2024-10-06, Ням
2 C
Ulaanbaatar

“Би бол Селин Дион”

Prime Video стриминг платформ дээр “Би бол Селин Дион” баримтат киноны нээлт өнгөрсөн долоо хоногт боллоо. Оскарын шагналд нэр дэвшиж байсан Ирен Тейлор Бродскин бүтээсэн энэ кинонд мэдрэлийн ховор өвчнөөр шаналж буй Канадын дуучны тухай өгүүлнэ. Энэ өвчнийхөө улмаас Селин Дион карьертаа завсарлага авч байлаа. Энэ киноны талаар болон өвчинтэйгээ тэмцэж буй Селин Дионы талаар өгүүлсэн Forbes сэтгүүлийн нийтлэлийг орчуулан хүргэж байна.

Олон жилийн туршид Мерш-Вольманы синдромоор шаналж яваа гэдгээ Селин Дион 2022 оны 12 дугаар сард олон нийтийн сүлжээгээрээ дамжуулан мэдэгдэж, үүний дараа 2023 онд товлогдсон, дэлхийг тойрох аялан тоглолтоо цуцлаж байлаа. Тэр үеэс хойш Селин Дион олны өмнө бараг гараагүй тул ховор мэдрэлийн өвчинтэй түүний амьдралын тухай баримтат кино дэлгэцнээ гарсан нь шүтэн бишрэгчдийнх нь хувьд томоохон үйл явдал болсон юм.

Найруулагч Ирен Тейлорын бүтээсэн баримтат кино нь Селин Дион оношоо албан ёсоо зарлахаас өмнөх нэг жилийн хугацаанд дуучин эмэгтэй хэрхэн нам гүмхэн амьдарч байсан үеийг харуулна. Селин Дион эмзэг, ядарч зүдэрсэн байдлаар өөрийг нь кинондоо харуулахыг найруулагчид зөвшөөрчээ. Ийм шийдвэр гаргах болсон нь өөрийг нь шаналгаж буй өвчний талаар олон нийтэд таниулах, түүнтэй адил өвчнөөр шаналж буй бусдад сэтгэлийн дэм өгөхийг хүссэнтэй нь холбоотой гэнэ.

Мерш-Вольманы синдромыг анагаах эм гэж байхгүй, тиймдээ ч энэ салбарт шинжлэх ухааны судалгаа хийх ажлыг Селин Дион санхүүжүүлж байгаа аж. Харин одоогоор тэр маш хүчтэй булчин чангарлыг тэвчихээс аргагүй. Булчин чангарсны улмаас өдгөө 56 настай Селин Дион арай хийн л хөдөлнө.

“Би бол Селин Дион” баримтат кино сэтгэл хөдөлгөм үзэгдлээр эхлэх аж. Киноны эхэнд архивын бичлэг үзүүлэх бөгөөд энэ бичлэг дээр өсвөр насны Селин “олон улсад алдартай од болж, бүхий л амьдралынхаа турш дуулах нь миний мөрөөдөл” гэсэн ярилцлага өгч байгаа нь дүрслэгдэнэ. Үүний араас дуучин бүсгүй эрч хүчтэй, гал цогтойгоор олны өмнө хит дуунуудаа дуулж байгаа бичлэгүүд гарна.

Selin Dion

Гэхдээ Ирен Тейлорын энэ кино амжилтын түүхийг бахдалтайгаар, гоёмсгоор харуулсан бүтээл биш. Селиний гайхамшигт үзүүлбэрүүдийн бичлэгийн араас дуучин бүсгүй тайзнаас явсны дараа хэрхэн амьдарч, тэмцэж байгааг харуулна.

Кинон дээр Селин нүүрээ будаагүй, будаг түрхээгүй буурал үстэйгээ бидний өмнө гарна. Энэ үнэнийг хармагц Селин Дион бол хүрч боломгүй суу алдарт нэгэн биш харин төгс биш, ядарч зүдэрдэг энгийн нэгэн амьд хүн гэсэн бодол өөрийн эрхгүй төрөхөөр.

Киноны нэг үзэгдэл дээр энгийн нэгэн ээж дүрслэгдсэн мэт. Селин гурван хүү (түүний том хүү Рене-Шарлю 23, ихэр хөвгүүд нь 13 настай)-тэйгээ хөгжилтэйгээр ярилцаж, “дуртай өнгө”, “яг одоо ямар улс руу аялмаар байна?” гэх зэрэг хөвгүүдийнхээ асуултад хариулж байгаагаа кадр үргэлжилнэ. Селин лабродараа хооллож, усан гахайгаа арчилна. Гэрээ эмхэлж, амралтаа өнгөрүүлж буй эзэгтэйн төрхийг үзэгчдэд харуулах аж.

Дүрс солигдмогц Селин өвчнөөсөө болж шалан дээр атиран хэвтэж, хөдөлж ч чадалгүй, аймшигтайгаар орилж байгаа нь дүрслэгдэнэ.

Энэ баримтат кино бүхэлдээ, Селин Дионыг 17 жилийн турш шаналгаж буй Мерш-Вольманы синдромтой хүний амьдралыг дэлгэрэнгүй үзүүлэх аж. Дуучин бүсгүй сувилагчийн байнгын хяналтан дор амьдарч, цаг цагаар эм ууж, дусал хийлгэн, физик эмчилгээнд ордог. Селин Дион өвчнөө хянаж чадаж байгаа мэт харагдав ч үнэндээ үгүй.

Шинж тэмдэг улам лавширсаар Селин Дион одоо арай хийн оймсоо өмсөж, явах үедээ тэнцвэрээ олох гэж хамаг чадлаараа хичээх болжээ.

Энэ өвчин түүний хоолойг “эвдсэн” нь түүний сэтгэлийг юу юунаас илүү гонсойлгоно. Селин Дион 17 жилийн өмнө анх удаа маш их сульдаж байгаагаа мэдэрч, булчин чангарч байгаа мэт болоход ихэд гайхаж байжээ.

Киноны нэг үзэгдэл дээр дуучин бүсгүй амьсгалын дасгал хийж, дараа нь дуулах гэж хичээсэн ч сөөнгө, маш нам дуу гарч байгаа нь харагдана.

“Энэ бүхнийг та нарт харуулах үнэхээр хүнд байна” гэж Селин Дион нулимс цийлэгнүүлэн өгүүлэх аж.

Киноны хамгийн хүнд үзэгдэл нь дуучин бүсгүй тэсэхий аргагүй өвдөлтөөр шаналж байгаа үе. Өвчин сэдэрч, тэр биеэ хянах чадваргүй болон, байгаагаараа хөшиж, уйлж эхэлнэ. Эмч нарын ачаар Селин Дионы бие багахан тавирч, хуруугаа хөдөлгөх тэнхээтэй болох ч шаналал тарчлаан нь мөнх үргэлжлэх мэт мэдрэмж төрөх аж.

Алдартны өвчнийг ашиглаж, ашиг хонжоо олох гэсэн гэж киноны найруулагчийг буруутгах нэгэн ч гарах л байх. Гэхдээ бусдын нүднээс далд байдаг энэ шаналлаа дэлгэж, хүмүүст энэ өвчний талаар ойлгуулахыг Дион өөрөө хүсчээ. Тиймдээ ч ийм хүнд үеийн зураг авалтыг ч өөрөө санал тавин хийлгэсэн аж.

Алдартнуудын талаарх баримтат киноны үеэр тэдний ойр дотныхон, найз нөхөд, хамтран ажилладаг хүмүүс яриа өгдөг. Харин “Би бол Селин Дион” кино үүнээс огт өөр. Гагцхүү дуучин бүсгүйн монологоос тогтох энэ кинонд өвчин хэрхэн сэдэрсэн, ээжийн үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаа, эмгэнэлт явдал, урам хугаралтын талаар энэ киноноос харж болно.

Киноны туршид Дион өвчнөө өөр өөрөөр хандаж байгаа нь харагдана. Киноны эхэн хэсэгт өвчинтэйгээ эвлэрснийг харуулах бол киноны төгсгөлд өвчнөө сөрөн зогсох хүсэл тэмүүллийг харуулжээ. Энэ нь “Дахиад хайрла” киноны дуугаа бичүүлэх үеэр нь илэрнэ. Хоолой нь гарахгүй, өөрийгөө удирдаж чадахгүй байгаа Селин Дион өөрийгөө зоригжуулан, асар их тэвчээр гаргаснаар киноны дууг гараасаа гаргаж чаджээ.

Хэдийнэ 27 цомог гаргасан дуучин бүсгүй одоо ердөө ганц дууны ард гарсан бяцхан ялалтдаа ихэд баярлах аж.

“Би гүйж чадахгүй бол алхана. Алхаж чадахгүй бол мөлхөнө” хэмээн Селин Дион кинон дээр өгүүлэх аж.

Хэдийгээ энэ байдалтайгаа насан эцэслэтлээ байна гэдэгтэй эвлэрэхээс өөр аргагүй ч физик эмчилгээ, дархлааны эмчилгээ хэзээ нэгэн цагт түүнийг тайзнаа эргүүлэн авчирна гэдэгт Селин Дион итгэхийг хүсдэг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img