2024-11-26, Мягмар
-16 C
Ulaanbaatar

Ураны одоо илэрсэн нөөцийг ашиглавал 100 жил олборлолт хийх боломжтой

Манай улсын доллар олдог гол суваг бол зэс, нүүрс. Зэс нүүрснээс гадна дэлхийн зах зээлээс их хэмжээний доллар татах том салбар бол уран. Ураны хэд, хэдэн төсөл хэрэгжиж буй ч өнөөхөндөө амжилттай яваа нь цөөхөн. Ураны төслүүдийн хэрэгжилтийг тоймлоод хэлэхэд бид хоёр сонголтын өмнө улсаараа ирчихэж. Эхний сонголт нь ураны хэд хэдэн компанийг “Хан ресурс”-ийн замаар оруулж төсвөөс өчнөөн сая ам.доллар гаргаж гадаадын хөрөнгө оруулагчдад нөхөн төлбөр болгож өгөөд өөрсдөө хохироод үлдэх. Дараагийн сонголт нь хэрэгжихэд бэлэн болсон цөөхөн хэдхэн төслүүдээ хөдөлгөж экспортын шинэ том сувагтай болж Казахстан шиг ураны экспортоосоо жилд олон сая доллар олсон шигээ хөгжих.

Монголыг ураны зах зээлд тоглогч болгох Зөөвч-Овоо

Одоогоос олон жилийн өмнө буюу 2013 онд “Арева Монгол” ХХК, “Кожеговь “ХХК-ийн ерөнхий захирал Тьерри Плэзанттай ярилцаж суухад “Манай геологичид хоёр орд нээж илрүүлсэн. Эхний нээсэн орд нь Дорноговийн Дулаан-Уулд бий. Дулаан-Уулын ордын нөөцийг Эрдэс баялгийн зөвлөлөөр 6000 орчим тонн ураны нөөцтэй гэж баталсан. Хоёр дахь орд маань Зөөвч-Овоо. Дулаан-Уулын ордоос 30 орчим км зайд оршдог. 57 мянган тонн ураны нөөцтэй гэж үзэж байгаа. Зөөвч-Овоо бол Монголын төдийгүй дэлхийн сүүлийн 20 жилийн ураны нөөцийг хангахаар томоохон хэмжээний орд. Энэ хоёр орд дээр томоохон ажлууд явагдана гэсэн төлөвлөгөө бий. Ордын хамарч байгаа хүрээ, зах хязгаараар хайгуулын ажлыг үргэлжлүүлж хийхэд дахиад нөөц илрүүлэх байх. Дулаан-Уул, Зөөвч-Овоо болон бусад хайгуулын талбайг нийлүүлээд тооцвол 100 орчим мянган тонн ураны нөөц илрүүлэх болов уу гэж тооцоолж байна” гэж онцолж байсан юм. Ноён Тьерри Плэзанттай ярилцаж суусан тэр үеэс есөн жилийн дараа Дорноговь аймгийг зорьж очлоо. Аймгийн төвөөс хатуу хучилттай, шороон замуудаар сүнгэнүүлсний эцэст Зөөвч-Овоогийн кэмп дээр ирэв. Энэ ордын нарийвчилсан судалгааг Монгол-Францын хамтарсан “Бадрах энержи” компани хийж байгаа. Дорноговь аймгийн нутаг дахь Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөлтэй “Бадрах энержи” компани таван жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн юм. 2017-2020 онд 17.8 тэрбум төгрөгийн татвар, 6.8 тэрбум төгрөгийн тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн гэх мэдээлэл бий.

Зөөвч овоогийн эхний нөөцийг 2013 онд бүртгүүлж байсан бол нэмэлт хайгуулын дүнд нөөцөө өсгөж чаджээ. Өнөөдрийн тухайд Зөөвч-Овоо дэлхийд эхний аравт жагсах том орд болчихож. Нөөц нь 93291 тонноор хэмжигдэж буй. Тус төслийн геологичид нөөцийг ингэж нэмснээр Монголын ураны нөөцийг хоёр дахин нэмэгдүүлснийг тодотгоё.

UranДулаан-Уул ордын нөөц есөн жилийн өмнөхөөс нэг их нэмэгдээгүй яваа. Энэ ордын нөөц 6400 гаруй тон. Эдгээр ордын нөөц тодорхой болсноор Монгол улс ураны нөөцөөрөө дэлхийд 12-т жагсч байна.

Ураны үнэ ойрын долоо, найман жилдээ өснө гэсэн таамаг давтамжтай дуулдаж буйг энэ зуур онцолъё. 2010, 2011 оны супер циклийн үед ураны ханш 120-130 ам.долларт хүрч цойлж байсан юм. Төлөвлөсөн ёсоор 2029 онд үйлдвэр ашиглалтад орвол манай улс ураны зах зээлийн анхаарал татсан тоглогчдын нэг байх боломж нээгдэж, валютын шинэ урсгал нээгдэх нь. Ингэж чадвал гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай хоёр дахь том төсөл хэрэгжих юм. Одоогоор манай улсад гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай ганц том төсөл хэрэгжиж буй нь Оюу толгой гэдгийг дурдах нь илүүц биз ээ.

Монголд хэрэгжиж буй ураны төслүүдээс хамгийн ахицтай яваа нь эднийх. Компанийн мэргэжилтнүүд ураны түүхий эд болох шар нунтаг гаргаж авах туршилтаа эхлүүлчихсэн. Газар доор уусган олборлох технологи ашиглаж буй. Францын Орано группийн Монгол дахь салбарын хувьд орд илрүүлж нөөц тогтооход 250 сая ам.доллар зарцуулсан гэх тоо дуулддаг. “Бадрах энержи”-гийн хэрэгжүүлж буй энэ төслийн дийлэнх хувьцаа эзэмшигч нь Орано групп, Монголын Засгийн газрын тухайд 34 хувийг нь эзэмшдэг. Тус группийн “Орона майнинг” компани зөвхөн ураны зах зээлд ажилладаг, гурван улсад таван уурхайтай юм. Ураныг газар доогуур уусган олборлох технологиор дэлхийд тэргүүлэгч нөү хаутай, ийм технологи ашигладаг хамгийн том уурхайг Казахстанд ажиллуулдаг. Канадад гүний уурхай, Нигерид гүний болон ил уурхайтай. Дэлхийд цөөхөн компани уран олборлодог, дэлхийн зах зээл дээр ойролцоогоор жаран мянган тонн уран эргэлддэг гэсэн статистик бий. Ураны төсөл хэрэгжүүлэгчид Ашигт малтмал, Цөмийн энергийн хуулиудыг давхар хэрэгжүүлдэг, тэр утгаараа АМГ, МХЕГ-т тайлангаа өгч, давхар хяналттай ажилладаг. Нэг грамм уран олборлоод эхэллээ л бол Олон улсын атомын энергийн агентлагийн хяналтад ордог гэдэг утгаараа олон улсын хяналт ч тавигдаад эхэлчихсэн яваа.

UranЗөөвч-Овоо элсэнд тунасан орд. Ийм учраас элстэй, ураны хүдрийг эхлээд шингэн төлөвт оруулж, дараа нь шахуургаар гаргаж ирж, үйлдвэрт боловсруулах юм билээ. Нэг л эхэлсэн бол зогсч болохгүй нь газар доор уусган олборлох технологийн нэг онцлог гэдгийг энэ дашрамд тодотгоё.

Газар дор уусган олборлох технологи манай улсын хувьд шинэ ч уг технологийг дэлхийд ашиглаад жар орчим жил болж буй. Өдгөө дэлхийн улсуудад олборлож буй ураны 57 хувийг энэ технолоиор олборлодог. Олон улсын атомын энергийн агентлагийн зүгээс энэ технологийг байгаль орчинд нөлөөлөх нөлөөлөл хамгийн бага гэж хүлээн зөвшөөрсөн юм. Эдийн засгийн тухайд ч өндөр үр ашигтай технологи гэгддэг.

Компани үйлдвэрлэлийн туршилтаа энэ оны эхэн хүртэл хийгээд ТЭЗҮ-д нэмэлт тодотгол оруулахаар төлөвлөснөө өнгөрсөн онд онцолж байсан. Тухайн үед компанийн зүгээс Монголын Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээний яриа хэлэлцээ явуулах төлөвлөгөөтэй яваагаа дуулгаж байв. Хөрөнгө оруулагчдын гэрээг амжилттай хийсэн тохиолдолд томоохон үйлдвэрлэлийн хэмжээний барилга угсралтын ажил, ажилчдын сургалт гээд чамгүй их ажил Дорнын говьд өрнөнө гэсэн үг. Хэлэлцээр төлөвлөгөө ёсоор амжилттай өрнөвөл зургаа, долоон жилийн дараагаас үндсэн олборлолтод шилжих боломж бий. Дахиад онцлоход тэд энэ жилдээ багтаж гэрээ байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж яваа.

Зөөвч-Овоо ордод газар доор уусган олборлох аргыг ашигласнаар ямар гарцтай байх, эдийн засгийн үр ашиг нь хэр хэмжээнд хүрэхийг тооцох судалгаа, нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах ажил үргэлжилж байна. Энэ бүхний эцэст хоёр тал Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж, шар нунтгийн олборлолт эхлэх юм.

Төлөвлөгөө ёсоор 2029 оноос ураны олборлолт эхэлбэл тус компанийн босгосон үйлдвэрт 800 хүн байнга ажиллаж, туслан гүйцэтгэгч компанийн ажиллагсдын тоо 200-д хүрч, нийтдээ мянга гаруй хүн ажилтай, орлоготой болно. Зөөвч-Овоо ордыг 20-30 жил ашиглах тооцоо таамаг бий.

Ураны дараагийн төслүүд хэрэгжиж эхлэх цаг ойртсон уу?

uranЯг одоогийн байдлаар гурван компанийн төсөл хэрэгжихэд бэлэн болсон ч иргэний нийгэм, төрийн бус байгууллагынхны эсэргүүцэл гэсэн ганц шалтгаанаар гацсаар өнөөг хүрээд буй. Түүх сөхөхөд ураны салбар 2009-2013 онд ид цэцэглэж байв. “Камеко”, “Арева”, “Денисен майнз” зэрэг аваргууд хөрөнгө оруулж байсан тэр цагт ураны хайгуулд жилд хорь, гучаад сая ам.долларын ажил хийгдэж байлаа. Хайгуулын зуу орчим лиценз байсан тоо дуулддаг. Ураны салбарт хөрөнгө оруулсан гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчид эцэстээ Монголыг орхих шийдвэр гаргасаар олон жил өнгөрч байна.

Сүүлийн тод жишээ гэхэд л Канадын “Хан ресурс”. Лицензээ хураалгасан тус компани арбитрт хандаж, арбитрийн шүүх Монголын Засгийн газрыг 100 гаруй сая ам.доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасныг уншигчид санаж байгаа байх. Сүүлдээ төсвөөс 70 сая ам.доллар гаргаж Канадын компанид өгснөөр маргаан дуусч байв.

Өнөөдрийн тухайд ураны салбарт гуравхан компани л торойж үлджээ. Тэд хайгуулын үйл ажиллагаа эрхэлж буй. Ашиглалтад бэлтгэгдсэн хоёр, гурван газар байгаа. Нэг нь нийтлэлийн эхэнд нь төслийнх нь талаар онцолсон Францын хөрөнгө оруулалттай “Бадрах энержи”, нөгөө нь Чехийн хөрөнгө оруулалттай “Гурвансайхан”, гурав дахь нь урд хөршийн хөрөнгө оруулалттай “Эмээлт майнз”. Ураны салбартаа дэлхийд гэж яригддаг “Денисен майнз” 2015 онд Чехийн “Ураниум индастри” компанид лицензээ зарчихаад Монголыг орхиж байв. Тэр цагаас хойш “Гурвансайхан” компанийн төслүүдэд сүрхий ахиц гаралгүй өнөөг хүрсэн юм. Одоогоор хайгуулын ажлын үр дүнгээ шинэчлэх чигийн ажил хийж яваа. Энэ компанид Засгийн газар буюу “Мон атом” хувь эзэмшдэг, ашиглалтын лицензээ авч, төслийн ажил жигдэрвэл 34 хүртэлх хувь эзэмших боломжтой. 34 хувиа цаг алдалгүй өгөх сонирхол хөрөнгө оруулагч талд тод анзаарагддаг.

“Гурван сайхан” компани жилд тэрбум 200 сая төгрөгийн зардалтай ажилладаг, 700-800 сая төгрөг нь лицензийн төлбөр, элдэв татваруудад зарцуулдаг гэсэн мэдээлэл албаны мэдээн дээр нь дурайж байна.

Хэрэгжих боломжтой дараагийн төсөл нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай. Тодруулж хэлбэл, Мардайн хуучин орд дээрх Гурванбулагийн үндсэн ордыг Хятадын Цөмийн энергийн корпорац эзэмшдэг. Хайгуулыг нь хийж дууссаны дараа Хятадын тал биржийн системээр худалдаж авчээ. Өмнөх компаниуд шиг ашиглалтын лицензээ авч чадахгүй яваа.

Төгсгөлд нь онцлоход, манай улсын ураны ордуудын нөөцийг тандвал жилд 1000 тоннын олборлолт хийлээ гэхэд 100 жил, 2000 тонныг олборловол 60 жилийн турш хэрэгжих боломжтой юм билээ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img