2024-12-26, Пүрэв
-26 C
Ulaanbaatar

Урлаг судлаач Н.Оргилболд: Леонардогийн ганц зургийн үнээр Пикассогийн нэлээд хэдэн зургийг худалдаад авчих боломжтой

Монголын уран зургийн галарейд DaVinchiGrandExhibition нээлтээ хийгээд удаагүй байна. Энэ үзэсгэлэнгээс Сэргэн мандалтын үеийн сод төлөөлөгч, Италичуудын бахархал Леонардо да Винчигийн зохиож бүтээсэн их буу, дугуй, нисдэг төхөөрөмжийг барьж үзэж, “Мона Лиза” тэргүүтэй уран зургуудыг нь сонирхох боломжтой. Тус үзэсгэлэнг санаачилж зохион байгуулагч нь урлаг судлаач Н.Оргилболд. Түүнтэй Леонардо да Винчи гэж ямар хүн байсан тухай, уран бүтээлийнх нь дэлхийн зах зээл дээрх үнэлгээний тухай сонирхол татам баримтуудтай ярилцлага өрнүүллээ.

-Та түрүүн “Мона Лиза”-г тэрбум ам.доллараар үнэлэгдэхээр бүтээл гэж хэлж байсан. Ер нь Да Винчигийн зургууд зах зээл дээр байдаг уу, үнэлгээ нь ямар бол?

-Леонардо да Винчигийн бүтээлүүд зах зээл дээр байдаггүй. Борлуулагддаггүй. Хувийн цуглуулагчид үзэсгэлэн дээр сонирхуулахдаа байршлыг нь зарладаггүй. Нуудаг гэсэн үг. Элдэв луйвар, хулгайгаас хамгаалж байгаа хэрэг. Хамгийн сүүлд зарагдсан нэг бүтээл байгаа. Өөрийнх нь мутрын бүтээл гэдэг нь нотлогдсон тэр бүтээл Абу Дабид байдаг Луврын музейн салбарт бий. “Ертөнцийг аврагч” гэсэн тэр бүтээл худалдааны төвд 450 сая ам.доллар хүрсэн. Ийм хэмжээний мөнгөөр Пикассогийн нэлээд хэдэн зургийг худалдаж авах боломжтой. Цаашдаа энэ тоо өсөөд явах нь ойлгомжтой. 2016 онд урлагийн бүтээлд 45 тэрбум доллар зарцуулагдсан гээд харахаар 450 сая доллар бол ганцхан хувьтай тэнцэнэ. Байнга өсдөг, байнга хөгжиж байдаг динамик зах зээл л дээ, урлаг. Ер нь Да Винчи шиг уран бүтээлчийг үнэлэгдэшгүй гэсэн категорит оруулдаг. Худалдаанд гарч борлуулагдах боломжгүй, бидний мэдэхгүй бүтээл гарч ирэх боломжгүй, томоохон музейн үнэт үзмэр болчихсон гэдэг утгаараа Леонардо да Винчигийн дайтай уран бүтээлчдийг үнэлэгдэшгүй гэсэн категорид багтаадаг.

-Таны үзэсгэлэнг сонирхогчдод Леонардо да Винчи-г хувь хүн талаас нь харсан сонирхолтой агуулга бүхий яриа хүргэмээр санагдаад зорьж ирлээ. Жишээ нь надад энэ сод хүн ямар бүсгүйг хайрлаж явсан бол гэдэг нь сонирхолтой санагдаад байдаг юм?

-Да Винчид эрэгтэй, эмэгтэй хүнтэй орооцолдож байсан түүх байгаагүй. Албан ёсны эхнэр байгаагүй. Ижил хүйстэн байж магадгүй гэсэн таамаг байдаг ч батлагдсан зүйл үгүй.

-Ээж нь харц гаралтай, аав нь арай өөр төвшний хүн байсан гэдэг байх аа?

-Ээж нь тариачин гаралтай. Аав нь нотаратич байсан. Гэхдээ сүрхий баян байгаагүй. Ордонд үйлчилгээ үзүүлдэг. Тухайн нийгэмдээ дунджаас дээгүүр түвшний айл байж. Да Винчи бутач хүүхэд байсан. Аав, ээж нь гэрлээгүй гэсэн үг. Аав нь хожим гэрлэсэн ч нэг хэсэг хүүхэдтэй болж чадаагүй. Хүүгээ өөр дээрээ авсан тухай намтарт нь бий. Багадаа ээжээсээ салсан нь уран зурагт дурлах болсон гол шалтгаан болсон байдаг. Ээжийнхээ дүрийг буулгах мөрөөдлөөр зурж эхэлж л дээ. Багын элдэвтэй хүүхэд байсан, түүнд нь авга ах нь нөлөөлсөн гэдэг. Авга нь хэнэггүй, наргиж явдаг нөхөр байж. Байгальд хайртай болох шалтгаан нь ч авга ахтай нь холбоотой байсан гэж үздэг. Эцэг нь ажил ихтэй, хэд хэдэн удаа гэрлэсэн, цөөнгүй хүүхэдтэй болсон учраас Леонардо авгатайтаа илүү дотно байсан хэрэг. Гэхдээ аав нь хүүгээ хаяж байгаагүй. Да Винчитэй дотно байсан нь намтраас нь тод харагддаг. Бутач хүүхэд учраас аавынхаа овгоор бус төрсөн тосгоныхоо нэрээр овоглогдсон гэдгийг нь та мэдэх байх.

-Хайрлаж байсан хүн нь тодорхойгүй гэхээр л их нууцлагдмал амьдралтай байжээ?

Оргил-Ер нь мань эрийн бүх л амьдрал нууцлагдмал.

-Хүн төрөлхтөнд хэрэгтэй олон нээлт хийсэн нь багын сониуч зантай нь холбоотой гэж уншиж байсан юм байна…?

-Багадаа “Ус цэнхэр, тэнгэр ч цэнхэр. Тэнгэрт усны дуслууд тогтчихсон байгаа юм биш үү” гэж ярьдаг хүү байсан гэхээр хэр сониуч нь тодрох байх. Мань эр тиймэрхүү ажиглалтын аргаар олон нээлт хийсэн байдаг юм. Тухайн цагт хүмүүс нарыг гэрэлтдэг гараг гэдэг байсан. Гэтэл Леонардо нарыг хараад “Гэрэлтдэг юм ийм өнгөтэй байдаггүй. Шатдаг зүйл ийм өнгөтэй байдаг” гэж хэлсэн гэдэг. Иймэрхүү зөн билгийн мэдрэмж байсан хэрэг л дээ. Өөрөө тийшээ аялаад ирчихсэн мэт мэдэрнэ гэдэг айхавтар шүү. Энэ мэт домог болж үлдсэн яриа хууч олон.

-Үзэсгэлэнг сонирхож явахад уран зургаасаа илүү зохион бүтээх чигтээ их цаг зориулдаг байж гэсэн бодол төрсөн. Зохион бүтээхдээ анхаараад зураг зурах цаг их хомс байж, тийм үү?

Оргил-Тэр төгс төгөлдөр рүү тэмүүлэгч байсан юм. Хүмүүс түүнээр уран зураг зуруулах дургүй байсан. Яагаад гэхээр төгс болгох гээд маш их цаг хугацаа зарцуулдаг байсантай нь холбоотой. Маш олон шинжлэх ухааны салбарыг сонирхдог байсан учраас уран зурагт зарцуулах цаг нь бага байж. Гэсэн ч шинжлэх ухааны бүх ололтууд нь уран зурагт нь шингэсэн. Гэрэл, сүүдэр байгаль, агаар, усны тухай ойлголт нь ч зурагт нь илэрхийлэгддэг. Уран зураг бол шинжлэх ухаан гэж үздэг байсан хүн. Шинжлэх ухаанчаар уран зураг зурах нь Да Винчигийн том ололт л доо. Зүгээр нэг сэтгэлээрээ, таашаалаар зурчихдаггүй байсан гэсэн үг. Да Винчигийн хувьд зураач уран бүтээлч бол сэтгэгч юм гэдэг ойлголтыг гаргаж ирсэн. Тэр нь урлагийг шинжлэх ухаанч болгосон гавьяатай. Түүний “Урлаг мэдрэмж юм” гэсэн үгийг хүмүүс орчин үеийнхээр ойлгодог тал анзаарагддаг. Хүний хувцаслалтыг хараад “тэр чигтэээ мэдрэмж” гэж ирээд ярьдаг даа. Леонардогийн хувьд ийм мэдрэмжийн тухай яриагүй. Танин мэдэхүйд нэвтэрсэн хүн оюунаараа мэдрэх тухай ярьж байгаа юм. Хүн таньж мэддэг юмаа хайрлаж, үнэлдэг. Таньж мэдсэн юмаа мэдэрдэг тийм мэдрэмжийг хэлж байгаа юм. Мань эрт тэр тухай чухалчилж бичиж байсан.

-Леонардо Да Винчи “Туршилт бол бүхний жанжин” гэж хэлсэн байдаг. Энэ үгийг нь өнөө цагийн бид яаж ойлгох ёстой вэ?

Оргил-Аливаа зүйл туршигдаагүй бол баталгаатай биш. Өөрөөр хэлбэл орчин үеийн шинжлэх ухааны ойлголт л доо. Түүнийг нас барснаас хойш 200-гаад жилийн дараа гарч ирж байгаа ойлголт шүү дээ. Хэрэв чи өмнөх мэдлэгийг сайн гэж үздэг бол цээжлэгч юм. Сэтгэгч хүн бол өөрөө туурвидаг гэсэн санаа гаргасан байдаг. Ингэж итгэдэг учраас гаднаас нь хараад ийм юм байна гээд дүгнэхээсээ задалж үзэхийг илүүд үздэг байсан. Цогцос олоод задалж үзэж байсан гэдэг. Тэр үед ийм үйлдэл хориотой, шоронд орох бүү хэл цаазлуулах эрсдэлтэй байсан ч таньж мэдэх хүсэл нь тийм аюултай зүйл хийхэд хүргэсэн хэрэг. Хүний яс, шөрмөс, булчин, судасны тогтолцоог тэгж сонирхож судалсан учраас дэлхийд анх удаа ургийн зураг зурсан. Задалж үзсэн учраас зураг хэрэг. Хар халуунд өмхий цогцос дээр хүртэл ажиллах солиотон хүн төрлөхтөнд хэрэгтэй байж л дээ. Да Винчиг би хувьдаа ухаж барагддаггүй эрдэнэсийн сан гэж хардаг. Харамсалтай нь бид зөвхөн “Мона Лиза”-гаар төсөөлөөд байдаг л даа, энэ их хүнийг. “Мона Лиза” яагаад чухал юм бэ гэдгийг ч бид мэддэггүй. Тийм учраас би үзэсгэлэнгээрээ дамжуулж “Да Винчи бол ийм хэмжээний хүн байсан” гэж харуулахыг хүссэн юм.

-Үзэсгэлэнгийн үүдээр оронгуут сэргэн мандалтын үеийн хувцас тавьсан нь ямар учиртай юм бэ?

Оргил-Театрын хувцас гэдэг ойлголтыг Леонардо да Винчи гаргаж ирсэн. Театрын алдартай продюсер байсан хүн шүү дээ. Үзэсгэлэнд тавигдсан хоёр даашинз түүний уран зурагт дүрслэгдсэн. Дундад зууны үеийн эсгүүр, технологиор бүтээсэн юм. Хоёр язгууртан эрэгтэйн хувцас бий. Дундад зууны үеийн технологиор хийсэн. Язгууртан гаралтай эрэгтэй, эмэгтэй хүмүүс яаж хувцаслаж байсныг эндээс харах боломжтой. Манай үзэсгэлэнд эрдэмтэн, энгийн хүний хувцаснууд ч бий.

Энэ үзэсгэлэн дээр анхны автомашины загварыг тавьсан байгаа. Өөрөө явагч тэрэг гэсэн үг. Тэр загварыг Леонардо да Винчи ордны театрчилсан тоглолтод зориулж хийсэн юм. Анхны катерингийн тухай ойлголтыг ч энэ хүнийг гаргасан гэж үздэг. Тэр ордны зохион бүтээгч байсан. Тухайн үеийн ордны зохион бүтээгчид шоу дэглэдэг, театрын тоглолтууд хийдэг, байлдааны зэр зэвсгүүд зохион бүтээдэг байсан. Хүний хөдөлмөрийг хялбаршуулсан зүйлс олныг зохион бүтээсэн. Даавуу нэхэх, будаг оруулах технологийг нээсэн байдаг. Уран барилгыг уран бүтээлч гэхээсээ илүү яавал зөв зохион байгуулалттай болох бол гэдэг үүднээс хардаг байсан. Бэхлэлтийн байгууламжийн зураг их зурдаг байж. Орчин үеийн газрын зургийн хэлбэрийг гаргасан ирсэн хүн. Өчнөөн ургамал, амьтныг судалж зурсан. Булчин шөрмөс нислэгийн ажиллагааг гаргасан. Нисэх бол түүний асар том мөрөөдөл байсан.

-Ниснэ гэж мөрөөдөж төхөөрөмж хийсэн ч нисч чадаагүй байх аа?

Оргил-Да Винчиг би бол ниссэн гэж боддог. “Нисч үзсэн хүн хэзээ ч эргэж хардаггүй” гэсэн үг ниссэн хүнээс л гарна. Олон жилийн турш Да Винчи худлаа ярьжээ гэж хүмүүс боддог байсан. Яг зургийнх нь дагуу хийхээр усанд шумбалтын хувцас, нислэгийн аппаратууд нь ажиллахгүй байсан учраас тэр л дээ. 2010 онд нидерландууд француудтай нийлээд, туршилт хийсэн байдаг юм. Түүний бүтээсэн төхөөрөмж дээр ганцхан сүүл нэмсэн чинь нисчихсэн. Мань хүн зарим деталиа аваад хаячихдаг, зураг тайлбар сэлтдээ дурддаг ч үгүй бай. Усанд шумбалтын хувцсыг нь олон жилийн турш ойшоохгүй явж байгаад XX зууны сүүлээр туршиж үзсэн чинь мөн л ажиллачихсан. Ганц хэсгийг нь зориуд орхиж бүтээж байсных нь цаана оюуны өмчөө хамгаалах гэсэн шалтгаан бий. Кодчилоод байсан хэрэг. Да Винчигийн код гэдэг тодотгол тийм учиртай юм. Мань эр маш их кодолдог байсан. Амьдрал нь тэр чигээрээ нууцлаг шүү дээ. Орчин үед нисэх гэдэг гоц гойд зүйл санагдахаа байж. Харин тэр үед хүн нисэх боломжгүй гэж үздэг байсан. Түүний мөнхийн хөдөлгүүрийн хоёр загвар манай үзэсгэлэнд тавигдсан. Да Винчи мөнхийн хөдөлгүүр боломжгүй гэдгийг ойлгож байсан ч оролдлогоо хэзээ ч зогсоогоогүй.

-Да Винчи ямархуу ааштай хүн байсан бол?

-Ширүүн, өөрийнхөөрөө бардам хүн байсан. Тийм болохоор үеийнхэн нь түүнд нэг их дуртай байгаагүй. Мэдээж хэрэг агуу суутан гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг байсан. Бүгд цэрвэдэг байж. Сүүлийн шавь нь л түүний хажууд удаан байсан. 13 мянган хуудас тэмдэглэл үлдсэн байгаа нь шавийнх нь ажил. Да Винчигийн хувьд мэдлэг хураах гэхээсээ мэдлэг бүтээх сонирхол нь өндөр байсан.

-Хөрөнгө мөнгөөр дутаж яваагүй байх тийм үү?

Оргил-Асар үнэтэй ажиллана. Ер нь мөнгөлөг байсан. Миланы гүнгийн ордонд олон жил зохион бүтээгчээр ажилласан. Францад гүнгийн ивээлд олон жил болсон. Францын хааны ивээлд амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрүүлсэн. Ер нь тухайн үеийн зураач, сэтгэгч нар мөнгө ихтэй байсан. Рафаэль гэхэд л яг хаан шиг амьдардаг байсан. Гоё, сайхан сэтгэлтэй, хүн бүрийн шүтэн байсан бол Леонардо, Микеланжело хоёр тийм байгаагүй. Микеланжело бол асар их мөнгө олдог ч гуйлгачин шиг хувцасладаг байсан. Бүх амьдралаа урлагтаа зориулчихсан. Леонардо, Микеланжело хоёрыг нэгтгэдэг зүйлс нь тэр байсан. Тэд хэзээ ч эгэл хүмүүсийн сайхан гэж үздэг зүйлст ач холбогдол өгдөггүй байж. Леонардо театрт зориулж асар тансаг хувцас хийдэг ч өөрөө тэгж хувцасладаггүй байсан.

-Ганц Леонардо да Винчи ч биш сэргэн мандалтын үеийн суутнууд олон салбарыг сонирхдог байсан. Энэ нь сэргэн мандалтынхны гол онцлог уу?

Оргил-Тэгж хэлж болно. Сэргэн мандалтын үеийн хүмүүс шинжлэх ухааны олон салбарыг сонирхдог байсан. Одоо бол судлаачид нэг л сэдвээр дагнаж судалдаг шүү дээ. Бүх ертөнцийг сонирхдог, уялдаа холбоог судалдаг хүмүүсийн үе өнгөрсөн. Ертөнц бол салангид зүйл биш. Ертөнцийг учир шалтгааны үүднээс уялдаа холбоонд нь харах ёстой байдаг. Леонардо асар олон уялдаа холбоог харж чадсан.Тэнгэрийн нээлтийг газарт тархиндаа хийж явсан хүн. Ертөнцийн зүй тогтлын уялдаа холбоог олох нь энэ үеийнхний онцлог л доо. Сэргэн мандалтын үе хүний ертөнц, хүн гэдэг ойлголтыг цоо шинээр харснаараа онцгой. Анх удаа Европын иргэншилийн түүхэнд хүн гэдэг бүтээгч юм гэж харж эхэлсэн цаг хугацаа л даа. Бүтээгч гэдэг бурхантай эн тэнцүү ойлголт. Асар шашинлаг үед бурханаа өөрөөр харж эхэлсэн. Анх удаа гэгээн Мария эх хүн, эмэгтэй хүний дүрээр төсөөлөгдөх болсон. Хүн гэдэг амьтан бүтээх чадалтай гэдгийг нээж харсан нь сэргэн мандалтын үе. Хүн төрлөхтний түүхэнд хүн өөрөө өөртөө итгэх итгэл мөрөөдөл хүсэл сонирхолд итгэх итгэлийг сэргэн мандалтын үе хүн төрлөхтөнд өгсөн.

-Яагаад заавал Да Винчи-гээр үзэсгэлэн хийе гэж бодсон бэ?

-Үзэсгэлэн хийх талаар арав гаруй жил бодсон. Сүүлийн хоёр жил Да Винчигээр хийнэ гэж зүтгээд үзэсгэлэнгээ гаргалаа. Да Винчи илүү олон талтай байсан учраас Микеланжелогоор гаргах бодлоосоо буцсан юм. Хэн нэгний сурах бичгээс ч юм уу Да Винчи тийм хүн байжээ гээд уншаад байдаг. Түүнээс биш Да Винчигийн тэмдэглэлийг унших боломжгүй. 35 удаа хэвлэгдсэн эх зохиолыг нь удам дамжсан язгууртан гэр бүлээс гаралтай урлаг судлаач анх удаа тайлбар бичиж, нийтлүүлсэн. 1935 онд хэвлүүлсэн хоёр боть ном бий. Да Винчигийн бүх зохиолын эмхэтгэл. Энэ номын орчуулгын 90 хувь нь хийгдчихсэн. Шинжлэх ухаан, физик, уран зурагт хийсэн ажиглалтууд нь тэмдэглэл дээр нь бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img