2024-11-22, Баасан
-12 C
Ulaanbaatar

Путин Хятадаас “гар хоосон” буцав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин төрийн тэргүүний сонгуульд ялж, дахин энэ суудлаа баталгаажуулан тангараг өргөснийхөө дараа Хятадад айлчлал хийхээр болсон юм. Украинд дайн өдүүлснийхээ улмаас том гүрний шахалтад орж, “нөхөрсөг” гэгдэх орнуудаараа л айлчилж, тэдэнтэй л харилцах болсон Путин, Оросын хувьд Хятад улс дэлхийн улс орнууд дундаас найдвартай үлдсэн цорын ганц том гүрэн. Мөн барууны хоригт орсон ОХУ-ын хувьд эдийн засгийнх нь гол дэмжлэг. Тиймдээ ч Путин тангараг өргөснийхөө дараа Хятадыг зорихдоо ихээхэн найдлага тээж очсон нь мэдээж.

Гэвч олон улсын хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар, Владимир Путин эдийн засгийн хоёр том бүтэлгүйтэлтэй нүүр тулан Хятадаас буцжээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Путин тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчид Хятадад хийсэн айлчлал үр дүн муутай болсон аж.

Путин болон түүний төлөөлөгчид сүүлийн үед Хятадын банкууд АНУ-ын зүгээс ирж болзошгүй давхар хоригоос болгоомжлон Оросын төлбөр тооцоог гүйцэтгэхгүй байгаа асуудал болон “Сибирийн хүч-2” хоолойг барих хэлэлцээ хийх гэсэн хоёр гол асуудлаа шийдэж чадалгүй, Хятадаас гар хоосон буцжээ.

Оросын бизнес хүрээллийнхээн Путин Хятадад хийх айлчлалд ихээхэн найдлага тавьж, Путин Ши Жинпиньтэй уулзсанаар төлбөр тооцооны асуудлыг шийднэ гэж хүлээж байв. Гэсэн ч ийм зүйл болсонгүй. Путин Хятадад байхдаа “төлбөр тооцооны асуудлыг шийдэх боломжтой” хэмээн мэдэгдсэн ч чухам ямар арга замаар гэдгийг тодорхой хэлээгүй юм. Үүний оронд мөн л Барууны хоригийн талаар ярьж, энэ хоригийг хууль бус хэмээн нэрлэсний дээр АНУ-ыг буруутгаж байв.

Түүнчлэн Европын зах зээлийг алдсаныхаа дараа хийн экспортоо Дорно зүгт шилжүүлэхийг хичээж байгаа ОХУ-ын хувьд тун чухал төсөл болох “Сибирийн хүч-2” хоолойн талаар ч тодорхой яригдсангүй. Мөн Газпромын ерөнхийлөгч энэ айлчлалд багтаагүй гэдгийг онцлох нь зүйтэй.

Владимир Путин хоёр өдрийн айлчлалаа өндөрлүүлэхдээ ОХУ Монголоор дамжуулан Хятад руу хий, газрын тос нийлүүлэх боломжтой гэж мэдэгджээ.

“Нэг коридорт хийн хоолой, газрын тосны хоолой аль алиныг нь багтаах боломжтой” хэмээн Путин мэдэгдсэнийг Ройтерс агентлаг иш татан мэдээлжээ.

Гэсэн ч энэ төсөлтэй холбоотой ямар нэг баримт бичигт гарын үсэг зурсан талаарх мэдээлэл гараагүй юм.

Оросын төлөөлөгчид Хятадад хийсэн айлчлалыг улс төрийн тоймч Анатолий Несмиян дүгнэхдээ “Оросын төлөөлөгчид Москва руу буцлаа. Хэлэлцээрийн үр дүн тэг. Яах гэж тийш явсан нь тодорхойгүй. Айлчлалын түүхэн ач холбогдол, нөхөрлөл, нэгдлийг харуулсан гэж суртал ухуулагчид бичих байх” хэмээн онцолжээ.

Энд дуулгахад, олон жил яригдсан, Монголоор дамжих хийн хоолойн төслийн ажил урагштай байгаа гэж Монгол, ОХУ удаа дараа мэдэгдэж, хэвлэл мэдээллээр зарлаж байсан ч үнэн хэрэгтээ эцсийн хэрэглэгч болох Хятад энэ төслийг төдийлөн ойшоохгүй байгаа юм.

Энэ хийн хоолой ОХУ-д ямар чухал болохыг ойлгосон БНХАУ өөрийн нөхцөлийг тулгаж болох хүчтэй байр суурин дээр ирснээ ашиглан “Сибирийн хүч-2” хоолойн барилгад хөрөнгө оруулахаас татгалзаж, шинэ нөхцөл тулгасан талаар хэвлэлүүд мэдээлж байлаа. Европын зах зээлийг алдсан Оросын хувьд аврал болж мэдэхээр энэ төсөл агаарт сарнин замхрахдаа ч тулж магадгүй юм. Хятад улс хийн хоолой барих олон тэрбумын зардлыг ОХУ-ын талаар гаргуулах санал тавьж, өөрсдөө нэг ч юанийн хөрөнгө оруулалт хийхээс татгалзахын дээр Оросын хийг хямдралтай авах шаардлага тулгаж байгаа талаар The South China Morning Post сонин өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдээлж байв.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img