2025-01-03, Баасан
-30 C
Ulaanbaatar

Александра Гармажапова: Оросын эрх баригчид “Чөлөөт Буриад” санг гадаадын тагнуулч байгууллага хэмээн зарласанд гайхах зүйлгүй

Хэд хоногийн өмнө ОХУ-ын Хууль зүйн яам “Чөлөөт Буриад” санг гадаадын тагнуулч байгууллага хэмээн зарласан билээ. Үүнээс таван сарын өмнө буюу өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тус сангийн хамтран үүсгэн байгуулагч, тэргүүн Александра Гармажаповаг гадаадын тагнуулч бие хүмүүсийн жагсаалтад оруулж, ОХУ даяар эрэн сурвалжилж эхэлжээ. Тэрээр ОХУ-ын Украинд өдөөсөн дайныг анхнаас нь эрс эсэргүүцэж, Буриадад цэргийн дайчилгааг хууль зөрчин хүч хэрэглэж явуулсан талаар анх мэдээлсэн хүмүүсийн нэг билээ. “Чөлөөт Буриад” сангийн тэргүүн Александра Гармажаповагийн “Deutsche Welle” агентлагт өгсөн ярилцлагыг дор хүргэж байна.

-“Чөлөөт Буриад” санг гадаадын тагнуулч байгууллага гэж зарласныг сонссоны дараах таны анхны сэтгэгдэл ямар байсан бол? Танай сангийн гишүүд үүнд хэрхэн хандсан бэ?

-Оросын эрх баригчид “Чөлөөт Буриад” санг гадаадын тагнуулч байгууллага хэмээн зарласанд гайхах зүйл ер үгүй. Иймд энэ мэдээг би тайван хүлээж авсан. Тэгээд ч энэ нь бидний үйл ажиллагааг нэг ёсондоо үнэлж буйн илрэл гэлтэй. Манай сан бол дайныг эсэргүүцэх санаачлага гаргасан ОХУ-ын анхны үндэстний байгууллага. Бидний жишгийг даган ОХУ даяар олон арван үндэстний байгууллагууд үүсч эхэлсэн. Харин одоо “Чөлөөт Буриад” сан гадаадын тагнуулч гэгдсэн Орос дахь анхны үндэстний байгууллага боллоо. Сангийн гишүүд маань ч ийм юм болно гэдгийг хэзээнээс мэдэж бэлтгэлтэй байсан. Манай санг гадаадын тагнуулчаар зарлах шийдвэр нэлээд хэдэн сарын өмнө гаргасан нь угаасаа ойлгомжтой.

-Тэгвэл чухам яагаад одоо л зарлаж байна вэ?

-Оросын удирдлагын ээлжит шоунд нь хэрэг болсон гэж бодох юм. Владимир Путин Холбооны аюулгүйн албаны хуралдаанд саяхан үг хэлэхдээ, Оросын задралын сэдвийг хөндөж, үүнийг хүсэгчид цөөнгүй бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг оролдож буйг тэмдэглэсэн. Тийм хүмүүсийг тэрээр “новшнууд” гэж тодорхойлсныг бүгд л харсан, сонссон. Үүний дараахан “Чөлөөт Буриад” санг гадаадын тагнуулч байгууллага хэмээн зарласнаас гадна Владимир Путин Буриадад очино гэсэн мэдээлэл ил, далдаар их цацагдах боллоо. Энэ бүхэн хоорондоо уялдаатай юм шиг санагдах юм.

-Тэгвэл Владимир Путин Улаан Үдэд ирэхтэй холбоотой байсан байж таарах нь ээ?

-Владимир Путин Улаан Үдэд ирэх нь манай сангийн үйл ажиллагаанаас ямар нэг хэмжээгээр үүдэлтэй гэж харж байна. Тэрээр биднээс болж бункерээ орхиход бэлэн байгаа нь сайхан хэрэг.

-ОХУ-ын Хууль зүйн яамны энэ шийдвэр эх орондоо үлдсэн танай сангийн ажилтнуудад хэрхэн нөлөөлөх бол?

-Орост одоогоор манай сангийн цөөхөн ажилтан үлдсэн. Бид тэднийгээ эрсдэлтэй байдалд оруулахгүй байхыг хичээн эрүүгийн ямар нэг зүйл ангиар шийтгэл хүлээж болохуйц даалгавар өгөхгүй байгаа. Харин гадаадад амьдарч буй сангийн гишүүдийн хувьд гэвэл, намайг эрэн сурвалжилж эхэлснийг зарлахад тэдний нэг нь ч сангийн ажлаас холдоогүй. Харин ч эсрэгээр, илүү идэвхтэй оролцох болсон.

-Танай сан цаашид юу хийх вэ?

-Бид хүн идэгч мангасууд гэж хэлж болохоор эрх баригчдын шийдвэрээс болж зорилгоосоо ухрахгүй, үйл ажиллагаандаа ямар ч өөрчлөлт оруулахгүй. Угаасаа ч ийм юм болно гэдэгт бид сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байлаа. Мэдээж хэрэг бид юуны түрүүнд Хууль зүйн яамны энэ шийдвэрийг бид эсэргүүцэн шүүхэд хандах болно.

-“Чөлөөт Буриад” сангаас ойрд ямар санал, санаачлагууд хүлээж болох вэ?

-Буриадад цэргийн дайчилгааг ямар хэрцгий аргаар хийснийг бид дэлхий нийтэд мэдээлсэн. Шөнө дөлөөр гэртээ унтаж байхад нь шууд хүчээр цэрэгт дайчлан дайн руу илгээж байсан тухай олон баримтуудыг дэлгэсэн. Энэ чиглэлийн ажлаа цаашид ч хийх бодолтой. Хүмүүс өөрсдийн эрхээ хамгаалах иймэрхүү үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцож эхлээсэй гэж ихэд хүсэх юм.

Буриадаас цэрэгт татагдсан олон хүүхдийн эцэг хоёрдугаар сарын 24-нд дайны талбарт амь үрэгдсэн тухай бид мэдэж авлаа. Уг нь манай сангийн хуульчид харамсалтайгаар амиа алдсан тэр хүнд туслахыг эрмэлзэн эхнэрт нь зөвлөгөө өгч байсан юм. Эхнэр нь манай хуульчидтай байнга холбоотой байж нөхрөө дайнд илгээхээс сэргийлэх бүхий л алхмуудыг хийхэд бэлэн байсан ч 45 настай олон хүүхдийн эцэг хууль эрх зүйн ямар нэг тусламж авахаас татгалзсан, тэгээд амь насаа алджээ. Энэ тал дээр л бид илүү идэвхтэй ажиллах болов уу. Хүмүүсийг ядаж өөрсдийнхөө амь насны төлөө тэмцэх хэрэгтэй гэдгийг ойлгуулах нь маш чухал байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img