2024-12-21, Бямба
-30 C
Ulaanbaatar

Шавжны үзэсгэлэнт төрхийг “Нуугдмал ертөнц”-өөс илрүүлээрэй

“Нуугдмал ертөнц”-ийг ил болгосон гэрэл зургийн үзэсгэлэн Блюмоны  “Norphei art gallery”-д гарч байна. Амралтын өдрүүдээр нийтэд толилуулагдах уг үзэсгэлэнг  Шувууны Жаргал гэгддэг гэрэл зурагчин Л.Жаргалсайхан, гэрэлт зураг сонирхогч, судлаач Ц.Өлзий, Н.Батхүрэл, Д.Лхагваүрэн нар  хамтран гаргажээ. Шавжны макро гэрэл зургаар гарч байгаа анхны үзэсгэлэн юм байна. Бяцхан үзэгч нартаа зориулан үзэсгэлэнгийн зургуудыг тэдний өндөрт тохируулан байрлуулсан гэнэ шүү.

Ламжавын гэхээсээ Шувууны хэмээн овоглогддог гэрэл зурагчин  Жаргалсайхан хэрхэн шавж сонирхох болсныг сонирхов.

Тэрбээр  гадаад харилцааны мэргэжилтэй, уул уурхайд гуч гаруй жил ажиллаад, тэтгэвэрт гарчээ. Залуудаа гэрэл зураг сонирхож, найз нөхдийнхөө зураг авч явсан. Нэгэн үе найз нөхдөө дагалдан баясч ан гөрөөнд  морддог байсан ч энэ хоббигоо орхиж, гэрэл зургийн аппараттай нөхөрлөх болсон гэнэ. 2011 оноос шувууны зураг авах сонирхолтой болж, “Шувууны” Жаргал хэмээн овоглогдох хүртлээ хоббигоо хөгжүүлсэн тухайгаа ийнхүү ярьж байна.

-Шувууны зураг авахын тулд хээр их явна. Сэтгэл санаа уужирна. Өдөр өнгөрч байгааг нарны гэрлээр л мэдэрдэг. Шувууны зураг авахын тулд  өглөө эрт очиж нар мандахад байраа эзэлдэг. 10-11 цагийн хооронд арга буюу завсарладаг юм. Шувуу хөөцөлдөөд, олон найз нартай болж, хамтарч яваад, 2018 онд тэтгэвэрт гарсан. Ц.Пүрэвсүрэн гэж судлаачтай хамтарч “Монгол орны шувуу” гэрэл зурагт лавлах ном гаргасан.

Шавж судлаач Ч.Гантигмаа доктор,  биологийн хүрээлэнгийнхэн урьж “Усны цох гэж жижигхэн амьтны зураг авч өгөөч” гэсэн юм. Эхэндээ “Би чадахгүй, мэдэхгүй, макро зураг гэж юу байдаг юм ерөөсөө оролдож байгаагүй” гэж байлаа. Биологийн хүрээлэнгийн судлаачидтай хамтарч, зургаа долоон ном товхимол гаргажээ. Шавж судлаачдыг дагаж зун экспедицээр явдаг.

Шавжны зураг авахад хэцүү. Бүтэн далавч, фокустаа оруулахад амаргүй гэж ярив.

 Таван жилийн хамтарсан ажлын үр дүнгээ “тайлагнаж” макро зургийн үзэсгэлэн гаргаж буй. Баасан гарагийн 11 цагаас нээгдсэн уг үзэсгэлэн бүтэн сайн өдрийг дуустал ажиллана. “Хүүхдүүд Ларва гээд шар авгалдайн тухай хүүхэлдэйн кинонд дуртай. Үзэсгэлэн дээр ирж Ларва авгалдайнхаа бодит зургийг хараарай” гэж Л.Жаргалсайхан урьсан шүү.

Судлаачид  зургийн дэргэд шилтэй  шавжнуудын дээж байрлуулжээ. Энд жижиг шавжнуудын зургийг томоор харах боломжтой.

Шавжны зургийг энгийн дурангаар авбал фокусгүй, деталь нь гарахгүй.  50-60 зүсэлт хийж, макро зураг авдаг. Зүсэлтүүдийг нь нийлүүлэхээр тод зураг гардаг гэнэ.

Үсэрхэг  шавжнууд үсний үзүүртээ харшил өгдөг шидтэй учраас хамаагүй барьж авч болохгүй.  Шавжнуудын тод өнгө нь  “Намайг битгий идээрэй, дэмий шүү хортой шүү” гэсэн анхааруулга гээд ойлгож болно гэнэ.

Хэдэн мянган зураг авсан ч үзэсгэлэнд сонирхолтой  чанартай цөөхөн зураг сонгож авчээ.

Фэйсбүүкт зурагтай гоё тайлбартай пост хийдэг  тэрбээр сүүлийн арваад жил телевиз үзээгүй гэсэн шүү.  Телевиз үзэхээс хэмнэсэн  тав, зургаан цагаа дуртай ажилдаа зарцуулах ёстой гэж үздэг гэнэ.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img