-Ингэхэд, та хэзээ, хаана, яаж яваад осолд орчихов оо?
-Энэ оны эхний өдрүүдэд Америкийн нэлээд нутгаар маш их цас орсон шүү дээ. Би энгийн машинаас гурав дахин илүү жинтэй “PistenBully” гэдэг ратрак машинтай юм. Эдлэнгийнхээ цасыг цэвэрлэхэд л голдуу ашигладаг. Гайтай тэр өдөр буюу нэгдүгээр сарын 1-нд би ратракаараа цасанд суусан хамаатныхаа ачааны машиныг гаргахад тусалсан ухаантай.
-Тэгээд яг юу болсон юм бэ?
-Ратрак гэнэт жолоодлогүй болж, мөсөн дээр гулгаж эхэлсэн. Тэгэхэд үеэл дүү Алекс маань ард цаснаас дөнгөж гаргасан ачааны машинаас трос утас салгаад байсан юм. Түүнийг яасан бол гэж санаа зовнихдоо би гар тормозоо тавихаа мартан кабинаа онгойлгоод арагшаа харах гэж байгаад газар унасан.
Унангуутаа Алексийг ратрак дайрч болзошгүй тул сандран кабин руугаа хурдан орохыг л тэмүүлсэн дээ. Угаасаа аажмаар явж байсан ратракийнхээ гинж дээр гишгэнгүүт урагш шидэгдэн ямар ч аргагүй дайруулсан юм.
-Тэр эгзэгтэй мөчид танд хэн туслав?
-Хөршүүд маань намайг цустайгаа холилдон хэвтэж байхыг хараад шууд 911 рүү залган аврагчдыг дуудсан.
-Тэр үед та ухаантай байв уу?
-Би ухаан алдаагүй. Иймд тэр их өвдөлтийг мэдрэх аймшигтай байлаа. Үгээр ч илэрхийлэх аргагүй юм. Аврагчид ирж тариа хийсний дараа л би нам болсон.
-Тэгээд эмнэлэгт ухаан орсон уу?
-Мэдээж. Нүдээ нээнгүүтээ ойр дотны хүмүүс маань хажууд байхыг харсан. Ярьж чадахгүй тул дохио зангаагаар, “Болчимгүй үйлдэл хийсэн намайг уучлаарай” гэж ойлгуулсан даа. Болсон явдалд угаасаа би өөрөө л буруутай. Тэгээд ойр дотны хүмүүсээ ямар их гай зовлонд унагав даа. Тэднээсээ давтан давтан хүлчэл өчнөм.
-Эмч нар танд ямар онош тавьсан бэ?
-Тэд намайг ясны 30 хугаралттай, уушгины цочирдолтой, элэг зүсэлттэй гэдгийг хожим хэлсэн юм. Би эмнэлэгт бараг 20 хоног хэвтсэн. Тэр зуур миний хавирга, хөл, нүүрний хугарсан ясыг нийлүүлэхийн тулд, мөн нүдний ухархайг сэргээх зэрэгт титан мэтийн металл хэрэглэсэн гэнэ лээ. Ер нь хорвоогийн хамгийн чухал мэргэжил юу гээч?
-Эмчийн үү?
-Эргэлзээгүй тийм. Хүний амийг аврахын тулд, хөл дээр нь босгохын тулд тэд юу эсийг хийдэг гэж бодно. Би өөрийн биеэр үүнийг мэдэж авлаа. Эмч нараар бахдаж бахархаад баршгүй.
-Үүнээс гадна гэр бүлийнхний тань хайр халамж их дэм болсон байх?
-Мөн л эргэлзээгүй тийм гэж хэлнэ ээ. Тэдний маань хайр халамжгүйгээр би яаж эргэн босох билээ. Өдөр бүр нөхөн сэргээх олон цагийн дасгалуудаа тэдний ачаар л хийж байна шүү дээ. Таяг тулж ойр зуур алхах, гадуур тэргэнцэртэй явахад тэнд минь л нөмөр нөөлөг болж байна.
-Осолд орохоосоо өмнө танд уран бүтээлийн төлөвлөгөө их байсан болов уу. Золгүй явдал тэр бүхэнд нөлөөлөв үү?
-Он гарахаас өмнө би “Paramount+” кино студийн “Кингстаун хотын захирагч” олон ангит кинонд тоглож дуусгаснаа зол гэж боддог. Мэдээж кинонд тоглох өөр санал бас бишгүй ирсэн. Тэдгээрт оролцох хүртлээ би хөл дээрээ бүрэн босч чадна гэдэгтээ харин ч итгэлтэй байна.