2024-12-20, Баасан
-21 C
Ulaanbaatar

Хийн хоолойг Монголоор дамжуулах нь бидэнд ашигтай, гэхдээ…!?

Хөрөнгө санхүү, баялгийн салбарт гүн судалгаа хийж, өргөн хүрээнд танилцуулдаг судалгаа-мэдээллийн фирм болох MIRA-гийн хийн хоолойн талаарх нийтлэлийг хүргэж байна. Монголоор дамжих хийн хоолойн төсөл анхаарал татаж байгаа энэ үед Ши, Путин 2-т “Союз Восток” дээр гар барих бодитой шалтгаанууд бий юу, хэрэв тэд гар барьчихвал яах вэ, тэр үед энэ төслийг ямар шийдлээр хөдөлгөвөл бидэнд аюулгүй бөгөөд ашигтай байх бол гэх мэт асуултын хариу таны сонирхлыг татах биз ээ.

 Nio.mn мэдээллийн сайтын редакц

Украинд дайн өрнөж, дэлхий хоол хүнсний хомстолд орж, Европ тив хөлдөх аюултай нүүр тулчихсан яваа энэ үед Монгол улсаар дамжин өнгөрөх хийн хоолойн төсөл идэвхитэй яригдаж эхэлсэн нь учир мэдэх хүмүүсийн дургүйцлийг хүргээд буй. Энэ шийдэл халуун сэдэв болохоос өмнө хоёр хөрш маань “Сибирийн Хүч” хийн хоолойг манай улсыг тойруулан барьсанд сэтгэл гонсгор үлдсэн хэсэг ч цөөнгүй байв. Хийн хоолойг газар нутгаараа дамжуулах барих нь ашигтай, ашиггүй гэсэн талцал ид өрнөж буй энэ үед “Хийн хоолой манай улсад үнэхээр хэрэгтэй юу”, “Ер нь юуг, яг хэзээ барих гээд байна вэ” гэх мэт асуулт олны анхаарлыг татаж эхэллээ.

Оросын байгалийн хийн улс төр

  • Европ Оросын хийнээс татгалзаж байна. Украинд өрнөж буй дайн Европын улс орнуудыг Оросын байгалийн хийнээс татгалзах арга зам хайхад хүргэж байна. Герман улс гэхэд л эдийн засгийн хувьд хохиролтой ч гэсэн 2024 оны зургадугаар сар гэхэд Оросоос байгалийн хий худалдан авахаа зогсоох шийдвэр гаргаснаа зарлачихсан. Европын бусад улс яг энэ жишгээр Оросоос байгалийн хийн хамаарлаа багасгах арга хэмжээ авах нь тодорхой болсныг сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлуудаас харчихаж болно.
  • Орос, Европын харилцан хамаарал. Орос улс 2021 онд 762 тбм3 байгалийн хий олборлож, 210 тбм3-ийг экспортлосноос ¾ буюу 158 тбм3 нь Европын хэрэглэгчдэд хүрчээ. Бүр тодруулж хэлбэл Оросоос нийлүүлсэн хий Европын хийн хэрэглээний 40 хувийг бүрдүүлсэн байна. Оросын экспортын орлогод байгалийн хийн эзлэх хэмжээ 2020 онд 8 хувь байж.
  • Орос Азийн зах зээл рүү тэмүүлэхийн учир. Европын орнуудын хувьд Оросын хийн импортоос шууд татгалзах нь амаргүй шийдэл ч гэлээ тодорхой гарцуудыг олсоор байгаа юм. Тэд АНУ, Катар зэрэг улсаас өндөр үнээр шингэрүүлсэн хий худалдан авч, Африк (Алжир, Нигери) тивийн хийн хоолойн хүчин чадлыг нэмэх замаар дунд хугацаанд Оросоос хамааралтай байдлаа эрс бууруулах зорилготой ажиллаж байна. Харин Оросын тухайд Европын зах зээлийг орлох гарцыг эрэлхийлэх ажлыг одоогоос найман жилийн өмнө буюу 2014 онд эхэлж байв. Хойд хөрш Крымийг эзэлж, баруунтай харилцаагаа хүйтрүүлсэн тэр жилээс хойш хийгээ зарах өөр зах зээл, гарц гаргалгаа хайх ажлаа эрчимжүүлсэн хэдий ч Европын зах зээлийг даруй орлох худалдан авагч өнөөг хүртэл алга байна. Бодит нөхцөл ийм байгаа ч ОХУ-ын зүгээс Ази номхон далайн хэрэглэгчид рүү чиглэсэн байгалийн хийн хайгуул, дамжуулах дэд бүтэц байгуулах тодорхой ажлуудыг хэрэгжүүлсээр иржээ.
    • “Сибирийн Хүч” – Азийн зах зээл рүү нэвтрэх анхны алхам. Орос улс 2014 оны тавдугаар сард Хятад улстай байгалийн хий худалдах авах 30 жилийн гэрээ байгуулж байв. Энэ гэрээг байгуулснаар 38 тбм3 хий дамжуулах хүчин чадалтай, 2’200 км урт “Сибирийн Хүч” хийн хоолойн төслийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж 2019 онд ашиглалтанд оруулсан юм. Уг хоолойгоор 2020 онд 10 тбм3 байгалын хий экспортлосон бол 2025 оноос бүрэн хүчин чадлаар нь ашиглах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
  • “Сибирийн Хүч-2” – Зүүн зүгт гарцаа бататгах үндсэн алхам. Европын зах зээлийг “Сибирийн Хүч” дангаараа бүрэн орлохгүй. Ингээд харахаар хийн зах зээлээ зүүн зүг рүү тэлэх ОХУ-ын бодлогын дараагийн алхам нь Ямал нутгийн байгалийн хийн орд газруудыг Хятадтай холбох “Сибирийн Хүч 2” хийн хоолой, түүний үргэлжлэл гэгдэж буй Монгол улсын нутаг дэвсгэрээр өнгөрөх “Союз – Восток” хэмээх төсөл болох нь тодорхой байна. Товчхондоо Орос улсын хувьд эдгээр төсөл онцгой ач холбогдолтой болчихсон гэсэн үг. Ямал нь зүүн Сибирийн хойд хэсэгт орших хойг арал. Тэнд Европын зах зээл рүү хий нийлүүлдэг үндсэн орд газрууд бий. Ямалыг Азийн зах зээлтэй холбосноор Ази Европын хооронд байгалийн хийг өрсөлдүүлэн нийлүүлэх боломж Орос улсад бүрдэнэ.

“Союз – Восток” гэж юу вэ?

hiin hooloi

  • Түүх. Монгол улс Орос-Хятадыг холбосон хийн хоолойг нутаг дэвcгэрээрээ дамжуулан өнгөрүүлэх төслийг эхлүүлэх сонирхлоо өнгөрсөн 30 жилийн хугацаанд удаа дарааллан илэрхийлсээр ирсэн ч өнөөг хүртэл ажил болоогүй нь үндсэн хоёр шалтгаантай. Хойд, урд хоёр хөршийн дэмжлэг байгаагүй нь эхний буюу хамгийн том шалтгаан. Дотооддоо бэлэн болоогүй байсан гэсэн шалтгаан бас бий. Орос улс “Сибирийн Хүч” төслийг 2019 онд ашиглалтанд оруулснаар дараагийн төсөл болох “Сибирийн Хүч-2” төслийг ярихад бэлэн болсон юм. Монгол улс өөрийн зүгээс тодорхой бэлтгэл ажлуудыг хийж 2019 оны арванхоёрдугаар сард хойд хөршийн “Газпром” компанитай Монгол улсын нутаг дэвсгэрээр өнгөрөх хийн хоолойн ТЭЗҮ-ийг хамтран хийх тухай Санамж Бичигт гарын үсэг зураад буй. Ингэснээр “Сибирийн Хүч-2” төслийн өргөтгөл болох “Союз – Восток” төслийн суурь тавигдаад байна. Талууд 2020 онд ажлын хэсэг байгуулж, хийн хоолойн маршрут, хүчин чадал зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг тохирч, урьдчилсан ТЭЗҮ-ийг 2021 оны нэгдүгээр сард бэлэн болгожээ. Цаашид инженерийн зураг төслийг илүү дэлгэрэнгүй хийхээр болж. Энэ тухай Газпромын удирдах зөвлөлийн дарга Миллер мэдэгдсэн байна.
  • Хийн хоолойн үзүүлэлтүүд, трасс. “Союз-Восток” хийн хоолой 963 км урттай 1’400мм-ийн диаметртай, 5 компрессорын станцитай, 120 атмосферийн ажлын даралттай, жилд 50 тбм3 дамжуулах хүчин чадалтай байх урьдчилсан тооцоо хийжээ. Хийн хоолойг 1.6-1.8м гүнд суурилуулна. Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дундговь, Дорноговь гэсэн зургаан аймгийн нийт 23 сумын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
  • Шаардлагатай хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалтын хэмжээг нийтэд зарлаагүй ч “Газпром” компани “Сибирийн Хүч” хийн хоолойн нэг км -ийн өртгөөр тооцвол “Союз-Восток” төслийн анхны хөрөнгө оруулалт 4-7 тэрбум ам.доллар байх урьдчилсан таамаг байна.
  • Хий хаанаас ирэх вэ? “Сибирийн Хүч” хийн хоолойн гол эх үүсвэрийн нэг нь Якутск-д байрлах жилдээ 25 тбм3 олборлох хүчин чадалтай “Чаяндинское” орд, 27 тбм3 олборлох хүчин чадалтай, одоо баригдаж буй “Ковыктинское” орд газрууд байх бол “Сибирийн Хүч 2” хийн хоолойн төслийн үндсэн эх үүсвэр нь өдгөө Европын зах зээлийг хангаж буй Ямалын орд газрууд гэж “Газпром” мэдэгдсэн байна.
  • Хэзээ баригдах вэ? “Сибирийн хүч” 2’200 км хийн хоолой бүтээн байгуулах ажил 2014 оны тавдугаар сард эхэлж 2019 оны арванхоёрдугаар сард дуусч байв. Эндээс харахад “Союз-Восток” төслийг 3 жилд барьж байгуулах боломж харагдаж байгаа юм. Гэхдээ энэ төслийн бүтээн байгуулалт мөддөө эхлэхгүй байж мэдэх бодитой шалтгаанууд бий. Хятад улстай хий нийлүүлэх гэрээ байгуулах, хийн хоолойг эх үүсвэртэй холбох (“Сибирийн Хүч 2” төсөл), хий ялгах үйлдвэр барих (хэрэв шаардлагатай бол), төслийн санхүүжилтийг босгох, ТЭЗҮ-ийг эцэслэх зэрэг үндсэн бэлтгэл ажлууд хийгдээгүй байгаа тул “Союз-Восток” төслийн бүтээн байгуулалтын ажил лав л ойрын таван жилдээ багтаж эхлэх магадлал тун бага байна.
  • Хэн санхүүжүүлэх вэ? Монгол улс дангаараа 4-7 тэрбум ам долларын төслийг санхүүжүүлэх боломжгүй. Хамгийн бодитой хувилбар нь “Газпром”. “Газпром” л энэ төслийг санхүүжүүлэх үндсэн хувилбар харагдаж байна. Гэхдээ олон улсын төслийн санхүүжилтийн зарчмаар нийт өртгийн дийлэнхийг зээлээр санхүүжүүлбэл, хувь нийлүүлэгчдийн оруулах санхүүжилтийг бууруулж тодорхой хувийг худалдаж авах боломж үүсч болно.

Хятад улс дэмжиж байгаа юу?

  • Хятадын хийн хэрэглээ. Урд хөрш өнгөрсөн жил 365 тбм3 байгалийн хий хэрэглэснээс 45%-ийг нь буюу 168 тбм3-ийг Австрали, Туркменистан, Орос, АНУ зэрэг улсаас импортложээ. Хятадын хийн хэрэглээ 2025 онд 450 тбм3 хүрэх төлөвтэй байгаа. Тэр үед “Сибирийн хүч-1”, “Сибирийн хүч-2” төслүүд бүрэн хүчин чадлаараа ажиллавал Хятадын хийн хэрэглээний 20%-ийг бүрдүүлэх боломжтой.
  • Чимээгүй байгаа ч эсэргүүцээгүй. Хятад улс хойд хөрштэй байгалийн хий худалдах, худалдан авах гэрээг 2014 оны тавдугаар сард байгуулснаасаа хойш дөрвөн сарын дараа хоёр дахь хийн хоолой татах тухай Санамж Бичгийг Оростой үзэглэж байлаа. Тухайн үед уг хийн хоолойг Монгол улсын нутгаар дамжин өнгөрүүлэх тухай дурдаагүй юм. Манай улсын нутаг дэвсгэрээр хий хоолой дамжуулах санааг хойд хөрш 2019 онд хөндсөн түүхтэй. Тодруулж хэлбэл В.Путин “Газпром”-ын удирдах зөвлөлийн дарга А.Миллертэй хийсэн уулзалтынхаа үеэр Хятадтай холбох шинэ хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулахыг судлах үүрэг өгч байв. Хойд хөршийн төрийн тэргүүн тухайн үед өөрийнх нь санааг Хятадын тал нааштай хүлээж авсан тухай ч онцлон хэлж байж. Хятад улс “Союз-Восток” төслийн талаар тодорхой байр суурь илэрхийлээгүй яваа. Гэхдээ Оросын хийн нийлүүлэлтээс хамааралтай болно гэх эрсдэл бага, нэмэлт дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй (зөвхөн 560 км хоолой барих шаардлагатай) зэрэг давуу тал бий учраас эсэргүүцэхгүй байгаа болов уу.

Монгол улсад ямар ач холбогдолтой вэ?

  • Транзит (дамжуулан өнгөрөөх) хураамж. Монгол улс нутаг дэвсгэрээрээ хийн дамжуулалт хийcний хураамж авах нь зүйн хэрэг. Зүүн Европт 1’000 м3 хийг 100 кмhiin hooloia дамжуулах тариф 1.0-2.85 ам.долларын хооронд тогтсон байгаа бол Төв Азид 1.7-2.0 ам.долларт хэлбэлзэж байна. Монгол улсын хувьд транзит тарифийн хэлэлцээрт ороход хөшүүрэг сул гэсэн эрсдэл бий. Ингэж таамаглаад транзит тарифийг 1.5 доллараар тооцвол хийн хоолойн ашиглалтаас хамаарч транзит хураамжийн орлого 400 – 700 сая ам долларт хэлбэлзэнэ (60-100% ашиглах) гэсэн таамаг тооцоо гарч байна. Энэ бол том боломж.
  • Татвар хураамж, ажлын байр, ноу-хау. Олон жил үргэлжлэх 4-7 тэрбум ам долларын бүтээн байгуулалтын төслөөс татвар хураамж цугларах нь тодорхой. Мөн засвар үйлчилгээнд жил болгон багагүй хэмжээний зардал гарна. Барилгын явцад 12’000 ажлын байр, үйл ажиллагаа эхэлмэгц 1’000 тогтмол ажлын байр бий болгох юм байна. Аливаа том төслүүдийн адил бүтээн байгуулалтаас орж ирэх ноу хау, мөнгөн хөрөнгийн хэр их хувийг улсдаа шингээж авч үлдэх нь тухайн улсын бодлогоос хамаарах биз ээ. Нэг тодорхой зүйл нь энэ бол онцолж хэлэхээр боломж.
  • Дотоодын хэрэглээ. Байгалийн хийгээр халаалтаа шийдэж, цахилгаан эрчим хүч гаргаж, оройн хоолоо бэлтгэж, унах машинаа галлаж болно. Ингэснээр агаарын бохирдлыг эрс бууруулахаас гадна цахилгаан эрчим хүчний шинэ эх үүсвэр үүсэх боломж бүрдэнэ, аж үйлвэрлэл эрхлэхэд илүү хямд болно. ГЭХДЭЭ айл өрхүүд өвлийн хүйтэнд дулаан хонох эсэхийг Оросууд шийддэг тогтолцоо бий болвол манай улсын үндэсний аюулгүй байдалтай харшилна. Ингэх нь үндэсний аюул байдалд хэр нөлөө үзүүлдгийг Украин, Молдав улсуудын туршлага бэлхнээ харуулж байна.
  • Дүгнэлт. Бид “Союз-Восток” төсөлд зөвхөн дамжуулан өнгөрүүлэх үүрэгтэй оролцож, хийн хоолойн өмчлөлийг дан ганц “Газпром” биш Хятад улсын хамтарсан өмчлөлтэй байлгаж чадвал энэ төсөл Монгол улсын хувьд бол жинхэнэ утгаараа том боломж гэдэг нь бодитой үнэн юм.
    Герман улс хоёр жилийн дараа хойд хөршөөс байгалийн хий авахгүйгээ зарлаж, Европ даяараа Оросын хийн экспортоос хамааралгүй амьдрах арга чарга хайж эхэлсэн энэ үед Путин Ази тивийг хийгээ зарах боломжит зах зээл гэж харж байна. Яг энэ шалтгаанаар Хятад руу татах хийн хоолойгоо Монголоор дайруулах хүсэлгүй гучин жил явсан ОХУ байр сууриа эрс өөрчилчихлөө. Тэд манай улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой татах сонирхолтойгоо удаа дараа илэрхийлж, бодитой гэж хэлж болохуйц хэд хэдэн яриа хэлэлцээрийг манай дарга нартай хийгээд байна. Хятадын тухайд Монголоор дайруулж хий нийлүүлэх Оросын байр суурийг дэмжээгүй ч үгүйсгээгүй яваа. Хийн зах зээл дээр нэг улсаас хэт хамаарахгүй аж төрөх бичигдээгүй хууль нь зөрчигдөхгүй учраас тэд “Сибирийн хүч-2”-ын өргөтгөл болох “Союз-Восток” төслийг чимээгүйхэн дэмжиж суух магадлал өндөр. Товчхондоо “Сибирийн хүч-1”, “Сибирийн хүч-2” төслүүд 2025 онд бүрэн хүчин чадлаараа ажиллалаа гэхэд Хятадын хийн хэрэглээний 20 хувийг л бүрдүүлэх юм. Хоёр хөрш санаа нэгдэж гараа атгалцаад “Союз-Восток”-ийг хэрэгжүүлнэ гэчихвэл яах вэ, яг ямар шийдлээр энэ аварга төслийг хөдөлгөвөл бидэнд аюулгүй бөгөөд ашигтай байх вэ? MIRA энэ дугаартаа эдгээр асуултад хариу хайсан юм. Бид олны анхаарлыг татаад буй “Союз-Восток” төсөл, Монголын төдийгүй дэлхийн халуун сэдэв болсон хийн хоолой тойрсон мэдээллүүдийг тэнцвэртэйгээр хүргэж, эрүүл бодитой дүгнэлт гаргахад анхаарлаа.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img