мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -26°C

Брюс Виллис: Урьд нь урлаг амьдралыг дуурайдаг байсан бол одоо амьдрал урлагаас “шипийддэг” болж

Брюс Виллис: Урьд нь урлаг амьдралыг дуурайдаг байсан бол одоо амьдрал урлагаас “шипийддэг” болж

Б.Түшиг

2024-05-25

Брюс Виллис

-Таны өглөөг яг юунаас эхэлдэг вэ?

-Мэдээж гичтэй хуурга, бас өндөг идсэнээр. Гол нь заавал ч үгүй өндөг идэх хэрэгтэй гэж би боддог. Эс тэгвэл өдрийг эрч хүчтэй өнгөрөөнө гэдэг бараг л худлаа.

-Таны тухай одоо ч гэсэн үнэн, худал нь мэдэгдэхгүй элдэв юм бичсээр. Үүнд та хэрхэн ханддаг бол?

-Бүгд л миний тухай бүхнийг мэддэг юм шиг мэдэмхийрдгийг нь яана. Заримдаа бүр өөрийнхөө тухай миний ч мэдэхгүй юмыг бичиж цочирдуулна шүү. Аях вэ, үүнд би хэдийнэ дасан зохицсон хүн. Гэхдээ л зарим нийтлэлд намайг худалч нарын хаанаар өргөмжлөх нь холгүй бичдэгт л үнэнээсээ гайхшран цочирддог.

Брюс Виллис

-Та орчин үеийн интернетийн нийгмийн сүлжээнүүдийг ашигладаг уу?

-“Твиттер” гээчийг ашиглах гэж нэг үзсээн. Бүтэхгүй, зохицохгүй юм байна лээ. Тэгээд “Твиттер”-т автах л юм бол солиорно гэж өөртөө хэлээд больсон доо.

-Тань шиг алдартай хүнийг хаа сайгүй таньдаг нь тодорхой. Тээртэй биз?

-Ойлгомжтой. Одоо ч танигдахгүй очиж тааваараа байх хоёр гуравхан улс л дэлхийд үлдсэн гэлтэй. Арай л дэндүү алдаршиж, тийм ээ? Муу хогийн алдартан.

-Та амьдралдаа хэдтэйдээ хамгийн чухал үйлээ хийж амжуулсан гэж үздэг вэ?

-Дөчөөс жаран насны хоорондоо л хамгийн сайн, чухал үйлээ хийнэ гэж хэзээнээс боддог байлаа. Үнэхээр ч тэгсэн. Энд гэж хэлэхэд хэн хэдэн нас хүрлээ ч өөрийгөө 24-тэй л гэж боддог гэлтэй.

Брюс Виллис

-Гэхдээ л эрчүүд үс нь унаад халзан болоод ирэхэд санаагаар унах нь элбэг дээ?

-Уг нь тэр чинь таныг сармагчин биш, хүн шүү гэж бурхан сануулж буйн хэрэг дээ.

-Та юунд харамсдаг вэ?

-Би хэзээ ч юунд ч харамсдаггүй болоод удаж байна. Өнөөдөр харамссан зүйл чинь хожим аугаа зүйлд хүргэж болдгийг мэдэрсэн учраас л тэр гэх үү дээ.

-Та адал явдалт кинонд тоглохоо больжээ дээ?

-Миний карьерт дэлхийг авраг баагийгийн дүрд тоглохоо болих удаан хүлээсэн үе ирэх шиг. Камерын урдуур буу барьж гүйхээс залхлаа шүү дээ. Гэхдээ “Хатуу самар” кинонууддаа дуртай.

-Ойрд адал явдалт киноны төрөл өөрийгөө шавхан хуучнаа улиг болтол давтдаг болсон гэдэгтэй та санал нийлэх үү?

-Адал явдалт киног олон янз байхыг үзэгчид хүсч буй нь тодорхой. Гэвч энэ төрлийн кинонд дайснууд, террористууд, дээрэмчид, тэр ч бүү хэл харь гаригийн баатрууд нь ч дууссан гэмээр. Одоо цааш яах байгаа юм, бүү мэд.

-Таны бодлоор урлаг амьдралд яаж нөлөөлдөг вэ?

-Урьд нь урлаг амьдралыг дуурайдаг байсан бол одоо амьдрал урлагаас “шипийддэг” болж.

Брюс Виллис

-Та туулж өнгөрүүлсэн амьдралынхаа зарим хэсэгт харамсдаг уу?

-Өнгөрснийг ямар арчиж болох биш. Гол нь урьдын алдаагаа л давтахгүй байх нь чухал.

-Иргэд буу эзэмших хэрэгтэй юу?

-Хүн бүр буутай байх хэрэгтэй, бас эрхтэй. Энгийн иргэдээс бууг нь хураавал зөвхөн солиотнууд л буу эзэмших болно. Хамгийн энх тайванч үзэлтэй хүн ч хэн нэгэн амь насанд нь халдвал өөрийгөө хамгаална шүү дээ. Буу байхгүй бол чулуу аваад ч юм уу, сандал шидлээд ч хамаагүй.

-Та нэгэнтээ бусдын үгийг сонсоно гэдэг мэргэдийн ухаан гэж хэлсэн. Энэ санаагаа товчхон тайлбарлаач?

-Заримдаа жаахан хүүхдүүд ярих хүслээ хүчээр боодгийг анзаарсан уу? Дуугаа хураан бусдыг сонсохдоо хүүхэд хөгшидгүй ихийг суралцдаг гэсэн санаагаа л илэрхийлэхийг хүссэн.

-Бурхан гэж хэн гээч байдаг юм бол?

-Өө, бурхан уу? Эргэн тойронд бүчин орох цас, моддоос улбаалах нахиа, хүүхэд төрөх явдал гэдэг чинь бүгд л бурханлиг үйл явц гэж бодох юм.

-Мөнгө гэж таны хувьд яг юу вэ?

-Мөнгө хүнийг эвддэг. Гэвч мөнгөгүй амьдрал гэж үгүй. Залуудаа би аль ч зоогийн газарт ороод хооллох хангалттай мөнгөтэй болохыг хүсдэг байв. Түүндээ ч хүрсэн. Хүнд өөр илүү юу хэрэгтэй гэж?

Би баян хүн болсон ч хүүхдийнхээ живхийг өөрөө сольж, нохойныхоо баасыг өөрөө цэвэрлэдэг байдаг л нэг хүн.

-Ингэхэд та өөрийгөө аз жаргалтай хүн гэж боддог уу?

-Би аз жаргалтай шүү. Харин та?

-Тэгвэл амьдрал гэж чухам юу юм бэ?

-Амьдрал гэдэг кино биш. Учир нь амьдралд дахин дахин зураг авах боломж, дубль гэж байдаггүй.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000