2024-11-21, Пүрэв
1 C
Ulaanbaatar

Суут Эйнштений золгүй эхнэр

“Энэ авгай нарын хажууд бидний хэн нь ч хаан. Учир нь бид гаднаас тусламж хүлээлгүй хөл дээрээ зогсдог, харин тэд хэн нэгэн ирээд бүх хэрэгцээг нь хангана гэж байнга л хүлээж байдаг улс” гэж Эйнштейн өгүүлж байсан гэдэг. Суут математикч эмэгтэйчүүдийг дорд үздэг байсан гэх бөгөөд тэр дундаа, өөрийг нь өөрөөс нь илүү хайрладаг эхнэр Милева Маричийг илүүтэй басамжилдаг байсан гэх.

Сайн охин

Серби гаралтай Милева Марич маш ухаантай, сайн охин байжээ. Тэр Австри-Унгарт гимназид сурсан анхны охин байсны дээр бусдаас сайн сурлагатай, тэр дундаа физик, математиктаа сайн, бусдын урмыг хугалдаггүй, үргэлж зөвийг хийдэг, хэнийг ч гонсойлгодоггүй нэгэн байсан аж.

Цюрихийн политехникийн дээд сургуулийн физик-математикийн факультетад суралцдаг оюутнуудын дунд Милева цорын ганц эмэгтэй нь байлаа. Хамт суралцдаг байсан оюутнууд түүнийг энхрий, сайхан сэтгэлтэй, бага зэрэг ичимхий, гэхдээ ухаантай, сэтгэлтэй нэгэн гэж дүгнэж байв. Тэр өөртөө даашинз оёж, хоол ундандаа ч сайн байлаа.

Эйнштейн Милева нар учрах үед л Эйнштейн ихээхэн найдлага төрүүлсэн эрдэмтэнд тооцогдож байсан гэдэг. Гэхдээ Эйнштейн Милеваг бодвол даруу, ичимхий зантай байсангүй. Тэд их л хачирхалтай хос байсан аж.

Милева шинжлэх ухаанд шамдан, дорвитой амжилт гаргаж эхэлсэн үедээ Эйнштейнтэй учирж, жирэмсэн божлээ. Эйнштейн түүнийг хүүхэдтэй нь хаяна гэж ихэд айж, боловсролоо дутуу орхино гэдэгтээ харамсаж байлаа. Сэтгэл санаа тогтворгүй байсан тул жирэмсний гурав дахь сардаа шалгалтдаа унажээ.

Бүх зүйл буруугаар эргэв. Милева дипломын ажлаа хаяж, харин Эйнштейн түүнийг хүүхдээ хүүхдийн асрах газарт өгөхийг шаардаж байсан гэдэг. Бүсгүй Эйнштейний тушаалыг эсэргүүцэж чаддаггүй байжээ. Ингээд төрөлх Серби рүүгээ явж, Лизерль охиноо төрүүлэн, тэнд нь орхисон гэдэг.

Хачирхалтай гэрлэлт

Милеваг гэх Эйнштейний сэтгэл тун хурдан хөрөв. Гэхдээ Милеваг найдвартай хүн, сайн туслагч гэж Эйнштейн үздэг байжээ. Милева Эйнштейний шаардлагатай тооцоонуудыг хийж, эрдэмтний гар хүрээгүй эрдэм шинжилгээний олон ажлыг гүйцээсэн байна. Тиймдээ ч Эйнштейн Милеватай гэрлэхээр шийджээ.

“Тэр бүхий л зүйлд анхаарлаа хандуулж, амжуулж чаддаг, хоол сайн хийдэг, сэтгэл санаа нь байнга өөдрөг байдаг” хэмээн Эйнштейн сайн найздаа бичсэн захидалдаа өгүүлж байв.

Милева хоёр хүү төрүүлжээ. Гэхдээ тэр аз жаргалгүй байв. Эйнштейн түүнд хэрхэн зааварчилгаа өгч байсныг илтгэх захидал хадгалагдан үлджээ.

“1. Миний хувцас болон унтлагын хувцас эмх цэгцтэй байх
2. Өдөрт гурван удаа өрөөнд минь хоол авчирч өгөх,
3. Олон нийтийн өмнө харагдахаас бусад тохиолдолд та надтай хувийн харилцаа тогтоохгүй байх ёстой. Надаас хайр халамж хүсээд хэрэггүй. Би хүссэн л бол огт эсэргүүцэлгүйгээр миний ажлын өрөө эсвэл унтлагын өрөөнөөс та нэн хурдан гарах ёстой” хэмээн Эйнштейн зааварчилгаандаа бичжээ.

Өөр эмэгтэй

Дэлхийн нэгдүгээр дайны өмнө Эйнштейн хамаатныхаа Эльза Левенталь гэх бүсгүйтэй амрагийн холбоотой болов. Эйнштейн Берлинд амьдарч, харин Милева Цюрихд үлджээ. Эйнштейн гэрийнхэндээ мөнгө явуулдаг байсан ч энэ нь тун бага, амьдралд хаанаа ч хүрэлцэхгүй тул Милева математик, төгөлдөр хуурын хичээл хүүхдүүдэд зааж, мөнгө олдог байсан гэнэ.

“Би чамд их мөнгө явуулах л байсан. Гэвч тийм мөнгө надад бараг алга. Би өөрөө бараг л гуйлгачин шиг амьдарч байна. Бид ингэж байж л хөвгүүддээ жаахан хуримтлал үлдээж чадна” хэмээн Эйнштейн нэг захидалдаа бичжээ.

Цаг хугацаа өнгөрч, энэ хооронд Эйнштейн хамаатныхаа бүсгүйтэй үүсгэсэн амрагийн явдал даамжирч, 1916 онд Эйнштейн Милевагаас салахыг хүссэн гэдэг. Энэ мэдээнд цочирдсон Милева гэр бүл цуцлуулахаас татгалзжээ. Сэтгэл санааны хямрал нь биеийн эрүүл мэндэд нөлөөлж, зүрх нь өвдөх болж, хэдэнтээ зүрхний шигдээс болж, эмнэлгээс салахаа болив. Яг энэ үед Эйнштейн эхнэр нь нас барвал ерөөсөө ч гунихгүй гэж найздаа хэлж байсан гэдэг.

Салалтын оронд Нобелийн шагнал

Гэрлэлтээ цуцлахаас татгалзаж байгаад Эйнштейн ихэд бухимдаж байв. Ингээд Нобелийн шагнал хүртэх магадлал өндөр байсан тул Милева өөрөөс нь салвал энэ шагналынхаа мөнгийг түүнд өгнө гэж амлаж байсан гэдэг.

Энэ үед Милева хүүхдүүдийнхээ талаар бодож, шагналыг нь авахаар зөвшөөрчээ. Үнэндээ Милева ч харьцангуй онол дээр нөхөртөө туслаж, их л ажилласан тул энэ нь шударга гэж тэр шийджээ.

Энэ бол түүний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр байлаа. Гэр бүлээ цуцлуулснаас дөрвөн жилийн дараа Эйнштейн Нобелийн шагнал хүртэв. Эйнштейн алдар нэрийг харин Милева мөнгө, хүүхдээ авч үлджээ. Гэхдээ энэ нь гунигт түүхийн аз жаргалтай төгсгөл биш.

1930-аад оны сүүлээр Эйнштейн, Милева нарын бага хүү Эдуард хүчтэй мэдрэлийн цочролд оров. Багаасаа л өвчлөмтгий байсан хүү бүхий л зүйлийн төлөө түгшдэг байж.

Дэлхий даяар алдартай эцгээсээ ч болж шанална, нэр хүндтэй аавтай байх хэцүү, зарим үед өөрийгөө хэн ч бишээр мэдрэнэ. Ийм түгшүүрийн эмгэгтэй байсан Эдуард бүтэлгүй хайртай учирснаар байдал бүр дордож, залуу амиа хорлох оролдлого хийжээ.

Эмч нар түүнийг хүнд хэлбэрийн шизофренитэй гэсэн онош тавьжээ. Эдуардыг Цюрихийн өндөр үнэтэй сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлэхэд хамаг мөнгө урсан одов. Эдуард 30 насандаа бие барсан бөгөөд насан эцэслэтлээ сэтгэцийн эмнэлэгт байжээ. Харин Эйнштейн хүүгийнхээ өвчин, үхэлд эхнэрээ буруутгасаар байсан гэдэг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img