2024-11-22, Баасан
-8 C
Ulaanbaatar

Ерөнхийлөгчийн хориг Сангийн сайдын захиалга байлаа

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төсвийн хуульд бүхэлд нь хориг тавилаа. Нэг талд “Төрийн тэргүүн мундаг учраас”, “хүчирхэг болохоор”, “улстөрийн маш ухаалаг” нүүдэл гэх мэт магтаал хөвөрч, нөгөө талд “УИХ-ыг хүчгүй харагдуулж Ерөнхийлөгчийн засаглал руу дөтлөх нүүдэл боллоо” гэх маягийн шүүмжлэл өрнөв. Элдэв магтаал, шүүмжлэлийг алгасаад эрүүлээр харвал У.Хүрэлсүхийн хориг гарах цагтаа л гарч буй зайлшгүй ГАРАХ ЁСТОЙ шийдвэр байсан. Ерөнхийлөгч хэн байлаа ч ирэх оны төсөвт хориг тавихаас аргагүй нөхцөл үүсчихсэн нь хоёр дээр хоёрыг нэмэхэд дөрөв гардаг шиг тов тодорхой зүйл.

Булзах аргагүй хоёр үндэслэл байна. Нэгдүгээрт төсвийн тодотголыг тухайн жилд нь яалт ч үгүй тодорхой хэдэн нөхцөл үүссэн үед хийх хуулийн заалт бий. Өөрөөр хэлбэл 2025 оны төсөвт тодотгол хийнэ гэвэл 2025 ондоо л хийх ёстой. Өнгөрсөн жилүүдийг анзаарахад төсвийн тодотгол гол төлөв намар хийгдсээр өнөөг хүрсэн. Өнөө жилийн тодотголыг гэхэд наймдугаар сард хийж байв.

Гэтэл УИХ саяхан 2025 оны төсвийн тодотголыг тухайн жилд нь биш өмнөх онд нь хийнэ гэсэн шийдвэр гаргаатахсан. Илт хууль зөрчсөн элий шийдвэр л дээ, яалт ч үгүй. Ингээд харахаар Ерөнхийлөгчийн хориг УИХ-ыг хууль зөрчихөөс хамгаалсан үйлдэл болчихож байгаа юм. Яг ийм үед УИХ “Өө Ерөнхийлөгч хориг тавьчихлаа, хүлээж авъя даа” гэж хөөрхөн царайлж байгаад алдаанаасаа цэвэрхэн мултраад үлдчих хэрэгтэй. Бараг ч тэгэх болов уу.

Булзах аргагүй хоёр дахь үндэслэл бол Ерөнхийлөгчийн хоригтоо дурдсан “гадаад нөхцөл байдлаас үүдэж нүүрс, зэсийн үнэ яаж ч магадгүй” гэх болгоомжлол. Трамп АНУ-ын Ерөнхийлөгч боллоо. Их гүрнүүдийн худалдааны зөрчил, Орос-Украйны дайн гээд олон юмны учир бүрэн дүүрэн олдохгүй яваа ийм цагт Трампын ирэх өдрүүдэд хийх нүүдэл дэлхийн байдлыг хааш нь ч эргүүлж мэднэ.

Алтны үнэ түүхэнд байгаагүйгээр өсөөд яваагийн цаана нэг л үнэн бий. Мөнгөтэй эрхмүүд долларт биш алтанд итгээд байна гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл эдийн засаг эвгүйдэхэд, нөхцөл байдал яах нь тодорхойгүй үед тэд мөнгөөрөө алт худалдаж авдаг, тэр хэрээр алтны үнэ “галзуурдаг” бичигдээгүй хууль төдийгөөс өдий хүртэл үйлчилсээр ирсэн. Ийм бүрхэг үед манайх шиг нүүрс, зэсээ зарж амьдардаг, гадны зах зээлээс 100 хувь хамааралтай импортлогч улс хэрээсээ хэтэрсэн цамаан төсөв баталбал амаараа шороо үмхэх өндөр эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч мундаг учраас энэ эрсдлийг олж хараад байгаа юм биш. Эдийн засаг гадарладаг хэн ч олоод харчих эрсдэл нүдэн дээр байна.

Ерөнхийлөгч мундагтаа төсөвт хориг тавиагүйг илтгэх өөр нэг кейсийг анзаарсан нь хэд бол? Төрийн тэргүүн төсөвт хориг тавьсны дараахан Сангийн сайд “Алдагдалгүй төсөв гаргахын тулд Засгийн газар нэлээн таналт хийх шаардлагатай. Би бэлэн байна” гэсэн мэдэгдэл хийгээтэхсэн. Энэ үгнээс нь дүгнэхэд мань эр анхнаасаа 2025 оны төсвийг хэт үрэлгэн, цамаан болж буйг мэдэрч суусан нь тодорхой байна.

“Хуулийн хугацаанд нь батлуулаад авчихъя, дараа нь өөр гарц хайя” гэсэн бодолтой явсан учраас төсвийн хэлэлцүүлгээр элдэв үг унагаагүй байх. Тойргийн жижиг зардлуудаас арай гэж салсан, мега төслүүдээ явуулах зарчмын агуулгатай төсвөө УИХ-аар батлуулах нь Б.Жавхлан сайдын номер нэг зорилго байсан нь тодорхой. Түүнээс биш яхираараа цоллуулдаг Сангийн сайд ийм үрэлгэн төсвийг тэвчиж дуугүй суух учиргүй. Одоо эргээд анзаарах нь ээ мань эр дараагийн нүүдлээ тооцчихсон байж. Тэр нь Ерөнхийлөгчийн хориг болж таарлаа. Шуудхан хэлэхэд Ерөнхийлөгчийн хориг Сангийн сайдын захиалга байлаа л гэж харж байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img