2024-12-04, Лхагва
-22 C
Ulaanbaatar

С.Төгс-Оюун: Хонгорын элс их сонин, очих бүрдээ анх харж буй мэт мэдрэмжид эзлүүлчихдэг

Зураач С.Төгс-Оюунтай ярилцлаа. Зураач С.Төгс-Оюун гэхээр хэн бүхэн мэднэ. Харин түүнийг хөрөг бичигч, аялагч, гар урлаач гэдгийг нь мэдэх хүн тийм олон биш. Зураач бүсгүйг бүх л талаас нь нээхийг хичээсэн ярилцлагаа уншигч танд сонирхуулъя.

-Манай анхны эмэгтэй зураачид гэвэл ямар хүмүүс байна вэ?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн уран зураач Я. Оюунчимэг, зураач Ядамсүрэн гуайн охин болох Туяа багш гээд ер нь тун цөөхөн шүү.

Монгол эмэгтэйчүүд маань уран зургаас илүүтэйгээр уран хатгамалаар их явсан.

Өнөө л зүү ороох, загасан нуруу хатгах, зоос ширээний сүлжмэл, даалин, наамал гээд үндэснийхээ уламжлалыг дагасан нь олон.

togsoyun
Урландаа

-Таны нэг зургийг Японы урлагийн музей ихэд сонирхоод авчихсан тухай сонсч байсан…?

-1985 оны явдал л даа. Фукуока хотод “Азийн Урлагийн Галлерейд” Монголын зураачдын үзэсгэлэн анх удаа гарах болсон юм. Манайхнаас 10 гаруй, дан эрэгтэй зураачдын нэр орж ирэхэд нь Н.Цүлтэм гуай “Төгс-Оюуны ” Говийн гурван цуврал” зургийг оруулъя. Цаад япончууд чинь тун айхтар улс.

Говийн шөнө

Монголд улсад чинь эмэгтэй зураач огт байхгүй юм уу гэж гайхна” гэсний хүчинд бүтээл маань тэр үзэсгэлэнд дэлгэгдсэн юм. Миний зураг өнөөг хүртэл Японы галлерейд байгаа.

Говийн өнгө цуврал. 1993 зотон

Зургуудад тань сүүдэр байхгүй, хавтгай, тун өнгөлөг юм. Ингэхэд номын чимэглэл зургууд хэр олныг хийв?

-Та их гярхай анзаарсан байна шүү. Номын чимэглэл зураг гэвэл 200 гаруйгаар тоологдох байх.

-Таны зургийг ажиглахаар Австралийн уугуул аборигены “дот- цэг” – ээр зурсан мэт мэдрэмж төрлөө, би зөв харж уу?

-Чи яг үнэн хэлж байна. Тиймээ би цэгээр зурдаг байсан. Яагаад гэхээр би Австралийн өнөөх алдарт уудам цөлөөр аялсан. Цөл нь хачин сайхан замтай.

Зам дагуух том жижиг хотуудаар дайраад явах ямар сайхан гээ. Өнгө өнгийн тотьнууд нисэж буугаад л ээ мөн гоё шүү.

Дүүлэн дүүлэн харайх сүрэг сүрэг кенгуру, давст нуур гээд ярих юм биш. Кино зохиол мэт амьдрал дунд нэг хэсэгтээ байсан минь уран бүтээлчийн хувьд том олз байсан.

Зогсолтгүй аялаж, сурж явахдаа, Виктория мужийн Балларт гэдэг сайхан хотод очих үедээ Ж. Мэйчле гэдэг зураач эмэгтэйд шавь орж абориген хүмүүсийн цэгээр зурах урлагт суралцаж байлаа.

-“Бүсгүйчүүдийн шивнээ”, ” Шүрэн сондор” бүтээлүүд тань содон хэрнээ тун сонин бүтээл. “Дүүдэл” хэлхүүлэн зогоороо зурсан мэт мэдрэмж төрөөд байдаг юм…?

-Дүүдэл бол мөн мөн. Эмэгтэй хүний сэтгэхүй гэдэг тун сонин. Хамаг л нандин нууцаа бусдад аминчлан байж дэлгээд тавьчихдаг.

Алгаараа амаа хааж барьж, хүнд битгий хэлээрэй гээд ярьж орхисон өнөө нууц нь улаан шүр сондор хэлхэж байгаа мэтээр хөврөөд л амнаас ам дамжин, чихнээс чихэнд шивнэгдээд тархаж өгдөг.

Монгол хатан 1979. Чулуун бар
Зураач Базарваань. 1989 он

Анх ярьсан нууц яриа нь улам баяжин нэмэгдээд хурдлан хурдлан бөмбөрөн бөмбөрөн цаашлан одно доо, хөөрхий (инээв).

-Таныг сайн үйлст олонтоо оролцож байхыг мэднэ. Сайн үйлсэд оролцож эхэлсэн үеийн түүхээ сонирхуулаач?

-Олон улсын “Сороптиимист клуб” гэдгийг манай Зана анх 2000 онд байгуулсан түүхтэй. Тэр цагаас тасралтгүй 21 жил клубынхээ гишүүнээр ажилласан.

Ерөнхийлөгчөөр нь ажилласан ч удаа бий. Одоо бол хүндэт гишүүн нь. Бидний сайн үйлс цусны хавдартай хүүхдүүдэд онцгойлж чиглэдэг.

Миний хувьд клубынхээ ерөнхийлөгчөөр ажиллах үедээ хараагүйчүүдэд туслах аян өрнүүлж байсан. Миний хувьд эмнэлэг эмчилгээнд зориулсан сайн үйлсийн аянд үнэ мөнгө хүрэх томоохон бүтээлүүдээ хандив болгон өгдөг юм.

Оролцсон сайн үйлсийн маань, өгсөн хандивын минь үр дүн гарахгүй байх л хамгийн хэцүү мэдрэмж. Өвчнөө дийлэхгүй бурханы орныг зорьчихоор сэтгэл тийм гэх аргагүй хүнд гунигт эзлүүлчихдэг.

-Таны 2017 онд бичсэн “Гэрэлт хөргүүд” номыг уншсан. Л.Бавуудорж зураачийн тухай уншаад л сэтгэл тун хачин болсон шүү.

-Миний хувьд хамгийн сайн таниж мэддэг ойр дотныхоо хүмүүсээ л бичдэг. Орос Баяр (Г.Баяр), Дүйнхэржав гээд олон зураач, зохиолчийг номондоо багтаасан.

Тэр сайхан хүмүүсийг манай залуус огт мэдэхгүй. Тэд “Гэрэлт хөргүүд” номыг минь уншаад ийм зураач байж, тийм зохиолч байж, гайхалтай юм аа гэцгээдэг. Тийм үгс ямар гоё гээ. Л.Бавуудоржийн тухай бичсэнийг минь уншаад мэдрэмжээ хуваалцсанд баярлалаа. Сайхан найз минь “Тэнгэрийн ташуур” гэдэг үзэсгэлэнгээ нээхээс хэдхэн хоногийн өмнө бурханы оронд чимээгүй одчихсон юм. Бие нь байхгүй хэрнээ үзэсгэлэн нь болоод л… (хөнгөн санаа алдав).

Гэр бүлийнхэн нь 10 гаруйхан хоногийн дараа үзэсгэлэнг нь нээсэн дээ. Тэнд болж буй зүйлсийг хараад тэнгэр өөд явчихсан найзтайгаа ярьж байгаагаар бичсэн.

“Эхлэл үгүй … Төгсгөл үгүй… , … Алсын алс руу… Чи хаачив… аа… “ гэсэн үгс дотроос урссан. Тэгээд л нэг мэдэхэд бичээд дуусгачихсан байсан.

Дараа нь өөрчилье гэж хэсэг суусан ч засч чадаагүй. Эхлээд буусан тэр үгс яг янзаараа номонд маань орсон.

Хэзээ ч марташгүй дулаахан агшин гэж байдаг даа. Бавуудорж маань кофе уунгаа ихэр ач охидоо их ярина. Инээд, хайр цацруулж ирээд ярьж суусан тэр агшин шиг дулаахан мөчүүд дурсамжид тод үлддэг юм шиг.

-Та ном болоод архиваасаа “Википедиа” -д журмын дагуу оруулбал хэрэгтэйсэн. Хуучны сайхан бүтээлчдийн тухай мэдээлэл интернэтээс хайхаар олдоц нь их ховор юм…

-Нээрээ тийм байх, чиний хэлснийг бодъё байз хө. Хуучны сайхан бүтээлчдийн тухай мэдээлэл интернэт орчинд үнэхээр хомс байдаг. Үр хүүхдүүд нь хүртэл аав, ээжийнхээ тухай сайн мэдэхгүй байх нь бий. “Дүрслэх урлагийн Анима сургууль”-ийн захирал Б.Булган манай найз Орос Баяраагийн охин.

Булган нэг өдөр надад “Төгсөө эгчээ, би таны номноос аавынхаа тухай уншаад их юм мэдэж, бас ихийг бодлоо” гэсэн шүү.

Үхэшгүй мөнхийн бэлгэдэл Цагаан уул цэцэг

Аав, ээж гэдэг үр хүүхдүүддээ аав, ээж л шүү дээ. Бид л цөөхөн биесээ бичиж үлдээхгүй юм бол өөр хэн бичих билээ. Та нарын үеийнхэн тэр сайхан хүмүүсийг мэдэхгүй байхад өнөөдрийн хүүхдүүд багачууд яаж мэдэхэв.

-Хуучны мундаг уран бүтээлчдийн тухай тан шиг “амьд архив” болсон хүмүүс л бичиж үлдээхгүй бол урлагийн бодит түүх балрах гээд л байна шүү. Жишээ нь би танаас Соосой гуайн талаар сонирхмоор байна. Төрийн ордоны зөөлөн памбагар хивсийг шохоорхон дээр нь гүйж байсан залуухан охин байхаасаа л тэр агуу хүнийг мэднэ дээ, та?

-Соосой гуай хүндлэм сайхан хүн байсан. Хивсэн дээр сонирхон гүйсэн чинь ийм түүхтэй юм. Намын нэг их хурал болох гээд ид ажилтай байсан үе.

Засгийн газрын ордонд, манай зураачид ажиллаж байлаа. Бид цугаар хорь гаруй настай, цэл залуухан. Нэг өдөр манай сийлбэрчин Төртогтох “Энд бамбалзсан тун сонин хивс байна. Та нар очиж үзээч” гэж байна. Дуун дээр л өнөө зөөлөн бамбагар хивсийг үзэхээр гүйцгээлээ.

Ахин дахин алхаад л (хөгжилтэй инээв). Нээрээ л намаг адил бамбалзаад их соньхон мэдрэмж төрүүлсэн шүү. Ахиж тийм хивс ер үзээгүй. Тэр үед “Монемунтал чимэглэлийн үйлдвэр” гэж байсан юм. Хүүхдийн парк дээр 12 жилийн баримал байсныг танай үеийнхэн бол сайн мэднэ.

Хүүхэд болгон өөрийнхөө жил дээр гүйн очдог байсан даа. “Үлгэрийн хана”-ыг ч чи санаж байгаа байх. Тэр босоо урт ханан дээр Г. Соосой гуайтайгаа ажиллаж байлаа. Хумсын чинээхэн үй түмэн, плитаг будаж өнгөнд оруулаад шигтгэмэл- мозайк хийсэн. Одоо тэр бүгд ямар ч ор мөргүй алга болчихсон. Маш харамсалтай. Өнөө эргээд бодох нь ээ их зүйл алга болжээ.

Яг 30-аад оны их хэлмэгдүүлэлтийн үйвээн түйвээн шиг бүгдийг устгаад хаячихсан.

Хүүхэд залуучуудын театрын ханан дах өчнөөн чимэглэлийг устгаад дууссан. 120 мянгатын ханан дээрх ажилчин ангийн зураг л үлдэж дээ. Ядаж байхад бид ч гэсэн зураг авч огт үлдээгүй байгаа юм.

Аливааг баримтжуулаагүйдээ одоо харамсаж суух юм. Монголын урлагийн түүх, Улаанбаатарын маань түүх гэж бодохоор харамсахгүй байх аргагүй.

-Та аялагч хүн. Монголынхоо хамгийн очих дуртай газраа хэлээч гэвэл аль нутгийг онцлох вэ?

-Монголынхоо бүх нутаг, 21 аймгаараа ёстой нэвт явсан шүү. Энэ дундаас Өмнөговь, Сүхбаатар аймаг хамгийн сайхан. Дуртай учраас арав гаруй удаа явсан.

Бага газрын чулуу. Дундговь аймагт аяллаар

Дундговьд л гэхэд өчнөөн удаа очсон. Говьд маш дуртай. Өмнөговь аймаг сайхнаас сайхан нутаг. Элс, нар, тэмээн сүрэг, хязгааргүй мэт санагдах газар нутаг… үнэн гайхалтай.

Очих бүрдээ л огт өөр мэдрэмж авдаг.

Хонгорын элс дээр мөн ч олон удаа очсон доо. Тэгсэн хэрнээ л очих бүрдээ анх удаа харж буй мэт мэдрэмжид эзлүүлдэг.

Юу нь тийм мэдрэмж өгөөд байдаг юм бүү мэд. Их сонин. Дандаа сэргэг нүд, шинэхэн сэтгэл төрүүлдэг гайхамшигтай нутаг.

-Гадаадын ямар орнуудаар аялав, та. Онцгой сэтгэгдэл төрүүлсэн улс гэвэл аль орныг онцлох вэ?

-Англи, Америк, Австрали, Япон, Хятад, Энэтхэг, Солонгос гээд олон сайхан улсаар аялсан.

Австрали руу аялах болсон минь их сонин түүхтэй. Хүчирхийллийн төвд ажилладаг Мариан Оке гэдэг эрдэмтэн эмэгтэй миний урлан дээр ирж зургуудаас минь авдаг байлаа.

Зургуудыг минь нутагтаа авч очоод жаазлуулахаар болж л дээ. Жаазны үйлдвэрт ороод жаазлуулах гэтэл миний говийн зургууд өнөө австраличуудад их таалагдсан гэдэг юм. Тэгээд л намайг урьсан.

Австралид сар гаруй болж, Австралийн улаан өнгөт цөлөөр аялсан минь ийм түүхтэй. Жинхэнэ уран бүтээлийн аялал болсон шүү. Австраличууд монголжуу гүдэсхэн сайхан хүмүүс. Амьтад, байгаль нь үнэхээр өвөрмөц.

-Эмэгтэй хүний сониучхон асуулт. Та нэг хэсэг үсээ ургуулж, улаан туузаар сүлждэг байсан. Өөрийн тань имиж үү, эсвэл өөр утга бэлгэдэл байв уу?

-Монгол эмэгтэй, бүсгүй хүнийг гэзэгтэй гэдэг дээ, тэрний л нэг илрэл. Надад их таалагдсан юм аа. (инээв) Үсчинд орохоор ёстой инээдтэй хөгтэй юмнууд болно.

Би өнөө улаан туузтай үсээ тэднээс “хамгаалах” гэж бөөн юм болно. Урд, хойно оо гаргана, атгаад суучихна.

Үсчид болгоомжтой нь аргагүй “Та угтай юм уу” гэж асууна (хөгжилтэй инээв).

-Таныг гар урлал, онго оёдгийг мэднэ. Онгийн тухайн товчхон сонирхуулаач?

-Онгыг гэр хамгаалагч гэж ойлгож болно. Сахиусыг хүмүүс бие, сэтгэлээ аюул гамшгаас хамгаалахаар шүтээн болгож биедээ зүүж явдаг. Харин онго бол гэр орныг муу муухайгаас хамгаалах зүйл.

Хүний дүрст эсгий онго. Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын “Хагт-Уул”-ын хөндийгөөс олдсон

Би “Чингис Хааны Музей”-гээс маш эртний цэргийн булшнаас олдсон, эсгийгээр хийсэн хуучин “онго” харж маш их шохоорхлоо.

Ер нь дэлхий нолон улс орон өөрийн гэсэн онго, сахиустай. Оросууд домовой гэнэ.

Лалын орнуудад зэд чөтгөрийг зайлуулах хөх өнгөт нүд гэж бий. Монголчууд маань онго хэмээнэ. Тиймээс би гэр орноо хайрлаж, хамгаалах сайхан онгыг даавуугаар урлаж суух тун дуртай.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img