Үндэсний баялгийн сангийн тухай хууль бол анхдагч хууль юм. 2030 он хүртэл тус сангийн төсөв, орлого, зарлага, гүйцэтгэлийн тайланг УИХ-аар нээлттэй хэлэлцэнэ. Мөн иргэд “E-Mongolia” аппликэйшнд үүссэн “Баялгийн сан” гэсэн цэсээс “Хуримтлалын сан”-ийн орлого, зарлагын мэдээллийг нээлттэй авч, хяналтаа тавьдаг болно.
Сангийн хөрөнгийн удирдлагын тухайд зарим хүмүүс тусдаа компани байх ёстой гэж ярьж буй. Энэ ажил 2030 оноос хэрэгжээд явах юм. Гэхдээ манай өмнөх сангуудын жишгээс харахад, хэдэн хүнд санг хариуцуулаад явахаар үйл ажиллагаа нь далд хэлбэрт шилжээд хулгай луйвар гарах эрсдэл дагуулдаг. Үүнээс сэргийлэхийн тулд бид 2030 он хүртэл сангуудын үйл ажиллагааг тогтворжуулах, мөнгөн хөрөнгийг хуримтлуулах, тодорхой асуудлуудаа шийдвэрлэх хүртэл УИХ-аар нээлттэй хэлэлцүүлээд явах шийдэлд хүрсэн.
Харин 2030 оноос цааш удирдах институцыг одооноос бэлтгэж эхэлнэ. Нэг үгээр хэлбэл, 2030 он хүртэл санг удирдах институцын чадавхыг бэхжүүлэх, боловсон хүчнийг бэлтгэх ажлыг хийнэ. Энэ санг удирдахад чамгүй их ур чадвар, ёс суртахуун шаардана шүү дээ.
Байгалийн баялгаа түшдэг улс орнуудын хувьд хөгжил хоёр л замтай. Нэг бол хөгжих, үгүй бол ядууралд нэрвэгдэх. Манай улсын хувьд ийнхүү Баялгийн сангийн хуулиа баталж, хэрэгжүүлж эхэлснээр газрын хэвлийн баялгаа ард иргэддээ тэгш, шударга хүртээх, нийгмийн суурь асуудлуудыг шийдвэрлэх, том төслүүдээ хөдөлгөх хөгжлийн замдаа орж байна.