Украины хилээс холгүй оршдог Польшийн Жешув хот дахь цэргийн баазад Их Британийн цэргийн анги байрладаг ажээ. Жешув дахь Их Британи, АНУ, Польшийн нисгэгчид мөр зэрэгцэн Польшийн агаарын аюулгүй байдлыг хангадаг байна. Тэгвэл Их Британийн хаан ширээг залгамжлагч хунтайж Уильям өчигдөр гэнэт Жешувт хүрэлцэн очиж эх орон нэгт цэргийн албан хаагчдаа эргэжээ.
Хунтайж Уильям “Нийт Европын ардчилал, эрх чөлөөг хамгаалах ариун үйлсэд хүчин зүтгэж байгаа та бүхэнд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлэх гэж би энд өөрийн биеэр хүрэлцэн ирлээ. Эх орон тань та нараараа бахархаж, бүрэн дүүрэн дэмжиж буйг хэлэхэд таатай байна” гэжээ. Хунтайж Уильямыг Жешув дахь цэргийн ангиас Варшавт хүртэл энэхүү аяллыг нь нууцалж байсан аж.
Тэрээр Варшавт хэвлэлийнхэнтэй уулзахдаа зовлонд нэрвэгдсэн хөршүүддээ үүд хаалгаа, зүрх сэтгэлээ нээсэн Польшийн өр нимгэн хүнлэг ард түмэнд мэхийн ёсолж буйгаа илэрхийлжээ. Орос Украин руу халдан довтолж эхэлснээс хойш Польш улс хамгийн олон буюу 1.5 сая украин цагаачдыг хүлээн авч орогнуулсан юм. Хунтайж Уильям өнөөдөр Варшав дахь нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд цэцэг өргөх ба Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудатай уулзах юм байна.