2024-10-16, Лхагва
-2 C
Ulaanbaatar

SCMP: Хятад, Монголын хоорондын цахим худалдаа, аялал жуулчлал говийн жижиг хотыг их хөлийн газар болгов

Хятад, Монголын худалдаа эрхлэгч, аялагчдын урсгал Эрээн хотод хэрхэн хөл хөдөлгөөн бий болгож байгаа талаар Хятадын South China Morning Post сонин бичсэнийг орчуулан хүргэж байна.

Хятадын боомт хот болох Эрээн хот Монголтой цахим худалдаа хийх, аялал жуулчлалыг хөгжүүлэх голомт газар болжээ. Үүнд тус боомтоор ачаа тээвэрлэлтийг 24 цагаар нэвтрүүлдэг болсон нь нөлөөлсөн юм.

Ноолуур, цүнх, гутал, тэмээний ноосон эдлэлийн эрэлт хэрэгцээ их байгаагийн ачаар Хятад, Монголын хоорондын худалдаа хөл хөдөлгөөн ихтэй хилийн боомтоор дамжин цэцэглэж байгаа бөгөөд цахим худалдааны захиалгууд ч огцом өсчээ.

Коронавирусийн цар тахлын дараа өсөлтийг дэмжихийн тулд эдийн засгаа солонгоруулах гэсэн Монголын стратеги баримтлаж байгаа юм. Түүнчлэн далайд гарцгүй энэ орныг хөрш орноос нь зорьж очих жуулчдын тоо ч нэмэгдэж байна.

Өвөр Монголын Өөртөө Засах Орны бүс нутгийн хорооны мэдээллийн товчооны мэдээллээр, энэ оны есдүгээр сарын тавны байдлаар Эрээн хотын авто зам болон төмөр замын боомтоор дамжин хоёр талыг чиглэсэн хөдөлгөөн жилийн дүнгээр 95 хувиар нэмэгдэж, 1,75 сая болжээ. Энэ хугацаанд 442 000 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь 2023 оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Эрээн хот бол Хятад, Монголын хил дээр орших, говийн жижигхэн хот юм. Хятад Монголын хил дээрх томоохон хуурай замын боомт дээрх хөдөлгөөний саатлыг багасгах үүднээс ачааны автомашинуудыг 24 цагаар нэвтрүүлэх ажлыг дөрөвдүгээр сард туршилтын журмаар нэвтрүүлснээс хойш энэ хот ихээхэн хөгжин цэцэглэж байна.

“Газарзүйн байршлын хувьд Монгол, Хятад улс их ойр. Энэ нь, зорилгоос үл хамааран, маш том давуу тал. Хятадын дэд бүтэц харьцангуй шинэ, боловсронгуй, харин үйлчилгээний хүртээмжтэй байдал нь монголчууд төдийгүй бусад гадаад орны иргэдийг урьдын адил татсаар байгаа” гэж ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн орон тооны бус судлаач Сумъяа Чулуунбаатар өгүүлсэн юм.

БНХАУ-ын гаалийн газрын мэдээллээр, энэ оны эхний долоон сарын байдлаар Хятадыг чиглэсэн Монголын экспорт өнгөрсөн онтой харьцуулахад 10,6 хувиар өсөж, 8,138 тэрбум долларт хүрсэн байна. Хятадаас Монголыг чиглэсэн нийлүүлэлт ч мөн хугацаанд 48,5 хувиар өсөж 2,647 тэрбум долларт хүрчээ.

“Миний мэдэж байгаачлан, хил орчмын эдийн засгийн цар хүрээ төдийлөн өргөн биш. Ачааны машины жолооч, худалдаачид, жуулчдад зориулсан хил орчмын худалдаа, үйлчилгээн дээр л төвлөрч байна” хэмээн Economist Intelligence Unit судалгааны фирмийн ахлах эдийн засагч Сюй Тяньчэнь өгүүлсэн юм.

Харин Монголын УИХ-ын гишүүн Э.Батшугар хилийн боомтын 24 цагийн ажиллагааг байнгын болгохыг уриалсан. Туршилтын хугацаа есдүгээр сард дуусах бөгөөд түүний өгүүлснээр 24 цагийн ажиллагааг байнгын болгох талаар хэлэлцээ хийгдээгүй байгаа гэнэ.

“Говийн бүс дэх уул уурхайн төслүүд хэрэгжиж байгаатай холбоотойгоор Монголын тал улам бүр томорч байгаа бөгөөд боомт илүү үр ашигтай болгохоор бид ажиллаж байна” хэмээн Монголын УИХ-ын гишүүн Э.Батшугар өгүүлсэн юм.

Э.Батшугарын өгүүлснээр, энэ онд Хятадын талаас есдүгээр сарын дунд үеийн байдлаар 108 мянган жуулчин ирсэн байна. Эдгээр жуулчид нүүдлийн соёлтой танилцахаар Монголыг галт тэргээр зорих боломжтой газар нь Эрээн хот тул энэ боомтыг сонгосон бөгөөд ийнхүү Эрээн хотын боомтоор Монголыг зорьсон жуулчид тус улсад ирсэн нийт гадаадын жуулчдын 21 хувийг эзлэж байгаа гэнэ.

Монголыг зорих хятад жуулчдын тоо энэ оны эхний хагаст 75 хувиар өссөн бөгөөд Эрээн хот тэд хил нэвтрэх томоохон цэг болж байгаа аж.

Өнгөрсөн онд Монгол Улсын ДНБ өмнөх онтой нь харьцуулахад долоон хувиар өссөн бол хэрэглээний түвшин 6,1 хувьтай байгаа нь 2022 оны 6,5 хувь гэсэн үзүүлэлтээс буурсан байна. Хэдийгээр хэрэглээний түвшин буурсан ч Hangzhou Intelmind E-commerce-ийн ерөнхий захирал Вэй Пэйран жил орчмын өмнө Монголын зах зээлд гарчээ. Түүний өгүүлснээр, “бараа бүтээгдэхүүний өргөн сонголт, үр ашигтай үнийн стратеги, найдвартай логистик системийн ачаар сар бүр өсөлттэй гарч байгаа” гэнэ.
Вэй Монголын зах зээлд гарахын тулд Alibaba 1688 B2B платформыг ашиглажээ.

“Хятадын нийлүүлэгчдээс шууд нийлүүлэх, цахим байдлаар логистикийг үр ашигтай болгох, маш бага өртгөөр бараа бүтээгдэхүүнийг хүргэх тал дээр бид голчлон анхаардаг. Монгол бол залуу хүн амтай, интернетийн хүртээмж, төлбөрийн систем нь найдвартай гэх зэргээр дэвшилтэт технологийн дэд бүтэцтэй найдвартай зах зээл” хэмээн Вэй өгүүлсэн юм.

Вэй Монголоор дамжуулан цааш Төв Азийн орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх сонирхолтой байгаа аж. Одоогоор Монголоор дамжуулан Узбекистаны зах зээлд гарах сонирхолтой байгаа гэнэ.

“35 сая гаруй хүн амтай, эдийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа Узбекистан улс Хятадын бүтээгдэхүүнийг борлуулах боломжтой зах зээл” хэмээн Вэй өгүүлсэн юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img