ЗХУ-ын үеэс л төрөлхийн хөдөлгөөний эвсэл сайтай гүрж хөлбөмбөгчид гаргууд техникээрээ гайхагддаг байлаа. Өрсөлдөгч багийнхаа хэдэн ч хамгаалагчийг түвэггүй хуурах чадвартай тэднийг ямар сайндаа л “Зөвлөлтийн бразилчууд” гэж нэрлэх вэ дээ. Европын нэр хүнд бүхий Цомтой багуудын цомын тэмцээнд ЗХУ-ын хоёрхон баг түрүүлсэн нь Киевийн болон Тбилисийн “Динамо”. 1970-аад оны сүүлээс Тбилисийн “Динамо”-гийн алтан үе бүрэлдсэнээр тус баг 1978 онд хоёрдахь удаагаа ЗХУ-ын аварга болж,1981 онд Англи, Испани, Нидерланд, Франц, Германы хүчтэй багуудыг буулган авсаар Цомтой багуудын цомыг гардсан билээ. Тэгэхэд Тбилисийн “Динамо”-д Давид Кипиани, Владимир Гуцаев, Гоча Мачаидзе, Виталий Дараселия, Александр Чивадзе, Шота Хинчагашвили, Рамаз Шенгелия гээд олон алдартай хөлбөмбөгчин ид гялалзаж байсныг манай хөлбөмбөгийн хорхойтнуудын ахмад үе андахгүй сайн мэднэ.
Тэгвэл өдгөө дэлхийн шилдэг лигүүдийн нэг, Италийн “Сери А”-д Хвича Кварацхелия гэдэг гүрж залуу ид дуулиан тарьж байна. Өнгөрсөн зуны шилжилтийн цонх хаагдахаас өмнөхөн албан ёсоор “Наполи” багийн зүүн жигүүрийн хагас хамгаалагч болсон тэрээр “Сери А”-д хийсэн анхны тоглолтдоо л “Верона”-гийн хаалганд гоолдсон юм. Тэр цагаас хойш хууралтын гайхамшигтай техниктэй, хүчтэй цохилттой, талбайг гойд сайн харж оновчтой дамжуулалт хийдэг тэрээр хэдийн “Наполи”-гийн түлхүүр тоглогчдын нэг болж, талбай дээр 30 тоглолтод гарахдаа өрсөлдөгчдийнхөө хаалганд 14 бөмбөг оруулж, 16 гоолын дамжуулалт хийжээ.
Түүний онцгой сайн тоглолтын үр дүнд Лучано Спалеттигийн удирдсан “Наполи” “Сери-А”-г тэргүүлэх болж, араас нь нэхэж яваа “Лацио”-гоос даруй 19 оноогоор тасраад буй. Ийнхүү “Наполи” 33 жилийн дараа дахин Италийн аварга болоход алхам алхмаар ойртсоор. Үүнээс гадна тус баг түүхэндээ анх удаа Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгарч чадлаа.
Хвича Кварацхелия өнгөрсөн хоёрдугаар сард “Сери-А”-д хоёр дахь удаагаа сарын шилдэг тоглогчоор тодорсон. Энд тэмдэглэхэд, 183 см өндөр, 70 кг жинтэй тэрээр хоёрдугаар сарын 12-нд дөнгөж 22 нас хүрчээ. “Сери-А”-гийн энэ жилийн гол нээлт болсон гүрж залуугийн аав Бадри Кварацхелия мөн л хөлбөмбөгчин байсан аж. Гүржийн нэг, Азербайжаны дөрвөн удаагийн аварга тэрээр зодог тайлсныхаа дараа дасгалжуулагч болжээ.
“Наполи”-гийн ахлах дасгалжуулагч Лучано Спалетти нэгэнтээ, “Кварацхелиягийн бөмбөг эзэмших техник дэлхийд яах аргагүй дээгүүрт тооцогдоно. Үүнээс гадна тэрээр гоолын онцгой мэдрэмжтэй. Ер нь тоглолтын бүхий л арга барилд ялгаагүй тэгш сайн” гэж онож магтсан нь бий.
Тэгвэл багийнх нь гол хамтран тоглогч, “Сери-А”-гийн мэргэн буучдын жагсаалтыг 21 гоолтойгоор тэргүүлж яваа Виктор Осимхен “Sky Sports” хэвлэлд ярихдаа, “Би Хвичаг манай багт ирэнгүүт л сайн залуу гэдгийг нь мэдэрсэн. Талбай дээр ч, талбайн гадна ч тэр үргэлж зөв юм хийдэг юм. Би түүнийг ойрын жилүүдэд дэлхийн шилдэг хөлбөмбөгчний “Алтан бөмбөг” шагнал гардана гэдэгт итгэдэг. “Наполи”-г олон амжилтад хүргэнэ гэдэгт нь ч найддаг юм” гэжээ.
Харин Хвича Кварацхелия “Football Italia”-д саяхан ярилцлага өгөхдөө, “Наполи”-д ирээд би хамгаалалтын тоглолтдоо илүү анхаарал хандуулж, одооноос л жинхэнэ утгаараа багийн тоглолттой болж байна. Өмнө нь энэ тал дээр надад тэнцвэр, баланс тааруу байсан юм. Багийн нөхдийнхөө ачаар миний чадвар илүү сайжирлаа. “Верона”-гийн эсрэг анхны тоглолтдоо гоол оруулсан нь өөртөө итгэлтэй болоход минь эерэгээр нөлөөлсөн болов уу. Ер нь би талбай дээр ч, түүний гадна ч ялагдах тун дургүй хүн л дээ” гэж өөрийгөө нэлээд даруухнаар илэрхийлсэн нь “Наполи”-гийн хөгжөөн дэмжигчид төдийгүй хөлбөмбөгийн нийт хорхойтнуудад таалагдсан юм.
“Наполи”-гийн үе үеийн хөгжөөн дэмжигчдийн гол шүтээн бол яах аргагүй Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадона. Түүнийг 1984 онд Неапольд хөл тавьсны дараагаар л “Наполи” хоёронтаа Италийн аварга болж, УЕФА-гийн цомд анх удаагаа түрүүлсэн. Тийм учир Диего Марадонаг нас барахад “Наполи”-гийн “Сан Паоло” цэнгэлдэх хүрээлэнг аргентин хөлбөмбөгчний нэрэмжит болгосонд гайхах зүйлгүй.
Тэгвэл “Наполи”-д тэрхүү алтан үеийг өдгөө эргэн авчрах гол найдвар нь Хвича Кварацхелия болжээ. Иймээс ч тус багийн хөгжөөн дэмжигчид гүрж залууг Диего Марадонатай зүйрлээд зогсохгүй “Кварадона” гэж товчилж хайр хүндэтгэлтэйгээр дууддаг аж. Алдарт хөлбөмбөгчний хүү, бага Диего Марадона хэлэхдээ, “Кварацхелия эрч хүчтэй тоглогч. Түүнд цаашид улам бүр сайжрахад шаардлагатай бүхий л үзүүлэлт байна. Эцэг минь тэнгэрээс өнөөгийн “Наполи”-гийн тоглолтыг хараад бахархаж байгаа даа” гэжээ.
Энэ улиралд Хвича Кварацхелия “Наполи”-гийн бүрэлдэхүүнд Италийн аварга болох магадлал туйлын өндөр. Аваргуудын лигт ч түрүүлэх юм бил үү, хэн мэдлээ. Бөмбөг бөөрөнхий юм хойно.
Харин ирэх улиралд “Наполи” авьяаслаг залуу хөлбөмбөгчнөө бүрэлдэхүүндээ үлдээж чадах нь эргэлзээтэй. Юу гэвэл, Хвича Кварацхелияг “Реал”, “Пари Сен Жермен”, “Манчестер Сити” зэрэг супер багууд хэдийн сонирхоод эхэлжээ. Тэдгээр баян багууд явъяаслаг гүрж тоглогчийг өөрийн болгохын тулд мөнгө хайрлахгүй нь ч тодорхой.