2024-11-21, Пүрэв
-6 C
Ulaanbaatar

Д.Агваан: “Хос шарга” шүлгээ анх уншихад тод манлай уяач Эрдэнэчулуун, Даваахүү, Онон нар уйлсан шүү

-Энхтөрийн “Дүүгүүр хээр”, Онон манлайн “Аварга хээр” зэрэг олон түмэн эхэд зориулж шүлэг бичсэн дээ-

Монгол наадам эхлэх үеэр, эсвээс дуун цэнгүүний газар оруут “Хос шарга” хэмээх аялгуут сайхан дуу төрийн шагналт хөгжмийн зохиолч “Харанга”-ын Чулуунбатын хөгжмийг бичиж, Гаваагийн Батхүүгийн үгийг бичин дуучин Лхагвасүрэн дуулсан “Толин хул” дуутай хамт хаа сайгүй сонсогдож олон түмний сэтгэлийг хөвсөлзүүлнэ. Монгол түмэнд хамгийн их дуулагддаг морины тухай хоёр дуугаар дээрх дуунууд шалгарсан тухай судалгаа ч байна.

Монгол Улсын тод манлай уяач Эрдэнэбатын Эрдэнэчулууны ах дүү хоёр шарга ажнайд зориулсан “Хос шарга” хэмээх гайхамшигт дууны зохиогч, Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, Монгол Улсын буудлагын спортын мастер, Баянхонгор аймгийн уугуул, суугуул яруу найрагч, зохиолчдын “Их Богдын эгшиглэн” холбооны нарийн бичгийн дарга, аймгийн алдарт уяач Даш-Очирын Агваантай хэдхэн хоногийн өмнө Эзэн богд Чингис хааны их хаан ор суусан Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хөдөө арлын Их Аураг, Хар зүрхний Хөх нуурт хамт аялахдаа эл хөөрөлдөөнийг хийсэн билээ.

-Та уугуул ус нутаг хаанахын хүн билээ?

-Ах нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын уугуул хүн. Бөмбөгөр сум маань Баянхонгор аймгийн баруун хэсэгт 100 км-ийн зайд оршдог гэдгийг залгаа зэргэлдээ Заг-Байдрагийн голын жараахай чи юу эс андахав дээ. Бөмбөгөрийнхөн бүгдээрээ л танай Загийн голын усаар умдаалж байгаа юм чинь.

-Миний Заг-Байдрагийн гол аугаа сайхны ариун сан болсон буянт ус даа. “Эзэн богд Чингис хаан мину эмээлт морио бууж амсхийлгэсэн Заг-Байдрагийн голын загас жараахай” юм даа, та бид?

Agvaan

-Ээ, ёстой хэлэх юу байх вэ. Чингис хаан маань Заг-Байдрагийн Хүрэн бэлчирт их цэргээ засаж Найманыг сөхрүүлээгүй бол Их Монгол Улсын мандан бадралын их хувь заяа чухам хааш эргэхийг хэн мэднэ. Тийм ч учраас чиний төрсөн Хүрэн бэлчир Их Монгол Улс байх уу, Найман аймаг байх уу гэдэг түүхийн дэнсийг шийдсэн гайхамшигт түүхт газар аргагүй мөнөөс мөн дөө. Манай Бөмбөгөр нутаг их сайхаан.

Монгол орны хамгийн анхны хуурай газрын дурсгалыг хадгалж үлдсэн сонин содон эх нутаг бол Бөмбөгөр нутгаас 2500 сая жилийн настай боржин чулуу, бараг хоёр тэрбум настай гантиг чулуу Жугамын ам гэдэг газраас олдоод байгаа гээд бод доо.

Тэгэхээр яах аргагүй хүн төрөлхтний, тэр байтугай манай дэлхийн хуурай газрын түүхийн ууган эцэг үе манай нутагтай холбоотой болж таараад байгаа юм. Манай Бөмбөгөр сум 1924 онд байгуулагдсан, зуун жилийн асар баян түүхтэй сайхан нутаг.

Алдар суутнуудаас тоочвол Хорлоогийн Цэвлээ гэж Бөмбөгөр сумаас төрсөн анхны Соёлын гавьяат зүтгэлтэн, анхны Хөдөлмөрийн баатар хүн байна. Бодвол чи сэтгүүлч хүн юу эс андав гэж. Ах нь одоо нутгийнхаа түүхт ойд очиж оролцох гээд өөрийн унаган болон худалдаж авсан хэдэн хурдан буянаа сойж, сэтгэл догдолж л сууна.

-Та бидний нутаг ус голоороо яах аргагүй холбоотой. Цэвлээ баатрыг ч би сайн танина. Гайхамшигтай хөдөлмөрч хүн. Миний сэтгүүлзүйн номын өмнөтгөлийг ч бичиж байсан. Та уяач хүн. Танайх ямар нэртэй гал байна?

-“Бөгтөр цагаан” хэмээх гал байгаа. Бөгтөр цагаан гэж уурганд баригддаггүй, ууланд эцдэггүй сумын наадамд маш олон түрүүлсэн, гайхамшигтай хурдан унаган адуу минь байлаа. Түүгээрээ л галаа нэрлэсэн хэрэг. Энэ цагаан морь маань аавын нэрийг түмэнд олонд их ч түгээсэн буянтай амьтан даа.

-Таны аав морь уядаг хүн байжээ дээ…

-Миний аав Даш-Очир сумынхаа агентаар олон жил ажилласан, морь уядаг, хурдан хүлэг шинждэг, шүлэг зохиол ч тэрлэчихдэг юм юмтай буурал байлаа. Сум орон нутгийнхаа наадамд ч айраг, түрүү багагүй хүртэж байсан. Миний хувьд эцгийнхээ гэрээсийг биелүүлсэн төдий жижиг гарын уяач.

-Аав тань танаас юу хүсээ вэ?

-Аав минь нас өндөр болсон хойноо надад нэг зүйлийг аминчлан захилаа. Тэр нь юу байв аа гэхээр нутгийн адууныхаа цусыг сэлбэх. “Хонгор нутгийн минь адуу нэг л давжаараад байх шиг санагдах юм.

Миний хүү адууныхаа цусыг сэлбэвэл аав нь мөн их баярлах байна аа” гэж тэр нэг намрын хүйтэн бороотой зэврүүхэн үдэш галын нөмөрт дулаацан суухдаа хэллээ. Ингээд би аавынхаа захиасыг амьдад биелүүлэх гэж тухайн үед хуримтлуулсан багагүй хэдэн төгрөгөө өвөртлөөд зүүн аймгуудыг зорьсон доо.

Agvaan
Д.Агваан аавын хамт

-Угшил сайтай, хурдан, чанартай адуутай болохоор зорьжээ дээ?

-Хэнтийн Галшар болоод Сүхбаатар аймгийн сумдаар явж, азарган үрээ худалдаж авлаа. Энэ чинь 1999 оны наадмын дараахан юм. Баянхонгорчууд маань Ламын гэгээн Лувсанданзанжанцаны ойг тэмдэглэн, даншиг наадам хийж байхад өчүүхэн би 57 азарган үрээ нутагтаа аваачиж, ус голын олон түмэндээ өгсөн дөө.

Дараа нь 83 азарган үрээ мөн л нутагтаа аваачсан. Ингэж л Хонгор нутгийн адууны цус сэлбэгдэж, “Агвааны угшил” гэсэн нэршил хүртэл гараад авсан шүү. Нас өндөр болсон эцэг минь тэгэхэд ёстой нэг хөхин баясч “Одоо л нэг миний сэтгэл амарлаа” гэсэн.

Адууны салхинд насаараа дэрвэсэн аавыгаа тэгж л нэг баярлуулсан хүн дээ, би. Эцэг хүний ухаан гэдэг мөн чиг холыг хардаг юм шүү. Баянхонгорт одоо ахынх нь угшлын морьд ид давхиж байна даа.

-Та ингэхэд ямар мэргэжилтэй хүн билээ?

-Би 1987 онд Хөдөө аж ахуйн дээд сургуулийн инженер-механикийн ангийг дүүргэсэн дээ. Сургуулиа төгсөөд тухайн үеийн жишгээр Дарханд хуваарилагдсан. Үндсэндээ ажил амьдралын гараагаа “Найрамдлын хот” гэгддэг Дарханаас эхэлсэн гэх үү дээ.

Ерээд оны зах зээлийн ид бужигнаантай үеэр Эрдэнэт хот руу шилжин, “Тахь” нэртэй компани байгуулан, бизнесийн салбарт хөл тавьсан ухаантай. Чехээс хүнсний бараа оруулж ирэн бизнесээ эхэлж байлаа.

Ерэн дөрөв, таван оны үед их хотын айл болсон. “Дэнжийн 1000”-д лангуу ажиллуулж байгаад одоогийн “Бөмбөгөр” худалдааны төвийн суурин дээр ганцаараа худалдаа эрхэлж эхэллээ. “Бөмбөгөр” гэж өөрийн төрөлх сумаараа тэр хавиа нэрлэлээ. Юм гэдэг сонин доо. Одоогийн “Бөмбөгөр” худалдааны төв, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумаар нэрлэгдсэнийг, Агваан гэж залуу анх байгуулж байсныг тэр бүр хүмүүс мэдэхгүй биз дээ.

“Бөмбөгөр”-ийг байгуулаад ашиг орлоготой болж, хүмүүс ч оволзоод эхэлтэл газраа бусдад алдсан. Энэ тухай одоо элдвийн юм ч яриад яахав дээ. (Тэр ер нь юм үзэж, нүд тайлсан нэлээд хэнэггүй төрлийн хүн аж. Нүдээрээ хээвнэг инээмсэглэчихээд энэ талаар өөр юм ярихыг хүссэнгүй. Л.Б)

-За, “Бөмбөгөр”-өө тавиад туучихаж. Тэгээд юу хийж эхлэв?

-Өө, гандан буураагүй. Монголчууд “Зовлон нүүрлэвч зовхи нь өөдөө” гэж сайхнаар бүхнийг төсөөлдөг чинь маний мэтийн хүнд хүртэл сайхан тусгал болж байх юм. Би аль болох сөхөрч сөгдөөд байхыг хүсдэггүй хүн. Бөмбөгөрийнхөө дараа “Улаанбаатар палас”-ын урд тал, “Кекюшюү” цамхгийн дэргэд “Хөх бүрд” гэсэн худалдааны төв нээсэн дээ. Хөх бүрд гэдэг маань миний төрсөн нутаг юм.

Үзэсгэлэнтэй сайхан газар бий. “Хөх бүрд” маань одоо “Орхон” нэртэй худалдааны төв болсон. Ах нь ингэж л бужигнуулж явлаа даа. Бидний үеийнхний нийтлэг л нэгэн аж төрөл юм даа. Одоо яахав, “Вилмар” нэртэй барилгын компанийн ерөнхий захирлаар ажиллаж, бас ч гэж нэлээд олон айлын гал голомтыг бадраасандаа баярлаж л явна.

-Анхны уран бүтээлийнхээ талаар яриач та?

-2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны найман зуун жилийн ойгоор эзэн Чингэсийн тухай нэгэн дууны шүлэг бичлээ. Тэгээд нутгийн ах, Монгол Улсын төрийн шагналт, гавьяат жүжигчин Д.Сосорбарамд үзүүлсэн дээ. Со гавьяат өнөө дууны маань шүлгийг үзээд “Тэнгэр заяа” гэсэн нэр өгч, “Сэтгэл огшоосон энэ сайхан мөрүүдийг дууны дундуур би өөрийн хоолойгоор уншина” гэсэн. Ах түүндээ ч хүрсэн шүү.

Agvaan

-Алдарт “Хос шарга” дуу хэрхэн бүтэв?

-2007 онд юм аа. Дотны маань анд нөхөр Э.Эрдэнэчулуун тод манлай уяачийн болзол хангаж, цолныхоо мялаалгад урилаа. Найздаа ямар бэлэг барих тухай бодлоо. Хүн бүхэн л хадаг, мөнгө барих нь тодорхой санагдаад болдоггүй. Тэгээд яахав дээ, “Ерөөсөө л нэг сайхан бүтээлтэй очъё” гээд “Хос шарга” нэртэй нэг шүлэг бичлээ.

Анх энэ шүлгээ уншихад Э.Эрдэнэчулуун манлайгаас аваад найранд уригдан ирсэн хөдөлмөрийн баатар, Монгол Улсын тод манлай уяач Д.Даваахүү, Д.Онон нарын сэтгэл хөдөлж, “Эрсдэж хальсан хайран шарга аа” гэсэн мөрийг сонсоод тэр мундаг уяачид нулимсаа ханцуйгаараа арчихыг хараад би үнэндээ балмагдсан. “Эр хүний нулимс хол” л гэдэг. Гэвч, адуундаа хайртай, мориндоо хайртай монгол хүний нулимс миний хэлсэн хэдхэн үгэнд уярахаар ойрхон л байдаг юм билээ.

Ингээд л удалгүй миний шүлэгт Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Норовын Баасандорж маань ая данг нь зохируулан тааруулж, өөрөө дуулснаар ард түмний хайртай бүтээл болсон доо.

-Бааска хөгжмийн зохиолч танай нутгийнх бил үү?

-Аав нь манай Бөмбөгөр сумын уугуул хүн шүү дээ. Бааска маань “Элээх тавилан”, “Зөв явбал зөөлөн замбуулин”, “Тэр л хэвээрээ” гээд ард түмний дунд түгсэн олон сайхан дууны аялгуу зохиосон энэ цагийн билгүүн авьяастай л хөгжмийн зохиолч доо. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын гавьяат болох хүний тоонд байнга л яригдах юм. Гавьяатын тэмдэг энгэртээ гялалзуулаагүй ч гавьяатын энтэй л уран бүтээлч гэж би боддог доо.

-Таны хань ижил хэн гэж бүсгүй байна?

-Гэргий маань Ц.Ганцэцэг гэж бүсгүй байна. Ханьтайгаа буудлагын спортын тамирчин байхдаа анх танилцаж байлаа. Миний хань бид чинь буудлагын спортын алдартан О.Гүндэгмаа, Д.Мөнхбаяр нарын дэлхийн шилдэг тамирчидтай хамт л спортод хөл тавьж байсан даа. (Даруухнаар инээмсэглэв. Л.Б)

-Танайх хэдэн хүүхэдтэй айл байна?

-Манайх хоёр охинтой. Ууган охин Халиун маань Орост суралцаж төгслөө. Отгон охиныг маань Хулан гэдэг дээ.

-Монгол наадмын сэтгэл хөвсөлзүүлсэн энэ өдрүүдэд морины тухай ярихгүй байхын аргагүй. Баянхонгор нутгаас төрийн түмэн эх болсон Монгол Улсын алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн “Дүүгүүр хээр” гэж алдартай морь улсын наадамд түрүүлэхээс өмнө та шүлэг бичиж эзэнд нь бэлэглэсэн гэдэг нэг яриа байдаг даа. Та тэр сайхан хөлгийг улсын наадамд түрүүлнэ гэж яаж мэдэв?

-“Дүүгүүр хээр” гэж дүүхэлзсэн сайхан ажнай тэнгэрт уралдахаар одсон нь даанч гунигтай. Дүүлж байгаад, наадмын дэнжийг чимж дүүргэж байгаад буцсан. Ламын гэгээний 380 жилийн ойн Хангайн бүсийн уралдаанд ийм нэг Хонгор нутгийн гоо биетэй, хараа булаам хурдан ажнай байдгийг түмнээрээ мэдсэн.

Түүнээс хойш наадам наадмын зурхайгаас эрэн бэдэрч, тоос татуулан торгон жолоо өргөхөд нь уухайлан баясаж, ийм сайхан хурдан буяны салхинд сэтгэл бах ханаж нэгэн явсан даа. 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр сэтгэл цаанаа л нэг хөвсөлзөөд “Баянхонгор аймгаас минь их насны морь улсад түрүүлээгүй.

Улс хувьсгалын энэ 100 жилийн тэгш ойд нутгаас минь их насны морь түрүүлчихээсэй” гэж бодоод “Сүрэнжавын Энхтөрийн Дүүгүүр хээр” гэж нэг шүлэг бичээд, зурвасаар Энхтөрд илгээлээ.
“Бөөн цагаан нуур мэлтэлзэнхэн тосно
Бөөн баяртай жаргалтай наадам даа
Байдраг гол нь мяралзан мяралзан урсана
Баацагааны хээр морь үзүүр дээр тарлана
Төрөө алдартын дүүгүүр хээр морь
Төрийн наадмын тэгш ойдоо
Түрүүлж айрагдаж цоллуулан
Түмэн эх болох болтугай!” гэсэн хэдэн мөр шүлэг л дээ. Тэгтэл Энхтөр уяач утасдаж “Миний төрсөн өдрийг яаж мэдээ вэ” гэдэг юм.

Agvaan
Соёлын гавьяат зүтгэлтэн Амартайван нарын хамт

Миний хувьд Энхтөрийн төрсөн өдөр гэдгийг нь ч мэдээгүй шүлэг бичээд явуулсан хэрэг. Хүнд нэг гэгээн зөн совин байдаг ч юм уу, хаашаа юм, тэгтэл Энхтөрийн маань “Дүүгүүр хээр” зун нь улсын наадамд түрүүлчихдэг юм.

Тэгээд би “Цагаан голын унаган хүлэг” гэсэн гарчиг тавьж байгаад
“Сум аймгаасаа тодорсон
Сүрэнжавын хүүгийн хээр морь
Суран жолоогоо өргүүлэн цоллуулах болтугай!
Баянхонгороос анх их морь түрүүлээд
Билэгдэж бичсэн шүлэг минь
Биеллээ олон хээр морь түрүүлэхэд
Баярлаж сууна би” гээд нийгмийн сүлжээнд тавьсан чинь хүмүүс намайг “Зөн билэгтэй шүлэгч” гээд баяр хүргэж сүйд болсон. Зөн билэг энэ тэрийг би сайн мэдэхгүй юм. Энэ бол зүгээр л тохиолдол байсан. Тэгтэл “Дүүгүүр хээр” миний хүсэл мөрөөдлийг биелүүлж монгол түмний хайртай ажнайгаар тодорсонд үнэхээр их баярласан даа.

Алдарт уяач С.Энхтөр маань “Миний төрж өссөн, өнөөдрийг хүртэл ажиллаж, амьдарч буй Баянхонгор аймгийн Баацагаан сумаас монгол төрийн наадамд анх удаа морь айрагдаж байгаа нь миний дүүгүүр хээр” гэж ярьж, догдлол дүүрэн зогсож байсан нь одоо ч нүдэнд харагдаж байна даа. (Тэрээр моринд аргагүй хайртай монгол эрийн ёсоор нүдэндээ нулимс гилтэгнүүлэн ярих аж. Л.Б)

-Ноднингийн Хэнтий аймгийн ойд очиж уралдаад “эрстэж хальсан” Дүүгүүр хээр морины амжилтаас та яриач!

-Дүүгүүр хээр морь бол Баянхонгор аймгийн Баацагаан сумын нутаг Бөөн цагаан нуурын хөвөөнд төрсөн Монгол Улсын алдарт уяач С.Энхтөрийн унаган адуу. Хээр морины эцэг “Дэгдээхэй хээр” азарга Сүхбаатар аймгаас эхийнхээ гэдсэнд ирж Баацагаан суманд төрсөн, эх нь Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын унаган адуу. 2012 онд даагандаа орон нутгийн наадамд тав түрүүлээд шүдлэн үрээ аймагтаа аман хүзүүдсэн, хязаалан үрээ Ламын гэгээний даншигт түрүүлээд, Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг Хөгнө хан уулын өвөрт очиж тоосоо өргөн, тод манлай уяач Д.Хишигжаргалын цолны мялаалгад мөн түрүүлсэн.

Азарган соёолон аймагтаа аман хүзүүдэж Богд сумын ойд мөн аман хүзүүдээд, Булган аймагт болсон хангайн бүсийн уралдаанд өнгөнд гарч ирээд хөл суларсны улмаас ахиж уягдаагүй. Дэгдээхэйг 2015 оны хавар Сүхбаатар аймгийн Халзан сумын Очир багшийн хээр азарганы төл хонгор гүүг Баяндэлгэр сумын Б.Цэрэнбалтав прокурорын оруулж ирсэн англи халтар азарганд хураалгаж гарсан байна.

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын Жанцангийн Дорждэрэмийн унаган хул байдас авч хураалгаад хойтон хавар нь Дүүгүүр хээр хүлэг гарсан гэдэг. Дүүгүүр хээр хул гүү, хээр азарга хоёрын гал үр юм. Дүүгүүр хээр Ардын хувьсгалын 99 жилийн ой, үндэсний их баяр наадамд айргийн дөрөвт хурдалж, 2021 онд Ховд аймаг, баруун бүсийн уралдаанд түрүүлж, олон ястны өлгийд оломгүй хурднаа гайхуулсан. Дараа жил нь ч ялгаагүй ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадамд торгон жолоо өргөсөн. Мөн тэр жилээ Хан Хэнтийд ч хамгийг гайхуулж түрүүлсэн.

-Гайхамшигтай хурдан адуу байжээ?

-Харамсалтай нь өнгөрсөн жилийн баяр наадамд “Сэрвээний өндөр”-өөр өөнтөглөөд дүүгүүр хээрийг уралдуулаагүй. Хамгийн сүүлийн уралдаандаа буюу Хэнтий аймгийн баяр наадамд айргийн гуравт хурдалсан. Хан Хэнтийн зүлэгт ногоон тал түүний тоосоо өргөх сүүлийн нутаг байж дээ.

-Наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цолоор шагнуулсан, Монгол Улсын тод манлай уяач Д.Ононгийн алдарт “Аварга хээр” морины хөшөөг босгохын сацуу дуун хөшөөг босгосон гэл үү?

-Онон гуай хээр моринд шүлэг бичиж мөнхөлсөөн. Аварга хээр морины унаган нутаг Сүхбаатар аймгийн Уулбаян сумын төвд хөшөөг нь Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын уугуул, уран барималч Дэлгэрсайханаар бүтээлгэж, 2015 оны есдүгээр сарын 1-нд нээлт нь болсон доо.

  • Дашочирын Агваан. Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрж, өссөн. Айлын том хүү ХААДС-ийг дүүргэсэн. Инженер-механик мэргэжилтэй. Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй.
  • Малайзын нийслэл Куала Лумпур хотод англи хэлний курс төгссөн.
  • Солонгос улсад Лидер удирдлагын курст суралцсан.
  • Буудлагын спортын мастер цолтой.
  • Нумт Буудлагын спортын холбооны ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч.
  • “Алтан гадас” одонгоор шагнагдсан.
  • Тэрээр одоогоор “Мөнхжин” хувийн цэцэрлэгийн үйл ажиллагааг эхнэр Ц.Ганцэцэгийн хамтаар явуулдаг.
  • Хурдан морь, бөх сонирхдог. “Амгалан төрийн ажнай шарга” нэртэй арав гаруй зохиолын дууны цомгоо гаргасан. “Сэтгэлийн сүүн эрхи” нэртэй номоо 2007 онд гаргасан.
  • “Хийморийн сүлд” ном хэвлүүлсэн. Нутгийн зөвлөлийн даргаар арав гаруй жил ажилласан.

Agvaan

Хос шарга

Шүлгийг Д.Агваан Аяыг Н.Баасандорж

Эрдэнийн чулуу шиг хос шарга
Энэ наадмын түрүү шарга
Эрдэнэчулууны унаган шарга
Эрсдэж хальсан хайран шарга
Алдар толгойг тойрсон шарга
Амгай тэнийтэл хадуурсан шарга аа
Ахин төрсөн дүү шарга
Ахын захиасыг даасан шарга аа

Уясан эзний найдвар шарга
Унасан хүүхдийн урам шарга
Уурга хэрэггүй баригдах шарга
Улсын наадмын түрүү шарга

Цагаан гүүний шарга унага
Цамцаа дэрвүүлэх хүүгийн шарга
Цайвар дэлтэй тод шарга
Цагийг эзэлсэн хурдан шарга

Торгон жолоогоо өргүүлсэн
Тогоруу халтарын төл шарга
Төрийн наадмын түрүү шарга
Тод манлайн хайртай шарга

Энгүй хурдан хос шарга
Их наадмын түрүү шарга
Эрдэнэчулууны унаган шарга
Эрсдэж хальсан хайран шарга
Эрсдэж хальсан хайран шарга аа

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img