2024-11-23, Бямба
-1 C
Ulaanbaatar

АМНАТ-аар хөрөнгө оруулалтыг хазаарлаж, Сангийн яамыг “бирж” болгов

Манай сайт Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, металлургийн инженер Н.Алгаагийн нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна. Түүний нийтлэлээс уншигч та Монголын уул уурхайн 90-ээд оноос өнөөдрийг хүртэлх анхаарал татсан түүхүүд, уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлууд, уул уурхайн эдийн засаг, нийгэмд үзүүлж буй нөлөөлөл гэх мэт энэ салбартай холбоотой сонирхолтой өнцгүүдийг олж харах болно. Тэрээр "Монголын уул уурхай ухрах уу, урагшлах уу" номын зохиогч юм.

– Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байсантай холбогдуулан 2011 онд 10-20 хувь болж өсөв. 1997 онд хөрөнгө оруулагчдыг даллан дуудаж байсан үеэс 5-10 дахин өссөн нь бидэнтэй өрсөлдөн хөрөнгө оруулалт татаж буй орнуудтай татварын горимын хувьд өрсөлдөх чадваргүй л болж байна гэсэн үг –

Түрүүчийг ЭНД дарж уншина уу

Ашигт малтмалын тухай хуулийн зарим онцлог зохицуулалтууд

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

Ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр (рояльт) бол өмчийн эзэн өөрийнхөө өмчийг бусдад эзэмшүүлж, ашиглуулж байгаагынхаа төлөө авч буй төлбөр бөгөөд түүний хувь хэмжээ, төлбөр тогтоох арга, хэлбэрийг хэрхэн сонгож тогтоох нь олон талын чухал ач холбогдолтой байдаг. Ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр (АМНАТ ) нь тухайн улсын төсвийн орлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг мөн боловч хэмжээ нь хэт их бол ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг хязгаарлах ба сааруулах, бага байвал уг үйл ажиллагааг идэвхжүүлэх, урамшуулах эдийн засгийн хөшүүрэг болдог байна.

Олон улсын практикт АМНАТ-ын хувь хэмжээг борлуулалтын орлого эсвэл цэвэр ашигт хувь тогтоох, эсвэл нэгж бүтээгдэхүүнд мөнгөн дүнгээр төлбөр ногдуулах зэрэг аргуудыг хэрэглэдэг. АМНАТ-ын хэмжээг 1994 оны хуулийн 34.2 ба 34.3-т “…тухайн ордыг ашиглаж үйлдвэрлэсэн бүтээгдхүүнийг борлуулснаас олох орлогын 1,5 %-иас багагүй, 12,5 хувиас ихгүй байна, стратегийн ашигт малтмалын хувьд Улсын Их Хурал, тусгай ашигт малтмалын хувьд Засгийн газар, ердийн ашигт малтмалын хувьд … аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал … хууль тогтоомжинд заасан дээд хэмжээнд багтаан тус тус тогтооно.” гэж, 1997 оны хуулийн 38.3-т “… тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү байна. Шороон ордоос …алтны… борлуулалтын үнэлгээний 7,5 хувьтай тэнцүү…, 2006 оны хуулийн 47 дугаар зүйлийн 3.1 ба 3.2-т “дотоодод борлуулж байгаа нүүрс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын… борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү;, … бусад ашигт малтмалын… борлуулалтын үнэлгээний 5,0 хувьтай тэнцүү” байна гэж хуульчилжээ.

1994 оны хуульд АМНАТ-ын хэмжээний зөвхөн дээд, доод хязгаарыг тогтоож жинхэнэ бодит хувь хэмжээг тогтоох эрхийг ашигт малтмалын ангилалаас хамааруулан хууль тогтоох, төрийн гүйцэтгэх болон орон нутгийн төлөөллийн байгууллагууд зэрэг олон субьектүүдэд тараан олгосон нь нэг талаас хувь хэмжээг тогтоох олон шат дамжлагатай, тодорхой бус, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй, нөгөө талаас субьектив хамаарал ихтэй тул хүнд суртал, хээл хахууль, авилга буй болох нөхцөл үүсэх боломжтой байна.

Харин нөгөө хоёр хуульд АМНАТ-ын хувь хэмжээг шууд тогтоож өгсөн нь хялбар бөгөөд тодорхой болсон байна. 2011 оноос ашигт малтмалын бүтээгдэхүүний үнийн өсөлтийн түвшингээс хамааруулан өсөн нэмэгдэх АМНАТ тогтоосон ба энэ нь суурь хэмжээ болох 5 хувь дээр ашигт малтмалын төрлөөс хамааруулан 5-15 хувиар нэмэгдүүлж тооцох болов.

ЭРГЭЦҮҮЛЭЛ:

Ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр гэж юу вэ?

Зөвхөн уул уурхайн салбарт байдаг, бусад бизнесийн салбарт байдаггүй онцлог төлбөр бол Ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөр (АМНАТ) гэж нэрлэдэг төлбөр юм. Англиар энэ төлбөрийг “royalty” (роялти) гэх ба одоо манайхан ч гэсэн заримдаа роялти гэж ярьцгаана. Роялти нь “Royal” гэдэг үгнээс гаралтай гэх ба энэ нь “ Хааны гэр бүл” гэсэн утгатай үг юм байна. Хаант улсуудад байгалын баялаг эзэн хааны өмч байсан ба уг баялгийг чөлөөт уурхайчдаар олборлуулаад өмчийн эзнийхээ хувьд төлбөр авдаг байсныг нь роялти гэж нэрлэж ирсэн түүхтэй ажээ. Энэ төлбөрийн хэмжээ нь 1994 оны Ашигт малталын хууль гарахаас өмнө Засгийн газрын тогтоолоор борлуулалтын орлогын 1-12,5 хувь байсан ба төсөл тус бүр дээр Засгийн газрын салбар хариуцсан төрийн захиргааны байгууллагаас тогтоогоод хэрэгжүүлэх дүрэм журамтай байсан.

АМНАТ-ыг борлуулалтын орлогод шууд тогтоох нь уг төлбөрийг тооцох, цуглуулах ба хянахад хялбар арга юм байна. Түүнээс гадна төлбөр төлөгч ашиггүй ажилласан ч төлбөрийг шууд авдаг онцлогтой. Цэвэр ашигт АМНАТ ногдуулж авах арга нь тооцоолол ихтэй, хянахад төвөгтэй байх бөгөөд алдагдалтай ажиллахад энэ төлбөр авч чадахгүй байх талтай. Бүтээгдэхүүний нэгж биет бүтээгдэхүүнд АМНАТ ногдуулах арга нь тооцох, цуглуулахад хялбар боловч үнэ өсөж буурахад өөрчлөгдөхгүй, эсвэл байнга өөрчилж байх шаардлага тулгардаг тул хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдаг.

2003 он хүртэл АМНАТ-ын асуудлаар ямар нэг үл ойлголцол ба маргаан төлбөр төлөгч ба татварын байгууллагын хооронд бараг гардаггүй юм. Учир нь экспортын голлох бүтээгдэхүүн нь Эрдэнэтийн зэсийн баяжмал, Монголросцветмет нэгдэл ба Монголчехметаллын жоншны баяжмал ба металлургийн жонш байв. Эрдэнэт үйлдвэр Засгийн газар хоорондын хэлэлцээрээр АМНАТ төлдөггүй, алтнаас бусад ашигт малтмалд АМНАТ-ын хэмжээ 2.5% байсан тул компаниудын хувьд төдийлэн татварын ачаалал багатай учир төлөхөд ч асуудалгүй байсан. Ер нь алтны уурхайнуудын төлсөн АМНАТ нь нийт төлбөрийн дийлэнхийг эзэлж байв.

2003 оноос нүүрс, 2004 оноос цайрын баяжмал, дараа нь төмрийн хүдэр, мөн хувийн жижиг жоншны уурхайнууд жонш экспортолж эхлэв. Эрдэнэт үйлдвэр Монгол улсын компанийн тухай хуулиар ХХК болж мөн АМНАТ төлж эхэлсэн. Өөрөөр хэлбэл АМНАТ төлөгч олон болж төлбөр ногдуулах бааз суурь нэмэгдэв. Ялангуяа нүүрсний экспортын хэмжээ хурдан нэмэгдэж байв. Сангийн яам, Татварын ерөнхий газар нүүрс олборлож экспортолж буй компаниудыг борлуулалтын орлогоо нууж байна гэж хардах болов. Тийм байгууллагууд байсныг үгүйсгэхгүй, гэхдээ хавтгайд нь асуудлыг хүндрүүлэн бүгдийг нь шийтгэж болохгүй байх.

Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өсөж байсантай холбогдуулан 2006 оны Ашигт малтмалын тухай хуульд АМНАТ-ын хувь хэмжээ 5 хувь болсон бол 2011 онд орсон өөрчлөлтөөр нийтдээ дүнгээр 10-20 хувь болж өссөн, 1997 онд хөрөнгө оруулагчдыг даллан дуудаж байсныг бодвол даруй 5-10 дахин өссөн нь бидэнтэй өрсөлдөн хөрөнгө оруулалт татаж буй орнуудтай татварын горимын хувьд өрсөлдөх чадваргүй л болж байна гэсэн үг. Манайд зэсэн дээр хамгийн өндөр хувь хэмжээтэй АМНАТ тогтоосон бөгөөд манайд энэ төрлийн аишгт малтмал хайхад хөрөнгө оруулалт татахад амаргүй, одоо эрчимтэй хайгуул хийж байгаа, эсвэл нөөцийг тогтоосон жижиг, дунд хэмжээний ордуудыг ашиглахад эдийн засгийн хувьд үр ашиггүй болгож байна. Иймээс цаашид АМНАТ-ын бодлогоо эрс шинэчлэж өөрсөлдөх чадвараа дээшлүүлэх, улмаар төлбөр ногдуулах бааз сууриа нэмэгдүүлэх шаардлагатай.

АМНАТ-тай холбоотой бодлогын чухал хэсэг нь төлбөрийн хувь хэмжээнээс илүүтэйгээр борлуулалтын орлого, эсвэл үнэлгээг хэрхэн тодорхойлох асуудал болоод байна. Энэ асуудлыг 1997 оны хуульд ашигт малтмалын бүтээгдэхүүн экспортод …гаргасан бол ижил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн тогтмол нийтлэгддэг үнийн тухай сарын дундаж болон олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим дээр үндэслэн;” гэж заасан байсныг ”…олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан” гэж өөрчилсөн байдаг.

Мөн “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгон ашиглаж болох үнэ бүрэлдэн тогтож, тогтмол нийтлэгддэг бирж болон мэдээллийн эх үүсвэрийн жагсаалтыг экспортын нэр төрлөөс хамааруулан Засгийн газар тогтоож, нийтэд албан ёсоор мэдээлнэ” гэж байсныг “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана.

Эдгээр өөрчлөлтөөр борлуулалтын үнэлгээг “олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн зарчим” дээр үндэслэн тогтоох байсныг “олон улсын зах зээлийн үнийг баримтлан” тогтоох, “бирж болон мэдээллийн эх үүсвэрийн жагсаалтыг” гэж байсныг “жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг” болгон өөрчлөсөнөөр Сангийн яаман дээр байгуулсан ажлын хэсэг сар бүр жишиг үнэ тогтоож зарладаг болов. Дэлхий дээр жишиг үнэ тогтоодог бирж байхгүй учир энэ ажлын хэсэг өөрөө хуулийн дээрх заалтад дурдсан “бирж” болох шив дээ.

Дэлхийд танигдсан бирж Лондонгийн металлын бирж бөгөөд энэ бирж дээр 6 төрлийн химийн цэвэр металлын үнийг өдөр болгон зарлаж байдаг. Эдгээрээс манай улс зэс ба цайр, хар тугалганы баяжмал үйлвэрлэж гаргадаг. Уул уурхайн компаниуд дээр дурдсан металл ашигт малтал олборлож баяжмал худалдаалахдаа зарлагдсан үнээс баяжмалын үнэ тодорхойлохдоо олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн арга хэрэгсэл (загвар) ашигладаг. Өөрөөр хэлбэл химийн цэвэр металлын үнээс баяжмалын үнэ тооцохдоо баяжмал дахь металлын агуулга, тоо хэмжээ ба хайлах, цэвэршүүлэх үеийн түүний хорогдол, хайлах ба цэвэршүүлэх үед гарах зардлыг харгалзан авч үзэх ба тооцох загвар гэсэн үг.

Харин нүүрс, төмрийн хүдэр жонш зэрэг нурмаг, эзлэхүүн хэмжээ ихтэй ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ ихэвчлэн хамгийн их худалдан авалт ба нийлүүлэлт хийгддэг далайн боомтуудад үнэ бүрэлдэн тогтож, зарлагдаж байдаг. Эдгээр нь Номхон далайн ба Атлантын далайн эргийн боомтууд юм. Манай улсад ойрхон байдаг боомтууд нь Хятад, Япон, Солонгос улсын далайн эргийн боомтууд бөгөөд тэдгээр боомтуудад дээр зарлагддаг үнээр борлуулахын тулд бид ашигт малтмалын бүтээгдэхүүнээ тэнд тээвэрлэж хүргэх шаардлагатай. Ингэхийн тулд Орос ба Хятадын нутгаар дамжуулан тээвэрлэх асуудлаар энэ 2 улстай гэрээ хэлэлцээр байхгүй тул ашигт малтмалын бүтээгдэхүүний манай хил дээр нийлүүлэхээс өөр аргагүй болдог. Дэлхийн худалдааны байгууллагын худалдааны ИНКОТЕРМС нөхцөлөөр хилийн үнэ бүрдүүлэлттэй орон юм. Ийм учраас ашигт малтмалын бүтээгдэхүүний АМНАТ тооцох үнийг манай улсын хил нөхцөлөөр тооцоолох учиртай. Гэтэл манай үүнийг тооцоолдог журамдаа боомтын үнэ баримталдаг тул манай аж ахуйн нэгжүүд далайн боомт хүртэл тээвэрлэх зардалаас АМНАТ тооцож авдаг гэсэн үг юм.

Үргэлжлэл бий.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img