АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ирландад гурван хоногийн айлчлал хийж байна. Өмнө нь тэрээр Умард Ирландын үндэстэн хоорондын хүчирхийлэлд цэг тавьсан Сайн баасан гаригийн гэх гэрээ байгуулсны 25 жилийн ойн арга хэмжээнд мөн оролцсон юм.
Түүнийг Ирландын нийслэл Дублины нисэх буудалд хөл тавихад тус улсын Ерөнхий сайд Лео Варадкар тосч авчээ. Өвөг дээдэс нь Ирландын өөр өөр хэсэгт амьдарч байсан ба Жо Байден нэгэнт ирснийх тэр бүгдээр тойрон аялахыг зорьсон аж.
Түүнийг Лауд мужийн Карлингфорд тосгонд хүрэлцэн ирэхэд олон мянган хүн угтан авчээ. Тэрээр Карлингфордын нэгэн уушийн газар тухлахдаа, “Элэнц өвөөгийнхөө Америк руу дүрвэхээсээ өмнө ордог байсан газар өөрийн биеэр ирэхэд гэртээ юм шиг дотно сайхан байна” гэжээ. Түүнчлэн Ирландын дэд Ерөнхий сайд Майкл Мартин хүндэт зочинд Карлингфордын цайзыг биечлэн үзүүлж танилцуулсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч дараа нь холын хамаатнуудтайгаа уулзахаар Кули хойгт очсон байна. Кули хойгийн Дандолк хотод Жо Байденыг угтан авахаар цугларсан таван мянга гаруй хүн нэгэн дуугаар “Гэртээ тавтай морилно уу, Жо” гэжээ.
Тэрээр Жером Макатирын эзэмшдэг Дандолкын жижигхэн дэлгүүрээр орж шоколадтай эклер зэрэг амттан худалдаж аваад дараа нь нэгэн кафегээр шагайж, ажилтнуудтай нь уулзаж ярилцжээ. Улмаар “Виндзор” уушийн газар зочлохдоо, “Хүн бүрийн зүрх сэтгэлд итгэл найдвар булигладаг. Гэхдээ ирланд хүний зүрх сэтгэлд хамгийн ихээр байх шүү” гэж хэлжээ.
Жо Байден ирланд гаралтайгаа дурсан ярих нь цөөнгүй. Тэрээр нэгэнтээ Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаандаа Ирландад айлчлахаа амласан нь ийнхүү биеллээ олж байна.
АНУ-ын төрийн тэргүүний удам угсааг судалсан Америкийн нэртэй генеалогич түүнийг ойролцоогоор наймны таван хувиар ирланд цустай хүн гэж тооцоолсон нь ч бий.
Түүний эхийн талын элэнц өвөө Оуэн Финнеган 1840-өөд оны сүүлээр Ирландын Лауд мужийн Карлингфордоос Америк руу дүрвэсэн аж.
Түүний өвөг дээдсийн дунд түүнчлэн төмсний ургац муу байснаас болж нүүрлэсэн өлсгөлөнгөөс зугтан 1850 онд Ирландын Майо мужийн баруун эргийн Баллина хотоос АНУ руу цагаачилсан Эдвард Блюитт гэгч байжээ. Тэрээр АНУ-д хүрэлцэн ирээд Пенсильвани мужийн Скрантон хотод суурьшжээ. Жо Байден ч тэр хотод төрсөн юм.
Тэрээр Дандолк хотын “Виндзор” уушийн газар үг хэлэхдээ, “Миний өвөг дээдэс Барак Обамагийн элэнц өвөө, Ирландын Оффали мужийн Манигаллаас гаралтай Фалмут Кирнитэй бараг нэг хөлөг онгоцоор Америкийг зорьсон байх шүү. Үр сад нь АНУ-ын Ерөнхийлөгчид болно гэж тэд мөрөөдөө ч үгүй биз ээ” гэсэн юм.
Жо Байден ойрын өдрүүдэд Ирландын парламентад үг хэлэхээс гадна тус улсын Баллин хотоор зочлон холын хамаатнуудтайгаа уулзах аж.
Энд тэмдэглэхэд, Жо Байденыг оролцуулаад АНУ-ын 46 Ерөнхийлөгчийн 19 нь ирланд гаралтай байжээ. Ер XVII-XIX зуунуудад дүрвэн ирсэн ирланд гаралтай 33 сая хүн АНУ-д өдгөө амьдарч буй гэнэ.
Автомашины анхны үйлдвэрийг босгосон Хенри Форд, хүүхэлдэйн кинонуудаараа алдаршсан Волт Дисней, АНУ-ын Ерөнхийлөгч агсан Жон Кеннеди гээд Америкийн олон алдартан ирланд цустай билээ.