– Капитализмд шилжихээс өмнө буюу 1820 онд дэлхийн нийт хүн амын 90 орчим хувь нь нэн ядуу амьдарч байсан гээд төсөөл дөө. Гэтэл капитализм хөгжсөөр өнөөг хүрэхэд ядуурал 10 хувиас доошилсон. Энэ бол капитализмыг өмөөрөх маш том нотолгоо –
Чингисээр биш эдийн засгийн эрх чөлөөгөөрөө дэлхийд танигдана гэж амбицлах хэрэгтэй
-Таны “Капитализмыг өмөөрөхүй” номыг сонирхож харлаа. Антикапиталистуудын капитализмыг шүүмжилдэг арван өнцгийг үгүйсгэсэн нотолгоонууд тань их сонирхолтой юм. Манай улстөрчдийн хамгийн их шүүмжилдэг өнцгөөр эхэлсэн байна лээ. Капитализм бол өлсгөлөн, ядуурлын гол шалтгаан гэж шүүмжилдэг улстөрчид олон шүү, манайд?
-Би танд ганцхан тоо хэлье. Капитализмд шилжихээс өмнө дэлхийн ихэнх хүн ам туйлын ядуу амьдарч байсан. 1820 онд дэлхийн нийт хүн амын 90 орчим хувь нь нэн ядуу амьдарч байсан гээд төсөөл дөө. Гэтэл капитализм хөгжсөөр өнөөг хүрэхэд ядуурал 10 хувиас доошилсон. Энэ бол капитализмыг өмөөрөх маш том нотолгоо. Би “Капитализмыг өмөөрөхүй” номоо гучин оронд хэвлүүлэх төслийг энэ жил хэрэгжүүлж байгаа юм. Улс бүрээс тухайн орны иргэдийн капитализмын тухай ойлголт ямар байгааг тандсан судалгаа хийж, үр дүнг нь номдоо багтаасан. Өөрөөр хэлбэл Солонгост хэвлэгдсэн номд солонгосчуудаас авсан судалгаа бий, Монголд хэвлэгдсэн номд монголчуудаас авсан судалгааны үр дүн багтсан. Өмнө нь дэлхийн олон орныг хамарсан ийм далайцтай судалгаа хийгдэж байгаагүй. Судалгаа хийхдээ зөвхөн “Та капитализмыг дэмждэг үү” гэсэн ерөнхий зүйл асуугаагүй. Тал бүрээс нь тандсан асуултууд багтаасан нь судалгааны маань гол онцлог байсан.
-Улс орнуудыг антикапи¬талист, капитализмд эерэг хандлагатай, төвийг сахисан гэж ангилсан нь сонирхолтой санагдсан. Герман, Австри, Франц зэрэг их гүрнүүд антикапиталист буюу хар жагсаалтад орсон байхад Монгол төвийг сахисан гэх ангилалд Вьетнам, Шведийн араас жагсч байна. Монголчуудын капитализмын талаарх хандлага эерэг, хөрш Орос шигээ чөлөөт зах зээлийн замаас гарчихгүй хөгжих боломжтой гэж ойлгож болох нь ээ?
-Монголчуудын хувьд нэг онцлог ажиглагдсан. Бусад оронд олж буй орлого, боловсролын түвшин, нас, хүйснээсээ хамаарч капитализмын талаарх хандлага нь зөрүүтэй байсан бол танай улсад тийм зүйл ажиглагдсангүй.
Капитализмд хандах хандлага нь хуучин социалист дэглэмтэй байсан улсуудаас харьцангуй эерэг өнгөтэй гарлаа. Гэхдээ Польш, Чех гэх мэт улсуудаас бага зэрэг хоцролттой явж байна. Польш, Чехийн хувьд шилжилтийг маш амжилттай хийж чадсан. Орос, хуучин Югославын орнууд зэрэг улсын шилжилт хийсэн үр дүн Монголоос хоцорсон гэсэн дүгнэлт гарсан. Товчхондоо социализмаас шилжилт хийсэн 11 орон бий. Чөлөөт зах зээлийн шилжилтийг дажгүй хийсэн гэдэг үзүүлэлтээр Монгол Улс Польш, Чехийн дараа гуравдугаар байрт жагссан. Монгол улс чөлөөт зах зээлийн замаасаа гарчихгүй хөгжих бүрэн боломжтой нь эндээс харагдах байх.
-Манай зарим улстөрчид, тэр дундаа эрх баригч намын нөлөө бүхий гишүүд чөлөөт зах зээлийн шилжилтийг буруу хийсэн, Монголд зэрлэг капитализм л хөгжсөн гэсэн шүүмжлэл хэлдэг л дээ. Энэ хандлага хүчээ авбал эрсдэлтэй санагддаг. Чөлөөт зах зээлээ улам хүчирхэг болгохын тулд бидний хамгийн түрүүнд цаг алдалгүй хийх ёстой алхам юу бол?
-Антикапиталистууд капитализмын тухай ойлголтыг шашны маягтай болгочихсон байдаг л даа. Бүх муу юмны шалтгаан болгочихдог. Муу зүйл тохиолдвол бурхан харсангүй гэдэгтэй яг ижилхэн хандлага гаргадаг. Монголын хувьд зах зээлийн нийгмээ илүү сайн хөгжүүлэх ёстой. Юуны түрүүнд нүүрс, зэсийн төрийн өмчит том компаниудаа хувьчлах хэрэгтэй. Тэгж байж илүү үр дүнд хүрнэ. Би “Хүчирхэг капитализм” номдоо төр ба чөлөөт зах зээлийн байдлын тухай харьцуулсан судалгаа хийснээ онцолж бичсэн байгаа. Наад захын жишээ гэхэд л Венесуэл байна. Далаад онд дэлхийн хамгийн том хорин эдийн засгийн нэг байсан орон. Гэтэл төрийн зохицуулалт чангарсаар байгаад эцэст нь дэлхийн хамгийн ядуу орны нэг болчихсон. Үүний эсрэг жишээ нь Хятад. Наяад оны эхэнд хүн амын ер орчим хувь нь ядуу гэсэн ангилалд багтаж явсан бол өнөөдөр хүн амынх нь нэг хүрэхгүй хувь нь ядуу байх жишээний. Ийм амжилтад хүрсэн нь ганцхан шалтгаантай. Дэн Сяо Пиний зах зээлийн эдийн засгийг нэвтрүүлэх бодлого өнөөдрийн Хятадыг бүтээсэн юм. Хятадын тухайд өөрсдийгөө ямар замаар яваагаа юу гэж нэрлэх нь чухал биш. Хөгжлийнх нь гол нууц зах зээлийн эдийн засгийн давуу тал, капитализмын хүчирхэг байдал гэдэг нь хэнд ч ил асуудал.
-Антикапиталист, капитализмын эсрэг хандлагатай орнууд дунд Франц, Герман, Их Британи гэх мэт эдийн засаг нь хүчирхэг том гүрнүүд харагдаж байна. Ингээд харахаар капитализм цорын ганц зөв зам биш ч юм шиг…?
-Таны хөндөж асуусан өнцгийн тухайд эдийн засгийн түүхийн асуудал л даа. Улс гүрнүүд амжилттай явсан түүхээ мартчихдаг. Яагаад, ямар шалтгаанаар амжилтад хүрснээ хэсэг зуур мартдаг гэж хэлэх гээд байна л даа. Дэлхийн хоёрдугаар дайны дараа барууны орнууд хэрхэн яаж хөгжсөн талаарх түүхийг сөхвөл чөлөөт зах зээлийн зарчмаар явсныг нь харж болно. Хувь хүнээр жишээлье. Зуу гаруй кг жинтэй хүн эрүүл хоол, дасгал хөдөлгөөний ачаар жингээ хасчихлаа гэж төсөөлье. Жингээ хасчихаад ахиад идээд эхэллээ гэж бодъё. Хэвийн жинд хүрч, биеэ эрүүлжүүлсэн амжилтаа мартчихсан учраас идэж байгаа гэсэн үг. Улс орнуудад яг ийм процесс өрнөдөг. Дахиад хэлэхэд улс орнууд амжилтын шалтгаанаа мартчихдаг.
Герман улс өнөөдөр хэцүүхэн байгаа. Бүхнийг зохицуулна гээд үзэж яваа. Хамгийн тод жишээ гэхэд л эрчим хүч, энергийн салбар байна. Цөмийн станцаас татгалзана гээд эцэстээ Америкаас хийгээ авдаг болсон. Бүхнийг зохицуулах гэсэн хандлагынхаа төлөөсөнд өнөөдөр хамгийн өндөр үнэтэй эрчим хүч хэрэглэдэг улс болчихлоо. Энэ бол зах зээлийн зарчмын эсрэг арга хэмжээний үр дагавар. Германчууд энэ алдаагаа засах байх. Зах зээлийн эдийн засгийн үзэл санаа хааяа мартагддагийн жишээ л дээ.
Антикапиталистууд үнэд хяналт тавих ёстой, үнийг тогтоох шаардлагатай гэдэг. Үнэ өслөө, инфляцийг барих ёстой гэцгээдэг. Гэхдээ бодит байдал дээр тэдний энэ байр суурь зөв биш байсныг сүүлийн 200 гаруй жилийн түүх харуулдаг.
Адам Смит өөрийнхөө номоор нотолчихсон. Үнэ зах зээлийнхээ зарчмаар тогтох ёстойг тов тодорхой хэлээд өгчихсөн. Бороо их ороод байна, бороо зогсоох хууль санаачилъя гэж байгаатай л адилхан зүйл.
Антикапиталистуудын бас нэг онцлог нь пиар талдаа чадварлаг. Капитализмыг дэмжигчидтай харьцуулахад пиар, маркетинг талдаа үнэхээр сайн. “Би хууль батлаад бороо зогсооно, инфляцийг бууруулна” гэж ярьцгаадаг. Гэтэл амьдрал тийм биш. Тэдний энэ хандлага бодит байдалтай огт нийцэхгүйг маш сайн ойлгох хэрэгтэй.
-Манайх хоёр том гүрний дунд оршдог жижиг орон. Шатахуунаараа Оросоос хараат, Хятад хилээ хаавал өргөн хэрэглээний барааны хомсдолд орж улсаараа хэцүүдэх өндөр эрсдэлтэй. Энэ хараат байдал маань чөлөөт эдийн засгийг хүчирхэгжүүлэхэд саад бэрхшээл болох вий гэсэн эргэлзээ дагуулдаг. Та энэ тал дээр ямар бодолтой байна вэ?
-Сайхан асуулт байна. Аль ч орон ямар нэг улсаас хамааралтай байдаг. Жишээ нь манай улс Орос, Хятадаас их хамаарч байгаа. Үйлдвэрлэсэн машиныхаа ихэнхийг Хятад руу экспортолдог учраас бизнесийн хувьд Хятадаас асар өндөр хамааралтай. Хятадууд авахаа больё гэвэл манай улсын машины үйлдвэрлэл хэцүүднэ. Сингапур, Хонгконг зах зээлийг хөрсөн дээрээ буулгаж хөгжүүлж чадсан шиг Монгол Улс зах зээлийн нийгмээ илүү хөгжүүлэх боломжтой. Тэднээс суралцаж Сингапур, Хонгконг шиг хөгжих бүрэн бололцоотой.
Монголчуудын тухайд бизнест талтай ханддаг, хууль дүрмийг хэрэгжүүлж чаддаг, маш бага зохицуулалт хийдэг, чөлөөт зах зээлийг дэмждэг гэх мэт олон давуу талтай. Үнэ хянадаггүй, бизнест элэгтэй гэх мэт давуу талдаа түшиглээд хөрөнгө оруулалтад ээлтэй орон гэдгээ харуулах учиртай. Татвар бага байх ёстой. Зохицуулалт бага, төрийн оролцоо хүчтэй биш, хууль дүрмийн хэрэгжилт өндөр түвшинд байчихад л болчих асуудал. Латин Америкийн Уругвай улс гэхэд л социалист улсуудын дунд зах зээлийн нийгмийг хөгжүүлж чадаж байна. Ингээд харахаар өөрсдийгөө хэт том улсуудтай харьцуулах, нөлөөллөөс нь болгоомжлох шаардлагагүй. Жижиг зах зээл хэрхэн амжилтад хүрсэн туршлагыг хараад хөгжих учиртай. Хүн бүр бизнес хийх хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Тэр хөрс суурийг нь бэлдэж өгөх л хамгийн чухал асуудал.
-Том хөршийнхөө хэт нөлөөллөөс гарахын тулд хийх эхний алхам гэвэл та юуг онцлох вэ?
-Герман ОХУ-аас газын нөлөөтэй байсныг та мэднэ. Улс орнуудад том, бага гэлтгүй түр зуурын энэ мэт нөлөөнүүд бий. Үүнийгээ мэдрээд бусдаас хамаарсан байдлаа багасгахын төлөө ажиллая гэвэл юун түрүүнд гадаадын хөрөнгө оруулалт татах чадвар өндөр байх учиртай.
Вьетнам гадаадын хөрөнгө оруулалт татах чадвараараа тэргүүлдгийг та мэднэ. Гадаадын хөрөнгө оруулалт, технологийн давуу талыг ашиглаж хөгжвөл илүү зөв шийдэл болно. “Херитэж” сангийн эдийн засгийн эрх чөлөөний байдлын индексээр Монгол Улс 100 гаруй улсаас 73-т, Азийн 39 орноос 15 дугаарт жагсч байна. Азидаа эхний хоёрт оръё, дэлхийд дунджаас дээгүүр байр эзэлье гэсэн хүсэл эрмэлзэлтэй болбол үр дүнд хүрнэ. Дахиад хэлэхэд бие даасан эдийн засаг хөгжүүлэх цорын ганц бодитой шийдэл бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах чадвараа дээшлүүлэх.
-Хойд хөршийн тухайд байдал бүр хэцүүдэж байна. Монгол зах зээл, засаглалаараа дараагийн Орос болохгүй гэх баталгаа, дархлаа өндөр улс юм байна гэсэн ойлголт тантай ярилцах зуурт төрлөө…?
-Оросуудтай харьцуул¬бал монголчуудад нэг том давуу тал бий. Эрх чөлөөтэй улс. Зах зээлийн эдийн засаг харьцангуй сайн хөгжиж яваа. Ингээд харахаар Оросын хэмжээнд хүртэл муудахгүй байх. Орост зах зээлийн эдийн засаг, хувийн өмч гэж ярьдаг ч удирдагчид нь хүсвэл дээрэмдье гэсэн бүхнээ дээрэмдчихдэг. Энэ бол капиталист нийгэм биш. Тийм учраас харьцуулахад хол зөрүүтэй улс орнууд. Ер нь ямар ч улс орон амбицтай байх ёстой.
Эдийн засгийн эрх чөлөөний индексээ урагшлуулна, бизнесийн хамгийн таатай орчныг бүрдүүлсэн арал болно гэсэн амбицаар дэлхийд гарч ирэх ёстой. Монгол гэхээр дэлхийн улс орнууд Чингис хаанаар нь мэддэг. Өнөөдрийн Монголын хувьд эдийн засгийн эрх чөлөөгөөрөө маш таатай орон гэдгээрээ танигдана гэж амбицлах хэрэгтэй. Үүний хамгийн том загвар нь Сингапур. Сингапураас илүү Өмнөд Солонгос ч ойрхон байж мэдэх юм. Жараад онд Өмнөд Солонгос Ази, Африкийн орнуудаас ч ядуу байсан. Гэтэл өнөөдөр ямар том эдийн засаг болсныг дэлхий нийтээрээ харж байна. Жижиг орон эдийн засгаа цойлуулсан жишээ өчнөөн бий. Сингапур, Тайвань, Эстони, Люсембург бол жижигхэн улсууд. Та эдийн засгийн эрх чөлөөгөөрөө тэргүүлдэг арван орныг хараарай. Ихэнх нь танай улстай харьцуулахуйц жижиг улс байгаа.