2024-12-21, Бямба
-31 C
Ulaanbaatar

Үнэ чөлөөлж байж л эрчим хүчний хямралаас гарна

Өнгөрсөн сард ашигласан үйлчилгээнүүдийнхээ төлбөрийг хэрэг болгож сонирхлоо. Гар утсаар ярьсны төлбөр 73498 төгрөг гарчээ. Сарын дундаж хэрэглээ маань 60-70 мянга хавьцаа байдаг юм. Их дата хэрэглэсэн үед бүр 100 мянган төгрөг давчихдаг талтай. Нөхрийн гар утасны төлбөрийг нэмбэл манайхаас бараг 200 мянга дөхөхөөр мөнгө үүрэн холбооны үйлчилгээнд зориулагддаг.

Байрны төлбөр ковидоос өмнө 60-70 мянгад хэлбэлзэж байсан бол ковидын дараа сард 80-90 мянган төгрөгийн төлбөрийн нэхэмжлэх ирдэг болсон. Өнгөрсөн сард манайх гэдэг айл 87378 төгрөгийн ус, дулаан хэрэглэжээ. Univison-ий төлбөр 104 мянга давчхаж. Төлбөртэй кино үзэхгүй, элдэв багц идэвхжүүлэхгүй бол сард Univision хэрэглэснийхээ төлөө 70 гаруй мянган төгрөг зарцуулдаг юм.

Төдийгөөс өдий хүртэл нэмэгдээгүй ганц л нэхэмжлэх бий. Тэр нь цахилгаан хэрэглэсний төлбөр. Манайх өнгөрсөн сард 23834 төгрөгийн цахилгаан хэрэглэжээ. Зөвхөн гар утсаар ярьсныхаа төлбөрт 100 мянгыг төлдөг гээд харьцуулахаар хэтэрхий бага мөнгө л дөө. Эрчим хүчний салбар гал алдчихсан яваа үед гурван өрөө байртай, хоёр хүүхэдтэй, цахилгаан идэвхтэй ашигладаг айл ийм бага төлбөр төлж суугаа нь хөндөхөөс аргагүй эмзэг сэдэв.

Манайх цахилгаанаа үйлдвэрлэсэн өртгөөс нь бага үнээр хэрэглэгчдэд түгээдэг цор ганц улс. Сүүлийн статистик харахад станцууд цахилгаанаа 180 төгрөгөөр үйлдвэрлээд 140 төгрөгөөр зарж байгаа юм билээ. Эрчим хүчний салбараа зах зээлийнх нь жамаар хөгжүүлье гэсэн агуулгатай хуулиа 2001 онд баталсан ч үйлдвэрлэсэн өртгөө нөхөх хэмжээний үнэ тариф тогтоож байсан түүх өнгөрсөнд үгүй. Өнөөдөр гэхэд л 30 хувийн алдагдал хүлээгээд явж байх жишээний. Ухаандаа “Талх чихэр” компани “Атар талх”-аа 2000 төгрөгийн зардлаар хийчхээд 1500 төгрөгөөр зарж байна гэсэн үг л дээ.

Монголд ийм илт буруу гажуудалтай бизнес эрчим хүчнээс өөр байхгүй.

Энэ зуур онцлоход үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ үнийг ядаж 10-20 хувиар өсгөж байж хэрэглэгчдэд найдвартай цахилгаан түгээх боломж бүрдэнэ хэмээн салбарынхан ярьж байна. Өнөөдрийн тухайд юун арван хувийн ашиг, ядаж өртгөөр нь зарж эхлэх тухай асуудал эрчим хүчнийхний мөрөөдөл болчихсон яваа. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ өртгөөс нь доогуур ханшаар зарснаас үүдэж эрчим хүчний салбар 2020 онд 92 тэрбум, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн гэх статистик дурайдаг. 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 168 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах төлөв харагдаж байгаа гээд бодохоор энэ тоо жил ирэх бүр өсөх нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гардаг шиг тов тодорхой зүйл. Эрчим хүчний хэрэглээ жил бүр 5-8 хувиар өсөж байгаа гэсэн өнцгөөс харахад дараа жилийн алдагдал өлхөн 200 тэрбум давах байх.

Эрчим хүчний салбарын үнийн бодлого цор ганцаараа ийм гажуудалд орчихсон нь ганцхан шалтгаантай. Хувьчлаагүй, зах зээлийн жамаар явуулаагүй, салбарын хараат бус зохицуулалт султай, үнэ тариф тогтооход төрийн оролцоо ихтэй төрийн зохицуулалттай үнэ төлбөртэй явж ирсэн учраас салбараараа элгээрээ хэвтэхдээ тулаад буй. Нэг тоо хэлье. Эрчим хүчний салбарт 2015 оноос хойш тарифын шинэчлэл хийлгүй өнөөг хүрчээ. Тэр үед долларын ханш 1984 төгрөг байсан бол өнөөдөр 3450 гаруй төгрөг рүү цойлчихсон яваа. Ингээд харахаар эрчим хүчний тарифыг зайлшгүй нэмэх шалтгаан аль хэдийнээ бүрдчихсэн гэдэгтэй уншигч та санал нийлэх байх.

Өчигдөр гэхэд л Амгалан дулааны станцад гэмтэл гарч, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо халуун усгүй болсон мэдээ сошиалаар хөвөрч байна. Үнээ нэмэхгүй, станцуудаа өргөтгөхгүй энэ хэвээр аж төрвөл ганц хороо биш улсаараа халуун усгүй хөлдөх эрсдэл ойрхон байгаа нь булзах аргагүй үнэн. Улсаараа хөлдөх дээрээ тулбал хамгийн түрүүнд хохирох хэсэг нь иргэд өөрсдөө. Гуравдугаар дулааны цахилгаан станцын өргөтгөлийг хийх хүртэл нэг ч барилга байгууламж барих боломжгүйд хүрснийг энэ ташрамд эргэн сануулъя.

Манай улсын төвийн эрчим хүчний систем 1500 мегаватт орчим суурилагдсаны хүчин чадалтайгаас ная орчим хувийг нь нүүрсний цахилгаан станцаасаа хангадаг. Үүн дээр сэргээгдэх эрчим хүчний тун бага хувь нэмэгдэнэ. Үлдсэн хувийнхаа хэрэглээг ОХУ-аас импортолж гүйцээдэг. Товчхондоо бид эрчим хүчээрээ хойд хөршийн импортоос бүрэн хараат аж төрж яваа. Ер нь ямар ч улс эрчим хүчний хувьд хорь орчим хувийн нөөц эх үүсвэртэй байх ёстой гэсэн жишиг барьж ажилладаг. Манай хувьд хорин хувийн нөөц бүү хэл жаахан хүйтрэхэд байгаагаа тултал ашиглаад ч хэрэглээгээ хүчрэхгүй хэмжээнд хүрсэн нь нуух юмгүй ил үнэн. Салбарын мэргэжилтнүүд 2022-2025 онуудад шинэ эх үүсвэр ашиглалтад орохгүй бол импортоор эрчим хүч аваад ч хэрэглээнийхээ өсөлтийг хангаж чадахгүй гэж сануулаад эхэлсэн нь цаанаа ийм учиртай.

Эрчим хүчний салбарт улс төрийн шийдвэрээс үл хамааран хэрэглэж болох ганц л арга үлдсэн. Тэр нь хэмнэлт. Хэрэглэгч бүр хэмнэлт хийж чадвал олоогийн нөөцөөрөө 2026 он хүртэл тэснэ гэх арга ядсан тайлбарыг салбарынхан хэлж сууна. Өнөө жил системийн оргил ачаалал 1500 МВт давах тооцоо гарчхаж. 1500 давбал хязгаарлалт хийхээс аргагүй байдалд хүрэх юм билээ. Өнгөрсөн жил 1387, бараг 1400 хүрч байж. Монгол Улсын зөвлөх инженер Р.Ганжуурын “Энэ өвөл хот хөлдөх эрсдэлтэй. Гаазан плитка, лаагаа бэлд” гэсэн сануулга зүгээр ч нэг үг биш гэдгийг дээрх тоонууд нотолж байна.

Эрчим хүчний салбарын зовлонг ойрын хугацаанд шийдэхүйц улс төрийн нэг арга бий. Тэр нь эрчим хүчний тарифыг нэмэх. Саяхан “Тэнгэр” телевизээр өрнөсөн хэлэлцүүлгийн үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны газрын дарга Ц.Атаржаргал “Үнэ одоогийнхоороо явах боломжгүй. Наад зах нь засвар хийх боломжгүйд хүрнэ. Засвар хийхгүй бол техник ажиллахгүй. Гэхдээ бид айл өрхийн цахилгааныг нэмэхгүй гэж бодож байгаа” гэсэн үг унагана лээ. Ц.Атаржаргалын үнэ нэмэхээс өөр аргагүй гэх учирлалтай санал нэг байна. Айл өрхийн хэрэглээний төлбөрийг нэмэхгүй гэдэг мэдэгдэл нь харин хүлээн зөвшөөрөмгүй байр суурь. Сард телевиз үзэж, утсаар ярихдаа 50-100 мянган төгрөг өлхөн зарцуулж яваа айл өрхийн хувьд бүтэн сарын турш 20 гаруйхан мянгаар цахилгаан хэрэглэнэ гэдэг хэт ялгаатай харьцаа. Шуудхан хэлэхэд нэг айл өрхийн сарын турш хэрэглэсэн цахилгааны төлбөр хоёр, гуравхан аяга кофетой тэнцэж байна. Гэхдээ ахуйн хэрэглэгчийн суурь хэрэглээ болох сарын 100кВтц -ын хувьд үнэ нэмэхгүй, давсан хэрэглээний үнийг нэмэгдүүлэх нь бага орлоготой иргэдээ хамгаалах, эрчим хүчээ хэмнэх үнийн мэдрэмж төрүүлэхэд зохистой гэж бодно.

Улстөрчдийн тухайд ирэх сонгуулиа бодоод иргэдийн цахилгааны хэрэглээний төлбөрийг нэмэхгүй гэсэн шийдэл дээр кноп дарах байх. Эрх баригчдын хувьд жил дараалсан ковидын тархалт, хэзээ дуусах нь мэдэгдэхгүй дайнаас болж нэгэнт хэцүүдчихсэн аж ахуйн нэгжүүддээ дарамт нэмж, баялаг бүтээдэг хэсгийнхээ цахилгааны төлбөрийг нэмэх шийдэлд хүрснээ зарлачихсан. “Тэнгэр” телевизийн хэлэлцүүлэгт оролцсон ноолуурын компанийн төлөөлөл “Аж ахуйн нэгжүүдийн тариф 28 хувиар нэмэгдвэл бидэнд хүндрэлтэй тусна. Манай компани гэхэд сардаа 50- 80 сая төгрөгийг цахилгааны төлбөрт өгдөг. Одоо ярьж байгаа хувиар нэмчихвэл сарын төлбөр маань 10-15 сая төгрөгөөр өснө. Ийм хэцүү цагт энэ бол маш том дарамт” гэнэ лээ. Бодохоор л үг.

2025 он хүртэл аваарын гэрлээ асаачихсан яваа, 200 тэрбум төгрөгийн алдагдалтай эрчим хүчний салбарыг аврах ганц шийдэл бол үнэ чөлөөлөх.

Нийтлэлийнхээ төгсгөлд эрчим хүчний салбарыг аврах бодит шийдлүүдээс хуваалцъя. 2025 он хүртэл аваарын гэрлээ асаачихсан яваа, 200 тэрбум төгрөгийн алдагдалтай эрчим хүчний салбарыг аврах ганц шийдэл бол үнэ чөлөөлөх. Үнэ чөлөөлж байж л энэ салбарт өрсөлдөөн бий болно. Өрсөлдөөнтэй болчихвол эцсийн дүндээ хэрэглэгчид хождог кейс өчнөөнөөрөө бий. Үүрэн холбооны үйлчилгээ гээд харахад л Мобиком энэ салбарт ганцаараа ажиллаж явах үед үнэ хөлс нь ямар байлаа. Утсаар ярих тансаг хэрэглээнд багтдаг байлаа. Үнийг нь чөлөөлж, өрсөлдөх орон зайг нь бүрдүүлээд өгчихсөн учраас Мобикомын үйлчилгээний өндөр үнэ удаан үргэлжлээгүй. Скайтел, Жи Мобайл, Юнител шил дараалан гарч ирж, өдгөө бид дэлхийн хэмжээний чанартай үйлчилгээг өрсөлдөхүйц хямд үнээр авдаг болчихсон. Эрчим хүчний үнийг чөлөөлсний дараа ч яг ийм процесс өрнөх нь ойлгомжтой. “Хэзээ тог таслах бол” гэсэн айдасгүйгээр чанартай үйлчилгээ авч, авсан үйлчилгээндээ тохирсон төлбөр мөнгөө төлөөд явцгаана.

Эрчим хүчээ хямралаас гаргах өөр нэг гарц бол хүчин чадлаа өргөтгөх. ТЭЦ-5, Эгийн гол, Багануур гээд яривал энэ салбарт бүтэлгүйтсэн төсөл өчнөөн. Цаана нь улс төр, эрх ашгийн зөрчил гээд олон шалтгаан бий. Ажил, санхүүжилт нь нааштай яваа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гэхэд л бөөн улс төртэй явна. Таван толгойн станц, ТЭЦ-III-ын өргөтгөл тойрсон асуудлуудыг анзаарахаар эрчим хүчний шинэ эх үүсвэр 2025 он гэхэд баригдахгүй зураг харагдаж байна. Дэлхий даяар нүүрсхүчлийн хийг бууруулах арга хэмжээ авч, дулааны цахилгаан станцын санхүүжилтийг зогсоож байгаа өнөө үед эрчим хүч үйлдвэрлэх Тэгэхээр хүчин чадлыг аа нэмье гэвэл цөмийн эсвэл сэргээгдэх эрчим хүчээр бий болгохоос өөр арга бага болжээ. Тиймээс энэ чиглэлд мөнгө татаж, нар, салхины станцууд барих л хамгийн ойрын бодитой шийдэл болоод байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img