Өнгөрсөн баасан гарагт нийслэлээс холгүйхэн, Найрамдал хавьцаа Випашяна бясалгагчид цуглалаа. Монгол улсын Шадар сайд асан Д.Дорлигжав, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд О.Нямдаваа, зохиолч Д.Төрмөнх, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана тэргүүтэй бясалгагчдын Найрамдлыг зорьсон шалтгаан нь Монгол дахь Випашяна бясалгалын албан ёсны “Дхамма Махаана-II” төвийн нээлт байсан юм. Өмнө нь энэ төвд дулааны улиралд л бясалгал зохион байгуулах боломжтой байв. Төвийн өргөтгөл ашиглалтад орсноор жилийн дөрвөн улиралд бясалгагчид хүлээн авах боломж бүрдээд байна. Төвийн нээлтэд ирсэн содон зочдын нэг нь “Петровис”-ийн гэдгээрээ олонд хүндлэгдсэн Ж.Оюунгэрэл агсны хүү Дөлгөөн байв. Ж.Оюунгэрэл агсан випашяна бясалгагч байжээ. Тэрээр Баянзүрх дэх випашяна бясалгалын төвийг байгуулахад номын өглөг өгсөн буянтнуудын нэг аж. Випашяна бясалгалыг Монголд түгээхэд гол үүрэгтэй эрхэм хүмүүсийн нэг бол Энэтхэгээс Монголд суух элчин сайдаар ажиллаж байсан, олны Элчин багш гэж хүндэтгэж сүсэлдэг Бакула Ринбүүчи. Ринбүүчигийн туслахаар олон жил ажилласан Сономваанчиг төвийн нээлтэд урьсан хүндтэй зочдын нэг байсан юм.
Сонирхуулж хэлэхэд Випашяна бол Энэтхэгийн хамгийн эртний бясалгалын арга юм. Энэ бясалгалыг өдгөөгөөс 25 зууны тэртээ Бурхан багш Гоутам нээн илрүүлсэн түүхтэй. Товчхондоо Бурхан багшийн 45 жилийн турш заан сургаж, номлож байсан бүх сургаалийн гол үндэс нь випашяна аж. Бурхан багшийн үед Хойд Энэтхэгийн олон сая ард иргэн энэ бясалгалыг үйлдэн зовлон шаналалаас ангижран нийгмийн олон салбарт өндөр амжилтанд хүрч байж. Мөн Энэтхэгийн хөрш зэргэлдээх Бирм, Шри Ланка, Тайланд, Монгол зэрэг оронд дэлгэрч байжээ. Бурхан багш нирваан дүр үзүүлсний 500 жилийн хойно Випашяна бясалгал Энэтхэг орноос устан алга болж, бусад оронд ч цэвэр ариун байдлаа алдсан гэнэ. Зөвхөн Бирм улсад цэврээрээ хадгалан үлдсэн нь хожмоо Энэтхэгт дэлгэрч, улмаар дэлхийн олон оронд түгэн дэлгэрсэн аж. Найрамдал хавьцаа орших “Дхамма Махаана” шиг Випашяна бясалгалын албан ёсны төвүүдтэй улс дэлхийд 120 гаруй бий гэсэн мэдээлэл уг төвийн албан ёсны вэб сайт www.byasalgal.mn дээр байна. БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингх гэргийн хамт хүрэлцэн ирсний цаадах шалтгаан нь энэ юм.
Зохиолч Г.Аюурзана: Ирэх өвөл энэ төвдөө уртын бясалгалд сууна
Зохиолч, яруу найрагч Г.Аюурзана 2007 оноос хойш бясалгасан хуучин бясалгагчдын нэг юм байна. Түүнээс цөөн асуултад хариу авснаа хүргэе.
-Таныг анх бясалгаж эхлэхэд Монгол даяар бясалгалын тухай ойлголт тун нимгэн байсан байх. Випашяны бясалгалын тухай анх хэнээс сонсч байсан бэ?
-Тухайн үед бясалгалын талаарх ойлголт огт байгаагүй. Тийм болохоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр гардаггүй, сурталчилгаа энэ тэр үгүй. Бясалгалд суусан нь таньдаг хүмүүсээ дуудаж урьдаг үе байлаа л даа. Миний анх суусан 2007 оны цагаан сарын бясалгал Бэтүб хийдэд болсон юм. Цагаан сарын шинийн 15 билүү 8-нд нь өдөр судар харж байгаад хийсэн юм. Талийгаач Б.Ханддолгор маань (сэтгүүлч) бараг хоёр жилийн турш “ийм бясалгал байна, ирээд суугаач” гэж “сурталчилсан”. Шинэ курс эхлэхээр л ёс мэт утасдана. “Арай л их гуйлгаж байна. Сууж өгсөн болъё доо” гэж бодож ирсэн түүхтэй (инээв). Гэтэл огт өөр ертөнц рүү яваад орчих шиг болсон. Шинээр төрөх шиг санагдсан. Ийм юм олж харахгүй, ийм зүйл мэдэхгүй явж байдаг, ямар харамсалтай вэ гэж бодож байсан шүү. Бясалгалд суусныхаа дараа ойлгоогүй, нарийн ширийн зүйлсээ Д.Ширэндэв багшаас ахин дахин шалгаадаг байлаа. Зарим нэг зохиолдоо бясалгалын тухай оруулсан. Нэлээд олон удаа бясалгалдаа явсан, тэгж явсаар дөртэй болсон. Дунд нь удаан хугацаанд завсарлаад идэвхтэйгээр эргэж орсон ч ковидоос болоод хэсэг завсарлачихлаа. Одооноос бясалгалдаа тууштай явна гэж бодож байна.
-Та энэ төвд хэчнээн удаа бясалгалд явсан бэ?
-Би яг энэ төв дээрээ дөрвөн удаа бясалгалд явсан. Нэг удаагийнхаа бясалгалд тавдугаар сарын эхээр арван хоног суусан юм. Энэ жилийнх шиг их хүйтэн хавар таарсан учраас их даарч билээ. Тэр үед чинь пийшинтэй байлаа, бясалгагчдын байр. Одоо диваажин шиг сайхан болжээ. Энэ төвдөө арванхоёрдугаар сард уртын бясалгалд хорь, гуч хоног сууя гэж бодож байна. Урьд нь орчин муу байсан гэсэн утгаар хэлсэнгүй, угаасаа бясалгалд орчин тийм чухал зүйл биш. Гэхдээ випашяна бясалгалын төв маань төвшний хувьд огт ондоо өндөрлөгт оччихлоо. Бясалгал өөр төвшинд очих үүд хаалга бүрэн нээгдсэнд баяртай байна.
-Дхамма Махаана-II төв өвөл, зунгүй ажилладаг болсноор Улаанбаатарт хоёр төв жилийн дөрвөн улиралд бясалгагчид хүлээж авахаар болж байна. Гэсэн хэр нь л хүссэн бүхэн бясалгаж чадахгүй, дугаар дараалал их хэвээр байгаа гэв үү?
-Миний сонссоноор ачааллаа дийлэхгүй байх шиг байна лээ. Би хүүхдээ бясалгалд суулгах гээд албан ёсны вэб сайтаар нь хоёр ч удаа бүртгүүлж үзсэн. Бүртгэл нь дүүрсэн гээд бүртгүүлж чадаагүй. Бага хүүгээ энэ зун суулгая гэж бодож байгаа. Болохгүй бол Ширэндэв багшдаа хэлж “арын хаалгадаж” л суулгана даа (инээв). Ингээд харахаар бясалгалын төв маань нэг, хоёр, гурав биш Монгол даяар хорь, гуч байхгүй бол болохгүй шинжтэй.
Шадар сайд асан Д.Дорлигжав: Бидний майхантай бясалгаж эхэлсэн газарт том төв үүдээ нээсэнд баяртай байна
Дхамма Махаана-II төвийн нээлтэд ирсэн хүндтэй зочдын нэг нь Монгол Улсын Шадар сайд асан Д. Дорлигжав байсан юм. Тэрээр 2006 онд, бясалгалын төвийн барилга баригдаж эхлээгүй үед энд тавиад бясалгагч анхны бясалгалын курст сууж байсны нэг нь гэнэ. Бясалгагчид өөрсдөө гэрээ авчирч бариад бясалгаж эхэлсэн тухайн үед сэтгүүлч Б.Ханддолгор Батлан хамгаалахын сайдаас цэргийн том майхан гуйж байжээ. Батлан хамгаалахын сайд ч гуйлтыг нь зөвшөөрч, өөрөө ирж бясалгасан аж. Тэр хүн нь Д.Дорлигжав. Шадар сайд асан Д.Дорлигжав тэр үеийн түүхээ “Тавь орчим хүн цэргийн майханд бясалгаж байсан шүү. Хаврын яг ийм зэвэргэн үе. Майханд учраас салхины чимээ маш тод сонсогдоно. Тийм нөхцөлд бясалгаж эхэлсэн бол өнөөдөр огт өөр болсон. Улаанбаатар хот дунд ч том бясалгалын төв ажиллаж байна. Бидний майхантай бясалгаж эхэлсэн энэ газарт дөрвөн улиралд ажиллах боломжтой том төв үүдээ нээчихлээ. Энэ бүхнийг ганц хүн бүтээх аргагүй. Ариун номын замаар алхсан мянга мянган бясалгагчийн буяны өглөгөөр боссонд бахдаж, баярлаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Монголын випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэв “Чанга дэглэмтэй хорих ангид 2000 гаруй хүмүүжигчид випашяна бясалгал явуулсан нь Дорлигжав гуайн ач. Чанга дэглэмтэй хорих ангид хүмүүжнэ гэдэг амаргүй. Төрд өндөр алба хашиж байхдаа тамд байгаагаас өөрцгүй зовлонд унасан тэр хүмүүст бясалгал явуулаач гэж хүсч, ажил хэрэг болгоход нь тус дэм болсон энэ хүнд бид талархах учиртай. 2000 гаруй хүн бясалгал хийж зовлонгоос нь салгах гэдэг бол маш том буян. Хамгийн олзуурхууштай нь сайдын өгсөн чиглэлийн дагуу бясалгалд суусан хүмүүжигчид өглөө, оройны бясалгалаа тогтмол хийх боломж бүрдсэн юм. Энэ санаачлагын үр дүнд шоронгоос гарсан бясалгагч залуус эргэж гэмт хэрэг хийгээгүй гэсэн статистик бий. ШШГЕГ-аас дараагийн бясалгалаа хэзээ явуулах гэж асуусаар байгаа. Сая корона гээд хэсэг завсарлалаа. Төвийн үйл ажиллагаа маань жигдэрчихлээ. Олон багштай болонгуутаа Дорлигжав гуайн эхлүүлсэн ажлыг үргэлжүүлнэ” гэж онцолсон юм.
Элчин сайд П.Сингх: Випашяна бол хүн төрөлхтнийг дотоод амгалангаа олоход гол үүрэг гүйцэтгэж яваа бясалгал
БНЭУ-аас Монгол улсад суугаа элчин сайд М.П.Сингх төвийн нээлтэд үг хэлэхдээ “Одоогоос 27 жилийн өмнө Энэтхэгээс Монголд элчин сайдаар ажиллаж байсан Элчин багш Бакула Ринбүүчи маань Улаанбаатарт болсон анхны бясалгалын үйл ажиллагааг нээж оролцож явсан хүн юм. Тэр сайхан үйл уламжлалыг дагаж энэ сайхан төвийн нээлтэд оролцож буйдаа баяртай байна. Энэтхэг Монголын харилцаа дөрвөн чухал зүйлд тулгуурладгийн эхнийх нь дхамма буюу ном юм. Номын гол үндсэн бясалгал болсон випашяна бясалгалын төвийн нээлтэд оролцож байгаадаа баяртай байна. Ном гэдэг бол өөртэйгөө байх, өөрийгөө ажиглаж, дотоод амар амгалангаа олох үндсэн үүрэгтэй. Олон төрлийн шашинтай хүмүүс өөр лүүгээ хандаж, өөр өөрсдийнхөө шашнаар дамжуулж амар амгаланг олдог. Випашяна үүнтэй адил хүн төрөлхтнийг дотоод амар амгалангаа олох үйлсэд гол үүрэг гүйцэтгэж яваа. Ном бол эрч хүч, энерги юм. Ийм сайхан төвийн үйл ажиллагаагаар дамжуулж Монгол түмэн эрч хүч энергийг олж авч байгаатай адилхан бид энэ сайхан номын эрч хүч болох үйл ажиллагаанд хамтран ажиллаж буйдаа баяртай байна. Үүнээс гадна энэтхэгчүүд бид жинхэнэ эрч хүч болох Дорноговьд нефтийн үйлдвэр барих үйл ажиллагаанд оролцож яваагаа энэ дашрамд дуулгахдаа таатай байна” хэмээн тодотгосон юм.
Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд О.Нямдаваа: Зарим судлаач Монгол, Энэтхэгийн харилцааг 10 мянган жилийн түүхтэй гэж үздэг
Монголоос Энэтхэгт элчин сайдаар ажиллаж байсан Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд О.Нямдаваа 27 жилийн өмнө Сөгнөгөрт болсон випашянагийн анхны бясалгалд суусан хүмүүсийн нэг аж. Тэрээр нээлтийн үеэр “2015 онд Энэтэхэгийн Ерөнхий сайд Н.Моди манай улсад айлчилсан. Айлчлахдаа УИХ-ын тусгай чуулган дээр үг хэлсэн юм. Тэр үгэндээ оюун санааны хөрш юу болохыг онцолж тэмдэглээд, түүхийн тодорхойлолтыг гаргаж өгсөн түүхтэй. Оюун санааны хөрш шиг тийм онцгой харилцаа холбоо дэлхийд үгүй, хүн, улс хоорондын харилцааны хамгийн дээд хэлбэр бол оюун санааны хөрш хэмээн онцлон тэмдэглэж байлаа. Энэтхэгийн үе үеийн Ерөнхий сайдууд Монгол, Энэтхэгийн харилцааг маш өндрөөр үнэлсэн байдаг. Зарим судлаач манай хоёр орны харилцааг 1500-10.000 жилийн түүхтэй гэж ярьдаг. Дахиад онцлоход манай хоёр орны харилцааны эрхэм зүйл нь ном судраар холбогдсонд оршдог. Иога болон випашянагаар холбогдсон нь ч бидний харилцааны нэг том онцлог. Хувь хүмүүсийн хоорондын харилцааг илэрхийлэх энэ том тодотголд том үүрэгтэй яваад нь Д.Ширэндэв багшид талархаж байна. Д.Ширэндэв бол Ганжуурыг пали хэлнээс орчуулсан анхны монгол эрдэмтэн. Номын энэ том үйлд нь, випашяна бясалгалыг ард түмний төлөө дэлгэрүүлж буйд нь баяр хүргэе” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Випашяна бясалгалын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл ЭНД дарж уншина уу.