“Мэлхий гүнж” хүүхдийн жүжгийн найруулагч М.Лхагватай ярилцлаа.
-Яагаад “Мэлхий гүнж” хүүхэлдэйн киног сонгон авч найруулах болсон бэ. Энэ жүжгээрээ юу хэлэхийг зорив?
-Яагаад Диснейн хүүхэлдэйн киног сонгосон талаар хоёр л зүйл хэлье. Нэгдүгээрт, итгэлийн тухай. Хүүхдүүддээ хэнд итгэх юм, юунд итгэх юм, нэг итгэхээрээ хэр үнэнч итгэдэг юм, итгээд ирэхээрээ тухайн итгэж байсан зүйл биелдэг юм уу гэх зэргийг харуулна. Тухайн хүүхэлдэйн кинон дээр цох хорхой гардаг. Тэнгэрт гялалзах хамгийн тод од болох Авангелийн хажууд зэрэгцэн гэрэлтэх мөрөөдөлтэй, тэрхүү мөрөөдөлдөө итгэж явсаар түүндээ хүрдэг. Хоёрдугаарт, үнэн хайр. Манайхан хүүхдүүддээ хайрыг том болоод ойлгоно гэж хэлээд байдаг. Угтаа бага наснаас нь хүүхдэдээ хайр гэх зүйлийг ойлгуулах ёстой юм. Бидний хайрыг ойлгуулах хэлбэр, агууламж нь заримдаа буруу болоод байдаг л даа.
Хайр гэхээр зөвхөн том хүн л ойлгох ёстой юм шиг. Хүүхэд багачуудад хайрыг хялбар, энгийн түвшинд нь тайлбарлаж ойлгуулж оюун санаанд нь суулгаж өгнө гэдэг маш том боловсрол. Барууны улс, орнуудад хүүхдээ 6 настайгаас нь эхлээд үерхэл хайрын тухай ярьж хэлж ойлгуулдаг. Манай жүжиг харилцан яриа их багатай. Хүүхдүүдэд атмосфэр тал руугаа хэлэх гээд байгаа санаагаа ойлгуулах юм. Хүүхдийн үзэх, харах, сонсох гээд мэдрэхүйн эрхтэнүүд дээр нь төвлөрч ажилласан. Жүжгийн хувьд бид дүрүүдээ шинээр зурж хийж байгаа.
Оюуны өмчийн хувьд ч тэр гадаад дүрийг шууд хуулалгүй мэргэжлийн зураач зурж байгаа юм. Зурсан дүрийн дагуу урлаачид маань дүрүүдийнхээ хувцас хэрэглэлийг, тайзныхан маань тайз, декорацаа урлаж байна. Жүжгийн дүрүүдэд мэргэжлийн жүжигчид тоглож, зураач, урлаачид ч мэргэжлийн баг ажиллаж байна гэсэн үг л дээ. Тиймээс маш сайн чанартай бүтээл болно гэдгийг хэлэх байна. Сайн бүтээл хүүхдүүдэд маань сайн боловсрол олгоно, хүүхдүүдийн сэтгэхүй ухамсарын түвшинд илүү сайн хүрэх ёстой гэдгийг бид бодож хийсэн. Хүүхдэд зориулсан уран бүтээлүүд бүгд мэргэжлийн байгаасай, тэр бүтээлүүдийг бүтээгчид ч мэргэжлийн хандаасай гэж хүсэж явдаг хүсэлээ энэхүү жүжигт шингээсэн.
-Жүжгийн гол дүрүүдийг УДЭТ-ын жүжигчид бүтээж байгаа юм билээ. Хэн, хэн тоглож байгаа вэ?
-Гол дүрийн ханхүү дээр УДЭТ-ын залуу жүжигчин Т.Сэргэлэн тоглож байна. Мөн УДЭТ-ын жүжигчин Т.Анхзул, Сичуаны Сайн хүн жүжигт тоглож байгаа жүжигчин Ц.Төгсбилэгт тоглож байна. Гол дүрийн жүжигчдээ бид театрын жүжигчдээсээ сонгосон. Жүжигт маань нийтдээ 30 гаруй мэргэжлийн жүжигчид, уран бүтээлчид оролцож байгаа.
-Хүүхдийн театрын соёл хэр хөгжиж байна гэж Та хардаг вэ?
-1945 оны Сталинградын дайны хүнд хэцүү цаг үеийг хүүхдийн театр аварч байсан гэдэг. Энэ бол бодит түүх. Тухайн үеийн Александринский теартын залуу жүжигчид хоёр гартаа оймс бариад “Алтан загасны үлгэр” тоглож байсан.
Театр бол хүмүүсийг хөглөж, хүүхдүүдэд итгэл найдвар төрүүлдэг зүйл. Хамгийн гоё үзэгч бол хүүхэд байдаг. Тэд үзэж байгаа зүйлээ сонирхолтой, сонирхолгүй байгаагаа шууд илэрхийлж чаддаг. Хүүхдэд зориулсан театр, мэргэжлийн уран бүтээл туурвигчид одоо байгаагаасаа илүү олон болоосой гэж хүсдэг.
-Та “Фауст” жүжгийн ассент найруулагчаар ажиллаж байсан юм билээ. Хаана боловсрол эзэмшсэн бэ?
-Би 2014 онд ОХУ-ын Санкт – Петербург хотын Театр урлагийн академийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. Төгсөөд Handmade театр гээд томоохон шоу хийдэг хувийн театрт урилгаар ажилд орж байлаа. Энэ театртаа ажиллаж байх хугацаандаа Европын 20 гаруй, Азийн 10 гаруй орноор аялан тоглолт хийж байсан. Мөн Санкт – Петербургийн Большой театрт жүжигчнээр уригдан ажиллаж байлаа. Түүнчлэн Александринский театрт ассент найруулагчаар суралцсан. Ингээд 2018 онд Монголдоо ирээд Фауст жүжгийн ассент найруулагчаар ажилласан. 2019 онд “Beauty and Beast” жүжгийг найруулж тавьсан. Одоо Дэлхийн нэрт хүүхдийн киноны найруулагч, продюсер Жон Эдвард Маскерын шилдэг бүтээлүүдийн нэг сургамжит, хөгжилтэй, хөнгөн өгүүлэмж, этгээд өвөрмөц баатруудаараа хүүхдийн зүрх сэтгэлийг татаж чадсан хүүхэлдэйн кино, эх зохиолоос нь сэдэвчилсэн “МЭЛХИЙ ГҮНЖ” хүүхдийн жүжгээ толилуулахад бэлэн болоод байна.