мэргэжлийн, мэдрэмжтэй

Улаанбаатар: -24°C

Үзэсгэлэнт бүсгүйгээс үзэшгүй төрхтэй болсон Мэри Эннийн түүх

Үзэсгэлэнт бүсгүйгээс үзэшгүй төрхтэй болсон Мэри Эннийн түүх

Г.Мэргид

2024-08-16

odoi

Бусдын л адил…

Мэри Энн Вебстер родилась 1874 онд Лондонгийн жирийн нэг, өнөр гэр бүлд мэндэлжээ. Мэри найман хүүхдийн нэг нь байв. Мэри өсвөр наснаасаа л ажиллаж эхлэв. Тэр эмнэлэгт сувилагчаар ажилд орж, тэндээ олон жил ажиллажээ.

Мэри дур булаам бүсгүй болон өсөж торниж байлаа. Үеийнхнийхээ л адил, гэрлэж, хүүхдүүдтэй, өөрийн гэсэн байшинтай, эмэгтэй хүн бүрийн хүсдэг энгийн нэгэн аз жаргалыг хүснэ. Удалгүй түүний хүсэл биелэв. 1903 онд 29 настайдаа Томас Бевантай гэрлэж, овгоо өөрчилжээ.

Тэд хоёр хүү, хоёр охинтой болов. Өөрийг нь хайрладаг нөхөр, эрүүл саруул хүүхдүүд, орох орон гээд Мэрид мөрөөдөж байсан бүхэн нь байлаа. Гэвч гэрлээд удаагүй байхад л Мэри өвдөж эхлэв. Байнга л толгой, булчин, үе мөчөөр нь өвдөнө.

Үзэсгэлэнт бүсгүйгээс “үзээрийн мангас” болон хувирсан нь

odoiӨдрөөс өдөрт Мэригийн эрүүл мэнд муудаж, харин эмч нар оношийг нь тогтоож чадахгүй л байв. Нэмэлт шинжилгээ шаардлагатай байлаа. Гэвч Мэрид өөртөө гаргах цаг байсангүй. Гэр бүл, үр хүүхдээ халамжлаад завгүй. Мэри илжиг шиг л зүтгэнэ, харин түүний эрүүл мэнд муудсаар байв.

Өвчин даамжирч, одоо л нэг Мэри өөрийгөө анхаарахаас аргагүй болов. Тэр өөрийгөө толинд хараад танихаа байжээ. Шанаа, нүүр өргөсөж, хамар, чих, доод эрүү нь томров. Удалгүй байдал улам дордлоо, гавлын яс нь уртасаж, гар, тавхай нь эв хавгүй урган томорч, эмэгтэй хүний галбир үгүй болов.

Аймшигт өвчинтэй нүүр тулсан ч Мэри азтай нэгэн байлаа. Аажмаар тэр нэгэнтээ үзэсгэлэнт бүсгүй байсан гэдэгт хэн ч итгэхээргүй, үзээрийн төрхтэй эр хүн шиг болон хувирсан ч нөхөр нь түүнийг хаяж явах талаар огт бодож байгаагүй гэдэг. Томас эхнэртээ хайртай байв, тэр эцсийн мөч хүртэл эхнэрээ дэмжиж, хажууд нь байж, гутаан доромжлолоос хамгаалдаг байжээ. Харамсалтай нь 1914 онд Томас нас барж, онош нь мэдэгдэхгүй өвчнөөр шаналж яваа Мэри дөрвөн хүүхдээ ганцаар өсгөх хүнд ачаа үүрсэн аж.

“Дэлхийн хамгийн муухай төрхтэй эмэгтэй”

Нөхрөө бие барсны дараахан Мэри оношоо мэдэж авав. Түүний гоо үзэсгэлэнг булаасан өвчин нь акромегали гэх өвчин бөгөөд энэ нь өсөлтийн гормоны илүүдэл нийлэгжилтийг дагуулдаг өвчин аж.

odoi

Өнөөдөр энэ өвчнийг хялбархан эмчилдэг болсон, зөв эмчилгээ хийвэл өвчнийг даамжруулахгүйгээр тогтоон барих боломжтой болжээ.

Гэвч хорьдугаар зууны эхэн үед энэ өвчний талаар огт мэддэггүй байсан тул Мэрид эдгэрэх боломж байсангүй. Тэр улам л үзэшгүй төрхтэй болж, гудамжинд таарсан хүмүүс түүнийг чичлэн шоолж, элдэв нэр хоч өгнө. Гэрээсээ гарах бүр жинхэнэ тарчлаан түүнийг хүлээнэ.

Дөрвөн хүүхдээ тэжээхийн тулд Мэри ажил гололгүй хийж байлаа. Гэсэн ч байнга л мөнгөөр гачигдана. Аргаа бараад байх тэр үедээ “Хамгийн муухай төрхтэй эмэгтэй” шалгаруулах тэмцээн байдгийг олж мэдэв. Ингээд энэ тэмцээнд оролцохоор шийдлээ. Учир нь тэмцээнд ороод гутаан доромжлуулах хэдий ч шагнал нь өндөр байв. Энэ тэмцээнд Мэри түрүүлжээ. Тэмцээний дараа хэдэнтээ олны өмнө гарч, үүгээрээ ч чамгүй орлого олсон гэдэг.

Үзэшгүй төрхөт хүмүүсийн цирк

1920 онд үзэшгүй төрхөт Мэригийн тухай сураг Америкт хүрэв. Ингээд Кони-Айленд дахь зугаа цэнгээний хүрээлэнгийн эзэн Сэм Гампетц циркэд ажиллах санал Мэрид тавьжээ.

odoi

Гампетц дэлхийн өнцөг булан бүрээс өвөрмөц хүмүүсийг цуглуулдаг гэдгээрээ алдартай байв. Тэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй биечлэн уулзаж, онцгой хүүхдүүдийг эцэг эхээс нь худалдан авч, алс холын газраас зэрлэгүүдийг авчирдаг байжээ. Тухайн үед ийм хэрцгий, хүнлэг бус зугаа цэнгээн ихээхэн эрэлттэй байсан бөгөөд Сэм Гампетцийн үзүүлбэрүүдтэй эн тэнцэх зугаа гэж байсангүй.

Гампетцын саналыг Мэри хүлээн авч, хүүхдүүдээ ава Нью-Йоркийг зорьжээ. Мэригийн үүрэг нь үзэгчдэд өөрийн өвөрмөц төрхийг харуулах. Түүнтэй хамт тайзан дээр одой хүмүүс, сиамын ихрүүд, сахалтай эмэгтэй, аварга биетнүүд, хиймэл мөчтэй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс гардаг байв.

Олон хүн өөрийг нь доромжлон инээж байх үед хүн юу мэдэрдэгийг хэлэхэд үнэхээр хүнд. Мэригийн хувьд бүр л шаналгаатай байсан биз. Учир нь тэр үзэсгэлэнтэй эмэгтэй, аз жаргалтай эхнэр байсан юм. Гагцхүү хүүхдүүдийнхээ төлөө л тэр зүтгэж, бүхий л доромжлолыг тэвчиж байлаа.

Мэригийн гэр бүлийн зураг өдгөө хадгалагдан үлдсэн байдаг. Энэ зурган дээр үсээ гоёмсгоор янзалж, цагаан цамц өмссөн Мэри харагдана. Тухайн үед гэрэл зураг тун ховор, хүссэн хүн бүр ч гэрэл зураг авахуулчихдаггүй байв. Тиймээс, Мэригийн гэр бүл зураг авахуулсан нь Мэри хичнээн жаргалтай, халамжтай эхнэр байсан, хүүхдүүддээ зөвхөн сайн сайхныг өгөхийг эрмэлздэг байсныг дахин нэг батлах мэт.

odoi

Мэри амьдралынхаа сүүлийн мөч хүртэл Америкийн циркэд ажиллажээ. Энэ хугацаанд ганцхан удаа, 1925 онд Парист очиж, Олон улсын үзэсгэлэнд оролцсон аж. Мэри төрөлх Лондон хотоо ихэд санагалздаг байсан тул бие барсных нь дараа Англид оршуулахыг хүүхдүүддээ гэрээслэсэн гэдэг. Мэри Беван 1933 онд 59 настайдаа таалал төгсжээ. Энэ нь түүн шиг ховор өвчинтэй хүмүүсийн хувьд харьцангуй өндөр нас юм. Акромегали өвчин туссан хүмүүсийн яс төдийгүй дотор эрхтэн ч урган, томорч, нэг эрхтэн нөгөөгөө дарж хүндрэл үүсгэдэг учраас урт наслаж чаддаггүй аж.

Түүний үнэн түүхийг мэдэхгүй олон хүн одоог хүртэл элэглэн тохуурхах нь бий. Гэвч үнэндээ тэр хүнд доромжлуулах биш харин хүндлэлийн дээдийг амсахуйц эмэгтэй байжээ. Хүнд өвчинтэй, олны элэг доог болж сэтгэлийн шархтай, гэрээсээ ч гарахад бэрх байсан ч тэр эцсийн мөч хүртлээ хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө байж болшгүй гутаан доромжлолыг насаараа тэссэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд NIO.mn хариуцлага хүлээхгүй болно. Бид ХХЗХ-ын журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг NIO.mn устгах эрхтэй.

2000