2024-12-16, Даваа
-26 C
Ulaanbaatar

“The Sunday Times”: Урт наслахын 10 шинж тэмдэг

Урт наслана гэж өдгөө 90 ба түүнээс дээш жил амьдрахыг хэлдэг болжээ. Энэ нь хүмүүсийн дундаж наслалтаас хавьгүй дээгүүр үзүүлэлт гэдэг нь мэдээж. Энэхүү биологийн үзэгдэлд олон тодорхой шалтгаан байдаг ч харамсалтай нь урт наслагчид тийм ч олон биш. Гэхдээ сүүлийн хэдэн арван жилд зарим хөгжингүй улс оронд дундаж наслалт 90 гэсэн хүсэлт тоонд зугуухан боловч тасралтгүй ойртсоор байна. Иймд магадгүй ердөө хагас зуун жилийн дараа урт наслалтын өнөөгийн хэмжүүрийг дор хаяж зуун жил болгон дээшлүүлэх биз ээ. Английн “The Sunday Times” сонинд урт наслахын 10 шинж тэмдгийг жагсаажээ. Тэдгээрээс дор хаяж тав нь танд ажиглагдаж байгаа бол 90 нас хүрэх магадлал дундаж хүний биологийн боломж чадавхиас хавьгүй их гэсэн үг ажээ. Та өөрийгөө сонжоод үзээрэй.

1. Та биеийн идэвх, хөдөлгөөнд дуртай

Он жилүүд улиран өнгөрөвч та бие махбодийн идэвхээ хадгалж үлдсэн хэвээр байна. Буйдан дээр хэвтэх, сандал дээр удаан суух дургүй. Өглөө босоод дасгал хийх нь танд түвэгтэй биш. Та суухаас илүү алхах дуртай, хэрэв танд гүйх боломж гарвал дуртайяа гүйдэг.

Харин удаан хугацаагаар хөдөлгөөнгүй байх нь таныг босч чилээгээ гаргах хүсэлд хүргэдэг. Хийчихээр ямар нэг биеийн хүчний ажил байхгүй бол та ядаж л байрандаа босч суух дасгал хийнэ.

2. Танд өтгөнтэй холбоотой асуудал ховор тохиолддог

Та ихэнх хоолыг амархан шингээж, гэдэс дотрын агших хөдөлгөөн, өтгөн ялгаруулалт тогтмолжсон байдгаараа онгирч болох юм. Судалгаанаас харахад өндөр настнууд ихэнх тохиолдолд гэдэсний эрүүл микрофлортой байдаг ажээ.

Идэвхтэй урт наслах хамгийн чухал хүчин зүйлүүдийн нэг бол яах аргагүй эрүүл хоол боловсруулалт. Учир нь хоол боловсруулалтын үед бактериуд бие махбодийг эрчим хүч, шим тэжээлээр хангах үүрэг гүйцэтгэдэг.

3. Та эрүүл хооллох зуршилтай

Та түргэн хоол (fast food) сонирхдоггүй, гурил, өөх тос ихтэй, давслаг, шарсан хоолонд тийм ч дуртай биш. Супермаркетын хиамны тасгийн хажуугаар өнгөрөхөд тань утсан бүтээгдэгдэхүүний үнэр таныг ховсддоггүй. Өлсөхдөө та банш, шарсан төмс, гоймон зэргийг төсөөлж мөрөөддөггүй. Эдгээрийг л муу хооллох зуршилгүйн илэрхийлэл гэж үзээд байгаа юм.

Шинэхэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ, бүхэл үр, самар, жигнэсэн загас болон далайн ургамал зэргээс жинхэнэ таашаал авахыг эрүүл хооллолтын зуршил гэж үздэг аж. Ийм хоолны дэглэмийг Газрын дундад тэнгисийн эсвэл песко гэдэг байна. Энэ нь исэлдүүлэгчийн эсрэг үйлчилгээтэй антиоксидант, амин дэм, эслэгээр баялаг бөгөөд хоол боловсруулахад маш их тустай.

4. Та чихэрлэг амттанг үл тоомсорлодог

Чихэрлэг амттан, хурдан нүүрс усанд хэт автах нь бие махбодийг бүхэлд нь хамарсан өөрчлөлтийн шалтгаан болдог. Энэ нь нүүрс ус, өөх тосны солилцоог доголдуулж, биеийн жинг өөрчилж, инсулины эсэргүүцэл ба бодисын солилцооны синдром хам шинж үүсэхэд хүргэдэг байна.

Үр дүнд нь хүний бие хурдан элэгдэж мууддаг ажээ. Үүнд зүрх, тархи, арьс, нүд гээд өртдөггүй эрхтэн байхгүй.

5. Танд зорилго бий

Амьдралынхаа хэрэгцээгээ ойлгож, тэмүүлдэг зорилготой байх нь 50-55 нас хүрээд сэтгэл зүй, ертөнцийг үзэх үзлээ өөрчилж чадаагүй хүмүүсийн автдаг гүн гүнзгий экзистенциaл (оршихуйн) хямралаас сэргийлдэг байна. Экзистенциал хямрал нь хий түгшүүр, айдас, сэтгэлийн хямралд хүргэдэг бөгөөд энэ нь бие махбодийг ихээхэн туйлдуулж, хамгаалалтын болон дасан зохицох ажиллагааг нь бууруулдаг.

Харин зорилготой, танин мэдэх, үйл хийх хүсэл эрмэлзэлтэй хүний тархи идэвхтэй, өөрийгөө урамшуулах дотоод систем (гипофиз, допамин, серотонин) нь үргэлж хэвийн ажиллаж, өөдрөг цоглог зан ааштай байж, ертөнцийг өөдрөгөөр харахад эерэгээр нөлөөлдөг байна. Өөрөөр хэлбэл хүн өөрийгөө бөхөөж гундаахгүй л бол амьдралын чадавхи нь нэмэгддэг гэсэн амьдралын энгийн дүрэм үйлчилдэг гэлтэй.

6. Та суралцах дуртай

Хэрэв та 50-60 наснаас хойш мэдлэгээр үргэлжлэн цангаж, түүнд тэмүүлэхээ зогсоогоогүй, харин ч эсрэгээр, өөртөө шинэ зохиолчид, шинээр хөгжиж буй салбаруудыг нээж, гадаад хэлийг үргэлжлүүлэн судалж, шинэ хоббитой болж байвал энэ нь таны амьдралын гол менежер болох тархи бууж өгөөгүй, цаашид ч урт удаан, сонирхолтой амьдрахад бэлэн байна гэсэн үг.

Энэ нь зүгээр нэг хий хоосон сүржин үгс биш. Тархины идэвх нь шинэ нейроны холбоосууд үүсэхэд хүргэдэг бөгөөд энэхүү үйл явц бие махбодид нөхөн сэргээх, дасан зохицох үйл явцын гинжин хэлхээг бий болгодог ажээ.

7. Та стресст тэсвэртэй

Сандарч тэвдсэн, эсвэл хүнд хэцүү сорилттой тулгарсны дараа хурдан тайвширч, сэтгэлийн зовиураасаа салдаг нь тухайн хүн дасан зохицох чадвар өндөртэйг илтгэнэ. Стресс тэсвэрлэх чадвар гэдэг хурдан шийдвэр гаргалт, оюун ухааны өндөр төвлөрөл, сайн ой санамж, хурдан хариу үйлдэл, тэнцвэртэй байх мэдрэмж гэх мэт бусад олон психофизик төлөв байдалтай холбоотой шинж чанар юм.

Эдгээр бүх шинж чанарууд хүний насжилттай холбоотой өөрчлөлттэй тэмцэх чадварыг тодорхойлдог. Нэмж дурдахад, чухамхүү стресс тэсвэрлэх өндөр чадвар амьдрах хугацааг хариуцдаг хромосомын үзүүрт байдаг теломерийн богиносох үйл явцыг удаашруулдаг байна.

8. Та нийтэч ба ганцаардлыг мэддэггүй

Альтруизм, өрөвч сэтгэл, тусламж хүсэх чадвар, ерөнхийдөө харилцааны өндөр чадамж нь хувьслаас бидэнд суулгасан шинж чанарууд юм. Олон жилийн судалгаагаар, бат бөх нөхөрлөл, гэр бүлийн сайн харилцаа нь урт наслахын үндэс болдог нь батлагджээ.
Үүний эсрэгээр, ганцаардал нь ерөнхийдөө сэтгэл зүйг хурдан гундааж, биеийг элэгдэлд хүргэдэг байна.

9. Та согтууруулах ундаанд хайхрамжгүй ханддаг

Хэрэв та согтууруулах ундааг сэтгэцийг тайвшруулах хэрэгсэл бус, харин хоолонд амтлагч төдий үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг бол согтууруулах ундааны мэдрэлийн систем, зүрх, элэг болон бусад эрхтэнд заналхийлдэг аюулаас ангид байна гэсэн үг. Согтууруулах ундаа нь элсэн чихрийн хамт хүний амьдралыг богиносгодог хамгийн гол хүчин зүйл юм.

Согтууруулах ундаанд хордож муудсан бие махбодь өвчин эмгэгийг эсэргүүцэх чадваргүй болж, гажуудсан сэтгэц энгийн сэтгэл зүйд дасан зохицож зорилгоо олж тодорхойлж чадахгүйд хүрдэг.

10. Та нойрондоо сайн

Сайн амрах, сайн унтах нь оюун ухаан, бие махбодийг сэргээх амин чухал нөхцөл юм. 60 нас хүрсний дараа чухамхүү байнгын нойргүйдэл биеийн хөгшрөлтийг хурдасгадаг шалтгаан болдог. Ер нь архаг нойргүйдэл бол урт наслалтын гол дайсны нэг юм.

Та нойрыг амьдралын чухал хэсэг гэж үзэж, түүнд бэлтгэхэд хангалттай анхаарал хандуулж, цагтаа тайван унтаж, амарч байх нь урт наслахын маш чухал хүчин зүйл.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img