2024-12-27, Баасан
-17 C
Ulaanbaatar

Нийтийн тээврийн орлого бүрдэлтэд тавих хяналтыг сайжруулна

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийслэлээс томоохон бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Шинэчлэгдээгүй удсан энэ салбарт засаж залруулах ажил их бий. Тиймээс хотын удирдлагууд үе шаттайгаар арга хэмжээ авч, автобуснуудыг шинэчлэхээс гадна иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагуудын удирдлагуудтай уулзаж ажил сайжруулах талаар ярилцаж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр Нийслэлийн нийтийн тээврийн газар, “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ болон хувийн хэвшлийн 16 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа 10 зорчигчийн дөрөв нь смарт картаар төлбөр төлж байгаа бол зургаан зорчигч тухайн тээврийн хэрэгсэлд төлбөр төлөхгүй, эсхүл жолоочид бэлэн мөнгөө өгч зорчиж байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс иргэдээс ирж байгаа энэ мөнгөн урсгалаас төсвийн алдагдлыг 80-аас дээш хувьтай татаж авах ажлыг төр, хувийн хэвшил гэлтгүй салбараараа хамтарч зохион байгуулах ёстой гэдгийг онцолж байгаа юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж жил бүр 200 тэрбум төгрөгийн татаасыг улсаас авдаг. Улсаас авах, хүсэх татаасны хэмжээ жил ирэх тусам нэмэгддэг ч үйлчилгээ нь төдийлөн сайжрахгүй байна. Тодруулбал, 2015 онд нийслэлийн нийтийн тээврийн орлого 50 тэрбум төгрөг байсан бол 2018 онд 42.3, 2019 онд 34.8, 2020 онд 27.4, 2021 онд 26, 2022 онд 33 тэрбум төгрөг болж, 2015 оноос хойш 50 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа. Гэсэн хэдий ч нийслэлийн төсвөөс авч байгаа татаасны мөнгөн дүн нэмэгдсээр ирсэн. 2017 онд нийслэлийн төсвөөс нийтийн тээврийн байгууллагуудад 53.7 тэрбум төгрөг олгож байсан бол 2021 онд 106.6 тэрбум, 2022 оноос хойш 200 тэрбум төгрөг өгсөн байдаг. Цаашид нийтийн тээврийн салбар санхүүгийн асуудлаа нийслэлээс татаас хэлбэрээр авч, шийддэг байдалдаа цэг тавьж, өөрсдөө орлого бүрдэлт болон бусад асуудалдаа менежмент хийх ёстой” гэсэн юм.

Мөн тэрээр “Нийтийн тээврийн төлбөрийн хяналтыг “Сити Баз Консалтинг” ХХК хариуцаж, автобусны буудлуудад хянагч ажиллуулдаг. Энэ арга барил арван жил болж байгаа. Одоо үүнийг өөрчилж, хувийн компаниуд өөрсдөө орлого бүрдэлтэд хяналт тавих хэрэгтэй. Улсаас авч байгаа мөнгө нь гурав дахин нэмэгдсэн ч орлого нь бүтэн тэрбум төгрөгөөр буурсан. Гэтэл нийтийн тээврийн компанийн удирдлагууд “Орлого бүрдэхгүй байгаа нь бидэнд огт хамаагүй. Харин улсаас өгч байгаа татаас хүрэлцэхгүй байна” гэж хуралдаад байгаа хэр нь “Орлого бүрдэлт муу байна” гэж огт хуралддаггүй. Орлого бүрдэлтийг 80-аас дээш хувьд хүргэж, үүгээрээ ажилчдынхаа цалинг нэмэх боломжийг харахгүй байна. Мөн жолооч нар бага цалингийнхаа зөрүүг иргэдийн өгч байгаа бэлэн мөнгөнөөс авна гэхээс илүү орлого бүрдэлтэд анхаарч ажиллах хэрэгтэй. Ариутгал, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, автобусны эвдрэл гэмтлийг зас” гэлээ.

Нийтийн тээврийн орлого бүрдэлтийг хариуцаж байгаа “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг үйл ажиллагаандаа технологийн шинэчлэлт хийж, иргэдэд автобусны төлбөрөө төлөх ухаалаг үйлчилгээг илүү ойртуулах, үйлчилгээ эрхлэгчидтэй хамтарч, хоорондын уялдаа харилцаагаа сайжруулан, зорчигчдын мөнгийг төвлөрүүлэхэд онцгой анхаарах ёстойг мөн санууллаа.

“Сутайн буянт” ХХК-ийн захирал Б.Лхагвадулам: “Нийтийн тээврийн орлогыг нэмэгдүүлэхэд шалгагч нарт хэрүүл хийхээс өөр мэдэл алга. Тэдэнд торгох эрх мэдлийг нь өгөх хэрэгтэй гэсэн бол Том оврын автобусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбооны тэргүүн Ж.Дамдинсүрэн: “2015 онд нийтийн тээврийн орлого бүрдэлтийн асуудалд шинэ технологи нэвтрүүлэх сонгон шалгаруулалтаар “Смарт карт” ХХК шалгарсан. Гэвч орлого бүрдэлт жилээс жилд унаж, одоо 50 хувьд хүрсэн. Энэ компани ажлаа хийж чадахгүй бол дахин сонгон шалгаруулалт нэвтрүүлж, илүү сайжруулах шинэ технологи нэвтрүүлэх ёстой. Гэтэл өдий хүртэл энэ компанид хариуцлага тооцохгүй явж ирсэн. Үүнийг ашиг сонирхлын зөрчил гэж харж байна” гэлээ.

Харин “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн албаны дарга М.Мөнхболд “Манайд эрх бүхий байгууллага нь санхүүгийн болон бусад мэдээлэлд үргэлж шалгалт хийдэг. Бид иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо төлж байгаа мөнгөнөөс зориулалтын бусаар зарцуулсан зүйл огт байхгүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн 2013 онд батлагдсан автобусны төлбөр 500 төгрөгийг нэмэх гэхээс илүү иргэдийн халааснаас гарч байгаа мөнгөн урсгалыг бүрэн төвлөрүүлэх, салбарын асуудлаа шийдвэрлэхэд зарцуулахыг нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгчдээс шаардлаа. Мөн нийтийн тээврийн орлого бүрдэлт, дотоод хяналт шалгалтуудыг сайжруулах, жолооч нарын цалин хөлс нэмэх, татвар, нийгмийн даатгалын өрийн асуудлуудыг яаралтай шийдвэрлэх, жолооч нарын харилцаа хандлагыг сайжруулан чадавхжуулах, нийтийн тээврийн хэрэгслийн үйлчилгээний ариун цэвэр, аюулгүй байдалд онцгой анхаарах, зорчигчдод хандсан нөлөөллийн ажлуудыг бодитоор хийх зэрэг зургаан асуудлыг ирэх наймдугаар сар гэхэд шийдвэрлэхийг үүрэг болгосон юм.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img