэж оролдох юм. Энэ нь залхаагч шинж чанартай нь мэдэгддэг. Эсвэл хялбарчилж, өмссөн эдэлсэнээрээ, хэрүүлчээрээ өрсөлддөг гээд л хэл ам зохиолчдын дунд их. Ийм зүйлсийг тэр болгон хэлж шүүмжлэх арга мухардсан шүү дээ. Үеийн үед утга зохиол өрсөлдөөний их талбар байсаан.

-Монголын уран зохиолын “Мөнгөн үеийнхэн” гэдэг ерээд оныхноо та хэрхэн дүгнэдэг бол?

-Сайнтай, муутайгаа нийлээд сав дүүрдэг гэж үг бий. “Мөнгө ямар ч гэгээнтнийг урвуулах шидтэй” гэж төсөөлдөг хүн бүтээл хийж үлдээсэн түүх үгүй. Яагаад гэвэл ариун төсөөлөлтэй хүн л оюун ухааны дээд өнгөнөөс, бараг бурхдын өндрөөс дорогш харж хүнд өөрт нь хандаж үг хэлэх чадамжтай болдог.

Яруу найраг бичихэд мөнгөний хэрэг огт байхгүй. Үзэг, цаас, онгод гурав л бидэнд тусална. Би ерээд оны сайны жишээнд Чулуундоржийн Мөнхбаяр, Батжаргалын Одгэрэл хоёрыг онцолмоор санагддаг юм.

-Гавьяа шагналын төлөө л төрсөн юм шиг хошуурах хандлага уран бүтээлчдэд байдаг. Энэ талаар ямаршуухан бодолтой байна?

-Агсам тавьж айлгаад, нөгөөдүүл нь төвөгшөөгөөд өгсөн шагналыг ямар шагнал гэх вэ. Хуйвалдаанаар ээлж дараа харж, зохицуулаад авсныг бас хэн хүндлэх билээ. Чи бод доо, хэн нэгний эхнэр шагнал олгогч дээр ороод “Миний нөхөр нүдээ улайтал бичиж байхад хөдөлмөрийг нь үнэлсэнгүй” гээд шагнуулчихсан гэдэг жишээ байна. Иймэрхүү хялбар арга шаардсан шагналыг хэн ч авч болмоор байгаа биз дээ. Өөрсдийгөө л яаж ийгээд сандарч тэвдээд шагнацгааж байх шив дээ.

otgonjargal

-Таны хүү, охин хоёрыг зурдаг, шүлэг бичдэг гэж сонссон юм байна. Уран бүтээлчид болох нь дээ?

-Охин Т.Анударь кино зохиол бичиж, зураг зурдаг. Гурван ч удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Анука маань “Намайг уншаач-2” үзэсгэлэнгийнхээ бүтээлүүдийг ээждээ зориулсан. Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд нэг хэсэг багшилсан соёл судлаач хүн шүү дээ. Хүү Өөжин маань зургийн үзэсгэлэнгээ хоёр удаа гаргасан. Гэцэл сахилтай түүний бүтээсэн шүлгүүд, үргэлжилсэн үгийн санаанууд маш сонирхолтой.

-Хүн бүхэн арван хуруу тэгш байдаггүй гэдэг. Таны хувьд…

-“Хувь тавилан минь намайг сонгосон
Хувилах өөр хувилбар гэж үгүй…” Одоо надад олон юм бий. Муур, нохой хүртэл бий. Хүүхэд зантай юм гэж битгий бодоорой. Уул нь тэгшхэн байх үзэл ахуйн дотроос олдсон болхи санаа төдий юм.

-Бүсгүй хүний хувьд янз маяг гэдгийг юу гэж ойлгодог бол?

-Гадаад хэлбэрээс бүх юм эхэлдэг ч хүний төрөлх байдалд бусад шиг л дурладаг. Давтагдашгүй өнгө төрх өөртэй нь хамт төрдөг байх. Тэрнээс аальгүй хүүхнийг дуурайж хувцаслаад, хөдлөөд явбал имиж биш хэлбэрдэл болно. Манай дундговийнхон шооч зантай л даа. Бүдүүн хадуун хатагтай, сахалтай хүн харвал шүлэгчдийн имиж гэж бараг итгэгдээд байгаа.

-Урлаг бол хэрэглээ гэх үзэл газар авах болсон шиг…

-Яагаад үгүй гэж. Урлаг хүнд зориулагдсан. Сэтгэл зүрхний ч гэх юм уу бэлтгэл хийдэг. Миний тархинд хүлээж авах зай гарсан үедээ театрт яваад ордог. Урлаг угаас тоймлож хэлэхийн аргагүй. Шүлгээр мөнгө олох биш гээд больсон улс зөндөө. Бичиж чадахгүй хүнд мөнгө л бодогдоно. Мөнгөөр биш билгээр бүтдгийг мэддэггүй юм уу.

Бид сүмд орохдоо яадаг билээ. Тийм маягаар урлагийг хэрэглэдэг хүн ч байдаг юм билээ. Яруу найраг, миний мэдэх зураг, хөгжим бүгд байгаль болоод хүнийг өөрт нь тайлбарлаж байх шиг санагддаг.

-Уран бүтээлчид мөнгийг нэг их ойшоодоггүй улс. Гэхдээ мөнгөгүйгээр “амбан явахаа” больжээ гэлцэх юм?

-Би мөнгийг түүхий эд л гэж боддог. Түүхий эд цуглуулах арга ч янз янз. Дансны аргаар, наймаалцаж, хулуух маягаар гэх мэтчлэн.

-“Авьяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь” гэсэн тогтсон үзэл байдаг даа…

-Илжгэнд л нэг хувийн авьяас байдаг байх. Нэгхэн хувийн авьяастай хүн чинь үхтлээ хөдөлмөрлөхөөс яах билээ дээ. Түүнд чинь зориулсан “Хөдөлмөрийн хүндэт медаль” хүртэл байдаг. Авьяас, хөдөлмөр хоёр эн зэрэгцэж явдаг гэдэг санаа руу толгой дохьдог улсын нэг дээ, би.

otgonjargal-Яруу найрагч хүн сүсэг бишрэлээрээ ч юм уу тодорхой хэмжээгээр шүтлэгтэй байдаг. Таны хувьд…

-Үхлээс айх айдас зарим хүмүүсийг амьд явуулдаг. Нэг сүсэгтэй найзыгаа харахад айдсаа дарж тайван унтах гэж л сүмд очдог шиг байна лээ. Бас нэг Христос шүтлэгтэй найз маань Христээс эд юм гуйж харагддаг.

Миний хувьд шүтэн бишрэхүйн байдал дандаа үгүй ч ганцаардал намайг Бурхадын өмнө аваачдаг. Манайх тэнгэр дуугарахад гэрээ тойруулдаг судартай, нэлээд бурхан тахилтай айл л даа. Надаас илүү хүүхдүүд маань мөргөл их үйлддэг дээ.

-Та аль хэр үндсэрхэг үзэлтэй хүн бэ?

-Манай хүү таван настай байхдаа “Энэ хятад руу чулуу шидэх үү” гэж билээ. “Хоёулаа шидье” гэхээр жаахан хулчийж, “Цагдаа нар эднийг хөөхгүй яасан юм бол доо. Би том болоод хятадуудыг хөөдөг хүн болно” гэсэн юм даг.

Бид Бээжинд явахдаа Монгол гэдгээ нуудаг. Хятад хүн манайд болохоор танигддаг. Эрлийз хүн өөрийгөө хятад гэж бахархдаг. Гэтэл судсанд нь бас монгол цус урсаж л байгаа шүү дээ. Манайхан илүү хар санаж тэдний элгийг цааш нь болгодог. Тэр эрлийзүүдийг “Би Монгол хүн” гэж хэлж сурахад нь бид туслах ёстой.

-Уран бүтээлч хүнд анхны ном нь их урам авчирдаг гэлцдэг. Таны анхны ном хэзээ хэвлэгдсэн байдаг вэ?

-Анхны түүвэр “Хөх морьд” нэртэйгээр Монголын Зохиолчдын эвлэлээс зарласан уралдаанд түрүүлж хэвлэгдсэн юм. Утга зохиолын хүрээнийхэн утсыг минь улайстал ярьж, дахиад л магтаж гарсан. Би ч залхаж ядарч эхэлсэн.

Нам гүмд хэнээс ч илүү дурлаж, эгэл хүмүүстэй хамт нийгмийн дарамтыг мэдрэн, бидэнтэй нүүр тулан даажигнадаг амьдралыг таних гэж би амьд явдаг ч байж мэдэх юм. Манайд ирж буй утга зохиолын хүрээний зарим нэгэн намайг магтах гэж л ирсэн юм шиг хачин загнахад шар үс арзайдаг. Түлхэж гаргаад хаалгаа ард нь хаах тухай л бодно шүү дээ. Уг нь ч би гайгүй байхыг л хичээдэг.

otgonjargal-Таны хоёр номын баяр жигтэйхэн сайхан болж байж билээ?

-“Над шиг бүсгүй чамд”, “Муруй дүрс” номуудын баяраа Соёлын төв өргөөнд хийж байлаа. Зохиолчдын их чуулган болж байсан ч номын баяр минь хүмүүс их ирж билээ.

Ардын багш Лувсандамбын Дашням гуай Зохиолчдын хурал даргалж байснаа орхиод шавиа дагуулан ирж баяр хүргэж байлаа. Даашка (О.Дашбалбар) ахын хүргэн дүү Бүдрагчаагаас эхлээд олон жил уулзалдаагүй найз нөхөд минь зорин ирж цэцэг, дарс бялхаад л. Орой нь танхим эзгүйрэх үед охидтой нийлэн рок хөгжмийн аянд хөөрсөн сэтгэлтэйгээр үсээ хаялан бүжиглэцгээсэн сэн.

Миний шүлгүүдээс рок, сонгодог аль нь үнэртэнэ л дээ. Шүлэг бол “Бичсэн нууцыг нь би л мэдэх тархинд шигдсэн сувд” шүү дээ.

-Цаашид ямар бүтээл туурвих бодолтой байна?

-Ямар бүтээл төрөхийг Отгонжаргал толгой мэдэн шийддэггүй ээ. Магадгүй, амьдралын дундахь хүмүүс, нар, сарны хорвоогоос бүтээлийн санаа төрж онгод орсоор байвал нүд маань сохорсон ч, гар маань хугарсан ч бичсээр л байна шүү дээ. Би удаан амьдрахыг хүсдэг. Ном хэвлүүлэхэд бас зөндөөн мөнгө хэрэгтэйг мэддэг ч үзэг, цааснаас хагацаж яасан ч чадахгүй. “Зүүд нойрондоо ч энгийн биш ээ, чи” гэж хэн нэгний хэлсэн үг миний тухай ч юм бил үү.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img