2024-12-27, Баасан
-20.8 C
Ulaanbaatar

Хоёр Дэниэлийн хосгүй амжилт, Азийнхны түрэлт ба шагналгүй хоцорсон Стивен Спилберг

Дэлхий нийтийн киночид, кино сонирхогчдын жил тойрон хүлээдэг хамгийн гол үйл явдал бол яах аргагүй “Оскарын үдэш” нэр авсан Америкийн кино академийн шагнал гардуулах ёслол. Лос Анжелесийн “Долби” кинотеатрт энэ сарын 11-нд 95 дахь удаагаа зохиогдсон “Оскарын үдэш” хэд хэдэн онцлогтой байлаа.

OskarЮуны түрүүнд, киноны ертөнцөд “хоёр Дэниэл” гэж алдарших болсон Дэниэл Кван, Дэниэл Шайнерт нарын “Бүхнийг хаанаас ч нэг дор” (Everything Everywhere All at Once) хэмээх адал явдалт инээдмийн уран зөгнөлт кино 11 номинацид нэр дэвшсэнээс долоод нь тэргүүлэв. Хамгийн гайхалтай нь “хоёр Дэниэл” тайзнаа гурвантаа хамтдаа гарч шагнал гардсан билээ. Дөнгөж 35-тай нас чацуу хоёр залуу эхлээд шилдэг зохиол, улмаар шилдэг найруулагч, тэгээд “Оскарын үдэш”-ийн төгсгөлийн оргил хэсэгт хамгийн нэр хүндтэй шилдэг киноны шагналыг өргөн жинхэнэ дуулиан тарьсан. Ер нь энэ гурван чухал номинацид нэг дор “Оскар”-ын баримал гардсан хүн энэ хоёроос өөр бараг байхгүй биз ээ.

Ийм хосгүй амжилтад хүрсэн “хоёр Дэниэл” Бостоны Эмерсоны коллежид киноны эрдэмд суралцаж байхдаа анх танилцаад дууны видео клипээр дагнан хамтын уран бүтээлийн карьераа эхэлжээ. Дараа нь 2016 онд “Швейцарийн армийн хүн” (Swiss Army Man) нэртэй эмгэнэлт инээдмийн киноны зохиол бичиж өөрсдөө найруулсан нь Санданс кино наадмын шагнал хүртсэн аж. Харин “Бүхнийг хаанаас ч нэг дор” кино авьяаслаг хамтрагчдын дөнгөж хоёр дахь бүрэн хэмжээний дэлгэцийн бүтээл юм байна.

Oskar

“Хоёр Дэниэл”-ийн “Оскар”-ын шагнал хамсан киноны гол баатар нь АНУ-д жижиг угаалгын газар эзэмшдэг хятад цагаач эмэгтэй Эвелин Вонг ажээ. АНУ-ын Татварын алба түүний угаалгын газарт аудитын шалгалт хийх болсноор бөөн санхүүгийн асуудал үүснэ. Дайран дээр давс гэгчээр яг энэ үед Эвелины нөхөр Веймонд түүнтэй албан ёсоор салах хүсэлтэйгээ мэдэгдсэний дээр ижил хүйстэн охин нь дөнгөж Хятадаас ирсэн өвөөдөө найз бүсгүйгээ танилцуулахаар зэхнэ. Олон давхар хүндрэлтэй тулгарсан Эвелин гэнэт хөрш зэргэлдээ ертөнцүүдэд оршдог өөрийн хувилбаруудтайгаа холбогдох увдистай болж олон ертөнцийг аюулаас хамгаалах тэмцэлд эрс шийдмэг ордог байна.

Дашрамд хэлэхэд, Дэниэл Кван АНУ-ын хятад угсаа гаралтай иргэн ажээ. Тэгвэл Эвелин Вонгийн дүрийг Малайзид төрсөн мөн л хятад гаралтай алдарт жүжигчин Мишель Йео бүтээсэн юм. Өдгөө 61 настай Мишель Йеог үзэгчид “Гэтэх бар, бүгэх луу” (Crouching Tiger, Hidden Dragon), “Гейшагийн дурсамж” (Memoirs of a Geisha) гээд олон кинонд тоглосноор нь мэднэ. Мишель Йео 40 жилийн турш кино урлагт хүчин зүтгэснийхээ эцэст “Бүхнийг хаанаас ч нэг дор” киноны Эвелин Вонгийн дүрээрээ шилдэг эмэгтэй жүжигчний “Оскар”-ыг авсан анхны ази эмэгтэй болж чадлаа.

OskarМөн кинонд тоглосон Куан Ке Хю шилдэг эрэгтэй туслах дүрийн шагнал хүртсэнийг ч тэмдэглэх хэрэгтэй. Тэрээр Вьетнамын Хошимин (хуучны Сайгон) хотод вьетнам сэхээтний гэр бүлд төржээ. Бага байхад нь тэднийх дайнаас дайжин гэр бүлээрээ АНУ-руу дүрвэхэд хүрсэн аж. Тэрээр 1984 онд 12 настайдаа “Индиана Жонс ба хувь заяаны сүм” (Indiana Jones and the Temple of Doom) кинонд Харрисон Фордтой хамт тоглож анхны дүрээ бүтээжээ. Улмаар нэлээд олон киноны тулааны хэсгүүдийг найруулан тавьсан байна.

Үүгээр энэ жилийн “Оскарын үдэш” дэх Азийнхны түрэлт дуусаагүй. Юу гэвэл Энэтхэгийн “Бослогын архиралт” (Rise Roar Revolt) киноны дуу алдарт Леди Гага, Рианна нарын урдуур орж, шилдэг киноны дууны төрөлд түрүүлсэн юм. 1920-иод онд Их Британийн ноёрхлын эсрэг тэмцэх Аллури Ситарам Ражу, Комарам Бхим гэх хоёр хувьсгалчийн тухай өгүүлэх тус киноны “Naatu Naatu” дууг зохиосон М. М. Киравани, Чандрабоуз нар “Долби” кинотеатрын тайзнаа азийнхнаас анх түрүүнд гарч “Оскар”-ын шагналыг өргөсөн билээ.

Oskar OskarГадаад хэл дээрх киноны номинацид Германы зохиолч Эрих Мариа Ремаркийн 1929 онд бичсэн “Өрнийн фронтод онцын гойд юмгүй” алдарт романаар сэдэвлэсэн ижил нэртэй кино таамаг ёсоор тэргүүлэв. Германы найруулагч Эдвард Бергерийн тус кино “Оскар”-т есөн төрлөөр нэр дэвшин дөрөвт нь шагнал гардлаа. Энд тэмдэглэхэд, Эрих Мариа Ремаркийн дайныг эсэргүүцсэн сэдэвтэй энэ зохиолоор хийсэн анхны кино аль 1930 онд шилдэг кино, шилдэг найруулагчийн төрөлд “Оскар” авч байсан түүхтэй.
Бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны номинацид ч Мексикийн алдарт найруулагч Гильермо дел Торогийн “Пиноккио” хүүхэлдэйн кино торолгүй түрүүлэв. Гильермо дел Торо ийнхүү гурван “Оскар”-тай болж байна. Өмнө нь тэрээр 2018 онд “Усны хэлбэр” (The Shape of Water) бүтээлээрээ шилдэг кино, шилдэг найруулагчийн төрөлд шагнуулсан юм.

Oskar2.2 тэрбум ам.доллар хураан өнгөрсөн оны хамгийн орлоготой кино болсон Жеймс Камероны уран зөгнөлт “Аватар: Усны замнал” (Avatar: The Way of Water) шилдэг дүрсний эффекттэй киногоор тодорсонд мөн гайхах зүйлгүй.

Харин бага, залуу наснаасаа хэрхэн кино урлагтай холбогдсон тухай өөрийн дурсамж дээрээ үндэслэсэн Стивен Спилбергийн “Фабелманыхан” (The Fabelmans) кино зургаан номинацид нэр дэвшсэн ч шагналгүй хоцров. Уг нь нэрт найруулагч “Оскар”-ын удиртгал гэгддэг “Алтан бөмбөрцөг”-т энэ бүтээлээрээ шилдэг драмын кино, шилдэг найруулагчийн шагналыг тус тус аваад байсан билээ. Гэхдээ хийдгээ хэдийн хийж, гурвын гурван “Оскар”-ын барималтай түүнтэй хэн юу ярих вэ дээ.

OskarТөгсгөлд нь “Оскар”-ын энэ удаагийн бүх 23 номинацид түрүүлэгсдийн жагсаалтыг толилуулъя.

  • Шилдэг кино: “Бүхнийг хаанаас ч нэг дор” \ Everything Everywhere All at Once Продюсерууд- Дэниел Кван, Дэниел Шайнерт, Жонатан Ванг
  • Шилдэг найруулагч: Дэниел Кван, Дэниел Шайнерт (“Бүхнийг хаанаас ч нэг дор” \ Everything Everywhere All at Once)
  • Шилдэг эрэгтэй жүжигчин: Брендан Фрейзер (“Халим” \ The Whale, Чарлигийн дүр)
  • Шилдэг эмэгтэй жүжигчин: Мишель Йео (“Бүхнийг хаанаас ч нэг дор” \ Everything Everywhere All at Once, Эвелин Вангийн дүр)
  • Шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчин: Куан Ке Хю (“Бүхнийг хаанаас ч нэг дор” \ Everything Everywhere All at Once, Веймонд Вангийн дүр)
  • Шилдэг эмэгтэй туслах дүр: Жейми Ли Кертис (“Бүхнийг хаанаас ч нэг дор” \ Everything Everywhere All at Once, Дейдра Боубейрдрагийн дүр)
  • Шилдэг зохиол: Дэниел Кван, Дэниел Шайнерт (“Бүхнийг хаанаас ч нэг дор” \ Everything Everywhere All at Once)
  • Шилдэг тохируулсан зохиол: Сара Полли (“Эмэгтэйчүүд ярина” \ Women Talking, Мириам Тейвсийн романаар сэдэвлэсэн)
  • Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино: “Гильермо дел Торогийн Пиноккио” \ Guillermo del Toro’s Pinocchio (Гильермо дель Торо, Марк Густафсон, Гэри Ангар и Алекс Балкли)
  • Шилдэг гадаад хэл дээрх кино: “Өрнийн фронтод онцын гойд юмгүй” \ All Quiet on the Western Front (Найруулагч Эдвард Бергер)
  • Шилдэг киноны хөгжим: Фолкер Бертелманн (“Өрнийн фронтод онцын гойд юмгүй” \ All Quiet on the Western Front)
  • Шилдэг киноны дуу: “Naatu Naatu” (“Бослогын архиралт” \ RRR – Rise Roar Revolt. М.М.Киравани, Чандрабоуз)
  • Шилдэг эвлүүлэг: Пол Рожерс (“Өрнийн фронтод онцын гойд юмгүй” \ All Quiet on the Western Front)
  • Шилдэг зураглаач: Жеймс Френд (“Өрнийн фронтод онцын гойд юмгүй” \ All Quiet on the Western Front)
  • Шилдэг зураач: Кристиан М. Голдбек, Эрнестин Хиппер (“Өрнийн фронтод онцын гойд юмгүй” \ All Quiet on the Western Front)
  • Шилдэг хувцасны дизайн: Рут Э.Картер (“Хар ирвэс: Үүрдийн Ваканда” \ Black Panther: Wakanda Forever)
  • Шилдэг дууны найруулга: Марк Вайнгартен, Жеймс Х. Матер, Эл Нельсон, Крис Бердон, Марк Тейлор (“Топ Ган: Маверик” \ Top Gun: Maverick)
  • Шилдэг дүрсний эффект: Жо Леттери, Ричард Банехам, Эрик Сейндон, Дэниел Барретт (“Аватар: Усны замнал” \ Avatar: The Way of Water)
  • Шилдэг нүүр будалт, үс засалт: Эдриен Моро, Жуди Чин, Энн Мари Брэдли (“Халим” \ The Whale)
  • Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино: “Жаалхүү, сохор номин, үнэг ба морь” \ The Boy, the Mole, the Fox and the Horse (Чарли Маккизи, Мэттью Фройд)
  • Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино: “Навальный” \ Navalny (Дэниел Роэр, Одесса Рэй, Дайан Беккер, Мелани Миллер, Шейн Борис)
  • Шилдэг богино хэмжээний баримтат кино: “Заанд шивнэгчид” \ The Elephant Whisperers (Картики Гонсалвес, Гунит Монга)
  • Шилдэг богино хэмжээний уран сайхны кино: “Ирланд маягийн салах ёс” \ An Irish Goodbye (Том Беркли, Росс Уайт)

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img