2025-01-15, Лхагва
-15 C
Ulaanbaatar

Женнифер Аффлек: Зүрхнийхээ гүнд хадгалж чадсан хайр дахин сэргэдгийг Бен бид хоёр харуулсан байх аа

АНУ төдийгүй даяар дэлхийн бизнес, санхүүгийн нийслэл гэгддэг яруу тансаг Нью-Йорк хотын голдуу ядуувтар оршин суугчид амьдардаг дүүргүүдийн нэг бол Бронкс. Тэгвэл чухам тэрхүү дүүрэгт хожим нэр цуу нь хорвоогоор нэг түгэх алдарт жүжигчин, дуучин, бүжигчин, хувцасны загвар зохион бүтээгч, продюсер, бас ч болоогүй амжилттай бизнес эрхлэгч бүсгүй Женнифер Лопес 54 жилийн тэртээ төржээ.

Дунд сургуулийн төгсөх ангид байхдаа тэрээр бага төсөвтэй “Миний бяцхан охин” (“My little girl”) киноны сонгон шалгаруулалтад оролцоод Майра гэх дүрсгүй охины дүрийг бүтээсэн билээ. Үүний дараа тэрээр киноны жинхэнэ од болох тэмүүлэлтэй болсон ч эцэг эх нь латин америк гаралтай хүнд байж боломгүй, тэнгэрээс од шүүрэх мэт мөрөөдөлд автлаа гээд ихэд дургүйцжээ. Иймээс ч Женнифер Лопес зоримог алхам хийж гэрээ орхин Нью-Йоркийн Манхэттен дүүрэгт бяцхан өрөө хөлслөөд элдэв мюзикл жүжигт тоглож эхэлсэн гэдэг.

Тэрээр Холливудын алдарт жүжигчин Бен Аффлектэй олон жилийн дараа дахин учирч гэрлээд нөхрийнхөө овгоор Женнифер Аффлек гэгдэх болжээ. Гэсэн хэдий ч түүнийг Жей Ло (J Lo) гэх товчлолоор хүндлэн нэрийдсээр байгаа билээ. Наснаасаа хавьгүй залуу харагддаг түүний “Vogue” сэтгүүлд өгсөн ярилцлагыг дор хүргэж байна.

-Нэрд гарсан бүсгүйчүүд гэрлэснийхээ дараа нөхрийнхөө овгийг авах нь хуруу дарам цөөн. Иймд та яг юуны учраас тэгэхээр шийдсэн нь хэн хүний сонирхлыг татаж байна?

-Хүмүүс намайг урьдын адил Женнифер Лопес гэж дуудсаар байх нь ойлгомжтой. Гэхдээ би одоо албан ёсоор Женнифер Аффлек болсон. Гэрлэснийхээ дараа ямар ч бүсгүй нөхрийнхөө овгийг авдаг уламжлалыг дагасан хэрэг. Тэгээд ч ингэх нь надад маш романтик санагдсан.
Женнифер АффлекБи Бен Аффлектэй анх 20 гаруй жилийн тэртээ үерхэж байгаад хоёр тийш болсон шүү дээ. Тэгээд эргэж нийлээд бид хоёр нэг цөм болсон. Иймд бид хоёрыг одоо юу ч салгаж чадахгүй гэдгийг илэрхийлсэндээ ч би нөхрийнхөө овгийг авсан гэж ойлгож болно. Зүрхнийхээ гүнд хадгалж чадсан хайр дахин сэргэдгийг Бен бид хоёрын жишээ яруу тодоор харуулсан болов уу.

-Уучлаарай, тэгвэл анхны учралаараа та хоёр яагаад гэр бүл болоогүй юм бэ?

-Тэр үед бид хоёр дэндүү залуу, нэг нэгэндээ хэтэрхий их дурласан, мөн маш их эрх чөлөөтэй байжээ. Хэнээс ч эмээхгүй, юугаа ч нуухгүй, бүгдэд нээлттэй байсан юм. Тийм байх нь атаа жөтөө төрүүлж, хэл ам таталдгийг яаж ч мэдэх вэ дээ. Бид хоёрыг хамт байхыг маш олон хүн хүсээгүй. Намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар их доромжилж гүтгэсэн гэж бодно. Тэгээд нэг мэдэхэд л бид хоёрын хайр дурлал хөрж, салж хагацахад хүрсэн юм.

-Тэр үйл явдлаас хойш та хэвлэл мэдээллийнхэнтэй урьдынх шигээ чөлөөтэй харьцахаа больсон юм шиг санагддаг?

Женнифер Аффлек-Үнэхээр тийм шүү. Дөнгөж нэрд гарч эхлэхдээ би бодсон бүхнээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон түмэнд хүргэж болно гэж үздэг байлаа. Би чинь юу дуртайгаа чөлөөтэй чалчиж болдог Бронкст төрж өссөн хүн шүү дээ. Харин Бентэй хамт амьдарч эхлээд тийм биш гэдгийг маш сайн ухаарсан. Нээлттэй байх нь бид хоёрын эсрэг эргэсэн юм… Тэр цагаас хойш хэлэх үг бүрээ цэнэдэг болсон. Учир нь хэлсэн бүхнийг миний эсрэг эргүүлэн намайг ёстой л махан таташ болгохоос сийхгүйг маш сайн ойлгосон шүү. Уг нь би урьдынх шигээ нээлттэй, илэн далангуй баймаар л байна. Би тэр цагаас хойш ааш зангийн хувьд ерөөс өөрчлөгдөөгүй шүү дээ. Гэвч би өнгөрсөн хугацаанд их зүйлд суралцан хашир болсон тул сэтгэлээ тэр чигт нь уудлахгүй ээ.

-“Америкийн шүтээн” (“American Idol”) телевизийн шоу нэвтрүүлгийг хөтлөхөд тань олон сая үзэгч талархах болсны шалтгаан нь юу байсан бол?

-“Америкийн шүтээн”-ээс өмнө би телевизийн нэг ч шоу нэвтрүүлэг хөтөлж үзээгүй л дээ. Надад шинэ авьяастнуудыг тодруулах үйлсэд оролцох нь үнэхээр таалагдаж билээ. Иймээс ч сэтгэл хөдлөлөө нуулгүй уйлах үедээ уйлж, инээх үедээ инээж элдэв баг зүүлгүй өөрөөрөө байсан минь үзэгчдэд таалагдсан болов уу.

-Нэр алдарт хүрч саятан болчихоод амьдралдаа гомдоллодог жүжигчид цөөнгүй. Та тэдний нэг биш биз?

-Тэгж гомдоллодог хүмүүс зөвхөн урлагийнхны хүрээнд байдаг юм биш ээ. Тэдний нэг нь би биш ээ. Ямар ч хүний амьдралд хүнд хэцүү, хар бараан зурвас үе тохиолддог. Надад ч тийм үе бишгүй тохиолдсон. Түүнд гомдоллоод юу ч өөрчлөгдөхгүй шүү дээ. Зүгээр л шүдээ зуугаад аливаа хүндрэлийг давах сэтгэлийн хаттай л байх хэрэгтэй.

-Улс төрийн сэдэвтэй асуулт тавихад та хэрхэн ханддаг вэ?

-Жүжигчний карьер маань дөнгөж эхэлж байхад жүжигчид, дуучид, ер нь урлагийн хүмүүс улс төрийн сэдвээр ярих нь хэнд ч сонирхолгүй гэж боддог байлаа. Иймд тиймэрхүү асуулт тавихад маш болгоомжтой, бөөрөнхийдүү хариулдаг байсандаа одоо харамсдаг. Улс оронд, дэлхий нийтэд муу юм үйлдсэн хэнийг ч эсэргүүцэн дуу хоолойгоо нэгтгэх шаардлагатай. Эс тэгвээс та тэрхүү муу хүнийг хаацайлагчдын нэг болж хувирдаг юм.

-Тэгвэл шинэ үеийнхний талаар та ямар бодолтой байдаг бол?

-Шинэ залуу үеийнхэн зорьсондоо хүрэх хүсэл тэмүүллээр дүүрэн, зориг ихтэй гэж харагдаж байна. Би үр хүүхдүүдээ, тэдний үе тэнгийнхнийг үзэл бодлоо, итгэл үнэмшлээ хамгаалж чаддаг байхыг ихэд хүсдэг. Тэд нарт хандаж хэлэхэд, ямар нэг буруу юмыг илчлэн шүүмжлэхээс бүү ай! Харин ч тэр тухай чанга гээч дуугар. Юунаас ч бүү ай! Би бага залуудаа хэн нэгний уурыг хүргэхээс, хүмүүст таалагдахгүй байхаас айдаг байлаа. Миний амьдрал дахь хамгийн том алдаа тэр байсан юм шүү.

-Таны бодлоор хайр гэж чухам юу вэ?

Женнифер Аффлек-Хайр гэж үнэхээр байдаг уу? Бодит зүйл мөн гэж үү? Эдгээр асуултууд хүн бүрийн сэтгэлийг догдлуулж, заримдаа бүр эргэлзээ төрүүлэн цөхрүүлдэг шүү дээ. Амьдралынхаа туршид хайртай хүнээ эрэлхийлэн янз бүрийн хүмүүстэй дотно харилцаатай болоод салж сарних явдал олон хүнд тохиолддог. Тийм үед хорвоо хөмрөх шиг болж, хайр гэдэг чинь сугалаагаар л хождог, хүн бүрт таардаггүй эд үү гэж бодон санаагаар унах нь цөөнгүй. Тэгтэл гэнэтхэн бүх юм цаанаасаа зохицуулагдан аз жаргалын нар мандаж, амьдрал жигдрэн хайранд умбах нь бий. Гэвч тэрхүү сайхан агшинд яаж, хэрхэн хүрдгийг бурхан л тайлбарлаж чадах байх.

-Сүүлчийн асуулт. Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Би “Netflix”-ийн “Газрын зураг” нэртэй уран зөгнөлт цуврал киноны гол дүрд тоглож байна. Дашрамд хэлэхэд, миний үүсгэн байгуулсан “Nuyorican Productions” студи энэ киног хамтран хийж байгаа юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img