-Баахан тоо ярьсан хүмүүс байна. 150 гишүүнтэй байх уу, 76 хэвээрээ үлдэх үү, эсвэл дундын хувилбарт хүрэх үү гэцгээж байна. Энэ ямар нэг үндэслэлтэй тоонууд яваад байна уу. Судлаачийн хувьд яаж хүлээж авч байна вэ?
-Манайхтай адил хуучин социалист орнуудын хүн амын тоо, парламентын суудлын тоог харьцуулаад, ерөнхий дундаж гаргаж үзвэл, парламентын суудлын тоо 120 юм уу 118 орчим байж болох юм байна гэсэн судлаачдын дүгнэлт байдаг.
Гэхдээ үүнийг цэвэр математикын өнцгөөс харж байна шүү дээ. Мэдээж хэрэг парламентын суудлын тоо нэмэгдвэл тооны талаасаа төлөөлөл нэмэгдэнэ. Үүнтэй маргах аргагүй. Гэтэл чанарын талаас судалгаа харагдахгүй байгаа юм.
Одоо бол манай улстөрчид тоо л яриад байна. Куб язгуур гээд математикт тааруу хүн бол ойлгохооргүй яриад байгаа юм. Гэтэл үүний цаана Үндсэн хуулийн гол зүйл төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт, тэнцлийн асуудал бий.
Парламентын суудлын тоог нэмэгдүүлснээр гүйцэтгэх засаглал, парламентын хүчний тэнцвэрийн харьцаа ямар байх вэ. Хяналт тэнцлийн байдалд ямар өөрчлөлт гарах вэ гэдгийг нухацтай, нотолгоотой, баримттай тайлбарласан судалгаа харагдахгүй байна. Тийм болохоор энэ тоо савлаад байгаа юм.
Нэг болохоор 152 ч болох юм шиг, нөгөө болохоор суврагны тоотой адил ч болох юм шиг, 120 ч болох юм шиг янз бүрийн тоо яваад байна. Энэ нь санаа зовоож байна.
Яагаад гэвэл манай бүс нутагт энэ тоог дураараа өөрчилчихөөд, ардчилал нь хохирол амссан улсууд байна. Киргизстаны жишээг бид яриад байгаа юм. Манайхтай адил ерээд онд ардчилалд шилжихдээ 100 гаруй хүнтэй, хоёр танхимтай парламенттай байж байгаад, сольсон. 90 болох нь зүйтэй юм байна гээд нэлээд явсан. Бас л тооцоо судалгаа муутай байж. 2011 онд ч билүү Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж, 120 болгосон. Буцаагаад ахиад 2021 онд 90 болгочихож байгаа юм. Энэ улс олон улсын судалгаагаар дарангуйлагч дэглэмтэй, ардчилсан бус улс болоод явчихаж байгаа юм.
Энэ юу хэлээд байна гэхээр Үндсэн хуульдаа тооцоо судалгаагүй өөрчлөлт дахин дахин оруулаад, энэ нь буцаад ардчиллынхаа институтэд сөргөөр нөлөөлж байна.
Парламентад хүмүүс нь итгэхгүй байна. Чадавхигүй гэж харж байна. Намууддаа маш сөргөөр нөлөөлж байгаа. Институтцлагдсан нэг ч нам байхгүй юм байна гэж сүүлийн үеийн судалгаагаар гарсан. Ардчилал нь нураад уначихаж байна. Ийм болохгүй зүйл рүү дагуулдаг учраас бид маш болгоомжтой хандах ёстой. Монгол Улсын Үндсэн хуулийн хувьд тогтвортойд ордог. Үүнийгээ хамгаалах гэж бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль гаргасан шүү дээ. Нэг өөрчлөлт хийсэн бол найман жилийн дотор өөрчлөхгүй гэдэг хязгаар хүртэл тавьж өгсөн. Энэ зүйлүүд ардчилсан тогтолцоог хамгаалах баталгаа болоод байна. Энэ баталгаагаа бид аль болох хөндөхгүй. Болгоомжтой хандах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна. Түүнээс биш энэ тоо манайд таарсан гэсэн нотолгоо судалгаа надад ч байхгүй.
Монголын ард түмэн ардчилсан тогтолцоондоо итгэдэг, байнга л судалгаагаар “Ардчилсан улс байх ёстой” гэсэн байр суурин дээр олон нийт санал нэгддэг шүү дээ. Ийм улсад Үндсэн хуульдаа ардчиллаа бэхжүүлэх өөрчлөлт хийлээ гэхэд дургүйцэх хүн байхгүй. Эрх баригчдын зүгээс гол нь хийсвэр бус үнэхээр үндэслэлтэй гэдгийг хүмүүст ойлгуулж таниулах хэрэгцээ бий.
-Парламентад итгэх олон түмний итгэл алдарч байна. Гишүүдийн тоог нэмж хасахаас өөр ямар аргаар олон түмний итгэлийг хадгалж болох вэ?
-Энд учир шалтгаан логик холбоос байх ёстой биз дээ. Тийм холбоос нь хаана байгааг л хармаар байгаа юм. Улстөрчдийн ёс зүйн асуудал байж болно. Сонгуулийн хуулийн асуудал байж болно.
Хаанаа уг шалтгаан нь байгааг тодорхойлчихоод, уг шалтгаанаа эмчлэх болохоос биш хаана ч хамаагүй шархны лент наагаад байх юм бол эдгэрэхгүй л гэсэн үг.
Бид учир шалтгаанаа зөв тогтоож чадаж байна уу гэдэг дээр улстөрчид яримаар байгаа юм. Улстөрчийн ёс зүйгүй үйлдэл парламенттай холбоотой юм уу?
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт яригдаж байна. Дараа нь Сонгуулийн тухай хууль яригдах байх. Улс төрийн намын хуулин дээр ажилласан гэсэн. Ахиц дэвшил гарч байна уу. Бид энэ хуулиудын талаар маш их ярьсан шүү дээ.
-Улс төрийн намын тухай хуулийг үнэхээр олон жил ярьж байна. Одоо Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан хуульд иргэний нийгмийн зүгээс нэлээд оролцож санал өгсөн. Парламентад суудалгүй намуудын хувьд энэ хуулийн төсөлд таатай хандахгүй байна. Яагаад гэвэл энэ хуулийн төсөлд улс төрийн намуудыг хяналттай болгож байгаа юм. Улс төрийн санхүүжилтийн хувьд нэлээд хяналттай, сахилга баттай болгож, хариуцлага үүрүүлж байна. Гучин жилийн турш дураараа явсан хүмүүс хуулиар санхүүжилтээ тайлагнахад хүрсэн. Нэгэнт нам сайн дураараа эвлэлдэн нэгдсэн хүмүүсийн байгууллага болохоор төрөөс ямар нэг байдлаар хариуцлага хүлээлгээд, санхүүжилтээ ил тод болго гэж байгаа бол тодорхой хэмжээний шууд бус дэмжлэг байх ёстой гэж үзсэн. Төрөөс дэмжлэг үзүүлж байхад тухайн нам санхүүжилтээ ил тод тайлагнахгүй байна. Нам бусад төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагаас ялгарах онцлог нь сонгуульд оролцдог. Манайд дутагдаж байгаа зүйл намуудын дотоод ардчилал.
Гишүүдтэйгээ ажиллахыг дотоод ардчилал гээд байгаа юм. Гишүүдтэйгээ ажилладаггүй, хуралдуулдаггүй, тэдэнтэйгээ зөвлөлддөггүй. Энэ хуулиар дөрвөн жилд нэг удаа бүх гишүүдийн хурал хийхийг үүрэг болгосон. Үүнийгээ хийхгүй яваад байвал идэвхигүй нам болгож байгаа юм.
Түүнээс биш парламентад суудалгүй зарим намынхны яриад байгаа шиг намыг тараах гээд байгаа юм биш.
Идэвхигүй нам болгоно гэдэг тараана гэсэн үг биш. Энэ нам яг нам шиг үйл ажиллагаа одоохондоо явуулахгүй байна шүү гэдгийг сонгогчдод мэдээлж байгаа юм.
Сонгогчдын нүдээр харахад бол ашигтай мэдээлэл. Аль нам нь дотоод ардчилалтай юм, аль нь гишүүдтэйгээ зөвлөлдөж ярилцдаг, санхүүжилтээ ил тод мэдээлдэг буюу хариуцлагатай нам гэдгийг сонгогчдод ялгаж өгч байгаа юм.
Би иргэний нүдээр хараад энэ хууль намуудыг хариуцлагатай байдал руу түлхсэн, хөшүүргүүдийг бий болгосон, сонгогчдын хувьд шийдвэр гаргахад дөхөм болгосон хууль. Яваандаа Монголд олон намын улстөрийн систем жинхэнэ ёсоор төлөвшиж бий болоход түлхэц болох хууль гарч байна гэж бодож байна.
-Иргэдийн зүгээс яахаараа татвар төлөгчдийн мөнгөөр намуудыг санхүүжүүлдэг юм гээд гайхдаг. Намд парламентын суудлын тоогоор дамжуулж мөнгө өгөх нь намын санхүүжилтийг ил тод болгох, тайлан шаардахад дөхөмтэй гэж судлаачид тайлбарладаг шүү дээ. Гэтэл намууд мөнгөө авсан мөртлөө тайлагнадаг юм уу?
-Иргэний нийгмийн зүгээс хяналт тавих гээд байнга албан тоот явуулдаг. Энэ мэдээллээ ил болго гэдэг. Одоо бол манайд 2005 онд батлагдсан Улс төрийн намын тухай хууль үйлчилж байна. Энэ хуулийн хүрээнд дотоод хяналтын байгууллага нь намын санхүүжилтэд хяналт тавина гэсэн л заалт байдаг. Дотоод хяналтын байгууллагатай нам хэд байдгийг ч бид мэдэхгүй. Байсан ч хянадаг ч юм уу үгүй ч юм уу гэдгийг бас мэдэхгүй.
-Уг нь бол төсвөөс мөнгө авч байгаа, тийм ээ?
-Авч байгаа. Парламентын нэг суудлыг 10 сая төгрөгөөр тооцоод, жил болгон улсын төсвөөс санхүүжүүлж байгаа шүү дээ. Зөвхөн парламентад суудалтай намд энэ мөнгийг олгодог. Үүний тайлан тооцоо гэсэн юм би үзээгүй.
Нэлээд хэдэн жилийн өмнө аудитаас хяналт хийсэн. Ер нь болохгүй байгаа юм байна шүү. 50 хувийг нь тойрогтоо зарцуулна гэсэн заалт хэрэгжихгүй байна шүү гэж сануулж байсан. Бид татвар төлөгчдийн мөнгийг үнэхээр тэнд үргүй зарцуулж байгаа юм. Уг нь төрийн санхүүжилтийг яах гэж намд олгож байна гэхээр нам бол сонгуульд оролцдог, сонгуулиар төрийн эрх авдаг онцгой институт юм. Энэ институтыг зөв төлөвшүүлэх учиртай. Байгууллага л юм чинь нэг газраас санхүүжих ёстой. Хувийн том компаниудын санхүүжилт дийлээд ирвэл ашиг сонирхлын зөрчил нэлээд гардаг. Авилга газар авдаг. Манайд яг л тийм нөхцөл бий болоод байна шүү дээ. Дээр нь хяналтгүй бол бүүр замбараагаа алддаг.
Тийм учраас авлигын асуудал тасралтгүй гараад байна. Үүнийг таслан зогсоох нэг арга төрөөс санхүүжүүлэх байдаг. Энэ бол олон улсын сайн туршлага. Бүх улс оронд төрийн санхүүжилт байдаг. Түүгээрээ дамжуулж намуудаа хянадаг. Манайд бол төрийн санхүүжилтийг олгочихоод хяналтыг нь орхигдуулсан.
Одоо Ерөнхийлөгчөөс өргөн барьж байгаа хуульд хяналтын хэсгийг нь түлхүү оруулж ирэхэд намууд дургүйцэж байна шүү дээ. Та нар ил тод байх ёстой, санхүүжилтээ тайлагнах цаг болсон гэж иргэд намуудаас шаардах ёстой.
Гуч гаруй жил дураараа тонгочихоор улс төрийн намууд төлөвшихгүй байна шүү дээ. Айлын хүүхдээр зүйрлэвэл бид буруу эрхлүүлээд байна. Одоо жаахан хүмүүжүүлж авах цаг яах аргагүй болсон байна.
Энэ хуулийн гол зорилго ерөөсөө л энэ. Намууд шүүмжлээд байгаа нь аргагүй. Айлын эрх хүүхдийг хүмүүжүүлэх гэвэл дургүйцнэ биз дээ. Иргэдийн зүгээс зөв шаардлагуудаа тавих ёстой. Зөвхөн парламентад суудалтай намуудыг санхүүжүүлэх бус иргэдээсээ дэмжлэг аваад мундаг ажиллаж байгаа намуудад сонгуулийн хоёр хувийн дэмжлэг дээр нь үндэслээд төрөөс шууд санхүүжилт өгдөг, тэр нь сонгуульд амжилт гаргасан намуудтай харьцуулахад бага л даа. Гэхдээ тодорхой хэмжээнд үйл ажиллагаа явуулах, иргэдийнхээ дуу хоолойг төлөөлөх хэмжээний санхүүжилт олгох, нэг хувийн дэмжлэг авчихвал хурал цуглаан хийх газар, иргэдэд мэдээллээ хүргэх боломжийг нээх гэх мэтээр дэвшилттэй заалтууд бас оруулж ирсэн.
манай намын систем тэгш бус өрсөлдөөнийг сайн зохицуулж байгаагүй. Гучин жилийн дараа нэг нам давамгайлсан тогтолцоо руу орчихлоо. Ийм байдлаар удаан үргэлжилбэл Монгол шиг шинэ ардчилсан улсад сайн биш гэдгийг гадаад, дотоодын судлаачид маш их ярьж байгаа.
Ийм судалгаатай үндэслэл байгаа учраас Улс төрийн намын тухай хуулийг боловсруулж гаргаж байгаа юм. Энд иргэдийн дэмжлэг маш хэрэгтэй байна.
-Иргэний нийгмийн зүгээс Сонгуулийн хуулийн төсөлд өгч байгаа саналыг танилцуулсан. Нэр дэвшигч компанийн эзэн, мөнгөтэй бизнес эрхлэгч байвал сонгуульд зарцуулж байгаа мөнгөнд нь хязгаар тогтоогоогүй юм байна. Энэ бас гарааны тэгш бус нөхцөл үүсгээд байгаа юм биш үү?
-Тэгэлгүй яах вэ. Яахаараа улс төр мөнгөтэй хүмүүсийн оролцдог тоглоом байх ёстой юм бэ. Улс төр гэдэг биднээс ангид өрнөөд байдаг зүйл биш. Энэ улстөрчид л бидний амьдралыг шийдээд байна шүү дээ. Хэнээр шийдүүлэх вэ гэхээр бид мөнгөтэй хүмүүст жолоог нь өгчихөж болохгүй.
Уг нь гарааны тэнцвэртэй байдлыг хангах ёстой. Бусад улсууд чинээлэг хүмүүс орж ирээд дураараа тонгочихыг хязгаарлах тийшээ явж байна. Тэгж чадаагүй улсуудад ардчилал нь суларч байна.
Канадад яг энэ зохицуулалтууд байдаг. Чинээлэг улс төрч ороод ирвэл та мөнгөтэй байж болно, гэхдээ сонгуульд зарцуулж байгаа мөнгө чинь хязгаартай байх ёстой гэдгийг тогтоож өгсөн байдаг.
Энэ зохицуулалт манайд байхгүй. Бид Сонгуулийн хуульд байгаа хэд хэдэн цоорхойг бөглөж чадахгүй байгаа. Нэг нь энэ. Сонгогчид ч энэ талаар ойлголт муутай байдаг.
Баян байж яахаараа улс төрчид биднээс хандив гуйдаг юм гэдэг. Уг нь иргэдээс цуглаж байгаа хандив гэдэг дэмжлэгийн нэг хэлбэр байдаг. Улстөрч сонгогчдынхоо дэмжлэггүйгээр мөнгө хаяад сонгогдоод байна гэдэг муу.
Гэтэл түүнийг нь бид өөгшүүлээд байдаг. Уг нь бид ийм үзэгдлийг буруушааж, зэмлэж байх ёстой. Улстөрчид сонгогчдыг төлөөлөх гэж байгаа бол дэмжлэгийг нь авах учиртай. Тэтгэврийн хөгшин байсан ч мянган төгрөгийн хандив өгөх юм бол олон хүнээс хандив, дэмжлэг авах тусам нэр дэвшигчийн улс төрийн амжилтын үзүүлэлт болдог. Хэн иргэдээс хамгийн их хандив цуглуулж чадна тэр хүн иргэдлийн дэмжлэгийг хурааж байгааг илтгэдэг. Энэ зүг руу сонгогчдын боловсруулахад сэтгүүлчид хамтарч ажиллавал зүгээр.
-Сонгуулийн хуульд хандив цуглуулах данс нээх, хандив цуглуулах хугацааг маш шахуу тавьдаг, бараг хандив цуглуулах боломж өгөхгүйгээр сонгуулийн хугацаа дуусдаг тухай зарим улстөрчид шүүмжилдэг?
-Тийм болохоор Улс төрийн намын тухай хууль Сонгуулийн тухай хууль холбоотой. Энэ хоёрыг тусад нь зохицуулахаар ийм асуудал үүсээд байгаа юм. Манайд сонгуулийн санхүүжилтийн тогтолцоо буруу явдаг. Магадгүй Улс төрийн намын тухай хууль нь гараад, энэ хүрээндээ улс төрийн санхүүжилтийг зохицуулж, иргэний нийгэм нь шахалт үзүүлж, хяналт тавьж, Сонгуулийн хуулиа үүндээ нийцүүлээд санхүүжилтийн талыг нь зохицуулаад өгвөл нэлээд цэгцрэх байх.
Уг нь нам мөнгө босгох учиртай. Тэндээсээ нэр дэвшиж байгаа хүмүүсээ тэнцвэртэй дэмждэг тогтолцоо манайд хэрэгтэй байгаа юм. Одоо улс төрийн санхүүжилт, намын санхүүжилт сонгуулийн санхүүжилт хүнээсээ санхүүждэг. Хяналтгүй эх сурвалжуудаас их санхүүждэг. Яагаад гэвэл өөр эх үүсвэр байхгүй шүү дээ.
Эх нь булингартай улс төрийн санхүүжилтийн тогтолцоо яваад байна. Эхийг нь цэвэрлэх хэрэгтэй байна. Төрийн санхүүжилт бий болгох, яваандаа дэмжигчдийн санхүүжилтээр солигдох ёстой юм. Сонгуулийн хуульд үүнийг хийж чадахгүй байна.
Тэгэхээр энэ асуудал өөрчлөгдөхгүй. Дараагийн сонгуульд ч урдын адилаар явна гэсэн үг. Магадгүй түүнээс өмнө Улс төрийн намын тухай хууль хэрэгжиж эхэлбэл Сонгуулийн тухай хуулиа түүнтэй нийцүүлбэл хувь нэр дэвшигч бус нам нь мөнгө босгож, санхүүжилт нь намын шилэн дансандаа төвлөрч нэр дэвшигч нартаа тэнцвэртэй хуваарилдаг бол шударга сонгууль болно. Ийм бүтцийн өөрчлөлт явагдахгүй байгаа учраас энд тэнд нь очоод, шархны лент наагаад яах юм бэ.
Ухуулагчдын тоог тэд болголоо, самбарын тоог буурууллаа гээд бид сонгуулийн зардал санхүүжилтийн асуудлыг шийдэж чадахгүй.