Улс төрийн намууд ямар нэгэн үзэл баримтлалгүй, зүгээр л популизмдаж, эрх мэдэл албан тушаал мөнгө санхүүд дурласан нөхөд байдаг гэсэн түгээмэл ойлголт бий. Эрх мэдэл, мөнгөний хойноос улайрдаг нь үнэн байх. Гэхдээ тэднийг үзэл баримтлалгүй гэж хэлэх аргагүй. Учир нь үзэл баримтлалгүй хүн гэж байхгүй. Хүн бол итгэл үнэмшлийн болоод үзэл санааны амьтан. Ямар нэгэн зөв буруугийн хэмжүүр байж л байгаа.
Нэг хүн ч бай бүлэг хүн ч бай тодорхой үзэл санаан дор нэгддэг. Тэгэхээр манай намууд үзэл баримтлалтай. Гэхдээ цаасан дээр түүнийгээ өөрөөр бичээд байдаг. Хүмүүсийг хууран мэхлэх гээд байгаа аятай. Жишээ нь ХҮН НАМ нэг шөнийн дотор үзэл баримтлалаа 180 градус эргүүлж байсан. Иймэрхүү хандлага нь хүмүүст намууд үзэл баримтлалгүй гэсэн ойлголт төрүүлдэг.
Баабар гэх мэт нөлөөлөгчид “Баруун, зүүн гэдэг юм ямар ч хамааралгүй. Монголд МАН болон түүний эсрэг гэсэн хоёрхон л фронт байдаг” гэсэн юм л яриад байдаг. Гэсэн хэрнээ МАН-ыг яагаад эсэргүүцэж байгаа нь ойлгомжгүй. “Өөр улсад улс төрийн намууд нь яг ижилхэн үзэл санаатай байгаад байхад МАН-ыг яагаад эсэргүүцдэг юм? МАН бол луйварчдын нам, том бизнесмэнүүдийн нам” гэх мэт үгээр ам таглах гэж оролддог.
90-ээд оноос хойш Монголчууд улс төрийн намыг коммунизм ба ардчилал гэсэн хоёр туйлаар харж байсан. Барууны үзэл баримтлал гэхээр ардчилал ярьдаг хүмүүс, зүүний үзэл баримтлал гэхээр социализм, хуучны коммунист улсууд гэх маягаар. Үүнийг л эсэргүүцэж байвал чөлөөт зах зээлийн төлөөх нам гэх мэтээр ойлгодог байлаа. Цаг өнгөрөх хэрээр мэдлэг нэмэгдэж, баруун зүүний хүмүүсийн мэдлэг арвижаад эхэлсэн.
Монголын улс төрийн намууд бүгдээрээ ардчилсан, ардчиллын тоглоомын дүрмээр тоглож байгаа. МАН ч ардчилсан нам, Ардчилсан нам ч ардчилсан нам. Гэхдээ баримталлдаг зарчмуудын хувьд ямар нэгэн ялгаа байхгүй. 2010-2016 он хүртэл МАН ба Ардчилсан нам гэсэн хоёр фронтоор улстөр өрнөдөг байсан. Энэ хоёр намыг монголчууд маш олон жил ээлжилж сонгосон. Гэвч тэд засгийн эрхэнд гарахаараа зарчмын ялгаатай бодлого хэрэгжүүлдэггүй. Ерөөсөө л эвсээд хамтарчихдаг. Ингээд байхаар нь энэ хоёр намд олны итгэл алдарч таарна. Ингэнгүүт нь гуравдагч намын орон зай гараад ирчихэж байгаа юм. Энэ орон зайг эзэлье гэсэн бодол зарим хүмүүст төрсөн. ХҮН нам гарч ирсэн түүх гэвэл ерөөсөө энэ.
Ардын нам, Ардчилсан намд итгэл алдарсан хүмүүс ХҮН НАМ-ыг шинэ улс төрийн уур амьсгал, залуусын нам гэж харж байх шиг. Залуус нь боловсролоор имиж хийдэг, бүгдээрээ гадаадад дипломтой гэдгээ байнга гайхуулцгаадаг. Сонгуулийн сурталчилгааны элдэв янзын брошур дээрээ манай намын гишүүд бүгдээрээ баруунд том том их сургууль төгссөн, дэлхийд тэдэд ордог их сургуулиудыг төгссөн гэх мэт юм байнга тодотгодог.
ХҮН намын цаасан дээрх түүх 2011 оноос эхэлдэг
ХҮН НАМ-ын түүх 2011 оноос эхэлж байх шиг байгаа юм. Анх байгуулагдахдаа улс төрийн бусад 36 намтайгаа ижилхэн цаасан дээр Дээд шүүхэд бүртгэлтэй мөртлөө үйл ажиллагаа явуулдаггүй нам байсан. 2015 оноос одоогийн удирдлагууд нь үйл ажиллагаагаа идэвхжүүлж эхэлэн байдаг. 2015 оны 5 дугаар сарын 4-нд одоогийн ХҮН НАМ-ын дарга Т.Доржханд ерөнхий нарийн бичгийн дарга болсноор энэ намын албан ёсны түүх эхэлсэн гэж би хувьдаа ойлгодог.
Т.Доржхандын хувьд намдаа Үйлдвэрчний эвлэлийн дарга асан С.Ганбаатарыг оруулж ирсэн шиг байгаа юм. Анхнаасаа энэ нам Хөдөлмөрийн үндэсний нам гэдэг нэртэй нам байсан. Ажилчин ангийн эрх ашгийг улс төрд төлөөлөх нам гэсэн ойлголттойгоор анх улс төрд гарч ирсэн нам.
Т.Доржханд С.Ганбаатарыг улс төрд чирч оруулж ирээд 98.8 хувиар намын дарга болгосон. Б.Найдалаа нь 100 хувийн саналаар намын дэд дарга болж байв. Т.Доржханд өөрөө Ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Сүүлдээ хоорондоо хэрэлдэж намын даргаа зайлуулаад тамга тэмдэгний хэрүүл өрнүүлж, 2016 онд сонгуульд оролцох эрхгүй болчихсон. Хэн нь дарга нь мэдэгдэхээ больчихсон. Монголын улс төрийн намууд дунд байнга л болж байдаг үзэгдэл энэ намд ч мөн тохиосон л доо. 2016 онд эдний лидерүүд бүгдээрээ бие дааж нэр дэвшсэн байх.
2017 оноос ХҮН НАМ-ын даргаар Б.Найдалааг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байдаг. За тэгээд 2020 онд сонгуульд унасан. Б.Найдалаа ер нь байнга сонгуульд унаж байдаг. Мань эрийг харизмгүй, сонин сонин мэдэгдэл хийдэг учраас сольсон гэж л ойлгоод байгаа юм. ХҮН НАМ засгийн эрхэнд гарч байгаагүй. Одоо хамтарсан засагт бий. Өмнө нь өөрсдөө дангаараа бие дааж бодлого хэрэгжүүлсэн юм байхгүй нам. Ийм учраас ХҮН НАМ-ын үзэл баримтлал гэхээр лидерүүдийнх нь үзэл санаа, хэлсэн ярьсан үг, үйлдлүүд л байна.
Хүн нам анхандаа “хүн дээд” үзэлтэй байсан. Нагаржунагийн төв үзэл гэдэг шиг намынх нь нэрэндээ зориулаад ийм юм гаргаад ирчихсэн. Эв нэгдэл, үндэсний зөвшилцөл, шударга ёс, тэгш боломж, эрх чөлөө гэсэн социал демократ логотой. “Хүн дээд үзэл” гэж социал демократ үзлийг нэрлэчихсэн шиг байгаа юм. Яагаад тэгж нэрлэснийг ч мэдэхгүй. Бодвол ХҮН НАМ гээд нэртэй нь л холбоотой байх. Т.Доржханд ч өөрөө хэлчихсэн байсан. “ХҮН бол зүүн төвийн буюу Соцдек үзэл баримтлалтай нам” гэж.
Эдийн засаг талаас нь харвал зүүний нам бол өндөр татварыг шүтдэг. Төр эдийн засагт оролцох ёстой гэж үздэг. Төр нийгмийн баялгийг дахин хуваарилах маягаар тэгш байдлыг бий болгоно гэж хардаг. Ийм л намууд бий. Барууны үзэлтнүүд нь бага татвартай байхыг илүүд үздэг. Хуулийн өмнөх тэгш байдлыг сахиулна гэж хардаг. Төрийн эдийн засаг дахь оролцоог аль болох хязгаарлана гэсэн хандлага, чигтэй. Ингэж ажилладаг бол барууны нам гэсэн үг.
Ганцхан өдрийн дотор үзэл баримтлалаа 180 градус өөрчилсөн нам дэлхийд ХҮН-ээс өөр байхгүй
ХҮН нам 2022 оны 4 дүгээр сард ахиад үзэл баримтлалаа шинэчилсэн байдаг. УИХ-д суудалтай нам болсныхоо дараа шүү дээ. Тэгэхдээ “Баруун төв”-ийн нам байна гээд биччихсэн. Уг нь нам гэдэг удирдага, лидерүүдийн байгууллага биш. Гэтэл ХҮН чигээ өөрчлөхдөө гишүүдээсээ асуугаагүй шиг байгаа юм. Ганцхан өдөр хурал зарлаад үзэл баримтлалаа 180 градус өөрчилсөн ийм нам дэлхийд үгүй байх. Энэ бол хууран мэхлэх үйл ажиллагаа.
ХҮН НАМ сая парламентэд суудал аваад Засгийн газарт хамтрахаар болонгуут маш олон хүн “Сонгогчдоо хуурчихлаа, сөрөг хүчин болсонгүй” гэж яриад эхэлж байна. Гэтэл ХҮН нам үүнээс ч өмнө зүүн төвийн үзлээ баруун болгож өөрчлөөд сонгогчдоо хуурчихсан. Энэ хууралтыг нь олон нийт тоогоогүй. Ингээд харахаар бид үзэл баримтлал гэдэг юманд ач холбогдол өгдөггүй үндэстэн юм шиг. Зүй нь нам гэдэг үзэл баримтлалаараа ялгарах ёстой.
Улстөрчдийг бид шүүхдээ маш тэнэг үзүүлэлтүүдээр шүүдэг. Жишээ нь Сарангэрэл гэж сайд байлаа. Хэлсэн тэнэг үгнээсээ болоод огцорчихсон. Хэн ч ямар бодлого нь яагаад буруу тухай яриагүй. ХҮН нам 2020 оны сонгуульд“Бид хулгайч биш” гэсэн уриатай оролцсон. Нэр цэвэр залуустай гэдгээ л ойлгуулах гээд байх шиг байгаа юм. Гэтэл улстөрийг залуу нас, цэвэр нэр гэх мэтээр хэмждэггүй. Үзэл баримтлал гэдэг чинь сайн муу, зөв буруугийн хэмжүүр. Үнэт зүйл нь юу вэ гэдгийг бид ерөөсөө харахгүй байна.
Намын үзэл баримтлал маш чухал. Ер нь аль ч нийгэмд хүмүүс эрх ашгаараа нэгддэг, хоорондоо талцдаг, хуваагддаг. Улс төрийн намууд бүгдээрээ тийм. Улс төр бол ашиг сонирхлын маш том тэмцэл явагддаг талбар гэдэг нь үнэн. Хүн төрөлхтний түүх ийм байсаар ирсэн. Гэхдээ тодорхой үзэл санаа, зарчимаар хязгаарлаж байж хүмүүс өөр хоорондоо зөрчилгүй, эв зохицолтой амьдрах ёстой шүү дээ. Хэрвээ тодорхой үнэт зүйлсээр хязгаарлаж чадахгүй бол “Ширэнгийн хууль” шиг юм болно. Хуучин овог аймгийн улс төр шиг хүчтэй нь хүчгүйгээ гэдэг тал руугаа хазайна.
Улс төрийг үзэл баримтлалаар нь дүгнэдэг болмоор байна
Одоо бид улс төрийг үзэл баримтлалаар нь дүгнэдэг юм руу ормоор байна. Америкт Камала Харрис Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших болоод эхлэнгүүт судалгааны байгууллагаас нь түүнийг “Энэ бол Америкийн сенаторуудын дундаас хамгийн радикал зүүний үзэл баримтлалтай байсан улс төрч шүү” гээд зарлачихсан. Ийм үзэл баримтлалтайг нь ямар шалгуураар мэдэж байна вэ гэсэн асуулт гарч ирнэ. Ерөөсөө л хэлсэн үг, дэмжсэн бодлого, ямар ямар хуулинд саналаа өгч байсан зэргээр нь тодорхойлчихож байгаа юм. Үүнтэй адилхан Т.Доржханд гэдэг хүн юу ярьдаг юм бэ гэдгийг нь л энд ярих гээд байгаа юм.
Т.Доржханд анх “Социал демократ үзэл бол эрх чөлөөний үзэл санаа. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөг ярьдаг л үзэл санаа” гэж “Улаан бал” нэвтрүүлэгт орж байхдаа ярьж байсан. Гэхдээ тухайн үедээ намынхаа үзэл баримтлалыг сольчихсон гээд зурагтаар гарч буй мөртлөө социал демократ үзэл баримтлалаа ярьж л байсан. Хувь хүн нь өөрөө социал демократ үзэлтэй гэдгээ зарлаж байгаа хэрэг л дээ.
Бид “социал демократ” гээд ярихаар ардчилал хүний эрхийг дээдэлдэг гэдэг. Өнөөдөр бүх нам ардчилал ярьж байна. Ардчилал гэдэг чинь эрх чөлөө гэхээс илүү намаа ямар арга замаар засгийн эрхэнд гаргах юм гэдэг л асуудал. Олонхоороо төр засгаа сонгоно, улс төр нь олонхийн хүсэл зоригийг дагана гэсэн үзэл санаа болохоос ямар нэг хүн, эрх чөлөөтэй байхтай холбоотой асуудал биш. Ардчилсан мөртлөө эрх чөлөөгүй орон олон бий. Эрх чөлөөтэй мөртлөө улс төрийн ардчилалгүй нь ч байна. Жишээ нь Сингапур. Эдийн засаг, эрх чөлөөгөөрөө дэлхийд цойлдог мөртлөө улс төрийн ардчилал гэх юм байхгүй. Энэтхэг байна. Айхтар ардчилалтай. Тэгснээ эдийн засгийн индексээрээ дандаа хойно. Хүмүүс амьдралаа хэрхэн авч явах вэ гэдэг эрх чөлөө нь өөрсөд нь байдаггүй.
Т.Доржханд барууны үзэлтэй намын дарга хэрнээ төрийн хүчтэй оролцоог шүтсэн үзэл баримтлалтай
Т.Доржханд “Прогрессвизм, улс төрийн дэвшилтэт үзэл баримтлал” гэж их яриад байгаа юм. МАН ч гэсэн хажуудаа Дэвшилтэт бодлогын хүрээлэн гэдэг нэртэй танхимтай болчихсон. Дэвшилтэт бодлого гэдгийг манайхан прогрессвизм гэж орчуулаад байх шиг. Консервизм гэдэг үгний эсрэг утга санааг илэрхийлээд байгаа юм. Нийгэмд өөрчлөлтийг хурдацтай явуулна гэдэг ч юм уу. Хуучныхаар бол хувьсгал. Хувьсгал гэдэг үг хэтэрхий радикал сонсогддог учраас Америк ч юм уу өмнөдийнхөн өөрсдөдөө прогрессвизм гэдэг үг бодоод олчихсон хэрэг. Прогрессивизм гэдэг нь ерөнхийдөө нийгэмд өөрчлөлт хийнэ гэсэн зүүний үзэл баримтлалын орчин цагийн аядуу хувилбарыг нэрлэсэн ийм л нэр.
Т.Доржханд барууны үзэлтэй гэж ярингуутаа нэг бол ийм прогрессвизм, хувьсгал гэсэн юм ярина. Ер нь түүний илэрхийлэх гэсэн байр суурь маш олон. Дандаа төрийн оролцоо ярьдаг. Төр эдийн засгийн үйл ажиллагааг хатуу залуурдах ёстой гэсэн итгэл үнэмшилтэйгээ үг, мэдэгдэл бүрээрээ нотолдог.
Наад зах нь гэхэд л УИХ-ын гишүүн болчихоод зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох ёстой гээд сууж байх жишээний. Зах зээлийн эдийн засаг бол үнэ тогтоодог. Эрэлт, нийлүүлэлтийн хуулиар үнэ тогтдог зах зээл. Гэтэл Т.Доржханд үнийг хатуу барих, дээд хязгаар тогтоох гэсэн үзэл баримтлалыг удаа дараа мэдэгдэж байсан. Зах зээлийн эдийн засагт итгэдэг хүн биш гэдэг нь үүнээс харагдаж байгаа юм.
Т.Доржханд Монголдоо анх удаа хүмүүсийн хадгаламжаас татвар авъя гэдэг санааг гаргаж ирсэн. Бид ажил хийгээд цалин авахдаа хүн амын орлогын албан татвар төлдөг. Татвар төлчихсөн орлогоосоо худалдан авалт хийхдээ НӨАТ, гааль гэдэг ч юм уу олон янзын татвар төлж амьдардаг. Өндөр татвар төлөөд жаахан юм үлдэнгүүт тэрнээс нь ахиад татвар аваад байгаа юм.
Ерөөсөө л алхам тутамд татвар авна гээд байгаа чинь социал демократууд. Яагаад гэхээр тэд асар том данхар бүтэцтэй төр байгуулчихдаг. Өндөр татвар авч чадахгүй бол тэд сонгогчдодооо амласан төлөхгүй халамжаа өгч чадахгүйд хүрнэ. Энэ мэт олон зовлонтой учраас социал демократууд ямар ч хамаагүй аргаар татвар нэмэх шалтаг гаргаж ирдэг.
Чөлөөт зах зээлийг шороотой хутгадаг улс төрчдийг ХҮН намынхан амжилттай залгамжилж байна
Т.Доржхандын үзэл баримтлал ерөөсөө л хадгаламжийн хүү, Засгийн газрын бонд (өр), мөнгө хэвлэлт. Нэгтт, тэр “Хадгаламжийн хүүг багасгачихъя, тэгвэл зээл арай бага хүүтэй олдоно, зээлийн хүүг бууруулчихвал зээлийн олдоц сайжирна” гэж ярьдаг улстөрч. Эдийн засгийн анхан шатны мэдлэггүй хүн л ингэж ярина. Уг нь Т.Доржханд эдийн засгийн дипломтой юм байна лээ. Чөлөөт үнэ, үнийн тогтолцоо хэрхэн ажилладагийг ойлгоогүй учраас мань эр үнийг хяначихъя гээд байгаа юм. Хэрвээ түүний ярьж байгаагаар зээлийн хүүг хүчээр тогтоовол хүмүүст зээл олдохоо болино.
Манайд яагаад зээлийин хүү өндөр байгаа нь бодит байдал дээр хүмүүсийн хуримтлал бага байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл зээлд зарцуулагдах нөөцийн хуримтлал бага байна аа л гэсэн үг. Тэгэхээр үүнийг хүчээр тогтоож болохгүй. Эрэлт нийлүүлэлтийн хууль чинь үүн дээр л яваад байгаа юм шүү дээ.
Хоёрт, Т.Доржханд маш их зээл, үнэт цаас ярьдаг хүн.. Хөрөнгийн зах зээл сул хөгжсөн учраас хөгжүүлэхийн тулд Засгийн газар дотоод бонд гаргах ёстой гэж ярьдаг. “Засгийн газар дотоодоосоо, банкнуудаасаа бонд гаргаж байгаа нэрээр зээл авъя. Гаднаас авдаг байсан бол бонд гаргаад дотроо байгаа хөрөнгө оруулалтын байгууллагуудаасаа зээл татъя.
Хэрвээ ингэх юм бол хувийн хэвшил, засаг хоёр хоорондоо өрсөлдөөд хөрөнгийн зах зээл хөгжинө” гэж ярьдаг нөхөр. “Ингэвэл зээлийн олдоц сайжирна, хөрөнгийн зах зээл ингэж л хөгжинө” гэж хаанаас олсон нь мэдэгдэхгүй аргумент яриад байгаа юм.
Яг үнэндээ төр бонд гаргаж хувийн хэвшилтэй өрсөлдөөд эхэлбэл ихэнх байгууллага төрд зээлнэ шүү дээ. Хувийн хэвшлийг бодвол дампуурахгүй, найдвартай зээлдэгч гэж хараад хувийн хэвшилд ашиглагдах байсан мөнгийг төр рүү цутгана. Үүнийгээ “эдийн засгийг сайжруулах арга” гэж ярьдаг. Хүний өмчлөх эрхийг баталгаатай байлгая гэдэг барууны үзлийн зарчмаар бол хүний өмч рүү, өмчлөх эрх рүү халдъя гээд байдаг улстөрч.
Мань эр УИХ-ын танхимд 2021 оны 1 дүгээр сард нэг мэдэгдэл хийгээтэхсэн. “Мөнгө зөвхөн банкуудад бий. Банкуудын 7.6 их наяд төгрөг төв банкан дээр байна. 7,6 их наяд төгрөгийг гаргавал эрсдэлтэй гээд тэвэрчихээд гаргахгүй юм. Тэгвэл хэн энэ бизнесүүдийг чинь дэмжих юм бэ? Хэн ажлын байрыг чинь хангах юм бэ? Энэ бол Засгийн газрын үүрэг” гэсэн. Шуудхан “Засгийн газар хүмүүсийг эрсдлээс хамгаалах ёстой” гэчихэж байгаа юм.
Үүнийг нөгөө талаас нь харъя. Банкуудад байгаа мөнгө банкуудын мөнгө биш. Банкуудынх байлаа ч банк чинь хувийн байгууллага. Хадгаламж, хуримтлал эзэмшиж байгаа хувь хүмүүсийн мөнгө, хувийн өмчийг өөр бусад хүмүүсийн тусын тулд зарцуулах ёстой гэчихэж байгаа юм л даа, Т.Доржханд. Өмчлөх эрхийг үл тоосон түүний энэ хандлага эдийн засагт халтай.
Гуравт, тэр мөнгө хэвлэх талаар ярих дуртай. Манай улс ковидын үед хамаг юмаа түгжээд бизнесүүдээ боогоод унагачихсан. Бизнесүүдээ хааж боочихоор эдийн засаг унаж таарна. Унасан эдийн засгаа сэргээе гээд Засгийн газраас их мөнгө хэвлэх шийдвэр гаргасан. Тэгээд арван их наяд төгрөг хэвлэж, тэрийг нь хөнгөлөлттэй зээл нэрээр тараасан даа. Үр дагаварт нь юмны үнэ өссөн, инфляц галзуурсан. Ямар ч тооцоогүй мөнгө хэвлэсэн учраас ийм зовлон ирэх нь хэтэрхий ойлгомжтой хэрэг. Гай нь саяхнаас л намжиж эхэллээ. Т.Доржханд мөнгө хэвлэ гэж ярьж ярьчихаад гэнэтхэн л “10 их наядын хөтөлбөр чинь буруу байсан” гэчихэж байгаа юм. Мань эрийг үзэл баримтлалдаа тууштай байж чаддаггүй, хууран мэхлэгч гэдгийг нь энэ кейсээс харчихаж болно.
Т.Доржханд яагаад байнга “төр төр” гэж ярьдаг нь ойлгомжтой зүйл л дээ. “Төрийн эдийн засаг” гэдэг номыг 2009 онд өөрөө орчуулсан байдаг юм. Нобелийн шагналт Жозеф Штиглиц гэдэг эдийн засагчийн бүтээл. Энэ хүн дэлхийд маш алдартай радикал зүүнтэн. Зах зээлд төрийн оролцоо маш их байх ёстой гэж үздэг эдийн засагчдын нэг. Штиглицийн номыг орчуулсан гэхээр ойлгомжтой. Т.Доржханд энэ хүнийг биширдэг гэсэн үг. Штиглиц 2007 онд Венесуэлд очоод Уго Чавесийг магтаж байсан, тийм л хүн. Түүний зөв байсан бол Венесуэл өнөөдөр тартагтаа тулж өлсгөлөнд живчихгүй аж төрөх байсан.
Эдийн засгийн онол гэж өөр хоорондоо ялгаатай үзэл баримтлалтай, нийгэм эдийн засгийн бэрхшээлүүдийг хэрхэн шийдэх вэ гэдэгт зарчимын хувьд эсрэг тэсрэг байр суурьтай, бие биетэйгээ хамтраад нийлээд холилдох боломжгүй сургуулиуд байдаг гэдгийг бид олж хардаггүй, мэддэггүй. Бие биенээ үгүйсгэх олон онол байдаг шүү гэдгийг ярилцах цаг болсон. Тэгэхгүй бол бид арай ичмээр хойно яваад байна.
Би эдгээр хүмүүст дургүй болохоороо муулж байгаа юм биш. Би өөрөө татвар төлөгч. Тэр утгаараа миний төлсөн татварыг хэрхэн захиран зарцуулах вэ гэдэг дээр тэдэнд байнга хяналт тавьж анзаарч харж суух ёстой юм. Миний өмнө тодорхой үүрэг хүлээчихсэн хүмүүс шүү дээ. Тэр утгаараа тэднийг бодлого, баримталж байгаа байр сууриудынх нь хувьд шүүмжлэх бүрэн дүүрэн эрхтэй хүн.
Т.Доржханд зальтай, Б.Найдалаа “дүнхүүдүү”…
Т.Доржханд зальтай улс төрч байж чадаад байгаа юм. Харин Б.Найдалаа бол субъектив талаас нь харахад дүнхүүдүү хүн гэж харагддаг. Яагаад гэхээр их сонин юм ярина. 2020 онд, цар тахал дэгдчихсэн үед мань эр либертар үзлийг Монголд анх таниулсан философийн ухааны доктор Батчулуун багштай DeFacto мэтгэлцээнд орсон юм. Төр эдийн засагт оролцох нь зөв үү, буруу юу гэсэн сэдвээр мэтгэлцсэн л дээ, мань хоёр.
Найдалаа тэр үед төр эдийн засагт оролцоно гэдэг дээр их хөгийн юм ярьсан. “Маскны үнийг төр хянах ёстой. Тэгэхгүй бол маск бараг 1 сая төгрөг хүрнэ” гэж ирээд. Эдийн засгийн хууль, эрэлт нийлүүлэлтийн хуулийг гадарлахгүй хүнээс л гарах үг. Бүгд шахуу маск зүүхээр хомсдол бий болно, хэсэг хугацаанд үнийн өсөлтөөр дамжуулж зах зээл хомсдлоос өөрөө сэргийлдэг. Дараа нь тийшээ ашигтай байна гэсэн дохиог бизнес эрхлэгчид авч, маскаа олноор нь нийлүүлж эхэлнэ. Энэ бүхний эцэст үнэ тогтворжоод ирнэ. Маскан дээр тийм л юм болсон. Гэтэл Найдалаа энэ зүй тогтлыг олж хараагүй.
Ний нуугүй ярихад эдийн засагч гээд байгаа хүмүүсийг бид “эдийн засгийн анхан шатны мэдлэггүй” гэж шүүмжлэхэд хэцүү л дээ. Дэлхий даяараа шахуу ийм байгаа. Их сургуульд үздэг эдийн засгийн онол школууд нь төрөөс эдийн засагт оролцохгүй гэсэн байр суурийг мартагнуулчихсан. Төр эдийн засагт оролцох ёстой гэсэн хоёр гуравхан школ заадаг. Тэгэхээр ийм үед хэн нэгнийг социалист үзэл баримтлалтай болчихлоо гэж буруутгах нь өөрөө буруу.
Ер нь бол ХҮН НАМ-ыг Т.Доржхандыг, Б.Найдалааг зүүний үзэл баримтлалтай байлаа гэж буруутгамаар байна. Хамгийн гол нь зүүнтэн хэрнээ “би баруунтан” гэж худлаа маск зүүгээд байх шаардлага байхгүй. Энэ худлаа маск чинь маш хортой. Барууны үзэл гэж ийм юм байдаг юм байна гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлнэ. Тэдний ингэж худал хэлсний балгаар монголчууд чөлөөт зах зээлийг “Ёстой бузар булай авлига хээл хахуул цэцэглүүлдэг, баян хоосны ялгааг дэвэргэдэг зүйл” гээд харчихаж байгаа юм. Чөлөөт зах зээл гэчихээд чөлөөт зах зээлийн бус арга хэмжээ аваад байхаар ямар ч хүнд ийм буруу ойлголт төрнө.
ХҮН намынхан бол хууран мэхлэгчид
Монголд чөлөөт зах зээлийг хог шороотой хольдог хүмүүс улс төрчид л байна. АН-д ч байна. ХҮН нам ч тэднийг амжилттай залгамжилж байна. УИХ-ын гишүүн, эдийн засагч Мөнхсоёл “Та ямар улс төрчийг үлгэр загвараа болгож хүндэлдэг вэ” гэдэг асуултад “Олон улсын валютын сангийн захирал асан Кристин Лагард, Мишель, Барак Обамаг хүндэлж дээдэлдэг” гэчихэж байгаа юм.
Барак Обама чинь хар марксист гэсэн хочтой улстөрч. Сонгуулийн сурталчилгаа хийж байж олон хүний өмнө бизнес эрхлэгчдээ “та нар баялаг бүтээгч биш шүү” гэж хэлдэг улстөрч. Барууны үзэлтэй гэгддэг ХҮН намын толгой улстөрч нь нэг иймэрхүү л ойлголттой явах жишээний. Үүрцайх гэж хуульч залуу бий, ХҮН намд. ХҮН намыг үзэл баримтлалаа сольж байхад хамгийн түрүүнд уурлаж байсан хүн.
“ХҮН нам чинь ажилчин ангийн эрх ашгийг хамгаалдаг нам байснаа баячууд хөрөнгөчүүдийн эрх ашгийг хамгаалдаг нам болоод хувирчихлаа. Би намаасаа гарна” гэж орилж байсан. Гэхдээ гараагүй. Өөрийгөө социал демократ гэдгээ зарлаж байсан ч хамгийн сонирхолтой нь намаасаа гараагүй.
УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг улс төрд оролцож явсан удаагүй. Sonin.mn-д өгсөн ярилцлагадаа “1999 онд Монголын социал демократ намд гишүүнээр элсэж байлаа. Улмаар Германы социал демократ намын дэргэдэх Фридрих Эбертийн сангаас тэтгэлэг авч Бонн хотын их сургуульд магистр хамгаалсан. Тэр үед л социал демократ үзэл баримтлал зүрх сэтгэл, тархинд минь гүн суусан.
Энэ үзэл баримтлал миний үнэт зүйл, үзэл баримтлалтай нийцдэг” гэж хэлсэн байсан. Өөрийгөө социал демократ гэдгээ зарлачихсан байгаа биз. Фридрих Эберт бол улстөрд ид байхдаа төрийн зарцуулалтыг тоймгүй нэмсэн, мөнгийг айхтар хэмнэсэн хүн. Халамжийн төр гэдгийг хэрэгжүүлэх гэж оролдоод дампуурсан алдартай социал демократ.
Том намуудын тухайд олон янзын үзэл баримтлалтай хүмүүс нэгдчихсэн учраас цөөн зарим гишүүн нь иймэрхүү андуу ташаа, тэс хөндлөн юм ярихад ойлгож болно. Гэтэл хэдхэн жилийн түүхтэй жижиг намын толгой улстөрчид нь ингэж тэс хөндлөнтөөд байна. Үзэл баримтлалаа 100 хувь өөрчилчихөөд социал демократуудаа намаасаа гаргаагүй, өнөөдүүл нь гараагүй, бүр намынхаа нөлөө бүхий гишүүд байсаар байгааг юу гэж ойлгох вэ?
Тэгэхээр тэд зүгээр л хууран мэхэлдэг хүмүүс байгаа юм. Бид яагаад хууран мэхлэгч гэдгийг нь давтан хэлээд байна вэ гэхээр манай улсад энэ нам хүчээ авчихсан. Ерөнхийлөгчийн сонгуульд гэхэд л нийт саналын 20 хувийг авчихсан. Ардчилсан нам, МАН-аас гадна Монголын сонгогчдын үлэмж хэмжээний сонголтыг авсан ганц нам. Тэгэхээр ХҮН намын тухай ингэж ярихаас аргагүй байна.
ХҮН-ын дэргэдэх бодлого судалгааны хүрээлэн гэж бий. Энэ байгууллага олны өмнө гарч ирж юм ярихыг би ганц удаа л харсан. Тэрэн дээрээ зээлийн хүүгийн дээд хязгаар, хадгаламжийн хүүгээс шаталсан татвар авах гээд Т.Доржхандын ярьдаг юмыг ярьсан. ХҮН намд Түвшинтулга гээд эдийн засагч мэргэжилтэй залуу бий. Америкт эдийн засгийн ухааны доктор хамгаалсан. Бас л үнийн хяналт яриад байгаа юм.
Уг хүрээлнгийн судлаач Б.Отгонтөгс маш олон дипломтой. МУИС-ийн эдийн засгийн танхимын багш. Энэ хүн гарч ирээд бас их сонин юм ярьсан. “Засгийн газраас зээлийн төсвийн алдагдлаа санхүүжүүлэх гэж гаргаж байгаа бол дотоодын бондоо ЖДҮ-гийнхэнд олго. Тэгвэл зээлийн хүү бодитой буурна” гэчихэж байгаа юм. Засгийн газар хувийн хэвшил,и хөрөнгө оруулалтаас санхүүжилт авангуутаа түүнийгээ буцааж дамлах юм уу?
Т.Доржханд энэ хоёр энэ бүх юмаа ярьж байхдаа бүх эрсдэлийг төр хариуцна гэж ярьсан. Тухайн компаниуд найдваргүй байх юм бол татвар төлөгчид хариуцах нь л дээ. Ийм юм яриад сууж таарахгүй. Төр зээл олгоод эхлэхээр өөрсдөдөө, хамаатан садангууддаа, авлигачдад л өгнө. Ганц манайд ч биш дэлхий даяар ийм байдаг.
ХҮН намын Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Лут-Очир байна. Би барууны үзэлтэй гээд манай намд элсэнэ гэж гүйж байснаасаа хоёр хоногийн дараа ХҮН намын гйүцэтгэх зөвлөлд орчихсон тууж явсан. Мань эр “Нийтийн тээвэрт явж байгаа бүх компанийг нэгтгээд нэгдсэн концерн болгоё. Тэгээд маршрутыг нь хүнд ээлтэй болгож цэгцэлье. Дараа нь гол замын уртын болон шөнийн автобусыг хйичихэд асуудал эрс сайжирна” гэж байгаа юм. Түүнийхээр бол нэг хэсэг компанийг давуу эрхтэй болгоод зах зээлийг тэдэнд өгөх нь л дээ. Энэ бол чөлөөт зах зээлийн шийдэл биш. Энэ бол фашист, нарциссист эдийн засгийн арга хэрэгсэл.
Би ХҮН намын удирдлага болоод жирийн гишүүдийг эдийн засаг дахь төрийн хүнд суртал зохицуулалтыг бууруулъя, мөнгө эргэлтийг бууруулж инфляцитай тэмцье гэдэг ч юм уу, төрийн эдийн засаг дахь оролцоог хязгаарлая гэж ярьж байгааг сонсоогүй.
Үүнээс ойлгомжтой хэдхэн дүгнэлт гарч ирж байгаа юм.
- ХҮН НАМ бол эдийн засаг дах төрийн оролцоог дэмждэг социал демократ зүүнтнүүдийн оромж
- Нам нь үзэл баримтлалаа 180 градус өөрчлөхөд удирдлагын түвшинд нэг ч гишүүн нь намаасаа гараагүй.
- Төрийн оролцоог нэхэгсэд яаж ганц өдрийн дотор бөөнөөрөө чөлөөт зах зээлд талтай болов?
Барууны том их сургуулиуд социализмын үүр уурхай болоод удаж байна
Дахиад хэлье, ХҮН намынхан бол зүгээр л хууран мэхлэгчид. Боловсрол гэх мэт гоё ганган юмаараа өөрсдийгөө чимдэг залуус руу чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Их хурлын гишүүн болоод ордон руу пүүзтэй ордог гэх мэт хэлбэр талдаа гоё харагдаж чаддаг. Хэлбэрийн хувьд энэ мэт тал дээрээ анхаардаг ч яг агуулга дээрээ хуучин нөхдүүдээс ялгарах юмгүй нөхөд байгаа юм. Зүүн, баруун гэдэг бол ганц эдийн засгийн асуудал биш. Нийгэм, эрүүл мэндийн асуудал. ХҮН намын албан ёсны дэвшүүлж байсан нийгэм соёлын асуудал нь феминизм. Эмэгтэйчүүд 50 хувийн квот тогтооё гэдгийг хамгийн анх ХҮН нам санаачилсан.
“40 наснаас дээш насны хүмүүс үхвэл улс төр хөгжинө” гэдэг худлаа. Өнөөдөр барууны, өмнөдийн нийгэмд миний үеийн залуус хамгийн социал үзэл баримтлалтай. Барууны том том их дээд сургууль тэгш байдал гэдэг идеалийг , социалист идеалийг хүмүүст түгээдэг социализмын үүр уурхай болоод удаж байна. Үүнийг харгазлаж үзэх юм бол залуу байх нь давуу тал биш болчихсон. Ер нь анзаараад байхад радикал, социалист, фашист, тухайн цаг үедээ олны дэмжлэгийг асар хурдацтай авч байсан том популяр идиологуудын ард гол дэмжигчид нь хэн байсан бэ гэхээр дандаа 18-25 насны залуус байсан.
Тэгэхээр бид хөгшин хүмүүс үхэж байж залуус улс төрийг өөрчилнө гэдэг хөгшин залуугаар ялгадаг улс төрөө болимоор байгаа юм. Цэвэр үзэл баримтлал дээр тулгуурлаж ярьдаг улс баймаар байна. Ингэвэл бил тодорхой зарчмын дагуу улс төрчдөдөө шалгуур үзүүлэлт бий болгож чална.