2024-12-21, Бямба
-27 C
Ulaanbaatar

Яруу найрагч С.АМАРТАЙВАН: Цагаан сар, наадамгүйгээр яаж монгол байх вэ дээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, Соёлын гавьяат зүтгэлтэн,  яруу найрагч С.Амартайвантай уран бүтээл, нутаг, цагаан сарын тухай  ярилцлаа. Түүний “Олонтой явсан аав”, “Наран мандах нутаг” дууг нь хүмүүс мэднэ дээ.  

-Таны шүлэг “Наран мандах нутаг” сүхбаатарчуудын сүлд дуу болсон. Энэ дуу бүтсэн түүхээс яриач?

-Би байнга аян замд явж байдаг, аялах дуртай хүн. Хүний нутагт Орост сургууль соёл төгсөөд, тэр үеэс очих болгонд хоёр нутгийн зааг дээрээс Зотолхаан минь харагдаад, хоёр нүдний нулимс мэлтэсхийгээд гардаг. Тэр мэдрэмжийг удаан тээж явсанаар “Наран мандах нутаг” дууныхаа шүлгийг бичсэн юм. Энэ шүлэг эхлээд их задгай байсан. Хөгжмийн зохиолч Ш.Батсайхан  дахилтан дээр нь ая хийгээд “Энэ хайрцагт багтаамаар байна” гээд түүнд нь тааруулаад шүлгээ зохиосон юм.

Мандах наран зүгт нутаг минь байдаг
Маргах юмгүй тэнд дулаахан байдаг

Мал нь тогтуухан, хүн нь аядуухан

Мандах наран зүгт нутаг минь байдаг
Томоос том наран дор тоонот минь байдаг
Тогоруу шувуу зогдроо намируулаад алхаж л явдаг
Торгон зэрэглээ нь толгод дамжаад гүйж л байдаг
Тогоотой сүүгээ ижий минь самраад хүлээж л суудаг
Томоос том наран дор тоонот минь байдаг.
Ургах наран зүгт нутаг минь байдаг
Уртын дуу шиг тал цэнхэртэж л байдаг

Барагдахгүй энэ талыг туулна гэж

Байдсан гүүний унага босоо төрдөг

Харагдахгүй бүхний нууцад нэвтрэнэ гэж

Хан эцгийн үрс нь билгийн мэлмийтэй төрдөг

Ургах наран зүгт нутаг минь байдаг

Уртын дуу шиг тал цэнхэртэж л байдаг гэж ийм шүлэг юм.

-Гол төвлөрч байгаа ажил, сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхан юутай байна вэ?

-Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд ажиллаж байгаа. Аймгийн төв дээрээ уяатай. Гэхдээ Эрдэнэцагаан сум руугаа, Улаанбаатар хот руугаа, хөдөө орон нутгаараа явж сууж байна. Ажлынхаа хажуугаар уран бүтээлээ туурвисаар байна. Уран бүтээл мөнхийн эрэл хайгуул байдаг болохоор хөдөө орон нутгаасаа уран бүтээл хийх юм сан. Монгол ахуй үнэртсэн шүлгээ бичээд сууж байх юмсан  гэж боддог. Хүслээ биелүүлээд, зав чөлөөгөөрөө Монголын сайхан газар орноор сайн санаат хүмүүсийн урилгаар явж байна. Өмнөговь аймгийн Ноён сум энэ жил ойгоо хийнэ гээд урьсан. Сайхан түүхтэй гэсэн. Удахгүй Ноён сум орно. Баянхонгор аймаг руу ч урилгатай. Очсон газар орондоо дуутай явж байна даа.

-Цагаан сарын бэлтгэл хэр их хийв?

-Сар шинэ гэдэг тухайн жилдээ удам судраа мэдэлцдэг. Ураг төрлөө таньдаг, хаана шинэ хүнтэй болов, хаанаас бэртэй хүргэнтэй болов, хаанаас үртэй хүүхэдтэй болов, настнууд маань энх тунх байна уу, бие амгаланг нь асуудаг. Дагуулж яваа бага үр хүүхэддээ энэ аав ээжийн чинь садан гэж таниулдаг  ураг садангийн баяр юм. Идээгээ засаад, буузаа жигнээд, олон түмнээ зочилж дайлаад сайхан болчихно.

-Айсуй цагаан сар таны хувьд юугаараа онцлог байх бол?

-Шинийн нэгний үндэсний телевизийн “Монгол түмний мэнд” нэвтрүүлэгт оролцож, хол ойрын олон түмэнтэйгээ мэндчилэх боломж олдлоо. Д.Осгонбаяр маань сар шинийн өмнөхөн хос цомгоо гаргалаа. Энэ бас нэлээд үнэтэй хүндтэй хүнд өгөх бэлэг болох байх. Өвлийг даваад золгож байгаа цагаан сар хүн болгонд урам өгдөг, хийж бүтээх, өсөн дэвжих бэлгэ ерөөлийг агуулдаг. Цагаан сар бол сайхан бэлгэдлийн баяр.

Төрсөн өдөр, одонгийн найрыг төсөөлөхгүй сууж би чадна

Төрөл садан дотны хүмүүсээ түгшээхгүй байж би чадна.

 Харин ганцхан баяраар халамцуухан сууж магадгүй.

Хангинасан дууны аянд уярчихсан байж магадгүй.

Тэсгэлгүй надад санагдаад байдаг

 Тэнэгэр хөдөө минь дуудаад байдаг

 Тэр их найр цэнгүүн бол

Мэдээ орох цагаас настны амрыг айлтгасан

Мэнд мэдсэн үгс нь найргийн шад шиг хөвөрсөн

Миний Монголын цагаан сар гэж сар шинэдээ бүгдээрээ сайхан шинэлээрэй.

-Таны бага насны цагаан сарын дурсамж ямар байв?

-Таван настай моринд дөрөөлсөн. Цагаан сараар аавыгаа дагаад, настангуудад очиж золгодог байв. 30-40 км явж зорьж очиж золгодог байлаа.

Нарийн сайхан хээрийгээ намрын сардаа сойгоорой

Настай буурал ээждээ золгохоор

Нарнаас өмнө мордоорой гэдэг шиг эрт очиж золгоно шүү дээ.

Настанууддаа хамгийн түрүүнд очиж золгоно. Зам зуурын ахмад настангаар золгоод, орой  цантсан морьтой, өвөр дүүрэн боовтой, их ажил бүтээсэн, ядарсан хүн гэртээ ирдэг байж.

-Хүүхдүүдэд цагаан сараар голдуу ямар бэлэг өгдөг байв?

-Печень их өгдөг байсан. Том хүмүүст тамхи голдуу өгдөг. Би бол печень л их цуглуулсан хүн дээ.

-Хүүхэд байхдаа бэмбий их нухдаг байсан уу?

-Тэр үед үйлдвэрийн боов гэж байхгүй. Бүгд гэртээ бэмбийгээ нухаад идээнийхээ боовыг хийдэг байлаа. Гоё боов хийдэг хүмүүсийг урьж авчирна,  залагдаж явна.

Айл хороогоороо орой үдэш малын ажлын чөлөө заваараа бэмбийгээ нухаж боовоо хийнэ. Айлын эзэгтэй  ажлынхаа зав чөлөөгөөр дээл хувцас зэхэж,  үйл үртэс оёно.

 Муу ээж минь шөнө лааны гэрэлд суугаад хэдэн хүүхдийнхээ сар шинийн дээлийг аавын дээлтэй оёчихдог байсан.  Бас бууз баншаа ч хийнэ. Их ажил ундардаг байсан даа.

-Таны дурсамжид үлдсэн хамгийн онцлог цагаан сар ямар байв?

– Өвөг эцгийнхээ 73-ны жилийн цагаан сараар аавтайгаа хамт өвөөдөө золгоод, сумын төвөөс морьтой буцаж явж билээ. Замдаа шинийн нэгний морины уралдаанд оролцож морио айрагдуулсан юм.  Одоогийнх  шиг тэжээл бордоо гэж байхгүй,  хөтөлж явж байгаад шинийн нэгэнд  уралдуулдаг. Аавтайгаа явсан тэр цагаан сар л хамгийн их баяртай дурсгалтай байдаг юм даа.

Цагаан сар, наадамгүйгээр яаж монгол байх вэ дээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img