2025-01-15, Лхагва
-11 C
Ulaanbaatar

Төрөөс олгох урамшууллаас НД-ын болонЭМД-ын шимтгэлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхээр шилжүүллээ

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өчигдрийн /2023.04.06/ үдээс хойших нэгдсэн хуралдаан 14 цаг 07 минутад эхэлж, дөрвөн асуудал хэлэлцсэн.

Хуралдааны эхэнд Төрийн албаны зөвлөлийн 2021, 2022 оны тайлангийн талаарх хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг, Н.Ганибал, Ж.Батсуурь, Б.Бейсен, Ц.Туваан нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүдийн зүгээс төрийн албаны шалгалтын журамд оруулсан өөрчлөлт болон одоогоор чөлөөлөгдөөд байгаа 30 гаруй мянган төрийн албан хаагчийг нөхөж томилохдоо ямар шалгуур тавих талаар илүүтэй тодруулж байлаа.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан хариултдаа, “Төрийн албаны ерөнхий, тусгай, шатлан дэвших, төрийн үйлчилгээний төсвийн шууд захирагч, төрийн захиргааны төсвийн шууд захирагч зэрэг шалгалтыг таван тусдаа журмаар зохицуулж байсныг нэгтгэж, шинэ журмыг энэ оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. Төрийн албаны ерөнхий шалгалт өргөн хүрээг хамардаг бөгөөд тухайн иргэн харьяа орон нутагтаа шалгалтаа өгч болно. Мөн нөөцөөсөө дараагийн шатны тусгай шалгалтыг өгөөд явах боломжийг нээсэн. Тусгай шалгалтыг хуулиар 30, дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх, монгол бичиг тус бүр 20 гээд 60 хувийг нь цахимаар авдаг байсан бол одоо 60 хувийг нь харилцаа хандлага, зан үйлээр нь томилох эрх бүхий байгууллагын төлөөлөлтэйгөөр тухайн орон нутагт байгаа яам, агентлагын салбар зөвлөл зохион байгуулж байна. Төсвийн шууд захирагчдын хувьд хүний нөөц, санхүү, гүйцэтгэлийн удирдлага агуулгын шалгалт нэмэгдсэн” гэж байлаа. Мөн тэрбээр “Хууль, албан тушаалын шаардлагаа хангасан хүнийг сонгон шалгаруулалтад оруулна. Тухайн байгууллагаас сонгон шалгаруулалтын захиалгыг ирүүлбэл Төрийн албаны зөвлөл гурав хоногийн дотор нийтэд зарлан мэдээлж байгаа. 10 хоног бүртгэл явагдах зохицуулалттай” гэсэн нэмэлт тайлбарыг өгөв.

Тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ, Төрийн албаны шинэчлэл, төрийн албанд тулгарч байгаа сорилт бэрхшээл, төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах зэрэг цогц асуудлууд байгаа учраас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар тайланг анх удаа хэлэлцсэнийг тодотгоод Улсын Их Хурлын гишүүдийн санал, Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын тайлан, зөвлөмжид үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хороо, Төрийн албаны зөвлөлд тодорхой үүрэг, чиглэлийг өглөө. Тухайлбал, төрийн албанд нэг стандартыг мөрдүүлэх, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг яаралтай хэлэлцүүлэн батлуулах, Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалтын цахимжуулалтын ажилд тодорхой ахиц гаргасныг эрчимжүүлж, төрийн өмчийн бүх компаниудыг хамруулах, цалингийн системийн асуудлыг цэгцэлж, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх, нийгмийн баталгааг хангах асуудлыг шийдүүлэх, улмаар ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлсэн эрс шинэчлэл хийх шаардлагатай байгааг хэлж байлаа.
Мөн тэрбээр, “Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах, авлига хээл хахуультай тэмцэхийн үндэс нь төрийн албаны шинэчлэлээс эхэлнэ. Төрийн албан хаагчдад шүгэл үлээх эрх зүйн орчинг бүрдүүлж, холбогдох хуулиудтай уялдуулж, Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуульд тусгах шаардлагатай” гэдгийг онцлон тэмдэглэсэн.

Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 10 гишүүнээс 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан.

Тэрбээр, хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэгт заасны дагуу зүйл бүрээр хэлэлцсэнийг дурдаад, Ажлын хэсгээс манай улсад 2022 оны байдлаар нийгмийн даатгалд хамрагдвал зохих малчдын тоо 238,329 байдгаас 48,800 буюу 20.5 хувь нь сайн дурын даатгалд даатгуулсан, эрүүл мэндийн даатгалд 141,400 малчин хамруулахаас 49,200 буюу 34,8 хувь нь хамрагдсан байгааг танилцуулж, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнх нь эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдахгүй байгаа нь ирээдүйд эдгээр иргэдийн нийгмийн баталгаа алдагдаж, улмаар халамжийн зардал өсөх, улсын төсөвт ачаалал нэмэгдэх тул хамрах хүрээг өргөтгөх арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэн хуулийн төслийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр зарчмын зөрүүтэй найман санал, найруулгын шинжтэй хоёр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Ж.Батжаргал, Н.Энхболд, Б.Энхбаяр, Ц.Сандаг-Очир, С.Чинзориг нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсэн.

Үргэлжлүүлэн төслийн талаарх Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалтыг явуулав. Ажлын хэсгээс төслийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэг, 4,5 дугаар зүйлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг гүйцээн боловсруулах чиглэл авахаар боллоо. Түүнчлэн энэ хуулийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.9 хувь нь дэмжив.

Ингээд Төрөөс олгох урамшууллаас нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл суутган төлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлууллаа

Хуралдаан Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжилсэн.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ танилцуулав.

Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороо 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаараа явуулж, зарчмын зөрүүтэй 31 саналын томьёолол бэлтгэн, Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамт Улсын Их Хурлын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг хилийн боомт чиглэсэн болон хил дамнасан төмөр замын өмчлөлийн асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэх шаардлагатай гэсэн горимын санал гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд буцаасныг санал, дүгнэлтэд дурдлаа.

Байнгын хороо 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явуулж, Ажлын хэсгийн гишүүдээс хилийн боомтын дэд бүтэц, улсын хил дамнасан байгууламж, хилийн боомт гэсэн ойлголтыг Монгол Улсын Хилийн тухай хуулийн заалтуудтай уялдуулах, хөрш оронтой төмөр замын хил дамнасан байгууламж барих, ашиглах үйл ажиллагаатай холбогдуулан төслийн 24 дүгээр зүйлд “Улсын хилийн боомт чиглэсэн, хил дамнасан төмөр зам нь нийтийн зориулалттай төмөр замд хамаарах бөгөөд энэ төмөр замын өмчлөгч нь нэг хуулийн этгээд байна.” гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут төслийн 47 дугаар зүйлд “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлж олгох” гэж нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ санал, дүгнэлтдээ онцолсон.

Эх сурвалжУИХ-ын ХМОНХХ
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img