2024-11-22, Баасан
-8 C
Ulaanbaatar

Д.Дамба: Урд хойд хөрш эвтэй үед Монголд ашиг муутай, халтай гэмээр байдаг

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан Д.Дамбатай ярилцлаа.

-Гадаадын хөрөнгө оруулалт гэхээр Оюу толгойгоос өөр гавьтай төсөл алга л даа, өнөөхөндөө. Гадны хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй байгаагийн цаана ковидын нөлөө ч байх шиг байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд бид яах ёстой вэ?

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татах хамгийн гол хөшүүрэг бол хууль эрх зүйн орчин.

Хууль эрх зүйн орчин тодорхой, тогтвортой байх ёстой. Байсхийгээд хуулийн заалт нь өөрчлөгдөж, татварын орчин нь хувьсаад байгаа улсад гадаадын хөрөнгө оруулагчид их дургүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд татварын болон бусад нөхцөлүүд ч шаардлагатай. 1997 оны Ашигт малтмалын хуулийг баталсны дараа төр засгаас маш олон арга хэмжээ авч байсан л даа.

Наад захын жишээ гэхэд л тогтвортой байдлын гэрээ. Татварын хэмжээний хувьд гээд яривал Монгол дундаждаа орно. Бага татвартай орон биш, их татвартай ч улс биш. Баялаггаа суурилаад хөгжье гэвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татахаас өөр гарц байхгүй. Сая ярьсан татвар дээр бодлогын түвшинд анхаарах учиртай. Улс орны тусгаар тогтнол, батлан хамгаалах асуудалтай ч холбож үзэж болох асуудал л даа, татвар.

-Татвар ямар утгаараа тусгаар тогтнолтой холбогдоно гэж?

-Ялангуяа манайх шиг хүчирхэг хоёр хөрштэй орны хувьд гуравдагч хөршийн бодлого их чухал гээд ярьдаг даа.

Гуравдагч хөршийн бодлогыг татварын орчноор дамжуулж хийх ёстой. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татаж чадвал тусгаар тогтнолд хэрэгтэй гээд байгаа нь цаанаа ийм учиртай л даа. Мөнгөө оруулчихсан улс хөрөнгөө хамгаалах бодлого явуулж таарна. Хоёр хөршийн аль нэг улсынх нь давамгайлал гэх мэт асуудал гарлаа гэж бодоход эерэгээр зохицуулах гол арга нь гуравдагч хөршийн бодлого. Гуравдагч хөршийн бодлого гэдгийг АНУ, Англи гэж ойлгож болохгүй. Хоёр хөршөөс гадна маш олон улс бий. Тэдний ашиг сонирхлыг хөрөнгө оруулалт хэлбэрээр татах нь их чухал. Ялангуяа Монголын үе үеийн түүхийг үзэж байхад урд хойд хөрш эвтэй үед Монголд ашиг муутай, халтай гэмээр байдаг. Энэ хоёр таарамж муутай үед бол манайд ашигтай байдаг.

-Одоо бол хоёр хөрш маань гар бариад их эе найртай байгаа. Тэгэхээр яг ийм цагт гуравдагч хөршийн бодлогодоо онцгойлж анхаарах ёстой болж таарч байна уу?

-Та зөв анзаарсан байна. Одоогийн байдлаар хоёр хөрш маань их эвтэй байгаа. Тэгэхээр гуравдагч хөршийн бодлого маш чухал. Улс төр, геополитик талаасаа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нь тусгаар тогтнолтой холбоотой ойлголт.

-Бид баялаг ихтэй учраас тэд гуйгаад ирэхгүй хаачдаг юм гэсэн хандлага манай улстөрчдөд их тод анзаарагддаг. Гэтэл дэлхийн улс гүрнүүд гадныхөрөнгө оруулалтаар цангасан хэвээр байгаа, эдийнзасаг нь хүчирхэгжсэн Хятад хүртэл гадаадын хөрөнгө оруулалтыг татахад онцгой анхаарсаар яваа. Энэ талдээр та ямар бодолтой явдаг вэ?

-Манайх шиг бага буурай хөгжилтэй орон гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж зөв зүйтэй хөгжүүлж байж хөгжсөн түүх дэлхийд өчнөөн л дөө. Азийн бар улсуудын түүхийг сөхөөд харахаар цаана нь ийм л шалтгаан байдаг. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж хөгжүүлсний хүчинд хөгжсөн байдаг юм. Гадны хөрөнгө оруулалт орж ирсний сайн тал их шүү.

Техник технологийн хөгжил хурдацтай байгаа ийм үед хөрөнгө оруулалтаа дагаад технологийн хөгжил нь ороод ирдэг. Уул уурхайн салбараар жишээлэхэд л манайд дэлхийн уул уурхайн салбарын хамаг сайн техник технологи бүгд байна. Уул уурхайн салбарт гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татаж чадсаны л үр дүн. Гадаадын хөрөнгө оруулалтын бас нэг сайн тал бол хүнийг хөгжүүлж чаддаг. Дэлхийн хэмжээний уул уурхайн төслүүд дээр ажиллах хэмжээний мэргэжилтнүүд аль хэдийнэ бэлтгэгдээд эхэлчихсэн.

-Ураны хувьд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт орж ирээд гарсан жишээ бий. Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттайгаар хэрэгжиж буй нь хөдөлжөгөхгүй гацсан маягтай байгаа. Уран дээр хоёрхөршийн бодлого нөлөө байх шиг ажиглагддаг. Танд тэгж анзаарагддаг уу?

-Тэгж хардах шалтгаан харагддаг л даа. Хоёр гүрний бодлогоор хөдлөөд байвал хөгжих хэцүү санагддаг юм. Манай улсын тухайд ураны нөөцтэй улсын дэргэд бага нөөцтэй. Харин ураны нөөцгүй улстай харьцуулбал тодорхой хэмжээний нөөцтэй орон. Манайх шиг улс уран олборлох хэрэгтэй. Олборлож баяжмал болгоод, өөрөөр хэлбэл шар нунтаг хэлбэрээр экспортлоход ямар ч аюулгүй. Илт шалтгаан нь ийм байхад улстөржүүлж дэвэргээд байгаа нь хачирхалтай санагддаг. Заримдаа бүр хардмаар мэдрэмж ч төрдөг. Айлын үхэр, тугал үхсэн тохиолдол бий. Яг тиймэрхүү кейс дээр ямар нэгэн нөлөө орчихоод байна уу гэж хардаг.

Уран дээр Гурвансайхан гэдэг компани бий. Үндэсний компани л даа. Бас л хөрөнгө оруулалтгүй гэсэн шалтгаанаар төслийнх нь хэрэгжилт удааширсан. Сүүлдээ Канадын “Денисен майнз” гээд ураны салбарын том компани орж ирж хөрөнгө оруулалт хийх гэж нэлээд үзсэн. Нэг хэсэг хайгуул хийсэн юм. Хайгуул хийгээд хэд хэдэн ордын нөөц тогтоосон л доо. Заримынх нь хувьд цооногоор газрын гүнд уусгах технологи туршиж үзсэн. Туршилтын ажил нь ч амжилттай болсон. Нэлээд хөрөнгө зарцуулсан.. Газрын гүнд уусгах аргаар боловсруулдаг энэ технологи дэлхийд маш, ховор сайн технологид багтдаг. Экологид хор хохирол багатай технологи гэж үзэж байгаа. Шахаж хавчаад байхаар тийм том компани яаж тэсэхэв, лицензээ чехүүдэд зарчихаад явсан.

-Лицензийг нь авсан чехүүдийн ажил хэр урагштайбайгаа вэ?

-Дэмжлэг муутай, хавчлагатай байх шиг анзаарагддаг. Энэ мэт жишээнээс харахад Монголын эдийн засгийг тэлж томруулах сонирхолгүй нэг тийм айхавтар гадаад бодлого байна уу даа гэж бодогддог шүү.

-Өмнөх олон кейсээс анзаарахад шахаж хавчиж дарамтлаад байхаар нь гадаадын хөрөнгө оруулагчид залхаад хаядаг, өнөө лицензийг нь урд хөршийн бизнес эрхлэгчид ч юм уу улстөрчид авчихаад байгаа анзаарагддаг. Та энэ хардлагатай санал нийлж байна уу?

-Үгүйсгэхэд хэцүү. Барим тавим жишээ ч дуулддаг. Урд хөршийн бизнес эрхлэгч гэснээс тэдний хувьд нэг онцлог байдаг. Яаж ч шахаж, дарамталсан тоодоггүй. Зүтгээд, бизнесээ хийгээд явдаг. Өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулагчид бол өөр. Шахаж хавчаад ирэнгүүт л гараад явахыг илүүд үздэг. Тэгээд ч дэлхий дээр ганцхан Монгол гэдэг улс баялагтай биш учраас тэд өөр сонголт хийгээд явдаг.

-Уранаас өөр экспортолж мөнгө олох эрдэс гэвэл та юуг онцлох вэ?

-Газрын ховор элемент дээр хөдөлгөж болох төслүүдээ хөдөлгөмөөр байгаа юм. Хамгийн бага зардлаар их мөнгө олох боломжтой салбар. Германчууд гэхэд л их сонирхдог. Ангела Меркель манайхыг яах гэж зорьж ирсэн бэ гэсэн асуулт тавиад харахаар цаана нь газрын ховор элемент л байдаг. Газрын ховор элемент дээр хамтрах сонирхлоо илэрхийлэхээр ирсэн. Манайхан тухайн үед хамтарч ажиллая гэж толгой дохичихоод явсаных нь дараа таг болсон л доо. Солонгос, Япон, Герман гэх мэт машин үйлдвэрлэгч хэрнээ түүхий эд нь байдаггүй улсууд олон бий. Тэдэнд газрын ховор элементээ нийлүүлэх хэрэгтэй.

Орчин үед цахилгаан машины үйлдвэрлэл хүчээ авч байна. Арван жилийн дараа цахилгаан машин ердийн хэрэглээ болно гэцгээж байгаа. Дэлхийн чиг хандлага ийм байхад бид тэр хандлагыг нь мэдэрч, угтаж ажиллах ёстой. Цахилгаан машины гол орц нь газрын ховор элемент.

Газрын ховор элементээс гадна холимог металл буюу полиметаллын ордуудыг ашиглах цаг болсон. Цахилгаан машины ирээдүй гэрэлтэй байгаа ийм үед маш хэрэгтэй. Цахилгаан машин үйлдвэрлэлд хэрэглэдэг хар, цагаан тугалга гэхэд л ийм төрлийн ордод бий.

-Газрын ховор элемент дээр хайгуул хийж нөөцийг нь багцаалдсан хэд хэдэн орд бий байх шүү…?

-Манайд хайгуул хийсэн хэд хэдэн орд бий, Лугийн гол, Мушгиа худаг, Халзан бүргэдэй гээд.

-Бүгдийг нь стратегийн ордод оруулчихсан. Тэгэхээр лхөрөнгө оруулалт ярихад хэцүү болчихоод байхшиг…?

-Яг тэгээд байна л даа. Миний хувьд стратегийн орд гэдэг нэр томьёонд дуртай биш. Их буруу нэр томьёо. Ер нь стратегийн орд гэж байдаггүй. Стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн гэж л бий. Тухайн улс орны эдийн засагт үр ашгаа өгөхөөр, тухайн улс орны амьдралд нөлөө үзүүлж чадах зүйлийг л стратегийн бүтээгдэхүүн гэнэ. Заавал уул уурхайтай ч холбогдохгүй. Мах, будаа гээд хүнсний бүтээгдэхүүн ч байж болно.

-Өнөөхөндөө ахиу мөнгө олох боломжтой нь зэс, нүүрс л байна. Нүүрсээ ахиухан борлуулъя гэвэл төмөр зам хэрэгтэй. Төмөр зам дээр байр сууриа хуваалцаач?

-Нүүрсээ ахиухан хэмжээгээр бага зардлаар тээвэрлэж экспортолъё гэвэл төмөр зам барихаас өөр гарцгүй. Бид төмөр зам бариагүйгээс болоод өчнөөн боломжийг алдсан. Хувийн компани мөнгөө гаргаад барья гэхэд бариулаагүй улс шүү дээ, бид.

-Төр төмөр зам барина, төр тийм үйлдвэр барина гээд төр бизнес рүү орсон, бизнесийнхний боломж руу гар дүрж хүч түрсэн хандлага сүүлийн үед маш тод агзаарагдах боллоо. Энэ хэр зөв хандлага вэ?

-Төр оролцоод ирэхээр л хамаг асуудал үүсдэг. Бүгдийг төрийн мэдэлд авна гэж яриад байдгийн цаад шалтгаан нь их энгийн шүү дээ. Төрд ажиллаж байгаа хүмүүсийн л сонирхол. Түүнээс биш жирийн нэг иргэнд төрд очих, очихгүй нь огт хамаагүй асуудал. Наад захын жишээ гэхэд л төрийн өмчтэй компанид төрд ажилладаг хүмүүс л юм шахдаг.

-Төрд ажилладаг жирийн хүмүүс биш, эрх мэдэлтэй цөөн нөхдөд л тийм боломж ирдэг…?

-Тэгэлгүй яахав, тэр мэдээжийн асуудал. Стратегийн орд гэдэг нэрээр төрд аваад, төрийн менежмэнтээр тухайн уурхайн үйл ажиллагааг явуулна гэдэг төрд ажиллаж байгаа хүмүүсийн л сонирхол. Төрд ажилладаг хүмүүсийн эрх ашиг, сонирхлоос гадна төрийн өмчийн компаниуд дээр л авлига хээл хахуулийн асуудал гарч ирдэг.

-Уул уурхайд гадаадын хөрөнгө оруулалт цутгаж, Монголын эдийн засаг 17 хувь хүрч байсан үеддэлхийн том компаниуд олноороо орж ирж байсан. Яг ямар компаниуд орж ирж байсан тухай цухас дурсах уу?

-Тэр үед маш олон том компани орж ирж байлаа. Америкийн “Пийбоди” байна. Нүүрсний талдаа дэлхийд нэг номер шахуу компани. Төмрийн хүдрийн олборлолтоороо дэлхийн номер нэг “Вале” орж ирсэн.

Бразилийн компани. Ураны том компани “Денисен майнз”, “Рио тинто”-той өрсөлддөг “BHP Billiton“ байна. Энэ бүх компани Монголд орж ирээд гарсан. “Англо Американ” орж ирэх гэж үзээд шийдвэрээсээ буцсан санагдаж байна. Одоо “Рио тинто”-гоос өөр гэвэл Хятадын хэдэн компани л Монголд хөрөнгө оруулан ажиллаж байна. Гэхдээ урд хөршийн томчууд манайх руу орж ирэхгүй байгаа. Хятадын жижиг хөрөнгө оруулагчдын хувьд стандарт, аюулгүй байдал гэх мэт асуудал тийм ч чухал биш.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img