2024-11-26, Мягмар
-14 C
Ulaanbaatar

Хуучин хувцасны шинэ соёлыг түгээгч Агнууш: Энэ соёлыг ойлгодог, хайрладаг хүмүүсийг нэгтгэх гэсэн юм

“Тойрог  thrift shop үүсгэн байгуулагч Агнууштай ярилцлаа.

-Өөрийг чинь  Шарк танк орж байхыг харсан. Б.Пунсалмаа, О.Тэнүүн хоёр шарк хөрөнгө оруулалт хийх боллуу?

-Тэр хоёр надад хөрөнгө оруулалтын санал тавьсан. Телевизийн нэвтрүүлгийн явцад би тэр хоёрыг анх удаа харсан. Тэд бас намайг сайн мэдэхгүй. Хоёрхон цагийн хугацаанд шууд олон жилийн хамтын ажиллагааг шийднэ гэдэг өрөөсгөл. Мэдээж хэрэг телевизийн нэвтрүүлгээр санал авч байгаа нь сайн хэрэг.  Хөрөнгө оруулалт хийхийн тулд  алсын хараа, үнэт зүйлээрээ ойролцоо байх хэрэгтэй. Олон талын юм харах шаардлагатай байдаг юм билээ. Хэлэлцээр явагдаж байгаа.

-Ч.Анар шарк  “Уран бүтээлч хүмүүс тогтворгүй ааштай” гэж болгоомжлоод байх шиг байсан.

-Уран бүтээл хийхэд  маань сэтгэл хөдлөл  чухал байсан. Харин “Тойрог” дэлгүүрээ хоёр жилийн өмнөөс эхлүүлснээс хойш сахилга баттай болж байгаа. Юм юм руу үсчихээ байсан. Тууштай, эцсийг нь үздэг болж байгаа. Асуудал үүсвэл гомдоллох бус өөр дээрээ ачаалал авч сурсан.  Олон зүйл дээр би их хичээж өнөөдрийг хүртэл яваад ирсэн байна. Цаашдаа ч олон жил явах байх.

-Номи  бүсгүйтэй хамтарч “Тойрог” эхлүүлж байсан гэсэн үү?

-Тийм.  Энэ аялал маань анх эхлэхдээ цэвэр сонирхол хобби байсан. Бид хоёр бизнес эхлүүлж байна ч гэж бодоогүй. Яалт ч үгүй энэ маань бизнесийн зарчмаар явах ёстой. Ачаалал маань ч нэмэгдсэн. Гурван төсөл эхлүүлсэн. Номи маань бүтэн цагийн ажилтай, архитектор мэргэжилтэй. Би бол гэрэл зурагчны мэргэжлээ золиослоод,  ажилдаа итгэл сэтгэлээ зориулаад явж байгаа. Найз маань болохоор “Одоо болъё, найз нь үнэхээр дийлэхгүй нь ээ” гэсэн. Зам салсан ч гэсэн одоо ч нэг нэгнээ дэмждэг, сайхан харилцаатай хэвээр.

-Хуучин хувцасны бизнес Монголд эхлүүлэх санаа нь гоё. Манайхан хуучин хувцсаа шатаадаг эсвэл хаях гэхээр бас сонин. Яахаа мэдэхгүй байдаг үе олон. Хувцасны асуудалд санаа тавьж байгаа нэг ч гэсэн хүн гарч ирэх сайхан байлаа?

-Хоёр жил хагасын өмнө “Тойрог”-ийг эхлүүлж байхад  thrift  shop байгаагүй. Гадныхан  thrift shop хэмнэлттэй дэлгүүр гэдэг.  Манайхан болохоор комиссын дэлгүүр, боломж муутай хүмүүсийн хэрэглээ гэсэн ойлголттой байдаг. Комиссын хувцас авсан хүн ичдэг. Захаас л худалдан авалт хийдэг байлаа. Тийм хавтгайрсан хандлага байсныг хуучин хувцасны соёл болгож  төлөвшүүлэх нь залуус бидний ажил байсан юм билээ.

Засгийн газар юм уу бусад хүмүүс хийх ёстой гэж шаардаж суух бус “Энэ нийгэм, ард түмэн болохгүй байна” гэж шүүмжлээд өнгөрөх  биш залуу хүмүүс өөрсдөө манлайлаад, хөдөлгөөн болгож өрнүүлэх ёстой юм байна гэдэг үүднээс “Тойрог” хуучин хувцасны дэлгүүрээ нээж байсан.

Бид  комиссын хувцас гэдэг хавтгайрсан ойлголтыг залуусын соёлд амжилттай хөрвүүлж чадсан  нь энэ төрлийн олон онлайн дэлгүүр, биет дэлгүүр нээгдэж байгаагаас харагдаж байна. “Тойрог” маань соёлоо түгээж байгаа. Комиссын хувцас биш шүү, cool хэрэглээ шүү гэдэг амьдралын хэв маяг болгож нийгэмдээ түгээж байгаа бол  “Шкаф”  маань монгол айл өрх болгонд  үйлчилгээгээ санал болгож байна.  Монгол ахуйд үүсч байгаа илүүдэл хэрэглээг эдийн засгийн эргэлтэд оруулаад, эх орондоо хуучин хувцасны зах зээл үүсгэнэ гэдэг монгол хүнийг шкафаа ухдаг, ангилдаг, угааж цэвэрлээд бидэнд авчраад тушаадаг зан төлвийг суулгах гээд байгаа юм. Тэгж байж манай “Шкаф” борлуулах хувцастай байна. Олон хувцсанд дахин амьдрах боломж бий болно.

Энэ бүхэн Монголд бас нэгэн шинэ хувьсгал өөрчлөлт авчирч байна.

Мэдээж хэрэг шаркуудын хэлснээр бизнес ашигтай байх ёстой.

Гэхдээ миний хувьд энэ бүхэн ашиг олох гэхээсээ Монголд заавал байх ёстой соёл гэж үзсэн. Тийм ч учраас миний амьдрал энэ орчинд л өрнөж байна даа.

-Хоёр салбартай болсон гэсэн үү?

-“Шкаф” хуучин хувцасны супермаркетын маань хувьд хөрөнгө оруулалт  хараахан орж ирээгүй байгаа. Энэ процесс нэлээд удаан явах юм шиг байна. Тийм учраас бид хүлээгээд сууж болохгүй. Асуудлуудаа дор дор нь шийдээд явах ёстой.

Сансарт байрлаж байсан 200 мкв маань хэт том, түрээс өндөр байсан болохоор нүүхээс өөр аргагүй болсон. Нүүх нүүхдээ ард түмнийхээ хэрэгцээг хангах зорилгынхоо хүрээнд “Долоон буудал”-д лангуу нээж ажиллуулъя гэсэн чинь манай дагагч нар “Ямар хол явчихсан юм бэ” гээд байсан.

-Хотын төвд бол хуучин хувцсаа авчирч өгөх хүмүүс олон байх аа?

-Шууд тэгж дүгнэж болохгүй, сайхан эдэлсэн гоё хувцсыг Дарь-Эхээс автобусанд сууж ирээд бидэнд зорьж ирж тушаадаг залуус бий. Хотын төвд салбар нээх ёстой гэж хүмүүс санал болгож байсан учраас энд байсан “Тойрог” хүүхдийн  хуучин хувцасны дэлгүүрийг түр хугацаанд хаагаад, оронд нь “Шкаф”-аа оруулж ирсэн юм.

-Хүмүүс хуучин хувцсаа хэр их авчирч өгч байна вэ. Юм авахаас илүү хуучин хувцсаа авчирч өгдөг хүмүүс олон байж магадгүй?

-Маш их хувцас ирдэг. Бид фэйсбүүкийн постоор зарлахад л  маргааш нь өглөөнөөс орой болтол   хүмүүс хувцас авчирч өгч байгаа юм. Долоо хоногт хоёр удаа хуучин хувцас авдаг. Илүүдэл хувцсыг нь татан төвлөрүүлнэ гэдэг бидний үндсэн зорилго.

-Агуулах сав хэрэг болох нь ээ?

-Агуулах сав бусад шаардлагатай болж байгаа зүйлсийг шийдэхээр гаргалгааг нь эрээд явж байна.

– Хуучин хувцас дахин боловсруулах үйлдвэрийн тухай бодсон уу?

-Магадгүй  хэсэг хугацааны  дараа энэ бүхэн яригдах байх. Өнөөдөр бид энэ эргэлтээ тогтвортой явдаг систем болгож хөгжүүлэх ёстой. Ингээд ирвэл дараа дараагийн ажил руугаа ханцуй шамлаад орох юм.

Дахин боловсруулалт гээд ярьж байна. Улаанбаатарт гоё шинэ санаачилга гаргаад явж байгаа залуус бий.

Жишээлбэл Г.Эрчиссаран маань аргалын цаас хийгээд явж байна. Аргалаас, жинс, футболкноос цаас хийж байгаа охин байна. Бас “Шарк танк“-аар орсон.  Байгальд ээлтэй төсөл хэрэгжүүлж байгаа залуус нэгдэж, хамтаа хөгжихөөр ярилцаж байна. Хуучны монголчуудын чиний, миний гэдэг улиг болж, хамтдаа хийе бүтээе гэдэг болсон. Тав, арван жилийн дараа бүр хүчирхэгжиж хүчирхэг залуус давалгаалж орж ирэх байх.

-Хоёр гурван төсөл эхлүүлсэн гэсэн. Ямар төслүүд  вэ?

-“Тойрог” хуучин хувцасны дэлгүүр маань байна. Тэр бол ууган төсөл маань.

Хоёр дахь төсөл нь хаягдал хуучин хувцсыг задлаад, шинэ загвар зохион бүтээдэг загвар зохион бүтээгчдийн нэгдэл.

Retoirog  бол загвар зохион бүтээгчдийн гоё загвар бүтээх орчныг бий болгож байгаа инкубатор гэж ойлгож болно. Бид урлан гаргаж өгсөн. Оёдлын машин бэлэн байна. Материалыг нь нийлүүлж байна. Хийсэн бүтээгдэхүүнийг нь “Тойрог” зараад өгнө.

Энд хүссэн үедээ ирээд, хүссэн бүтээгдэхүүнээ хийгээд, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх боломж бий. Бид тэдэнд хөгжих орон зай бий болгож  байгаа. Яагаад гэхээр хувцас задлаад, цоо шинэ загвар бүтээх ядаргаатай. Шинээр хийхээс хэд дахин хэцүү. Янз бүрийн материалуудыг задлаад, эвийг нь олоод нийлүүлээд, төсөөлөлдөө хүргэнэ гэдэг уран бүтээл туурвиж байгаатай адил маш олон цагийг зарцуулж байж, нэг ширхэг бүтээл гардаг болохоор чадвар, мэдлэг  шаарддаг.

Загвар зохион бүтээгчдийн сургууль энэ төрлийн загвар зохион бүтээгчдийг бэлтгэж байгаа юу гэвэл үгүй.

-Хуучин хувцсыг засварлаж бүтээгдэхүүн урладаг загвар зохион бүтээгчид олон уу?

-Манайд одоо дөрвөн залуу бий. Өмнө нь олуулаа байсан. Тэр хүүхдүүд бүгд оюутнууд. Зарим нь загвар зохион бүтээгчээ болиод,  гадаад явж амьдрал хөөсөн нь цөөнгүй. Дандаа энэ Retoirog дотор байх биш. Байх хугацаандаа өөрийгөө хангалттай хөгжүүлж аваад, дараагийн замдаа гарах боломжтой.

-“Дахин төрсөн”  хувцасны борлуулалт ямар байдаг вэ?

-“Тойрог” анх нээж байхад хуучин хувцсыг cool болгож байж бидний үйлчилгээ үнэ цэнтэй болж байгаатай адил “Шкаф”-ын хувьд монгол хүн хуучин хувцсаа тушаадаг зан төлөв сууж, бид борлуулах хувцастай, үйлчилгээ үзүүлэх боломжтой болж байгаатай адил, хаягдал хувцсыг ахин загварчлах соёлыг ойлгож таашаадаг үйлчлүүлэгчдийг өөрсдөө  бүтээж байж, бүтээгдэхүүн маань илүү ихээр борлуулагдах юм.

-Монголчуудын хувьд хуучин хувцсаа шатаадаг, хуучин хувцас өмсөхөөс цээрлэдэг хандлага өөрчлөгдөхөд бас нэлээд цаг хугацаа шаардлагатай байх аа?

-Хувцсаа шатаахыг илүүд үздэг хүмүүсийг үгүйсгэх гэсэн юм биш. Энэ соёлыг ойлгодог, хайрладаг амьдралын хэв маяг болгосон хүмүүсийг нэгтгэх гэсэн юм.

-Саяхан шинэ эдийн засгийн тухай эрдэмтний лекц сонссон. Тойрог эдийн засгийн тухай ярьсан л даа. Тойрог эдийн засаг хөгжихийн тулд танайх шиг нийгмийн хог хаягдлыг багасгаж, хэмнэлт хийх боломж олгож байгаа шинэ эхлэлүүдийг дэмжиж урамшуулах учиртай юм билээ. Шинэ бизнес эхлүүлэхэд юу хамгийн хэцүү байв?

-Манайх шиг лангууны наймааг бизнесийн түвшинд аваачъя, татвар төлдөг болгоё, системтэй болгоё, бизнесийн зарчмаар хөгжүүлье, хөрөнгө оруулалт татъя,  томруулъя гэдэг амбиц тээх  хүн  ховор байх болов уу. Яагаад гэхээр энэ төрлийн бизнес маш бяцхан ашгийн мааржинтай. Ийм бага ашигтай ажил хийх гэж зүтгэж байгаа хүмүүсийг гаднаас архи оруулж ирээд, үнэ нэмээд зарж байгаа газруудтай яг адилхан татварын шаардлагууд тавина гэдэг  энэ төрлийн бизнес хөгжих бололцоог хумьж байгаа хэрэг.

Өнөөдөр би энэ төрлийн бизнесийг  хийж болно гэдгийг үзүүлж чадвал таван жилийн дараа татварын хөнгөлөлт эдлүүлэх хууль батлах шаардлагатай тухай яригдаж мэднэ.  Тэгвэл хэн ч энэ бизнесийг хийх боломжтой болчихно.

-Одоо татварын байцаагчидтай асуудал үүсдэг үү?

-Үнэнийг хэлэхэд би бизнесийн суурьгүй хүн. Компанийн засаглал руу орох шаардлагатай байгаа. Тийм ч учраас хөрөнгө оруулалт хайж яваа. Улаанбаатарын бүх л стартап инкубаторын  хаалгыг тогшиж, энэ төслүүдийг ярьж үзлээ. Надад хөрөнгө оруулаач, энэ ажлыг хамтдаа хийе гэж байж болох бүх газраар орж ярилаа. Бүр  “Шарк танк“-д хүртэл орж ярилаа. Би энд мундагтаа ороогүй. Мөнгө олох хэрэгтэй байна. Эргэлтийн хөрөнгө босгох хэрэгтэй байна. Тэгж байж бизнесийн зарчим руу шилжих юм байна. Одоо бол урд  хормойгоороо хойд хормойгоо нөхөөд л явж байна даа.

Хөрөнгө оруулагч орж ирсэн цагт энэ бүгдийг цэгцлээд, явчихад асуудалгүй гэж бодож байна.

-Хуучин хувцсаа худалдах гэж ирж байна уу, хуучин хувцсаа хэрэгтэй хүнд нь өгье гэсэн нь олон байна уу?

-Янз янз. Байгальд ээлтэй, боловсролтой, өөрийн шкафанд байгаа илүүдэл хэрэглээндээ ухамсартай ханддаг, байгальд ээлтэй шийдлийг эрж манайд авчирч өгч байгаа хүмүүс их байна.

Худалдаж авч байгаа процесс маань байнга тогтмол явагдаж байгаа.

Ихэнхи хүмүүс бидэнд зардаг. Бид нэг кг-ийг нь 5000 төгрөгөөр худалдаж авдаг.

-Худалдан авагч нар хэр байдаг вэ, худалдаж авах, зарж борлуулах хоёр баланс барих ёстой байх?

-Сая Сансарын талбайгаас нүүсэн шалтгаан маань балансаа олж чадаагүй. Талбайн түрээс, урсгал зардал, хүмүүсийн цалин гээд том зардлыг бид борлуулалтаараа дийлээгүй болохоор жижиг талбай руу нүүсэн. Одоо баланс  олох нь бидний хувьд нэн тэргүүний асуудал. Хямд аваад үнэтэй зардаг гэж зарим хүмүүс хялбар төсөөлдөг. Яг үнэндээ бидний худалдаж авсан хувцасны 60 хувь нь борлогддоггүй. Түүнийгээ яах вэ гэдэг асуудал үүсч байгаа юм.

Бөөний төвтэй байх ёстой юм байна. Долоон буудалд лангуу нээж үзлээ. Борлуулалт төдийлөн сайн биш байна. Долоо хоногт хоёр удаа  портертой явуулын  “Шкаф” ажиллуулъя.  Долоо хоног бүр өөр өөр газар очоод, бүх бараа 3000 юм уу 5000 гээд   гацалт үүсгээд байгаа 60 хувиасаа салж, худалдаж авсан зардлаа нөхөх талаар ч бодож байгаа.

-Хотын хог хаягдлыг багасгаж,  хаягдаж, шатаагдаж агаарын бохирдолд хувь нэмэр оруулах байсан хувцсуудыг эдийн засгийн  эргэлтэд оруулж байгаа шүү дээ. Нийгмийн ачаанаас үүрч байгаа  юм чинь хотын удирдлагад хандах ёстой юм биш үү. Тэд ядаж л энд тэнд зай талбай гаргаад өгчихвөл түрээсийн зардал хэмнэвэл том дэмжлэг болох байх даа?

– Түрээсийн асуудлыг шийдчихвэл том дэмжлэг болно.

-Нэвтрүүлэгт  орохдоо маш цэгцтэй ярьж байсан. Олон удаа ингэж ярьсан уу?

-Миний ярьдаг юм энэ. Амьдардаг ертөнц ийм. Хоёр жил энэ тухай л ярилаа.

-Гар дээрх шивээснүүд чинь содон харагдаж байна, зурсан юм уу?

-Жинхэнэ шивээс. Яалаа гэж зурах вэ.

-Хэдэн хүн цалинжуулж байгаа вэ?

-“Тойрог” дээр маань таван хүүхэд байна, “Шкаф” дээр маань надтай нийлээд тавуулаа. Retoirog дээр маань дөрвөн хүн байна.

-Ханан дээр бас  зөндөө зураг зурчихсан юм аа.

-Орж ирсэн хүүхдүүд хүссэн юм аа зурж бичдэг орон зай нь.Хуучин хувцасны соёлыг  хөдөлгөөн болгож байгаа нь яалт ч үгүй залуус. Тэдэнд орон зай өгч энэ ханыг зориулсан. “Зүгээр суухаар Шкафт болзъё” гээд биччихсэн байгаа биз. Ярилцаж суух орон зай гаргасан юм.

-Гэхдээ дажгүй хувцаснууд бас ирдэг юм байна?

-Манайх татан төвлөрүүлэлт дээрээ сайжруулалт хийж байгаа. Анх хуучин хувцаснуудыг шалгахгүй, ангилахгүй авдаг байсан.  Сүүлдээ хүлээж авдаг “шидтэн”-тэй болсон юм.  “Тойрог”-т маань юникорнууд ажилладаг.

-Баримтат гэрэл зурагчны мэргэжилтэй гэсэн үү?

-Түүх бичнэ, үнэнг хүүрнэнэ. Одоог өнөөдрийг 100 жилийн дараа баримт болгож үлдээх гэрэл зурагчин гэж болно. Одоо бол энэ ажилдаа цаг гаргаж чаддаггүй. Өглөө долоон цаг гэхэд нүдээ нээгээд босно. Найман цаг гэхэд уулзалтууд маань эхэлдэг. Гурван төслөөсөө гадна гадуур явж төслөө танилцуулах шаардлага гарна. Галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л байна. Гэхдээ амттай. Бидний хийж байгаа “Шкаф”, “Тойрог”, “Retoirog”  төслүүд маань нэг эко системд оршдог.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img