2024-10-16, Лхагва
4 C
Ulaanbaatar

Талын хөх чононд нохойн амьдрал хэрэггүй

“Одоогоос жилийн өмнө буюу 2017 оны 10 дугаар сарын 21-нд Отгонтэнгэр хайрханд авирч явсан 27 уулчны 17 нь осолдож, монголчууд тэнгэр өөд тэмүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй хөвгүүд охидоо үүрд алдсан гүн эмгэнэлт өдөр тохиосон билээ. “Хайрхан аялагч клуб”-ын тэргүүн, уулын Спортын мастер Бэх-Очирын Гантулга буюу Жерритэй ярилцаж суухдаа тэр ослын тухай эрхгүй дурсацгааж, ярьж тохироогүй атал бид нэгэн зэрэг дуугаа хураан хэдэн хором суусан нь үнэт зүйл нэгтэй анд нөхдийнхөө араас харууссаар буйн илрэл байсан юм”

-Отгонтэнгэр хайрханд том осол болсноос хойш нэг жил өнгөрлөө. Энэ ослоос хойш их олон хүн цаашид өндөр ууланд явах эсэхээ шийдсэн байх. Цөөнгүй хүн авиралтын багаж хэрэгслээ зарна гэж зар тавьсан байхыг харсан. Үүний сацуу бас цөөнгүй хүн илүү болгоомжтойгоор, тэгээд эрчимтэйгээр ууландаа алхсаар байна. Тэдний нэг нь та. Би юу гэж асуух гээд байна вэ гэхээр, тийм том осол болчихоод байхад шантраагүй тань юутай холбоотой вэ?

-Өнгөрсөн жилийн осол маш олон хүнд маш хүнд цохилт болсон. Тэр аяллыг ахалж явсан хүмүүс бидэнтэй үнэт зүйл нэгтэй ах нар минь байлаа. Уулын Спортын мастер Н.Сүрэнжав буюу Сэнгүү ах, “Хайрхан аялагч клуб”-ын үүсгэн байгуулагчдын нэг, Удирдах зөвлөлийн гишүүн Г.Барсболд ах хоёрыг танихгүй хүн энэ салбарт үгүй. Тэд маань хэзээ ч мартагдахгүй, үргэлж хүндлэгдэх эрхэмүүд байж дээ. Хүн гэдэг амьтан амьд байхад нь нэгийгээ хэчнээн мундаг, сайн сайхан, түшигтэй байсныг мэддэггүй, унаад өгснийх нь дараа л мэдэрдэг гэдэг үнэн юм.

Би аялал зохиодог, тэд бас аялал зохиодог болохоор бидэнд хамтарсан авиралт хийх боломж ерөөсөө гарч байгаагүй. Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-нд би Отгонтэнгэр хайрхан явахаар төлөвлөж, багаа бүрдүүлчихсэн байсан юм. Тэгтэл ес хоногийн өмнө буюу 10 дугаар сарын 21-нд тэр осол болсон. “Отгонтэнгэрт авирч явсан хүмүүс алга болчихлоо” гэдэг мэдээг ням гарагийн орой хүлээж авсан.

Хэдийгээр надад эрэл хайгуулын багт орж ажиллах боломж гараагүй ч яаралтай арга хэмжээ авч, клубээсээ хоёр жип машин гаргаад есөн хүний бүрэлдэхүүнтэй багийг хайгуулын багийн араас явуулсан. Учир нь, тэр аялалд манай клубээс нэг хүн явсан нь Гарамын Барсболд агсан байлаа. Мундаг авирагч, мундаг аялал зохион байгуулагч, клубтээ болоод уулынхан дундаа их хүндлэгддэг хүн байсан даа. Хүний сэтгэл л юм даа, энд сураг чимээ чагнаад, яасан бол ийсэн бол гэж суухын оронд тийшээ давхиж байх нь хамаагүй дээр. Ядаж л “Би клубынхээ хэдэн залуучуудыг явуулчихсан шүү.

Авирч явсан хэд минь эсэн мэнд олдоосой” гэж бодоод хүлээгээд суух өөр. Тэгтэл даваа гарагийн орой манай хэдээс мэдээ ирсэн. “Жерри, ер нь найдваргүй юм байна аа, бараг бүгдийг нь оллоо” гэсэн. Намайг утсаар ярьж байхад манай клубын 50, 60 гишүүн өөдөөс минь хараад, мэдээ хүлээгээд сууж байсан юм. Тэгэхэд үнэхээр хэцүү байсан. “Яана даа” л гэж бодсон. Тухайн үед би сэтгэлээ барихыг маш их хичээсэн. Клубынхнээ ч гэсэн хаттай байгаасай гэж хүсч байсан. Гэхдээ л, бидэнтэй адил үнэт зүйлтэй, хамтдаа зүтгэж явсан нэг нөхөр маань, олон нөхөд маань унаад өгөхөөр бас шантармаар санагддаг л юм билээ. Тэглээ ч би шантраагүй ээ.

“Талын хөх чононд нохойн амьдрал хэрэггүй гэдэг. Тиймээс талын хөх чоно шиг тэр мундаг хүмүүсийн үйл хэргийг би үргэлжлүүлэх ёстой. Би хэзээ ч нохой шиг сүүлээ хавчаад зугтахгүй!” гэж өөртөө хэлсэн. Тэгээд 11 дүгээр сарын 1-нд хийхээр төлөвлөсөн Отгонтэнгэрийн авиралтаа шууд цуцалсан. Клубын хэмжээнд тэр жилийн бүх авиралтыг, мөн тэмцээн уралдаан, шинэ жил гээд бүх арга хэмжээг цуцалсан. Ослын дараа монголчууд маш олуулаа зул өргөж, хүндэтгэлийн алхалт хийж, дор бүртээ л эрвийх дэрвийхээрээ хүндэтгэл үзүүлсэн дээ.

Одоо ч тэднийгээ хүндэтгэн дурссаар байна. “Хайрхан аялагч клуб”-ээс жил бүрийн есдүгээр сард уулын клубүүдийн дунд зохиодог уулын гүйлтийн тэмцээнээ энэ жилээс Г.Барсболд агсаны нэрэмжит болголоо. Энэ жил бүр өргөжөөд, 21 баг тус тэмцээнд оролцсон шүү.

Дусал тайтгарал гуйсан нэхэн авиралт…

“Уулын спортод нэг бичигдээгүй хууль бий. Хэрвээ оргилоо эзэлж чадаагүй бол, эсвэл авирч яваад багийн нөхрөө алдсан бол уулчид нөхрийнхөө дурсгалд зориулан даагаа нэхэх авиралтыг заавал хийдэг. Тэгвэл, дээрх осол болсноос дөрвөн сарын дараа буюу 2018 оны хоёрдугаар сарын 27-нд хүндэт ах нар болон хүсэл зорилго нэгт уулчин нөхдийнхөө гэгээн дурсгалыг хүндэтгэн, Б.Гантулга ахлагчтай дөрвөн уулчин Отгонтэнгэр хайрханд авираад ирсэн билээ. Мэдээж тэд 100 гаруйхан хоногийн өмнө 17 нөхрөө үүрд алдсан тэр хайрханыг зорихдоо нийтийн эсэргүүцэл, сүсэг бишрэл, айдас түгшүүр гээд гадаад, дотоод хүчин зүйлсийг даван туулж, бие махбодын гэхээсээ илүү оюун санааны тэмцэлд ялалт байгуулж оргилд хөл тавьсан гэвэл онууштай”

уулчин Гантулга-Отгонтэнгэр хайрханд осол болсноос хойших нэг жилийн хугацаанд өндөр уулын авиралт харьцангуй цөөн зохион байгуулагдах шиг боллоо. Гэтэл та осол болсноос хойш төд удалгүй яг тэр хайрханд авираад ирсэн. Олон нийтийн эсэргүүцэл, айдас түгшүүр арилаагүй байхад энэ алхмыг хийхэд мэдээж амаргүй байсан байх. Гэхдээ та сууж байж чадахгүйдээ л тийш явсан байх даа…?

– Тийш явна гэхэд хүн болгон намайг эсэргүүцэж, хүн болгон намайг тэнэг мангараар нь дуудаж, тэр уулыг тайван орхи гэж загнаж байсан. Гэхдээ надад өөрийн гэсэн бодол, зорилго байсан юм. 2017 оны зургадугаар сард Мөнх хайрханд болсон уулчдын альпинадын өмнөхөн Барсаа ах “Жерри, хоёулаа энэ альпинадад хамт явъя” гэж санал тавьсан. Даанч би нэг авиралтаас ирээд долоо ч хоноогүй байсан болохоор ажил, амьдрал гээд явж чадаагүй юм. Сэнгүү ахын хувьд, хамгийн сүүлд гудамжинд таарахад “Ах нь маргааш өглөө Отгонтэнгэр явах гэж байгаа” гээд инээчихсэн явж байсан. “Өө тийм үү. Би таны араас удахгүй тийш явах юм байна” гэж яриад л бид салсан даа. Тэгтэл осол болж, ослоос хойш хоёр ах маань байнга зүүдлэгдээд, ер тайвширч чадахгүй байсан юм. Отгонтэнгэр хайрхан руу явах гэж байгаагаа клубынхэндээ ярихад Чанцалдулам, Цэрэндамба, Марсболд гурав “Бид хамт явж болох уу?” гэж зөвшөөрөл хүссэн.

Тэд маань 2017 оны 11 дүгээр сарын 1-нд явах байсан аяллын багийн хүмүүс. Би тэднийг хүчлээгүй ээ. “Хэрэв явах бол бэлтгэл сайн хий. Хамгийн гол нь сэтгэл зүйгээ сайн бэлд” гэж хэлээд л авч явсан. Хайрханы бэлээс өглөө 5.00 цагт авирч эхлэхэд цас маш их шуурч байлаа. Би олсныхоо тэргүүнд, салтаагаар татсан цасан дундуур зам гаргаад явсан юм. Ер нь би ууланд авирч явахдаа жаахан ядраад ирмэгц “За, том хүүгийнхээ төлөө 10 алхая”, “Дараагийнхаа хүүгийн төлөө 10 алхая” гэх мэтээр өөртөө хүч өгч урагшилдаг.

Тэгээд “Тэнгэр хангай минь оргилд бараалхуулж хайрлаарай”, “Хангайн нурууны ноён оргил минь зулай дээрээ залбируулаарай”, “Хоёр ах минь дүүдээ хүч хайрлаарай” гэж залбирч гуйсаар оргил дээр гарсан. Хүний сүсэг бишрэл л юм даа, тийш явахдаа би хоёр ширхэг Сэнгүр шар айраг үүргэвчиндээ хийчихээд, оргил дээр очиж тэрийгээ хоёр ахад өгөх гэж явсан юм, ер нь бол миний зорилго тэр. Тэгээд “За хоёр ах минь, ямар ч гэсэн та нарынхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ, битгий санаа зовоорой, хоргодох юм байхгүй, энд үлдсэн хүмүүсээ үргэлж ивээж яваарай” гэж залбираад, хоёр Сэнгүрээ задлаж цаасан аяганд хийж тавиад л буцсан даа. “Та нарын үйл хэргийг үргэлжлүүлэх хүн байгаа шүү” гэдгийг өөрсдөд нь “очиж” хэлэхгүй бол болохгүй санагдаад байсан юм.

Би мундаг уулчин биш, байгаль шинжлэгч, цаг уурч, эсвэл ослын шинжээч ч биш. Гэхдээ л, тэр газарт өөрийн биеэр очиж, өөрийн нүдээр харж, яг юунаас болоод тийм зүйл болсныг дотроо нэг тунгаах хэрэгтэй байсан юм. Оргил дээрээс харахад, осол болсон тэр газарт хоёр хүн ч байсан, 20 хүн ч байсан, дэлхийн ямар ч мундаг уулчин байсан ялгаагүй тэсэхээргүй байж л гэж бодогдсон. Нүдэн баримжаагаар, оргилоос 20-иод метрийн зайд 2 метр орчим өндөртэй эрэг үүссэн байна билээ. Өргөөшөө 1 км гаруй, уртаашаа 2 км гаруй цас гулгаад явчихсан, ирмэг нь дээд талдаа тийм эрэг үүсгэсэн. Манайхан хавтангийн гулгалт гэж тайлбарлаад байгаа, тэр нь ч зөв л дөө. Олон жилийн турш цас орж, хайлж, суларсаар байгаад л, юманд нэг эз таарна гэж байдаг, тэр нь л болсон шиг санагддаг. Түүнээс биш, тэр хүмүүс буруу замаар буусан юм байхгүй.

Отгонтэнгэр хайрханы оргил дээр тэгж гарахдаа би тэр хайрханыг өөртөө дархалсан гэх юм уу даа, ахиж тэр хайрхан руу авирахгүй гэж тангараг тавьчихаад ирсэн, барааг нь хараад л залбираад явна.

-Тэгэхээр та тэднийг үүрд одсон гэдэгтэй эвлэрч чадахгүй, нэг л итгэж өгөхгүй явсаар, эцэст нь Отгонтэнгэр хайрханы оргил дээр гарч байж л сэтгэлдээ салах ёс хийж, тайтгарлыг олж авсан бололтой…?

уулчин Гантулга-Тийм байх. Их сонин. Тэр авиралтаас хойш хоёр ах маань зүүдэнд орж ирэхээ больчихсон. Зарим хүн үүнийг сонсоод “онигоо шиг юм яриад” гэж шоолох л байх. Мөнх хайрхан руу ч гэсэн би яг Барсаа ахын явсан замаар авирмаар санагдаад болж өгдөггүй. Тэгээд бодож явсаар саяхан, 2018 оны долдугаар сард авирчихаад ирсэн. Өнгөрсөн жил альпинадад явсан хүмүүс энгийн болон техникийн авиралтын гэсэн хоёр өөр замаар явсан юм билээ. Барсаа ах техникийн авиралтын замаар нь явсан байсан. Тэр замыг нь судлаад, тэр замаар нь явчихаад ирсэн. “За ах минь, ингээд тантайгаа хамт энэ хайрханы оргилд гарлаа шүү” гэж сэтгэлдээ шивнэсэн. Хэдийгээр урьд нь энэ хоёр эрхэм хүнтэй хамт авирч байгаагүй ч эдгээр авиралтаар сэтгэлдээ хамт авирчихаад ирлээ гэж тайвширсан.

Нээрэн, Отгонтэнгэр хайрхан руу жолоочтойгоо тавуул явсан юм. Манай клубын нэг ах байнга л жолоо бариад бидэнтэй хамт аялдаг юм. Тэр ах маань бэлд үлдсэн. Биднийг оргилд гарчихаад буугаад ирсэн чинь “Та нарыг явсны дараа, үүр цайж байхад хоёр ах ирээд явсан. Би тэгэхдээ зүүдэлсэн юм уу, үнэхээр ирсэн юм уу, сайн мэдэхгүй байна. “Хөөе, юм авчирсан уу?” гэхэд нь “Жерри дээшээ аваад явчихсаан” гэж хэлсэн чинь “Аан за за” гээд яваад өгсөн” гэж хэлсэн. Тэр ах зүүдэлсэн ч байж магадгүй, эсвэл тэгэх вий дээ гэж бодож байгаад унтчихсан ч байж магад. Их сонин, сонирхолтой ч гэмээр юм уу.

Чи бол Чингис!

“Хүний амьдралд мартагдашгүй гэгээн дурсамж олон. Тийм дурсамж хэдий чинээ олон байна, амьдралаа төдий чинээ баялаг өнгөрүүлж буйнх биз ээ. Жерри Европ тивийн ноён оргил Эльбрус /ДТД 5642 м/-ын баруун, зүүн хоёр оргилд өдөртөө багтаж гарсан Монголын анхны багийн гишүүн юм. 2014 оны есдүгээр сард тэрбээр гурван нөхрийн хамт Эльбрус рүү өгсөж явах үед уулын Спортын мастер Ч.Ариунзул “Ирэх оны нэгдүгээр сард бид Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа /ДТД 6962 м/ руу явах гэж байгаа, чи явах уу?” гэж асуужээ.

Нэлээд зүдэрч явсан тэрбээр “Үгүй үгүй, Зулаа эгч. Энэ хайрхандаа яаж гаръя даа гэж бодож байна” гэж хариулж. Харин зорилгодоо хүрчихээд бууж явахад нь гэнэт нөгөө Аконкагуа санаанд нь орж “Зулаа эгч ээ, та өмнөд Америкийн нэг уулын тухай яриад байсан уу, үгүй юу. Тийшээ явах таны багт надад зай байна уу?” гэсэн гэдэг. Ингээд Аконкагуа руу мөн л өгсөөд явж байхдаа Ч.Ариунзул 2013 онд Африк тивийн ноён оргил Килиманжаро /ДТД 5895 м/-д гарсан тухайгаа ярихад Жерри “Эндээс буцаж оччихоод боломж гарах л юм бол Килиманжаро руу заавал явна даа” хэмээн шийджээ. Эльбрус рүү өгсөж явахдаа дараагийн уулыг бодохтой мантай байсан тэрбээр Аконкагуа руу өгсөхдөө аль хэдийнэ Килиманжарог нүдэндээ хараад явж байлаа. Уулсын оргил ингэж дараагийн оргил өөд нисэх жигүүр ургуулж өгдөг билээ”

-Та Килиманжаро руу ганцаараа явсан бил үү. Тэр аяллын тань тухай яриулахсан гэж боддог байлаа…?

-Тэгсэн. Кили рүү ганцаараа явсан. 2015 оны нэгдүгээр сард Аконкагуа яваад хоёрдугаар сарын эхээр ирсэн юм. Тэгээд Килиманжаро явах баг хайсан ч олдоогүй. 2015 онд би өндөр уул руу үнэхээр солиотой юм шиг явсан, бүр хорхойсчихсон байсан юм. Гуравдугаар сараас эхлээд сар бүр 4000 м-тэй 2-3 ууланд явчихаад байсан. Тэгтэл 10 дугаар сард Кили рүү ер нь л нэг явчихмаар санагдаад болдоггүй. Ингээд 2013 онд тийш явсан клубынхээ хэдээс асуугаад, Бенжамин гэдэг африк залуутай холбогдтол “Ганцаараа ч хамаагүй хүрээд ир.

Би чамайг ганцааранг чинь ч хамаагүй гаргаад өгнө” гэсэн. Килиманжарод гарах үндсэн авиралт хамгийн хурдандаа 6-7 хоног үргэлжилдэг юм билээ. Зарим авиралт нь бүр 12 хоног үргэлжилдэг. Хэл усандаа сайн бишийг ч хэлэх үү, африкчууд дунд ганцаараа явах болохоор бас айдастай. Тэгээд “Би хамгийн хурднаар явмаар байна, дөрвөн өдөрт багтаамаар байна” гэхэд “Үгүй ээ, би зургаан өдөр явна” гэсэн. “За тэгвэл таван өдөр явъя” гэхэд Бенжамин зөвшөөрсөн. Харин авиралт эхлээд явж байхдаа би нэг өдөр амрах байсныг нь алгасаад, нийтдээ дөрвөн өдөрт багтаачихсан юм. Биеийн бэлтгэл ч сайн байсан, хамгийн гол нь оргил дээр гарах зорилго тэмүүлэл маань намайг тийш хөтөлсөн. Тэгээд 11 дүгээр сарын 25-нд оргил дээр гарсан юм.

Нэг сонирхолтой үйл явдал гэвэл, авиралтын өмнөх өдөр 4100 метр дээрх сүүлийн отогт байрлаж байтал нэг польш залуу ирээд “Чи хятад уу?” гэж асуусан. Би юу ч дуугаралгүй муухай харсан чинь тэр залуу яваад өгсөн. Ингээд шөнийн 2.00 цагаас авиралт эхлээд, явсаар 5100 метр дээр гараад ирсэн чинь нөгөө залуу ямар ч тэнхэлгүй болчихоод хэвтэж байсан. Би халуун савтай уснаасаа хийж өгөөд, ам руу нь нэг эм шидэж өгчихөөд “Би бол монгол!” гэчихээд яваад өгсөн юм. Тэр залуу оргил дээр гарч чадаагүй л дээ.

Намайг оргил дээр гарчихаад, буцаад нөгөө отог дээрээ ирээд байж байтал польш залуу том том алхаад ирж яваа харагдлаа. “Энэ яах гэж байгаа юм бол” гэж бодогдоод, бараг л өөдөөс нь өрөлт авах гээд зогсож байтал нөгөө залуу ирснээ “Чи бол Чингис!” гэж хэлчихээд яваад өгсөн.

…Кили рүү ганцаараа явна гэдэг жаахан тэнэг алхам болох нь болсоон /инээв/. Тэгэхэд би “сохорчихсон” байсан байх. Хажуугаар баахан хүмүүс муухай хараад л явж байдаг, “Энэ нэг ази хүн, хятад ч юм уу, юугаа хийж яваа юм бол” гэж ярьж л байсан. Айдас бол байнга дагаастай, хэдэн доллар салтаандаа хавчуулчихаад хэн ч яах ч юм билээ гэж бодоостой. Бенжаминдаа итгэж байгаа ч гэсэн бид хоёр тусдаа майханд унтана, тэнд маш олон хүн явж байгаа. Бенжамин 2013 онд манай клубын 12 хүний бүрэлдэхүүнтэй багийг аваад явсан хүн болохоор түүнд бол итгэлтэй байсан.

-Тэгж ганцаараа явахад айдсаас гадна хамгийн их мэдрэгдэж байсан зүйл юу вэ?

-Эх орон. Монголоо маш их санадаг юм билээ. Яг үнэндээ “Би энд ганцаараа юу хийж яваа юм бэ” гэж бодогдож, бушуухан харихсан гэж яарч байсан. Би чинь янз бүрийн юм идэж чаддаггүй, бүр сонгино ч идэж чаддаггүй хүн шүү дээ. Тийм болохоор тэнд ерөөсөө хоолшихгүй, Монголоос жаахан шуузтай явсан, тэрүүгээрээ л болгосон. Африкт өгч байгаа юм нь тахиа л байгаа юм. Хоолшихгүй, идээшихгүй, ядраад ирэхийн цагт нутаг л санагддаг юм билээ. Ганцаараа явж байгаа хүн чинь ямар уйлалтай биш, инээлтэй биш, зөвхөн оргилыг бодоод л, өөрөө өөртэйгөө ярьж, өөрөө өөртөө нутгийнхаа дууг дуулж өгсөөр тэр өдрүүдийг өнгөрөөсөн дөө.

-Таны Seven Summit-ийн зорилго хэвээр үү?

-Хэвээрээ. Эльбрусээс бууж ирсний дараа Зулаа эгч надад “Seven Summit гэж байдаг юм, долоон тивийн долоон оргил дээр гарах нь уулчдын мөрөөдөл” гэж хэлж байсан. Би залуу хүн. Тиймээс, үүнийг хийхийн төлөө явна.

-Гэхдээ одоо үед жинхэнэ альпинист хүний мөрөөдөл бол Seven Summit биш гэж ярьдаг болсон шүү дээ…?

-Яг тийм. Биш гэж яригдах болсон. Гэхдээ, хаа газар, ямар ч юман дээр зөрчилдөөн байдаг шүү дээ. Би “Альпинистууд Seven Summit хийдэггүй юм аа” гэж ярьж байгаа хүмүүсийг ч, Seven Summit хийх гээд явж байгаа хүмүүсийг ч буруутгахгүй. Миний амьдралаар Баярхүү гэдэг хүн, Баярхүүгийн амьдралаар би амьдраагүй. Би хэнд ч таалагдах албагүй, альпинист байна уу, биш байна уу, тэр ерөөсөө чухал биш. Би Seven Summit хийнэ гэж зорьж байгаа, үүний цаана ахиад 8000-тай 14 оргил хүлээж байгаа. Магадгүй би тэр төслийг эхлүүлээд явахыг ч бас үгүйсгэхгүй. Энэ бол уулчин болгоны мөрөөдөл.

Хөвгүүдийнхээ бахархал нь байхын төлөө…

“Гаднаас нь харахад нийтэч хүмүүс яг үнэндээ бол нуугдмал байдаг. Хүн болгонтой мэндтэй устай явдаг тийм хүмүүс олон дунд орохоороо олны төлөө бодсоор өөрийгөө мартчихаад байдаг шиг. Харин өндөр ууланд хүн зөвхөн өөрийнхөө төлөө явдаг учраас өөрийгөө, эрх чөлөөг илүүтэй мэдэрдэг юм шиг ээ”

-Та яах гэж ууланд явдаг вэ?

-Ууланд явж эхлэхээс өмнө би арай өөр төрлийн хүн байсан л даа. Зураг авах сонирхолтой, олон дундаа байдаг, их нийтэч хүн байсан. Надад ганцаараа байх цаг бараг гардаггүй байлаа. Тэгээд нэг удаа сонирхоод ууланд алхаж үзэхэд өөрөө өөртэйгөө ярих боломж маш их гарсан. Бясалгах гэдэг ч юм уу. Тиймээс өөртөө жаахан ч гэсэн цаг гаргаад, бусдаас өөрийгөө жаахан тусгаарлаж дотоод би-гээ сонсох гэж, өөрийгөө олж таних гэж ууланд явдаг болсон. Цаашлаад, өндөр ууланд яваад, өндрийнхөө амжилтыг ахиулаад байх тусам өөртөө зорилго тавиад, өөрийгөө ялан дийлэх сонирхолтой болж эхэлсэн.

-Ууланд дурлах болсон шалтгаан, эхлэл цэг хаанаас үүдэлтэй вэ. Хэзээнээс ууланд явж эхэлсэн юм бэ?

-Би цахилгаан холбооны инженер хүн. Уулын орой дээр антеннууд байдаг даа, хаана өндөр цэг байна, тэнд манай ажилчид сүлжээгээ тавьж антеннаа босгох сонирхолтой байдаг. Би 2000 оноос хойш ажлын шаардлагаар уулаар их явдаг байсан. Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви хоёр сумын заагт Тонхил хайрхан гэж бий, тэнд антенн тавьж байлаа.

Булган аймгийн Тэшиг сумын ард Тэшиг хайрхан гэж бий, түүн дээрх антенн бол Монголд хамгийн өндөрт тавьсан гар утасны антенн юм. Бараг 3000 метрт дөхөх байх аа. Гэхдээ тэр нь уулынх нь өндөр биш, бидний антенн тавьж байгаа цэгийн өндөр л дөө. Тийм уул руу бид зүгээр нэг алхаад гарах биш, багаж төхөөрөмж гээд хамаг юмаа үүрээд зөөдөг байсан. Харин 2012 оноос уулын спортод дурлаж, 2013 он гэхэд өндөр уул руу яваад эхэлчихсэн байсан. 2013 онд Хайрхан аялагч клубын гишүүн болж, 2017 оноос клубынхээ тэргүүнээр ажиллаж байна.

-Ажлын шаардлагаар уул руу авирахад аз жаргалыг мэдэрдэг байсан уу?

-Амьдралынхаа төлөө, гэр бүл, үр хүүхдүүдийнхээ төлөө явж байсан болохоор мэдээж аз жаргалтай л байсан байх /инээв/.

-Тэгвэл дараа нь дур сонирхлоороо ууланд явж эхлэхэд ямар ялгаа мэдрэгдэж байсан бэ?

-Яг үнэнийг хэлэхэд, ажлын шугамаар уул руу явж байгаа нь эцсийн дүндээ амьдралаа босгохын төлөө, мөнгө олохын төлөө байсан. Харин дараа нь хоёр хүүтэй болоод, гурав дахь хүү маань мэндлэхэд эр хүн гэдэг утгаараа хөвгүүдийнхээ бахархал нь байхын төлөө өндөр ууланд явж эхэлсэн.

Намайг зургаан настайд аав минь, 12-тойд ээж минь өөд болсон. Аавыгаа дурсах гэхээр надад хоёрхон л дурсамж байдаг, хэтэрхий бага байсан болохоор өөр дурсамж үлдээгүй. Тэгээд би хамгийн анх Мөнхсарьдаг хайрхан руу явахдаа эхнэртээ “Бид олон хөвгүүдтэй болж байна, би хөвгүүдийнхээ бахархал нь баймаар байна, ядаж аав минь ийм хүн байсан гэх дурсамжтай байлгамаар байна” гэж хэлж байсан юм. Тэгэхээр, нэг нь мөнгөний төлөө, нөгөө нь бахархлын төлөө ууланд явахад асар их зөрүү бий. Өөрөөр хэлбэл, уул миний үнэт зүйл болсон.

-Уулчны ар гэрийн хүний сэтгэл зүйн талаар ярилцмаар байна. Мэдээж нөхөртөө хайртай, итгэж байгаа ч гэсэн ууланд явах болоход тань харцанд нь айдас ажиглагддаг уу?

-Миний эхнэр намайг үргэлж дэмждэг, хүсэл мөрөөдлийг минь хорьдоггүй болохоор л би өдий хэмжээнд амжилт үзүүлээд байна. 2012 онд би их удаан хугацаагаар хөдөөгүүр явсан юм, дөрөвдүгээр сард яваад 11 сарын сүүлээр орж ирсэн байх, тэгэхэд эхнэр маань UB хайкинг клубт алхдаг болчихсон байсан. Тэр үед би нэг их хориглоогүй ч “Өөрийгөө тэгж зовоож яадаг байна аа” гэж бодож л байсан. Харин дараа нь би өөрөө 2013 оноос алхаж эхэлсэн. Одоо эхнэр маань Хайрхан клубын гишүүн гэж явдаг. Анх 2004 онд миний эхнэр болоход нь л би ажлын шаардлагаар байнга хөдөө гадаа явдаг байсан болохоор сурчихсан гэх үү дээ.

-Та ууланд явахгүй байж чадах уу?

-Наадах чинь их хэцүү асуулт шүү. Гурван хүүтэй болсныхоо дараа би эхнэртээ “Миний хань надад охин төрүүлээд өгвөл би охиноо хараад гэртээ л байх болов уу. Уул, авиралт гэж ёстой явахгүй байх” гэж хэлж байсан юм. Тэгтэл охин маань төрсөн. Тэгсэн ч гэсэн ууландаа явж л байна л даа /инээв/. Гэхдээ, яг үнэндээ би Эверест рүү явах гэж хоёр жил төлөвлөөд чадаагүй байна. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр, тэр бяцхан охинтой шууд холбоотой болчихож байгаа юм. Эхнэр маань “Охиноо ядаж гурван нас хүртэл тийш явахгүйхэн шиг байгаач” гэсэн. Эхнэр намайг ууланд явахыг дэмждэг ч энэ жил Эверест явах гэхэд маш их хорьсон. Ер нь, ардаа татлаа түтлээтэйгээр ууланд авирна гэдэг их хэцүү л дээ. Хүүхэд өвдсөн үед, эсвэл ар гэрийнхэн дургүй, ажил бүтэмжгүй байхад авиралт хийхэд сэтгэл санаанд маш их нөлөөлдөг.

-Эхнэр тань өндөр ууланд дурлаад “Явна аа” гээд эхэлбэл та яах вэ. Хэн хүүхдүүдээ харах вэ?

-Явуулах л байх даа. Хүүхдүүд бие биеэ л харна шүү дээ. Бид хоёрт нэг зорилго бий. Хэдэн жилийн дараа, хүүхдүүдээ арай том болохоор хүссэн газар орон руугаа хамтдаа аялна. Тэр болтол би ажлаа хийгээд, эхнэр маань ар гэрийг минь ямар ч асуудалгүй авч яваад, үр хүүхдээ өвчин зовлонгүй өсгөх ажил үүргийн хуваарьтай.

Цол ба эрэмбэ

“Яг ижилхэн Спортын мастер цолтой ч ур чадвар, техник, өөртөө итгэх итгэл, спортод болон бусдад хандах хандлагаараа тэнгэр газар шиг зөрүүтэй “мастерууд” бий. Гэвч, олон нийт тэдний ялгааг мэдэхгүй учраас мастер л бол мастер. Тэгээд ч, өөрийн хүсэл сонирхлоор ууланд авирч яваа хүмүүст ийм цол хэргэм хэрэгтэй эсэх нь сонин…”

-Та саяхан Спортын мастер цол авсан. Уулын Спортын мастер болох, мэргэжлийнхээ дагуу магистр хамгаалах хоёрт ялгаа байх юм уу?

-Би холбооны магистр хамгаалж амжаагүй яваа. Гэхдээ энэ салбарт бүр доод шатнаас нь эхлээд 18 дахь жилдээ ажиллаж байна. 2008 онд МТМК /Мэдээллийн технологийн менежмент/ нэртэй хувийн компаниа байгуулаад, бизнесээ хөл дээр нь босгохын тулд 2012 он хүртэл жолооч, захирал, нярав гээд бүхий л ажлаа өөрөө хийдэг байсан. Одоо миний удирдлаган дор 20 гаруй залуус ажиллаж байна. Тэд надтай надгүй ажлаа хийгээд, ажил маань урсгалаараа явагддаг болсон учраас би өөртөө зав чөлөө гаргаж чаддаг болсон. Тэгэхээр, хүссэн хүсээгүй ажлаа хийгээд явж байхад мастерын хэмжээнд хүрчихэж байгаа юм. Ер нь хүн нэг л юмыг төгс эзэмшчихсэн байхад түүнийг нь хэн ч, хэзээ ч булааж авдаггүй. Тиймээс миний хувьд хообийгоороо олж авсан уулын Спортын мастер цол маань ажлаас олж авсан магистр цолоос хамаагүй илүү үнэ цэнтэй. Илүү их сэтгэл гаргасан, тэгээд илүү их сэтгэл ханамжтай гэсэн үг.

-Орчин үед аливаа зүйлийн урд “жинхэнэ” гэдэг тодотгол хэрэглэж байж тэр зүйлийн мөн чанарыг илэрхийлдэг болжээ. Магадгүй, дуураймал, хуурамч зүйл ихэссэнийх биз. Таны бодлоор жинхэнэ мастер гэж ямар хүнийг хэлэх вэ?

-Ямар нэг спортоор хичээллэж байгаа хүн түүнийхээ оргилд хүрэхийн төлөө л явдаг. Тийм болохоор өөрийгөө бусдад тодорхой хэмжээгээр мэдрүүлж байх хэрэгтэй. Төр засаг нь ч байдаг юм уу, холбоод нь ч юм уу тэрийг нь бас үнэлж байх хэрэгтэй. Мэдээж би уулын Спортын мастер гэдэг энэ цолыг хямдхан биш байгаасай гэж боддог. Одоогоор би Эльбрус, Аконкагуа, Килиманжаро гээд Seven Summit-ийн гурван оргилд гараад байна.

Алтай таван Богдод 50 орчим удаа гарсан. “Хайрхан аялагч клуб”-ээс жил бүр зохион байгуулдаг “Алтай таван Богд экспресс” гээд брэнд аялалтай. Жилд 12 сар байдаг бол сар бүрийн 10-14 хоногийг аялал, авиралтад зориулдаг. Миний хувьд Монголд гараагүй 4000 метртэй дөрөв, таван уул л үлдчихээд байгаа. Увс, Баян-Өлгийн зааг дахь Сийлхэмийн нуруунд нэг уул, тэгээд Цагаан суварга, Бүргэд, Наран үлдсэн. Ингээд харьцуулаад үзэхэд, өндөр ууланд бараг гарч үзээгүй хүн ч уулын Спортын мастер гээд явж л байгаа. Гэхдээ, МУСТА цол ямар үнэгүй болчихсон билээ, түүн шиг уулын Спортын мастер цол үнэгүйдэх тал руугаа орж байсныг босгыг нь жаахан өндөрсгөөд, ингэснээр нэр хүнд нь эргээд өсч байгаа болов уу. Ер нь бол багийн ч юмуу, холбооны, клубын манлайлагч байж, ядаж аялал авиралтыг нь удирддаг байж энэ цолыг дааж явах байх.

-Хообийгоороо авирч явдаг уулчин хүнд алдар гавьяа, цол зэрэг тийм их ач холбогдолтой гэж үү?

-Аливаа юманд эрэмбэ гэж байдаг. Эрэмбэ тогтоохын тулд цол, зэргийг байлгах нь зөв. Хамгийн гол нь цол, зэргийг яг өгөх ёстой тэр зарчмаар нь л өгөөд явчих хэрэгтэй. Тэгэхээр, хэдийгээр хообийгоороо явж байгаа ч гэсэн энэ цол хэргэм уулчдын бие биеэ хүндлэх хүндлэл, үнэлэх үнэлэмжийг тогтоож өгөөд, зааглаад байж байх ёстой юм болов уу. Мэдээж, хүн ямар ч цол авсан бай, тэр том хүндлэлийг дааж явах ёстой, цол хэргэмдээ эрдэж бардаж болохгүй л гэж боддог. Яг Спортын мастер болсны дараа “Энэ цол надад арай л хүнд юм байна даа” гэж бодогдсон. Өмнө нь би 7000 м-тэй нэг уулан дээр гарч ирчихээд сагсалзаад л, “Надад I зэрэг ч өгөөгүй шүү дээ” гэж бодож л байсан. Одоо бол тэмцээн уралдаан, янз бүрийн арга хэмжээн дээр “Уулын Спортын мастер” гээд танилцуулахаар жаахан ичээд байгаа шүү.

-Уул хүнийг даруулгатай болгодог гэж би боддог. Гэтэл таныг цол тань илүү дарж өгөөд байх шиг…?

-Аль аль нь л байх. Гэхдээ намайг цол илүү дараад байгаа байх. Уул намайг маш их баясгалантай болгодог. Өндөр ууланд явахгүйгээр хоёр сар болчихвол цаанаасаа л бухимдаад, үүнийг дагаад ажил төрөл ч бүтэхгүй байх шиг санагддаг. Тэгээд нэг өндөр уул руу яваад ирэхдээ маш аз жаргалтай, баяр баясгалантай, бөөн эрч хүчтэй болчихдог. Ууланд явснаар хүн хамаагүй уужим болчихдог юм билээ. Уг нь би чинь их адгуу хүн шүү дээ. Тэгэхэд намайг засч залруулж байгаа юм бол уул. Харин хэлэмгий доломгой занг минь дарж өгч байгаа зүйл бол уулын Спортын мастер гэдэг энэ цол. Одоо би баргийн юман дээр дуугарахаас санаа зовдог болсон, “За за больё доо” гээд /инээв/. “Энэ Жерри саяхан л юугаа ч мэдэхгүй юм явж байсан, одоо Спортын мастер цол авчихаад хамраа сөхчихөж” гэж хүн хэлэх вий гэж болгоомжилдог доо.

Халуун зүрхэнд орших Хүйтэн уул

Жил жилийн зургаан сард тандаа би тэмүүлж
Жинхэнэ аз жаргалыг танаасаа би мэдэрч
Он цагийн урсгалд олон хүн араасаа дагуулсаар
Оргил зулайд тань залбиран орчлон ертөнцийг биширдэг ээ.
Очих болгонд минь хэзээд цэлмэж угтдаг
Орчлонд ганцхан Монголын дээвэр Хүйтэн хайрхан мину… Б.Г.

-Ямар уул танд хамгийн их зүүдлэгддэг вэ?

-Би Алтай таван Богдын Хүйтэн оргилыг байнга зүүдэлдэг. Монголын дээвэр шүү дээ. Жил бүр тэр ууланд авирдаг. 2017 онд зургадугаар сард “Алтай таван Богд экспресс” уламжлалт аялалаа хийж ирчихээд “За би ирэх жил Хүйтэн ууланд авирахгүй ээ” гэж ярьж байсан. Тэгтэл он гараад л, олон жил уягдсан морь өөрийгөө сойдог гэдэг шиг гэгэлзээд ирж байгаа юм. Алтай таван Богд руугаа нэг оччихоод ирмээр санагдаад бүр болж өгөхгүй, зүүдлэгдээд, их хэцүү. Тэгээд 2018 оны зургадугаар сард дөрвөн өдөр, гурван шөнийн экспресс аялалаа хийчихээд ирсэн. Ер нь бол ийм хурдан, экспресс авиралт өмнө нь Алтай таван Богдын Хүйтэн оргилд хийгдэж байгаагүй байх аа. Тэгээд одоохондоо зүүдлэгдэх нь гайгүй л байна. Магадгүй он гараад дахиад л зүүдлээд эхлэх биз.

-Ихэвчлэн авирч яваагаар зүүдэлдэг үү?

-Хоног толгойгоос дээшээ, яг нэгдүгээр хадны доод талд нэг ангал байдаг юм. Тэр ангал дээр оччихсон, “гарах уу байх уу, гарах уу байх уу” гээд байж байна гэж маш олон удаа зүүдэлсэн. Тэгээд л сэрчихдэг. Алтай таван Богдод авираад явж байхад өмнө нь болж байсан явдал давтагдаж байх шиг санагдах тохиолдол олон. Тэгээд би үүнийг зүүдэлж байсан юм байна даа л гэж боддог.

-Бодит амьдрал дээр тэр ангалын дэргэд очоод тэгж эргэлзэж байсан уу?

-Үгүй үгүй. Угаасаа би гарах л ёстой, явах л ёстой гээд, нэг бол тойроод, эсвэл дээгүүр нь гараад л явчихдаг. Ер нь миний хамгийн их бодож, залбирч явдаг уул бол Хүйтэн. Бас Сүхбаатар аймагт байдаг Алтан-Овоо. Би Өвөрхангайн хүн ч гэсэн Алтан-Овоог шүтдэг. Цагаан сарын шинийн 8-нд боломж гарвал л тийшээ давхичихдаг. Энэ хоёр уул руугаа явчихаад ирэхээр хийх ёстой байсан ажлаа хийсэн юм шиг л санаа амардаг даа.

-Зүүдлэгдэх нь багасдаг уу?

-Мэдээж зүүдлэгдэнэ. Гэхдээ их биш. Ер нь бол жилээ даадаг гэх юм уу даа.

2018 он.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img