Би ард түмний талд зогсон. Тийм учраас би ялна
-АН-ын даргаар томилогдсоноосоо хойш ямар ажлыг хийж эхлэв?
-Намын эв эеийг сахиж байна. Намаас зугтаж, намыг хуваах бодолтой яваа нөхөдтэй хэл ам хийлгүй, аль болохоор эв эвийг эрхэмлэж байгаа. АН-ын дарга албан ёсны гэрчилгээтэй, тамгатай, данстай, өөрийн бүтцийн байгууллагатай байх ёстой. Гэтэл өнөөдөр бид тамгагүй, дансгүй гээд дутуу зүйлүүд бий. Хуулийн хүрээнд АН бүтэн болох ёстой. Бид хуулиараа л явна. Ямар ч байсан хуулийн дагуу явж байгаад намын гэрчилгээтэй боллоо. Удахгүй тамгаа олж авах байх. Ингээд АН тамга ,гэрчилгээтэй болоод авсны дараа намын данс, үйл ажиллагаа, бүтэц бүрэлдэхүүн хэвийн явагдана.
-С.Эрдэнэ даргатай хэд хоногийн өмнө ярилцлага хийхэд намын гэрчилгээ дээр таны нэрийг байхгүй гэж байсан. Намын гэрчилгээ хаанаас олдов?
-С.Эрдэнээс намын гэрчилгээг аваагүй. Тэр хүнтэй би элдэв зүйл яримааргүй байна. Ерөнхийлөгч асан Х. Баттулгаас намын гэрчилгээг авсан. Олдсон гэх юм уу.
-Тамганы асуудал одоо яаж шийдэгдэх бол?
-Би намын маргаан руу огт орохгүй. Сунжирсан олон зүйл яримааргүй байна. Намын даргын хувьд албан ёсоор тухайн харьяаны цагдаад хүсэлтээ гаргасан. Цагдаа намын олдохгүй байгаа тамгыг олж өгөх хуультай. Хэрэв олдохгүй тохиолдолд улсын бүртгэлээс шинээр тамга авах ажил явагдах байх. Асуудал ингэж л шийдэгдэх болов уу, өөр боломжгүй.
-Та орон нутгаар явж намын гишүүдтэйгээ уулзаж яваа харагдсан. Гишүүд ямар асуудлыг түлхүү ярьж санал гомдол илгээж байх юм, тэд итгэл алдарчихсан байна уу?
-Зөвхөн намын гишүүд биш Монголчууд бүхэлдээ төрд итгэх итгэл алдарсан байна. Ард түмний зовхи нь бууж, ирээдүйд итгэх итгэлгүй өнөөдрийн амьдрал нь хүнд. Өрийн дарамтад хаа хаана орж, иргэд маш их зээлтэй байна. Намын гишүүдийн хүсэж байгаа зүйл “эв эеийг хичээж хүчтэй бодлого гаргаж, авлигыг бууруулж, авлигаас салах хэрэгтэй. Авлигатай тэмцэх биш, авлигаас салах бодлого гаргах. Авлигагүй улс больё үүнийг АН хийгээч гэж биднээс нэхэж байна. Мөн ухаалаг байж, илүү ухаалаг бодлого олж, бодлогын институтийг би болго гэж. Бодлогууд чин зөрчилдөөд байна. Тухайлбал Уул уурхай, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын бодлого өөр өөр. Ер нь л нүдээ олохгүй, гал унтраах маягтай яваад байна. Тодорхой зүйлсийг өөрчилж, ахиц гарга, дорвитой шинэчлэлт хийгээрэй” гэсэн хүсэлт хүлээлт их байна.
-Нийт хэчнээн аймгаар явсан бэ. Одоо үлдсэн аймгуудаар явах уу?
-Аймгуудаар хэд хэдэн удаа тойрч уулзалт хийж ард түмний санал бодлыг сонсон. Ер нь намын дарга хүн явж л байх ёстой. Бид агаарын юм зохиогоод тэрийгээ хүмүүст хүлээн зөвшөөрүүлэх гэж дайраад түүний зөрүү нь дээр нь МАН тоглодог ийм сонгууль хэд хэдэн удаа явсан. Орон нутгийн 52 тойргийн сонгогчдын хүсэл мөрөөдөл бидний хувьд их чухал.
-АН-ын үйл ажиллагаа одоо хаана явагдаж байна?
-Намын байрандаа байрлаж байна. Тэр шонхрын байрыг АН түрээсэлж байсан. Нам үндсэн байр нь дээрээ л байх ёстой.
-АН 200 гаруй мянган гишүүдтэй гэдэг. Энэ тоо хэзээний тоо вэ. Та намын даргын ажлаа авснаас хойш намынхаа гишүүд дэмжигчдийн тоог албан ёсоор гаргаж чадсан уу?
-Намын гишүүдийн хувьд 2000 онд 150 мянган гишүүн бүртгэгдэж байсан. 2016 онд 2017 ҮЗХ-ны сунгааг хийхэд 200 мянган гишүүн бүртгэгдэж байв. Яг одоо бол АН-ыг дэмжиж, тулж байгаа гишүүдийн тоо 500 мянга давсан. Ерөнхийлөгчийн сонгуульд С. Эрдэнэ дэвшихэд 60 мянган дэмжигч байсан. АН-ыг дэмжиж байгаа гишүүд нь зөв хүнийг дэвшүүлэх, зөв бодлого явуулах юм бол 700 мянга хүртэл нэмэгддэг. АН буруу үйл ажиллагаа явуулахад 60 мянга болтлоо багсдаг. Энэ бол өөрөө улс төр. Харанхуй бид нэг тал гээд явбал энэ масс даа хаягдана. Тэгэхээр тэр сонгогч гишүүдийн бодож санаж буй зүйлийг үйл ажиллагаа болгох л бидний хувьд чухал.
-АН-ыг дэмжигчдийн тоо бодитой нэмэгдэх үндэслэл нь. Ямар шалтгаанаас болж дэмжигчдийн тоо нэмэгдсэн гэж үзэж байна?
-Шалтгаан тодорхой шүү дээ. АН эвлэлдэж нэгдээд зөв бодлого явуулж Монголын ард түмнийг авраасай л гэж. Ер нь бол АН-ыг ухаантай ажиллаасай гэдгийг л хүсээд байгаа юм. Ухаалаг бай, боловсролтой бай, мөнгөнд битгий хууртагд гэж. АН нэгдэж нийлсэн гэдэг нь Монголчуудын хувьд амар амгалан болж байгаа юм.
-Таны ойрын хийх ажлын төлөвлөгөө гэвэл?
-Бид намынхаа бүтцийг сонгуулийн бүтэц болгож ажиллаж байгаа. Шинэ түвшинд илүү боловсронгуй ажиллаж, бодлого боловсруулж судалгаа хийж байна.Мэдээж боловсролтой, бодлого боловсруулах чадвартай олонд танигдсан 100 гаруй хүнтэй ийм л ажил хийнэ. Дүрэм дээрээ суухдаа нээлттэй, хамтын удирдлагатай, бодлого гаргах чадвартай, сургалтын системтэй, үндсэн үзэл санаанаасаа хазайхгүй байх гэсэн зарчимтай ийм л үйл ажиллагаа цааш явагдана. Бид 2024 оны УИХ-ын сонгуульд ялна.
-Их хүнд, эгзэгтэй цаг үед та АН даргаар сонгогдчихлоо. 2024 оны сонгуульд намаа ялуулж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?
-Би ард түмний талд зогсон. Тийм учраас би ялна. Хэн ард түмний талд зогсон тэр хүн ялах нь ертөнцийн хууль.
-Намын дарга байхын нэг хэцүү тал нь төсөв мөнгө босгох. Намын төсвийг хэрхэн бүрдүүлэх үү?
-Өөрийн халааснаасаа мөнгө гаргаад нам авч явсан хүн байдаггүй. Өнгөрсөн хугацаанд бүгд хандиваар л намыг авч явсан. Энэ зарчмаар л явна. Хандив босгож чаддаг хүн ч байгаагүй. Би хандив босгож чаддаг гэж худлаа ярьдаг. Яг үнэндээ би өөрийгөө худалдаж чаддаг гэсэнтэй агаар нэг сонсогдож байгаа биз. Тийм учраас ард түмэн дэмжвэл аяндаа нам руу хандив ороод ирнэ. Ард түмэн дэмжихгүй бол хандив орж ирэхгүй.
Фракц шүтсэн ч зүйл алга бас фракцуудыг үгүй хийе, устгая гэж С.Эрдэнэ шиг тийм ажил хийх хүсэл ч алга
-АН-ын ҮБХ болон гишүүдийн татварын хэмжээнд та өөрчлөлт оруулах уу?
-Тухайн үед жилийн сая төгрөг төлж байхад 1000 доллар байсан. Одоо С. Эрдэнийн авч байгаа нь ялгаагүй 1000 доллар. Намын гишүүд татвараа ярьж байгаад шийдэг л дээ. Тэрийг би намын дарга гээд өмнөөс нь шийдээд байх шаардлага байхгүй. Би хэлээд байна шүү дээ ард түмний дэмжлэг ав. Тэгж чадвал татварын мөнгө аяндаа босоод ирнэ. Тэрнээс эрх мэдэлд шунасан хүмүүсийн мөнгө надад чухал биш. Тэр чинь 100 хүн л байхгүй юу. Гэтэл цаана нь 500 мянган хүний дэмжлэг авах уу үгүй юу гэдэг л асуудал байгаа юм. Тэгэхээр намайг аймгуудаар явж гишүүдтэйгээ уулзахад дургүйцээд байгаа хүмүүс бий. Бид нарыг алагсаад Л. Гантөмөр гэх энэ нөхөр ард түмний дэмжлэг авах гээд байна гэж. Алгасах хэрэгтэй. Цөөн хүний атганад ерөөсөө орж болохгүй. Зарим нэг эрх мэдэлд шунаж байгаа хүмүүсийг байранд нь тавих хэрэгтэй. Бид тэнцвэрийг баримталж, зарчимтай байх ёстой. Ард түмний талд байж, ард түмэнтэйгээ ойлголцол бий болгох. Ерөөсөө л энэ. Сонгогчидтойгоо ойлголцож чадахгүй хүн ялагддаг. Энэ бол хууль. Ойлголцол мөнгөнөөс үнэтэй шүү. Ойлголцолд хүрч чадахгүй үед хүчээр мөнгө өгч өөрийн хүсэлдээ байлгах л арга. Өөрөөс нь ухаан гарахгүй болохоор ухаантай хүнийг хөлслөх гээд баахан мөнгө гаргадаг. Тэгэхээр бид нараас ухаан гарах ёстой. Ярилцдаг байхад аяндаа шийдэгдэнэ.
-Р.Амаржаргал гишүүн асантай төсөрхөн ярилцлага хийх явцад 2024 оны сонгуульд АН ялна. Яагаад гэсэн асуултад МАН маш муу ажиллаж байна, тэгэхээр ард түмэн АН-д саналаа өгнө гэж хариулсан…?
-Ер нь бол Ард түмэн МАН, АН хоёрыг үлээхэд их ойрхон байгаа. Ард түмэнтэйгээ ойлголцож чадахгүй бол АН ялахгүй. Тэгэхээр бид ойлголцож чадна. Тийм учраас ялна гэж би хэлье. Харин 2020 оны сонгуульд орж байсан шигээ АН байвал энэ 10 суудлаа л авна. 2020 оны МАН өнөөдрийн МАН хоёрт ямар ялгаа байгаа юм. Тэгэхээр 2024 оны сонгуулийг ард түмнийхээ талд гарсан сонгууль хийж чадвал бид ялна. Өөрөөр бол ялахгүй. Гагцхүү ухаантай байж л ялна. Та түрүү хэллээ шүү дээ сонголтгүй сонголт гэж. Одоо бол сонголтгүй сонголт гэдэг зүйл рүү ард түмэн орохгүй. Ард түмэн хэрсүү болчихоод байна.
-Тэгэхээр үе үеийн намын дарга нар ард түмэн хэрсүү болсон одоо бид өөр сонголт хийнэ гэж ярьдаг. Ярихад их амархан юм шиг. Ухаантай сонголт хийнэ гэхээр яана гэсэн үг үү АН?
-Ухаантай бодлого дэвшүүлнэ гэсэн үг.
-Тухайлбал?
-Ард түмэнд өгөх мессеж зөв байх. Намын санал болгож байгаа бодлогыг хүмүүс хүлээж авах ёстой. Тэгээд нэр цэвэр, ял шийтгэл аваагүй хүмүүсийг дэвшүүлэх.
-Энэ парламентын дийлэнх гишүүд нь гэмт хэрэгт холбогдчихсон. Тэгэхээр тухайн намд хүний нөөц, боловсон хүчин байдаггүй юм биш үү. Сонгууль болгонд эдгээр нэр дэвшигчдийн нэрс гараад ирдэг?
-Монгол улсын хэмжээнд өнөөдөр сонгуулийн насанд хүрсэн сая хүн бий. Улс төр жилийн жилд хөгжих байх ёстой. АН-ын нэг зовлон үеэ солиогүй, дараа үеэ бэлдээгүй, улс төрийн академи байгуулаагүй, төрийн тасралтгүй үйл ажиллагааг нам нь өөрөө хийгээгүй явж ирсэн. Тэгэхээр бид богино хугацаанд нэр дэвшигчдээ олонд таниулах явдал. Манай намд зөндөө сайхан залуучууд байна. Гэхдээ хүмүүс танихгүй. Тэд амиа, амьдарлаа аваад явчихдаг, ажил мэргэжилдээ гарамгай залуучууд. Ялах нам зоригтой бид ялна гэж хэлчихдэг. Ард түмэн хэрсүү гэж мэдээд хэлээд байна шүү дээ. Ялагдах гэж байгаа нам л зовлон тоочдог. Сонгууль булхайтай болж, ийм луйвар гарах гэж байна гэх мэтчилэн. Аль нэг нам гаргасан бодлогоо ард түмнийг хүчээр дэмж гэж тулгаж болохгүй.
-Энэ намар сонгууль явагдвал яах уу?
-АН-ыг сонгууль хийх бэлтгэлээ хангаж амжаагүй байхад сонгууль хийе гэж бодох нь МАН-ын буруу биш. МАН сонгууль яаран хийх үндсэн шалтгаан нь миний бодлогыг хүмүүст ойлгуулж чадах, тэр 100 хүн гарч ирж амжаагүй байхад сонгууль хийе л гэсэн үг. Энэ бол эрх баригчдын л шийдэх асуудал. Бид тэдний шийдвэрт нөлөөлж чадахгүй. Мэдээж өнөөдрийн түвшинд авч үзвэл энэ парламент яаралтай тарах ёстой. Олигтой хууль гаргаж чадахгүй, гэмт хэрэгт орооцолдож, засгийн газрынхаа атганад орчихсон ийм л парламент байгаа биз дээ.
-АН олон фракцтай. Та төлөөл бүртэй ижил түвшинд харилцан ойлголцож сонгуульд орох уу. Эсвэл шүүрдээд, шүүрдээд өөрийн бодлогоо олон түмэнд илгээж чадах хүмүүсээ аваад явчих уу?
-Одоо ганцхан С.Эрдэнэ гэж хүнээс салах гэж үйлээ үзэж байна. Дараа нь дахиад Л.Гантөмөр гэж хүний ноёрхлоос салах гэж үйлээ үзэх шаардлага байна уу. Тэгэхээр бүгд хамтын удирдлагаа хэрэгжүүлье л гэж байгаа юм. Түүнээс фракц шүтсэн ч зүйл алга бас фракцуудыг үгүй хийе, устгая гэж С.Эрдэнэ шиг тийм ажил хийх хүсэл ч алга. Зүгээр дүрмээрээ л явцгаая. Дүрмээрээ үйл ажиллагаандаа оролцъё. Оролцоогоороо л ажлаа хий. Идэвхтэй байгаа нь урагшаа гар, оролцож байгаа нь дээшээ яв. Сонгогчдоос санал авч чадах нь нэр дэвш, ард түмнээс санал цуглуулж чадах нь жагсаалтад ор. Нэг үгээр хэлбэл нам дотор шударга ёсыг л тогтоох ёстой. Түүнээс биш нэг нь фракц байгуулчихлаа гээд түүнд гомдоод ч яах юм. Толгойг нь илж байна гээд фракцуудад бүгдийг нь хувааж өгнө гэж мангартаад ч яах юм. Ер нь бол АН бодлогын нам болно. Тэр бодлогыг хэрэгжүүлж чадах хүмүүс, түүн дээр ард түмний дэмжлэг авч чадах нь цаашаа явах хэрэгтэй.
-Ардчилсан намын баяр өнгөрсөн долоо хоногт болж та бүхэн баяраа тэмдэглэж байгаа харагдсан. Хэрхэн яаж, тэмдэглэн өнгөрүүлэв?
-33 жилийн дараа үл үзэгдэгч гар монголчуудыг боомилсон байна гэдгийг зарлалаа. Монгол хүн бүрийн амьдралд оролцдог болсон байна. Бид ийм данхгар төр хүсээгүй. 20 гаруй сайдтай ажиллана гэхээр 100 ямаанд жаран ухна болчихоод байгаа юм. Үүнийг дагасан бүтэц маш үрэлгэн байна. Тэгэхээр бид яавал чадварлаг төртэй болж, хүчирхэг Монгол Улсыг хэрхэн байгуулах вэ гэдгийг ярилцаж, түүн лүү яаж тэмүүлэх тухайгаа хэлэлцэж, ойлголцсон ийм л өдрүүд шүү дээ.
-С.Эрдэнэ дарга яагаад таныг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаад та ямар хариулт хэлэх бол?
-С.Эрдэнэ манай намын 200 мянган гишүүний нэг шүү дээ. Гишүүдийн тухай энэ нь ийм, тэр нь тийм гэж яриад суух ёс суртахууны эрх надад үнэндээ алга. Айл гэрт янз бүрийн л зан ааштай хүүхдүүд байдаг биз дээ. Энэ бол байдаг л зүйл. Би түрүү хэлсэн шүү дээ. Сайн муу нийлээд сав дүүрнэ гэж. Энэ улс бол хуультай улс. Энэ улсыг хуульгүй юм шиг бодож доромжилж байгаа бол төрийг доромжилсноороо хүн өөдлөхгүй. Төрийг зөв болгох тухай ухаалаг бодлого гаргах нь Монгол түмний үүрэг. Ямар ч байсан Үндсэн хуультай уг хуулийг дагасан хууль, Шүүх засаглалтай, Төрийн тэргүүнтэй, Засгийн газартай ард түмэн. Сайн муугийн тухайд тусдаа асуудал. Хуулийн гадуур хэн ч алхах эрхгүй.
-С.Баярцогт гишүүн асантай та хамтарч ажиллаж байгаа юу?
-Хамтран шүү дээ. Үйл ажиллагаанд оролцох байх. С.Баярцогт ч Л.Гантөмөр ч АН ирэх сонгуульд ялаасай гэж бодож байгаа олон мянган хүний нэг.
-Таны ард Х. Баттулга Ерөнхийлөгч асан байгаа гэж зарим хүмүүс хардаж байна. Энэ асуудалд та ямар байр суурь илэрхийлэх бол, уучлаарай?
-Миний ард АН-ын бүх гишүүд байна. Х.Баттулга 200 мянган гишүүний л нэг шүү дээ. Тийм жижигхэн бодолтой битгий бай. Би өдий насандаа хэн нэгэн эрхтэн дархтны хүүхэд болоод явах уу. Би өлгийндөө өтөлсөн хүүхэд биш. Би хар багаасаа улс төрийн тэмцэлд орсон хүн. Тэгэхээр надад мөнгөтэй хүний халаасны хүүхэд болж хатавчинд амьдрах хүсэл сонирхол огт алга. Ёстой хөх инээд хүрч байна гэж хариулт хэлье. Одоо надад эх орноо аврах, хэрэв аварч чадахгүй бол зайлах хувь тавилан л хүлээж байна. Надад ийм л хоёр сонголт ирчихээд байна.
Гадна талын олигархиудын тулгалт их хүчтэй байна
-АН-ын эмэгтэйчүүдийг улс төрд хэрхэн гаргаж ирэх вэ. Эмэгтэй квот өнөөдөр нэлээн өндөр түвшинд яригдаж байна?
-Шинэ эмэгтэйчүүдийг гаргаж ирэх хэрэгтэй. Боловсролтой, мэдлэгтэй, парламентад бодлого гаргаж, хууль боловсруулж, өдөрт ордонд найман цаг ажиллаж чадах ийм эмэгтэйчүүдийг бид олноор нь илрүүлэх, ярилцах, парламентад урих ажлуудыг хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол эрчүүд бизнес хийгээд алга болчихоод байна. Өдрийн тал суусан болоод өдрийн хоолоо бизнес, үдээс хойш тоглоомын, орой нь архины уулзалт хийгээд алга болчихдог. Парламентад ажил хийж буй хүн цөөн болчихсон. Тэгэхээр парламент өөрөө ажил хийдэг болох хэрэгтэй. Ажил хийдэг парламент ард түмний хүсэн хүлээсэн бодлого гаргаж чаддаг байх ёстой юм.
-Иргэд парламентын төлөвшилд улстөрчдийг, эсвэл өөрсдийгөө буруутгадаг. Учир юу гэвэл сонгуулиар сонголтгүй сонголт хийх шаардлага зайлшгүй үүсдэг гэж. Тэгэхээр намын боловсон хүчний бодлого муу байна гэсэн үг үү?
-Боловсрол төвтэй бодлого барих хэрэгтэй. Боловсрол, ажлын туршлага, туршлага нь өөрөө ажлын амжилт гэсэн үг. Намын хүний нөөц маш чухал зүйл.
-Бэлтгэгдсэн боловсон хүчин намд алга гэж ойлгож болох уу?
-Тийм. Хүний нөөцөө татаж бэлдэхгүй байна. Хэсэг бүлэг хүмүүсээр хүрээлүүлчихээд хаалгаа хаачихаад сууж болохгүй.
-Мөнгөтэй хүмүүс нь сонгуульд суудал авч, мөнгө бага ч боловсролтой хэсэг хүмүүс нь өөрийн үзэл бодлоо худалдаж, хэн нэг хүнийг мухраар дагаж чадахгүй учир нэр дэвших боломжгүй байна уу?
-Магадгүй. Холимог тогтолцооны давуу тал тэр. Иймд боловсролтой хүмүүсээ парламентад урьж оруулах боломж нээгдэж байгаа юм. Мөн салбаруудын төлөөлөл парламентад орж ирэх боломж нээгдэх юм. Энэ төлөөллийг бид хангах хэрэгтэй. Ер нь ардчилал бол оролцоо. Зөвхөн мөнгөтэй хүний талбар байж болохгүй. Ард түмний оролцоо заавал байх хэрэгтэй. Тухайлбал хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ төлөөлөл, оролцоог яаж бий болгох уу гэх мэт. Ийм зүйл дээр л улс төрийн нам жаахан анхаарах хэрэгтэй. 100 хувь аливаа асуудлыг өөрчилж чадахгүй. Сайн муу нийлж сав дүүрнэ. Гэхдээ сайн нь илүү байх хэрэгтэй.
-Улс төрд уг нь үзэл бодлын, ухаанаа уралдуулсан тэмцэл өрнөх ёстой л доо. Гэтэл өнөөдөр эрх мэдэл, эд хөрөнгийн тулааныг илүүд үзээд нам нь нам шиг төлөвшиж чадахгүй болчихоод байна уу?
-Монголд нам байгуулагдаад 102 -н жил боллоо. Ухаалаг биш удирдагчидтай үед таны асуусан асуудал үүсэж байдаг. Түүхийн жимийг аваад үзэхэд ч ялгаагүй мөн л адил ийм тэмцэл өрнөсөөр ирсэн. Жишээлбэл 102 жил болсон нам анхны долоогоо цаазалсан. Дараа олон арван лам нараар туг тахисан. Ингээд ч үр дүнгүй байсан тул баахан хүмүүсийг Японы тагнуул гэж цоллож, үүгээрээ феодалуудыг дарж байгаа гэдгээр тухайн үед 30,40-өөд мянган хүн хэлмэгдсэн. Ийм олон мянган хүнийг хэлмэгдүүлж байж нам өөрөө оршин тогтнож үлдэж байна. Тэгээд үлдсэн нам нь хүртэл 90 жилийн дараа МАХН, МАН гэж хуваагдсан. Саяхан эвсэж, нийлж байх шиг байна.
-Олон намын тогтолцоо ийм л учир хэрэгтэй байдаг болов уу?
-Тийм. 70 жилийн дараа олон нам байгуулагдсаны нэг нь АН. АН-д энэ 30 жилийн түүхэнд хоёр удаагийн том нэгдэл явагдсан. 1992 онд таван нам нийлж Монголын Үндэсний Ардчилсан намыг байгуулж байсан. 2000 онд дахиад таван нам нийлж Ардчилсан намыг байгуулсан. Ингэж явсаар 2000 оноос хойш 20 жилийн дараа өнгөрсөн 2020 оноос дахиад хоёр гурав хуваагдаж тарж бутарсан. Бид энх цагт, сайн цагт амьдарч байгаа учраас хүний хамраас цус гарахгүй ойлголцож, ойлголцсон хэсэг нь нэгдэж байна. Өнөөдөр миний баталгаатай хэлж чадах нэг зүйл бол өөрийгөө АН-ын гишүүн гэж бодож байгаа хүмүүсийн 99 хувь нь нэгдэж чадсан. Үлдсэн нэг хувь нь өөр бодолтой байгаа байх. Янз бүрийн бодол байж болно шүү дээ. АН гишүүдээ хөөдөг, бас гишүүдээ муулдаг АН-ын дарга байж болохгүй. Гишүүдээ үгүйсгэдэг намын удирдлага байж болохгүй. Миний зарчим бол энэ. Тэгэхээр зөвхөн энэ цаг үеийн хүмүүсийн зөрчил биш юм. Төрийн үүсэл хөгжил байнга давтагдаж байдаг. Тухайлбал хамгийн сайн зүйл гэж юу вэ гэсэн чинь хамгийн их хуучирч мартагдсан зүйлийг хамгийн сайн зүйл гэнэ гэж. Хүний амьдралын түүхийн хүрд байнга эргэж байдаг. Энэ хүрдэн дотор л болж байгаа нэг л үзэгдэл. Гэхдээ бид нарт илүү хариуцлагатай цаг үе ирсэн. Яагаад гэвэл бид баялагтай улс. Тийм учраас энэ баялгийг авна гэсэн олигархиуд, хоёр хөршийн олигархиудын дайн монголын улс төрд явж байна. Энэ дайнд бид нэрвэгдэж байна. Бид маш их шуналтай болчихсон учраас. Тийм учраас бид цаашдаа монголын улстөрчдийн шуналыг хэрхэн хязгаарлах вэ гэдгийг бодох ёстой. Парламентын гишүүдийн ёс суртахуун ямар байх уу гэдэг дээр анхаарах хэрэгтэй цаг ирчихсэн.
-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал яригдаад байгаа. Гишүүдийн тоог нэмэх нь хэр оновчтой шийдэл бол?
-Гадна талын олигархиудын тулгалт их хүчтэй байна. Тухайлбал Ерөнхийлөгчийн засаглал тогтоогоод Ерөнхийлөгчийг нь худалдаад авчихъя гэсэн байр суурь хүчтэй явсан. Тэрийг сөрж байгаа л хэлбэр. Нэг үгээр хэлбэл парламентыг хүчтэй болгоё гэж. Тэрнээс түүний гэдэс дотор луу орвол түмэн юм бий. Яагаад парламент хүчтэй, олуулаа байх ёстой юм бэ гэхээр Ерөнхийлөгчийн засаглалыг бий болгохгүйн тулд. Ерөнхийлөгчийн засаглал бий болгохоор гаднын олигархиуд хэдэн зуун тэр бумыг барчихаад чичрээд байна. Тэгэхээр парламентыг бүхэлд нь худалдаж авах боломж байхгүй. Энэ парламентаа хүчтэй болгоё гэдэг нь ардчиллаа хамгаалж байгаа л санаа. Ийм л зүтгэл. Тэгэхээр ийм санаачилга гаргаж байгаа хүмүүсийг би үгүйсгэхгүй. Харин Ерөнхийлөгчийн засаглал бий болгох гэж буй хүмүүсийг бол би тултал нь эсэргүүцнэ. Яагаад гэвэл бүх зүйл ойлгомжтой болчихлоо. Монгол Ардчилсан орон байх уу, даргын орон байх уу гэсэн сонголтын өмнө ирчихлээ.
-МАН засаг барьж буй энэ үед Монгол Улс эргээд дарангуйллын тогтолцоо руу явчихлаа гэж зарим хүмүүс шүүмжлэл илгээдэг. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Дарангуйлал бодитой юм байна гэдгийг харчихсан МАН-ын удирдлагууд одоо задлах гэж оролдож байна. Энийг жаахан томруулаад жинхэнэ пропорционалиа сонгоё тэгэхгүй бол нэг нам ялаад байвал дарангуйлал тогтдог юм байна, нэг хүний засаглал тогтвол үүнээс ч хүчтэй дарангуйлал үүсдэг юм байна гэж ойлгосон хүмүүсийн алхаж байгаа алхмыг бид нар хөндлөнгөөс харчихаад хардаж сэрдээд, элдэв долоо юм хийх бид нарын хувьд илүү. АН нэг л байр суурьтай. Парламентын засаглалыг хамгаална, төгөлдөржүүлнэ, улам чанартай болгон гэж. Одоо бол тэр 76 нөхдүүд тойрог руугаа Монголын хөрөнгийг хуваадаг бас завшдаг болохоор одоогийн тогтолцоог зүгээр гэж ярьж байгаа юм. Би бол тэрийг мэдэж байна. Эдгээр улсууд Монголын зовлонг ойлгохгүй. Монгол ямар зовлонд унах гээд байна вэ гэж том дүр зургаар харж чадахгүй байна. Бид жижиг эрх ашгийг биш том эрх ашгийг харж сурах хэрэгтэй. УИХ-д 30 гишүүн нэмлээ гэж бодъё жилийн 3 тэрбум. Тойргоос гарсан 30 гишүүний зардал хэд үү, 300 тэрбум. Асар ялгаа байгаа биз дээ. Тэгээд ч энэ парламентын гишүүдийн тендер авах гэх мэт хууль бус зүйлсийг нь хуульчилж өгөх хэрэгтэй.
Өмнөх үеэ хараагаад ч хэрэг алга, өрсөлдөх намаа буруутгах ч хэрэг алга
-Та АН-ын бүлэгтэйгээ хэр ойлголцож, ажиллаж чадаж байгаа вэ?
-Ойлголцож байгаа. Манай намын бүлэг дэндүү цөөхүүлээ байна. Арай гэж л бүлэг бүрдэж байна шүү дээ. Бүлгийн үйл ажиллагаа намын хэрүүл тэмцлээс болоод үндсэндээ хоёр жил үйл ажиллагаа нь тасалдсан. Одоо дөнгөж бүлэг үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Бүлэгтэйгээ нягт хамтарч ажиллах тэр системийг бид нар угсарч эхэлсэн. Хамгийн гол нь намын хийх үндсэн таван ажил дээрээ ойлголцоод явчих юм бол богинохон хугацаанд бүлэг ч бас чамбайрна. Гэхдээ яаж ч чамбайрлаа гэсэн АН-ын нэг гишүүний эсрэг МАН-ын зургаан гишүүн, бүхэл бүтэн засгийн газар дуугарч байна шүү дээ. Тэгэхээр бид хүчтэй сөрөг хүчин МАН-ыг байранд тавина гэж хэлэхэд тийм амар биш. Ядаж 20 гишүүнтэй байсан бол тэс өөр. Жишээлбэл Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчих чадалтай байж л сөрөг хүчин хүчтэй байна.
-Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед парламент хүчтэй сөрөг хүчинтэй нуур тулж ажиллаж байсан. МАН цөөн суудал авсан ч 30 гаруй гишүүнтэй сөрөг хүчин байлаа. Та энэ Засгийн газарт Боловсролын сайдаар ажиллаж байсан хүний хувьд хүчтэй сөрөг хүчний өөдөөс хэрхэн ажиллаж байв танай Засгийн газар?
-Засгийн газар хүчтэй сөрөг хүчинтэй байхаар дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэдэггүй юм л даа. Засгийн газар хамжааргатай байж, хууль тогтоох байгуулагдаа хүндэтгэлтэй хандана. Засгийн бодлого Их хурлаар батлагдаж байгаа шүү дээ. Батлуулсан бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө тууштай явна. Парламентын өмнө хариуцлага хүлээнэ гэдэг ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээж байна гэсэн үг. Ялгаа нь ердөө тэр. Сөрөг хүчний тоо хэт бага байхаар парламентын өмнө хүлээх хариуцлага нь сулраад явчихна. Парламентын өмнө хариуцлага хүлээхгүй байна гэхээр ард түмний өмнө хариуцлага хүлээхгүй байна гэсэн үг.
-Сөрөг хүчингүй шахам өнөөдөр парламент явж ирлээ. Үүний гол буруутан нь МАН, АН -аар тоглоомын дүрэм зохиож буй гэж хардах хүмүүс их байдаг. Та энэ асуудал дээр ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Хуучин улс төр хийж байсан хүмүүс зөндөө “МАНАН” байгуулсан шүү дээ. Хоёр, гурван удаа дээгүүрээ “МАНАН” байгуулах гэж оролдож, ойлголцох гэж үзсэн. Нэг нэгнийхээ гэмт хэргийг нь ил гаргаж шорон оронд хийгээд л явж байна. Буруутныг өөр газраас хайж болохгүй ээ. АН-ынхан өөрсдөө тохь тухгүй, алдаа дутагдалтай байсны шинж. Одоо харин дараа үеийн залуучууд нь илүү боловсролтой байгаасай гэж бодож байгаа. Нам институци болж төлөвших хэрэгтэй. Би гэдэг амбицаа хүмүүс авч хаях хэрэгтэй.Үүнийг намын шинэ дүрэм, үйл ажиллагаа, зохион байгуулалт дотор яаж тусгаж нутагшуулах уу гэдэг нь бидний ажил. Өмнөх үеэ хараагаад ч хэрэг алга, өрсөлдөх намаа буруутгах ч хэрэг алга. Хүн ядуу байгаагийнхаа бурууг өөр хүнээс хайдаг. Алдаатай амьдарч байгаагийнхаа бурууг эсвэл ядарч зовж байгаагийнхаа бурууг өөр хүнээс хайдаг гэдэг шиг бид нар өнөөдөр олигтой суудал парламентад аваагүйнхээ бурууг нөгөө хүмүүсээс хайж болохгүй шүү дээ. Тухайн үед намын даргаар ажиллаж байсан намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга нарын л үйл ажиллагааны алдаа юм. Яаж мэргэжлийн парламенттай болох уу. Парламентын засаглалыг хэрхэн яаж төгөлдөржүүлэх үү. Энэ бол нам харгалзахгүй хийх ёстой зүй ёсны асуудал гэж ойлгох хэрэгтэй.
-МАН-ын шувуу ажиллагааны талаар таны бодол. МАН залуучууд намынхаа настнуудтай тооцоо бодож байна гэж үзэж болох уу?
-Энэ бол төрийн ажил. Төр гэмт хэрэг хийгээд зугтсан хүмүүсээ олон улсаас олж ирэх, аль нэг улсад хэлмэгдэж байгаа иргэнээ очоод хамгаалчих чадалтай л байх ёстой. Үндсэн үүргээ хэрэгжүүлдэггүй гэнэт ухаан орсон мэт авир гаргаж байгаа нь төр өөрөө хүчгүй байгааг харуулж байгаа юм. Хүчгүй гэдэг үндсэн ажил руугаа орохгүй байна гэсэн үг. Энэ чинь гэнэт хийдэг зүйл биш. Үндсэн үүрэг нь.
-6000-8000 гаруй төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлнө гэж бас мэдэгдсэн?
-Төрийн албанд 8000 мянган хүн хууль зөрчөөд орохыг яагаад зүгээр хараад сууж байсан байх уу. Тэгчихээд одоо шүүрдэнэ гэж. Ингэж болохгүй. Өөрснөө эрх барьж байх үедээ хууль зөрчиж 8000 хүн авчихаад. Эд нарын цалинг яах уу. Буцааж хэн төлөх юм. Энэ бүгд төрийн өдөр тутмын ажил алдагдсаны л нэг хэлбэр нь. Тэгэхээр ард түмэн итгэл алдахгүй яахын. Засаг төр ажиллаагүй байна. Нэг ухаан орж дахиж хийгээд. Тэгээд дараагийн гэмт хэргүүдээ дахиад мартчих юм уу. Үнэхээр ийм ажиллагаа хийж байгаа бол түүнийгээ хуульд тусгаж өгөх хэрэгтэй. Шүүр гэж ийм ажлыг хэлнэ гэдэг ч юм уу. Энэ ажиллагааны үеэр хэн ч саад хийж болохгүй гэх мэтчилэн.