“Хүний эрхийн Оюунаа” номын зохиогч, сэтгүүлч З.Бадмаарагтай ярилцлаа.
-ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгтэй яаж танилцаж байв. Яагаад энэ эмэгтэйн түүхийг бичих болов?
-Зөвхөн нэг хүний тухай ном биш л дээ. Намтар бол бүр биш. Учир нь гол баатар маань намтар бичихийг зөвшөөрөөгүй юм. Эхэндээ ном бичих саналыг маань хүлээж аваагүй. Гэхдээ ятгаж чадсан. (Инээв.) Ном бичих шалтгаан их энгийн. Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа манай улс үндэсний, төв байгууллага байгуулах шаардлагатай болсны нэг нь Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс юм. Олон Улсын өмнө хүлээсэн үүрэг ч байсан. Гэвч бүхэл бүтэн есөн жилийн дараа тэр нь биеллээ олсон. Саяхныг хүртэл манай ХЭҮК Ажлын албандаа цөөн хэдэн хүнтэй, цомхон байгууллага байв.
“Ардын эрх” сонинд парламентын сурвалжлагчаар ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авсан өчүүхэн миний хувьд төрийн албаны шалгалт зарлагдсаныг санамсаргүй сонсоод тус байгууллагад шалгалт өгч, тэнцсэн тул анхны сэтгүүлч мэргэжилтэй, албан ёсны хэвлэлийн төлөөлөгчөөр 10 гаруй жил ажиллах хувь тохиолтой учирсан юм. 2011 онд тэнд очиход 11 дэх ажилтан нь болж байлаа. Цөөхүүлээ, хүний эрхийн салбарт хамрахгүй асуудалгүй, ачаалал өндөр болохоор хувь хүнээс хөрвөх чадвар, түргэн шуурхай, мэдрэмжтэй, багаар ажиллах чадвар ихээхэн шаарддаг онцлогтой салбар. Манай улсын хүний эрхийн үндэсний байгууллага харьцангуй залуу буюу 20 жилийн ойгоо дөнгөж уржнан тэмдэглэсэн.
Хамт олноороо ярилцаад ойгоороо баримтат кино хийхээр шийдвэрлэн зохиолыг нь бичиж, төлөвлөгөө ёсоор ХЭҮК-ын үе үеийн дарга, гишүүд 14-15 хүнтэй уулзаж, ярилцлага аваад эвлүүлж эхэлтэл дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарч, хамаг юмыг хаачихлаа. Цуглуулсан баримтуудаа хадгалаад үлдэх хайран санагдсан. Өдөр, шөнөгүй ажилладаг ч хийсэн бүтээсэн зүйл нь тэр бүр хүмүүст үнэлэгддэггүй, ихэвчлэн муулуулж, тэр бүү хэл, татан буулгавал таарна гэсэн үгүйсгэлтэй явж ирсэн байгууллагынхаа тухай, ялангуяа энэ салбарт ажиллаж байгаа 90 гаруй хувийг эзэлдэг хүний эрхийн хамгаалагч эмэгтэйчүүдийн тухай бичиж үлдээхсэн гэсэн хүсэл сэтэглийн мухарт явсан юм.
Эрх нь зөрчигдсөн хүмүүсээс ирсэн гомдол, шийдвэрлэсэн түүхүүд тэр чигээрээ тэмцэл, тулаан, аль хэдийнэ бичигдчихсэн, даван туулсан хувь зохиолууд тул уран сайхны хэлбэрт оруулж, энгийн уншигчдад хүргэхийг мөрөөддөг байв. Тэгээд судлаад үзтэл ХЭҮК-т байгуулагдсан цагаас нь тасралтгүй 20 жил ажилласан ганц хүн байсан нь референтээс гишүүн хүртэлх албан тушаал хашсан, доктор, профессор Пүрэвийн Оюунчимэг байв. Тэр эмэгтэй ном бичихийг эхэндээ зөвшөөрөөгүй. Гэхдээ хэн хэн нь ажлаа сольж, хэсэг хугацаа өнгөрсний дараа эргэж уулзаад, ойлголцсон. “За, яахав бич. Гэхдээ намтар биш, ажлаа л бичье” гэсэн. Их хөгжилтэй. Яг бичээд эхлэхдээ би түүнээс нуугдчихсан.
-Яагаад?
-Нөлөөнд автмааргүй санагдаад. (инээв.)
-Ярилцаагүй юм уу?
-Ярилгүй л яахав. Нэлээд олон цагийн яриа авсан ч зугатчихсан. Хөдөө яваад алга болчихсон. 2-3 сарын дараа гэнэт над руу залгаад “Хүүе, чи зүгээр үү?” гэсэн. Хэтэрхий ойрхон, хамт олон жил ажилласан, зан зангаа мэддэг, дарга, цэрэг байсан хүний тухай бичих амаргүй. Номонд орох баримтуудаа архиваас дахин шүүж, тухайн үеийн хэвлэл, бусад хамтрагчидтай уулзаж лавлах, шүүхийн шийдвэр, тогтоолуудыг шүүрдэхэд ихэнх хугацааг зарцуулсан. Зөвхөн өөрийнхөө өнцгөөр харж бичих учир дутагдалтай учраас маш олон хүнийг татан оролцуулсан. Энэ завшааныг тохиолдуулан ХЭҮК-ын хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлье.
П.Оюунчимэг гишүүн ажил хэрэгч, төлөвлөсөн бүх ажлаа ажил хэрэг болгодог, санаанд багтсанаа заавал биелүүлдэг, хурдтай, эрс шулуун, сонирхолтой хүн. Хариуцаж ирсэн хүний эрхийн асуудал нь эрүү шүүлт, төлөөлөн нэхэмжлэл, үндэстний цөөнхийн эрх гэх мэт 7-8 төрлийн эрхүүд. Тэдгээрээс түүвэрлэн, бодит кэйсүүдээр сэдэвлэж номоо бичсэн. Цагдаа, цэрэг, шүүхийн шийдвэр, онцгой байдал, олон улсын хүний эрхийнхэн гээд холбогдоогүй хүнгүй. Хөвсгөлийн тайгаас хүртэл надад захидал ирүүлсэн байсан. Цаасан дээр балаар бичээд зургийг нь дараад явуулчихсан байна лээ. Өөрөөр хэлбэл, тэр хүмүүс нотлох баримтыг батлахаас гадна гэрч болсон.
-ХЭҮК-ын өмнөх хоёр дарга өмнөх үг бичсэн байна лээ. Ж.Бямбадорж гуай бол энэ хүнээс бэргэдэг байснаа ч дурдаж. Хамт ажиллаж байсан эмэгтэйн хувьд өөтэй харагдчих вий гэсэн болгоомжлол байсан уу?
-Ном бичиж эхлэхдээ хэсэг зугатсан гэсэн дээ. Дарга, цэргийн харилцаа арилаагүй байсан учраас нөлөөнд автмааргүй санагдсан. Тэгсэн чинь гишүүн “Ном бичнэ гэж хүнийг үймүүлж хаячихаад яасан сонин хүүхэн бэ” гээд хоёулаа бараг муудалцсан. Тэгэхэд “Хоёулаа тохиръё, би таны цэрэг биш, та миний дарга биш. Хүссэнээрээ бичнэ” гэж хэлэхэд “Өөрөө мэд” гэсэн юм. Мань хүн нөхцөл байдлыг ойлгосон байх. Заримдаа ширүүн дориун хурц хүн шиг хэрнээ эмэгтэй хүний өр нимгэн, нинжин сэтгэл нуугдаж байлгүй яахав. Осолд орж, хөдөлж чадахаа байж, нөхөр нь ажлаа орхихыг ятгасан, хожим ажлаа өгөөд, цүнхээ үүрээд гэртээ ирэхэд хүүхдүүд нь аль хэдийнэ үүрнээсээ нисч, хань нь л угтдаг дүр зураг номонд бий.
Монгол Улсын гавьяат хуульч, доктор, профессор Жамсрангийн Бямбадорж, мөн гавьяат хуульч, доктор, ХЭҮК-ын анхны дарга асан Сүрэнгийн Цэрэндорж нарт эхлээд уншуулж, өмнөх үг бичиж өгөхийг гуйсан. Тэд маш сайхан үнэн үг бичиж өгсөн.
Ном бичиж байгааг сонссон нэгэн хамтран зүтгэгч маань 20 жилийн хугацаанд 500 мянган км явсныг сануулаад, машиныхаа зургийг явуулсан. Бас “Хувцсаа сольж ир гэдгийг нь бичээрэй” гэж захисан бол Дорноговь дахь ажилтан маань “Улсын нэрийг бүтэн болгосон байгаарай” гэсэн гарчигтай хөөрхөн түүх бичиж явуулсан байсан.
-Тэр нь ямар учиртай юм?
-Нэг удаа П.Оюунчимэг гишүүн баг ахалж, Замын Үүдэд очиход хилийн зааг дээрх Монгол Улс гэсэн үгийн “У” үсэг нь алга болчихсон байж. Түүнийг харсан гишүүн үсгийг сураглаж. Гэтэл мэдэх хүн байдаггүй. “Өнгөрсөн хаврын салхинаар хийсчихсэн, элсэнд дарагдаад алга болсон. Хайгаад олоогүй” гэж. Хаалган дээрх бичгийг бүтэн болгуулах зуурт Замын-Үүд сумыг тосгоны статустай болгосон асуудал нь “Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль”-ийг зөрчиж аймгийн Засаг даргын захирамжаар олгосон нь илрэв. Хууль зөрчсөн асуудлыг яаралтай засч залруулах ХЭҮК-ын гишүүний шаардлагыг Засгийн газарт хүргүүлж, хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулжээ. Харин үсэгний тухайд тухайн үед ажил үүрэг гүйцэтгэж байсан хил, гааль, төмөр замын удирдлагуудад “Та нар улсынхаа нэрийг ч бүтэн байлгачихаж чадахгүй байж яаж ажилладаг юм бэ?” гэж зэмлэн хатуухан хэдэн үг хэлснийг хамт явсан нөхөд нь бичсэн. Буцах үед “У” үсгийн учир олдож, “Монгол Улс” гэсэн хаяг бүтэн болсон байх жишээтэй. Хүний санаанд оромгүй асуудлыг ч олж харж, хөөцөлдөж явдаг сонин хүн шүү.
Харин хувцаслалтын тухайд ажилд ороод удаагүй шинэ ажилтан нь эрээн цоохор пиджактай гүйж явахтай таараад гэр лүү нь явуулж солиулсан байдаг. Өнөөх нь түүнээс хойш төрийн албаа хүндэтгэж хувцасладаг болсон гэх мэт хөгжилтэй зүйл цөөнгүй. Номыг минь авч уншсан нэг уншигч “Наад П.Оюунчимэг чинь энэ байгууллагад яаж 20 жил, чи яаж 10 жил тэссэн юм бэ? Ямар хүнд ажил хийдэг байсан юм бэ” гэж байсан шүү.
-“Хүний эрхийн Оюунаа” ном гурав дахь хэвлэлтэд орсон гэж сонссон. Амжилттай борлогдсон байх нь ээ?
-Тийм ээ, гурав дахь удаагаа хэвлэгдсэн. Үнэнийг хэлэхэд номоо рекламдаж амжаагүй. Энэ тухай анх удаа ярилцаж байна. Дэмжиж худалдан авсан бүх хүнд гялайлаа.
Гол баатар эмэгтэйг хамтрагчид нь “Хүний эрхийн” Оюунаа гэж тодотгон дууддаг болохоор номоо түүгээр нь нэрлэсэн. Хэдийгээр нэг хүний түүх юм шиг боловч Монголын хүний эрхийн гашуун сургамжит түүх, болсон явдлуудаас бүтсэн ном юм. Цаазын ялаар гурван удаа шийтгэгдээд цагаадаж, торны цаанаас амьд гарсан залуусыг анх удаа төлөөлөн нэхэмжлэл гаргаж, нөхөн олговор олгуулсан тухай, амь насаа алдсан хүмүүсийн харамсалтай түүх ч тэнд бий. Ази, Номхон Далайн бүсийн Эрүү шүүлтийн Элчин сайд эмэгтэй, анх удаа эрүү шүүлтийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан, халдлагад өртөж байсан ч чимээгүй өнгөрсөн гэх мэт олон сонин түүхүүд бий.
ХЭҮК-ын гишүүн асан доктор П.Оюунчимэгийн тухай ном гэхээр уншигчдад нэг асуудал сонин байсан болов уу? Мань хүн ажлаа өгөхийн өмнө шуугианд холбогдсон. Тайлал нь энэ номд орсон болов уу?
-П.Оюунчимэг гишүүн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад ажлаа өгсөн. Болсон зүйлийг болсноор нь, байгаагаар нь бичнэ, алдаа оноо, амжилт бүтээл аль алиныг нь нууж хаацайлахгүй гэж эхнээсээ тохирсон учраас энэ зарчмаа баримталсан. 10 гаруй жил хамт ажилласны хувьд номын гол баатрыг сонгож бичихэд эргэлзэж тээнэгэлзэх зовлон байсангүй. ХЭҮК-ын гишүүн нь сайдын энтэй, төрийн өндөр албан тушаал хэдий ч эрх ямба эдэлж, дулаан байшинд цагаан зах дэрвүүлэн сууж байсан гэж ойлговол өрөөсгөл. Хүний эрхийнхэн дарга “цэрэг”-гүй жилийн турш 13-14 аймагт ажиллаж, заримдаа гэр орондоо ч харагдахгүй, хагас сарын турш хөдөө томилолтоор явах энүүхэнд. Энэ үйлдэл дээр, энэ шийдвэрт шударга бус хандсан гэх эргэлзээ байгаагүй. Хүний эрхийн салбарт ажиллаж байгаа олон сайхан эмэгтэйчүүдээрээ бахархдаг юм. Тэд өөрсдийгөө мартаж, өрөөлийн төлөө зүтгэдэг, сэтгэл дүүрэн хүмүүс байдаг. Тэдний л нэг. Энэ номд харин түүний хүний эрхийг хамгаалахын төлөө 20 жилийн түүхийг өгүүлсэн. Түүнээс хойших түүхийг бичвэл бас нэг ном болох байх аа.
-П.Оюунчимэг цаазлуулах ял сонссон хүмүүсийн нөхцөлтэй орж танилцдаг ганц гишүүн байсан гэдэг, үнэн үү?
-Саяхныг хүртэл Монголд цаазын ял байсан. Гэхдээ цаазын ялыг хэзээ яаж гүйцэтгэсэн гэдэг нь нууцад хамрагддаг байв. Хүний эрхийн үндэсний комисс 20 жилийн түүхэнд ердөө гуравхан гишүүнтэй, Ажлын алба нь 10 хүрэхтэй үгүйтэй ажилтантай. Гишүүд нь бүрэн эрхийн хүрээнд хүссэн газраа хяналт шалгалт явуулах боломжтой. Аж ахуйн нэгж, байгууллагууд, хаалттай газруудад ч нэвтрэх онцгой эрхтэй.
Прокурор байсан эмэгтэйг ХЭҮК өөртөө шилжүүлж авч, асуудлыг сайн мэддэг гэдэг утгаар П.Оюунчимэгт хорих ангиудын хяналт шалгалт, цаазын ял авсан хүмүүстэй уулзах гэх зэрэг хүнд асуудлыг хариуцуулсан юм билээ.
-Гурван удаа цаазын ял сонсч байсан Завханы Эрдэнэ-Очир гэдэг хүний гяндан дахь нөхцөл байдлын талаар ном эхэлдэг шүү дээ. Үнэхээр цаазын ял сонссон хүмүүсийн гар, хөлийг дөнгөлөөд, хоолоо нохой шиг долоож идэхээс өөр аргагүй нөхцөлд байсан гэж үү?
-“Хүний эрхийн Оюунаа” ном нэг хүний ажил, амьдралд дөрөөлж, Монгол Улсын хүний эрхийн нөхцөл байдлын 20 жилийн түүх хөндсөн. Хорих газарт ял эдлэгсэд, цэргийн ангийн нөхцөл, үндэсний цөөнх, цаазын ял сонссон хүмүүсийн нөхцөл байдал гээд олон түүх өгүүлсэн. Ялангуяа хүний эрхийн үндэсний байгууллагын ажилтнуудын туулсан зам, бэрхшээл, юуг хэрхэн давж, иргэдийн эрхийг хамгаалж ирсэн бодит баримт, кэйсийг л бичсэн. Энд худал юм байхгүй.
-Хүний эрхийн фронтын дайчид тань энэ номыг хэрхэн хүлээж авав?
-Баярлаж, дэмжсэн. ХЭҮК-ын хамт олон, анхны дарга, гишүүд, одоогийн гишүүдээс зөвлөж, дэмжиж, ариутган шүүж, тусалсан нь сайхан санагдлаа. Хуульчдын цахим мэдээллийн санд оруулахыг зөвлөж, Удирдлагын академи хүний эрхийн сургалтынхаа судлагдахуунд багтааж, номын сандаа худалдан авсан. П.Оюунчимэг гишүүний хувьд олонтой хүн юм гэдгийг номоо гаргасны дараа улам илүү ойлгож мэдлээ. Хүний тухай ярьсан болоод ч тэр үү, ХЭҮК-той хамтарч ажиллаж ирсэн байгууллагуудын түүх давхар багтсан нь номын борлуулалтад эерэгээр нөлөөлсөн. Номын гол баатартайгаа ярилцах үед тэр дандаа бусдын тухай ярьж байсан. “Энэ асуудлыг шийдэхэд тэр маш их оролцоотой, тэр илүү ажилласан” гээд овог, нэр, ажил алба, он цагтай нь нэг бүрчлэн санаж байж билээ. Ой тогтоолт, хүний төлөө гэсэн сэтгэл нь түүний бусдаас онцгойрох давуу тал юм байна. Хүний эрхийн зөрчлийг арилгах, хандлагыг төлөвшүүлэхэд хамтын ажиллагаа их чухал. Жишээ нь нэг салбарт хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхийн тулд тухайн салбарын удирдлагууд хүлээн зөвшөөрч, хамтрах хүсэл эрмэлзэлтэй байгаа эсэхээс үр дүн хамаардаг. Төлөвлөсөн ажлууд нь бүтэмжтэй байсны гол нууц нь хамтрагчид. Тиймээс номын гол баатар маань хамтрагчдаа мартаагүй. Тэр утгаараа нэг хүний түүх биш гэж хэлж байгаа юм.
-Сониноос “Хүний эрхийн Оюунаа” гавьяат хуульч цолоор шагнагдсан гэсэн үү?
-Тийм ээ. Хүний эрхийн салбараас төрсөн хоёр дахь гавьяат. Хийсэн зүйл, хэлэх үгтэй гавъяатай хүн гэдгийг номын нээлтэд ирсэн нөхөд давхар батална лээ. “Хүний эрхийн Оюунаа” номыг уншвал олон юм бий. Хүний сайханд баясах сэтгэлтэй хүмүүс хорвоог гэрэлтүүлдэг болов уу.