2024-10-06, Ням
-1 C
Ulaanbaatar

Утаа айсуй: Агаарын бохирдол хэрхэн элэгний өвчин үүсгэдэг вэ?

Хүйтний ам наашилж хөхүүрийн ам цаашилж байна. Улаанбаатарчуудын хувьд бол урин дулаан цаашилж, утааны улирал айсуй. Утаа ихсэж, агаар ихээр бохирдсноор хүүхэд төдийгүй насанд хүрэгчдийн дунд амьсгалын замын өвчин нэмэгддэг. Гэхдээ зөвхөн амьсгалын замын өвчин төдийгүй өөр олон өвчлөл агаарын бохирдлоос үүдэлтэй байдаг аж. Тэр дундаа элэгний өвчин үүсэхэд агаарын бохирдол ихээхэн нөлөөлдөг болохыг одоогоос есөн жилийн өмнө хийсэн судалгаагаар эрдэмтэд тогтоож байв.

Тодруулбал, АНУ-ын Уэйны их сургуулийн эрдэмтэн Кэжон Жан тэргүүтэй судалгааны баг агаарын бохирдол элэгний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хатуурал, бодисын солилцооны алдагдал болон элэгний хавдартай холбоотой эмгэг үүсгэдэг гэдгийг судалгаагаар тогтоож байлаа. Энэ судалгаа 2015 онд sciencedaily эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлэгдэж байсан юм.

Сүүлийн жилүүдэд хийгдсэн судалгаануудын ихэнх нь агаарын бохирдол уушги болон зүрх судасны системд сөргөөр нөлөөлж байгааг судалсан байдаг. Харин доктор Жан судалгааны багийнхантайгаа хамтран экологийн таагүй нөхцөл хүний бие организмыг хоргүйжүүлэх үүрэгтэй, бодисын солилцоонд идэвхтэй оролцдог элэгний өвчлөлийн эрсдэлтэй хэрхэн холбогддогыг судлахаар шийджээ.

Эрдэмтдийн хийсэн судалгаанд өгүүлснээр, РМ2.5 хатуу хэсгүүдийн агууламж өндөртэй агаараар амьсгалах нь элгэнд шууд сөргөөр нөлөөлж, элэгний хатуурал, эмгэг өөрчлөлтүүдийг үүсгэдэг байна. РМ2,5 нь агаарт байдаг 2,5мкм аэродинамик диаметр бүхий хатуу хэсгүүд юм. Эдгээр нь бензин болон дизель хөдөлгүүрийн утааны хэсгүүд, замын гадаргуу, дугуй, тормозны ул мөрөөс үүдэлтэй тоосыг өөртөө агуулдаг аж.

РМ2,5нь хөдөлгөөн ихтэй зам болон аж үйлдвэрүүд олноор төвлөрсөн нутаг дэвсгэрийн ойролцоох агаарын бохирдлын үндсэн, илүү хортой найрлага юм. Тархвар судлалын судалгаанаас харахадөндөр агууламж бүхий РМ2,5 -ын нөлөөнд өртсөн хүмүүст зүрх судасны өвчин үүсэх, бодисын солилцоо алдагдах эрсдэл өндөр байдаг нь тогтоогджээ.
Доктор Жаны өгүүлснээр, РМ2,5 бохирдол нь хүн амын эрүүл мэндэд бүхэлдээ сөрөг нөлөө үзүүлдэг аж. Ялангуяа томоохон хотуудад энэ бохирдол нь илүү хүчтэйгээр нөлөөлдөг гэнэ.

Доктор Жаны багийнхан Охайо мужийн их сургуулийн Цинхуа Сан профессорын тэргүүлсэн судалгааны багтай хамтран хийсэн судалгааны явцад богино хугацаанд болон урт хугацаанд амьтад РМ2,5 бохирдсон агаараар амьсгалснаас үүдэн тэдний биед ямар нөлөө үзүүлж байгааг судалжээ.

Туршилт эхэлснээс 10 долоо хоногийн туршид бохирдсон агаараар амьсгалсан амьтдын элэг хатуурч эхэлсэн байна. Улмаар молекул, эдийн болон эмгэг анатомын аргаар судлахад РМ2,5 нь элэгний эдэд үрэвслийн стресс үүсгэж, коллаген нийлэгжилтийг зогсоож байгаа нь тогтоошгджээ.

“Агаарын бохирдолтой холбоотойгоор эмнэлгийн үйлчилгээ болон эрүүл мэндийн бодлогод манай судалгаа ихээхэн ач холбогдолтой. Элэгний хатуурал нь вируст гепатит, таргалалт, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх эсвэл аутоиммуны өвчнөөр үүсгэгддэг элэгний архаг гэмтлийн үе шат. Гэтэл манай судалгааны явцад, РМ2,5 нь элэгний хатуурал үүсэх өөр нэг хүчин зүйл болох нь тогтоогдлоо. Энэ нь эрүүл мэндэд эрсдэл учруулах шинэ хүчин зүйлсийг илрүүлэх, элэгний өвчнийг ойлгох тал дээр нэн чухал алхам болж байгаа юм” хэмээн доктор Жан өгүүлжээ.

Түүний өгүүлснээр, РМ2,5-ын агууламж өндөр агаараар амьсгалж байгаа хүмүүсийн элэгний өөрчлөлтийг харуулах шинжилгээнд онцгойлон анхаарал хандуулах ёстой аж.

“Ийм хүмүүсийг эмч нар байнга ажиглаж, эмчилгээ болон урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ нарийвчлан боловсруулах ёстой” хэмээн доктор Жан өгүүлжээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img