ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчлах болсон тухай мэдээлэл дэлхий даяар цацагдсан даруйд л ихээхэн шуугиан тарьж байлаа. Ийнхүү олны анхааралд орсон шалтгаан нь Олон улсын Эрүүгийн шүүх Путиныг баривчлах шийдвэр гаргаснаас хойш Путин ОУЭШ-ийн Ромын статутыг соёрхон баталсан оронд анх айлчлахаар болсонтой холбоотой юм.
Ингээд л Монгол Улс Путиныг баривчлах эсэх талаарх хэлэлцүүлэг өрнөж, Украин манай улсад хандан Путиныг баривчлахыг уриалж, шаардаж байлаа. Есдүгээр сарын эхээр болсон энэ айлчлал одоо ч олны анхаарлын төвд байна. Энэ удаад түүнийг Монголыг өөр зорилго, шалтгаанаар зорьсон гэх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр тархаж байгаа юм.
Есдүгээр сарын эхээр Тулуд очиж, дараа нь Монголыг зорьсон Путины айлчлалын албан ёсны шалтгаан нь ойн арга хэмжээ байсан ч үнэндээ өөр зорилгоор явсан гэж олон хүн үзэж байгаа гэж Spiegel бичжээ.
Путин үнэн хэрэгтээ ямар зорилгоор Монголд айлчилсан бэ
Путин Монголд хоёр өдөр болсон. Энэ айлчлалын үеэр дэгдсэн гол шуугиан нь Оросын эрчим хүч, түлшнээс ихээхэн хамаардаг Монгол түүнийг баривчилж Олон улсын эрүүгийн шүүхэд хүлээлгэж өгч чадах эсэх маргаан байлаа.
Харин айлчлал өндөрлөж, Путин нам гүмхэн явсны дараа Москвад өөр нэг сэдэв олны анхаарлыг татах болсон байна. Ерөнхийлөгч яах гэж тийш явав, Монгол үнэхээр тийм чухал гадаад бодлогын түнш юм гэж үү?
Кремльд ойр эх сурвалжууд Путин Монгол явах болсон шалтгаан нь бөө хэмээн үзэж байгаа аж. Монгол, Тува улс дэлхийн хамгийн хүч чадалтай бөө нарын эх оронд тооцогддог бөгөөд чухамхүү Тувад айлчилсныхаа дараа Путин Монголыг зорьсон юм.
Одоогоос 35 жилийн өмнө Оросоын улс төрийн элитүүд бүгд шашингүйн үзэлтэй байв. Ингэж л коммунист нам ярьдаг байсан юм. Гэтэл гэнэт л тэд шүтлэгтэй болж, өөр өөр шашин шүтдэг болсон аж. Владимир Путины хүрээлэлд гэхэд л еврей, мусульманууд байдаг гэх.
Тэдний дундаас, 12 жилийн турид Батлан хамгаалахын сайдын алба хашсан, үүнээс өмнө иргэний хамгаалалтын сайд байсан Шойгу онцгой үүрэг гүйцэтгэх бөгөөд тэр анх Путиныг бөө нартай танилцуулжээ.
2000-аад оны эхэн үеэр Путин, Шойгу нар хамтдаа аялж, Шойгу Оросын алслагдмал бүсүүдэд онцгой аяллыг Путинд зориулан зохион байгуулдаг байв.
Тухайлбал, олны сайн мэдэхээс, 2009 онд Тувад хийсэн аялал байна. Энэ аяллын үеэр Путин цээж нүцгэн морь унаж, уулын голд сэлж байлаа. Түүнчлэн тэд 2017, 2018, 2021 онуудад ч хамтдаа Тувад аялж, амарсан гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлж байв.
Ийм аяллуудын үеэр Шойгу, Путин нар бөөгийн зан үйлд оролцож байсан гэх. Өмнө нь үнэн алдартны шашны далдын хүчинд итгэж сүсэлдэг байсан Путины хувьд ихэд гайхалтай санагдах болсон гэж Speigel-д мэдээлэл өгсөн эх сурвалжууд өгүүлжээ.
Путин, Шойгу нарын зан үйл
Шойгу залуужихын тулд залуу бугын эвэрний цусан ваннад орохыг Путинд санал болгож байсан гэлцдэг. Үе дамжин яригдан ирсэн аман яриагаар, залуу бугын цус эврийг хөрөөдөж аваад, түүнийг хандлан усанд ороход хосгүй шидтэй нөлөө үзүүлдэг гэнэ.
Мөн сүүлийн жилүүдэд Путин бөөгийн зан үйлд оролцдог тухай яриа ихээхэн дэлгэрсэн юм. Тухайлбал, улс төр судлаач Валерий Соловой 2022 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа Путин Украин руу халдах тушаал гаргахаас өмнө Сочи дахь ордондоо бөөгийн зан үйл хийлгүүлсэн хэмээн онцолж байлаа. Түүний өгүүлснээр бөө нар бүргэдээр тахил өргөж, цэргийн тусгай ажиллагааг амжилттай болно гэж зөгнөсөн гэдэг.
“Кремльд ойр эх сурвалжийн өгүүлснээр, Путин довтлохоосоо өмнө янз бүрийн зөн билэгтэнтэй зөвлөлдсөн. Тэд бүгд л цэргийн ялалт ирнэ гэж батлаж байсан юм ” хэмээн Spiegel-д бичжээ.
Дайн ба бөө
ЗХУ задран унасны дараа Оросын Азийн бүс нутаг, Монголд бөөгийн зан үйл дахин сэргэсэн юм. Сүм хийдийн тэргүүнүүдийн адилаар чадалтай бөө нар ч эрх баригчидтай холбоо сүлбээтэй байдаг бөгөөд тиймдээ ч онгод тэнгэр нь хэлснийг биш харин эрх мэдэлтэй этгээд сонсохыг хүсэж байгааг нь л хэлдэг байж мэдэх юм.
Эх сурвалжуудын өгүүлснээр, Путинд зориулсан нэгэн зан үйлийн үеэр Путины захиргааны ажилтнуудад ёслолын оролцогчдын гадна төрх огт таалагдаагүй гэнэ. Бөө нар хэт залуухан, итгэл үнэмшил төрөхөөргүй гэж голсон аж. Ингээд зан үйлийг сайн мэддэг жүжигчдээр жинхэнэ бөө нарыг сольж, зан үйл ч үзүүштэй, бүгд сэтгэл хангалуун үлдсэн гэдэг.
Энэ оны тавдугаар сард Оросын засгийн газар дахь бөө мөргөл шүтдэг гол хүн болох Сергей Шойгу Батлан хамгаалахын сайдын албан тушаалаа алдсан юм. Гэхдээ энэ нь Путин бөө мөргөлд хандах хандлагыг өөрчлөөгүй бололтой. Тэр Шойгугүйгээр Монгол, Тува руу явчихсан юм.
Монгол руу явсан шалтгаан нь бөөтэй уулзаж, цөмийн зэвсэг хэрэглэхийн тулд бөөгийн адислалыг авах шаардлагатай байсан гэсэн цуу яриа Москвад дэгдсэн байна. Бөө нараас зөвшөөрөл авалгүйгээр ийм алхам хийж чадахгүй, учир нь онгод тэнгэрийг хилэгнүүлнэ гэж тэр эмээсэн, ингээд Монголоос сэтгэл ханамжтай ирсэн гэж сонинд мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлсэн байна.
Гэхдээ цөмийн зэвсэг ашиглахын тулд бөөд хандсан гэсэн яриа зөгнөлт зохиол шиг сонсогдож байгааг онцлох хэрэгтэй. Одоогоор энэ мэдээллийг хэн ч батлаж чадахгүй байгаа юм. Харин Монголд ирээд бөөтэй уулзсан гэдэг нь үнэний ортой гэж хэвлэлүүд мэдээлжээ.