2024-11-21, Пүрэв
4 C
Ulaanbaatar

Манзушри хутагт: Бусдад хорлолтой итгэл үнэмшил, үйлдэл бүхэн мухар сүсэг

Жавзандамба хутагт төвийн айлтгалаар долдугаар дүрийн Манзушри хутагт Данзанжамъяан лам “Бурханы шашин монголчуудын үнэт зүйл болох нь” сэдвээр лекц уншсан юм. Манзушри хутагтын илтгэлийг тоймлон хүргэе.

Номын тухай ярихгүйдээ хүлцэл өьче. Орчин үеийн байдал, хандлагын талаар бодож явдгаа хуваалцъя гэж бодоод зорьж ирлээ. Би та бүхэнтэй л адил хүн, сошиал их ашигладаг. Сошиалд бурханы шашнаа өмөөрч дуугармаар хандлага их анзаарагдах юм.

Гандан татвар төлдөг, лам нар цэрэгт явдаг

Манзушри хутагтМонголд бурханы шашин юу хийж гийгүүлсэн юм бэ, Гандан хийд нь татвар төлдөггүй, лам нар нь цэрэгт явдаггүй гэж шүүмжилдэг. Энэ их сонин хандлага. 100, 200 жилийн өмнө дэгдээж байсан худал мэдээлэл өнөө хүртэл амь бөхтэй яваа нь үнэхээр гайхам. Гандан татвар төлдөг. Би сая Тамгын лам болон ерөнхий нягтлантайгаа ярьж байгаад “Шилдэг татвар төлөгч” гэдэг батламжийг нь та бүхэнд харуулъя гээд авчирлаа. Гандантэгчинлэн хийд гэхэд сар бүр 300 гаруй хүнийг цалинжуулдаг. Зуу гаруй нь энгийн ажилтан байдаг. Цэрэг татлагын хувьд Монгол улс маш чанга хуультай. Лам нар битгий хэл Шашны дээдэд сурч байхад нь хүртэл цэрэгт татсан жишээ өчнөөн бий. Бид Энэтхэгт сурдаг залуус. Цэрэгт татлагын үеэр Монголд ирж таарвал бараг явчих гээд байдаг. Маш олон лам цэрэг татлагад явдаг.

Бурханы шашин Монголд тусгаар тогтнолыг өгсөн

Бурханы шашин Монголд ямар баялаг бүтээсэн юм бэ гэсэн асуулт надад ирвэл “Тусгаар тогтнолыг өгсөн” гэж ам бардам хэлнэ. 1911 оны түүхэн үйл явдлыг бүгд мэднэ. Манж задраад Хятад болон Монгол тусгаар тогтносон. Монголын тухайд Хятад тусгаар тогтнохоос гурван хоногийн өмнө “Чингисийн Монгол сэрлээ” гэсэн мэдээ барууны сонин дээр гарч байсан баримт бий. Наймдугаар богд Жавзандамба хутагтын мэргэн ухаан, нөлөөгөөр монголчууд тусгаар тогтнолоо олж авсан нь түүхэн үнэн.

Монголчууд социализмын үед үзэл суртал шингэсэн түүх сонсч өсч хүмүүжсэн. Сүүлийн үеийн түүхчид бүтээлүүддээ тухайн цагийн түүхийг бодитоор нь бичиж тэмдэглэж байгаа нь олзуурхууштай. Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн бол Богд хааны удирдлага дор хийгдсэн зүйл. Өнөөдөр бид хүссэнээ хийж яваа, ардчилалтай аж төрж байгаа, сошиал дээр чөлөө зоргоороо бичиж суугаа. Энэ боломжийг тусгаар тогтнол л өгсөн. Манай Эрдэнэсант сум хуучнаар Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуунд хамрагддаг юм. Өнөө жил зуун жилийнхээ хүрээнд эрдэм шинжилгээний хурал хийлээ. Манай ноён бол эфү. Манжийн гүнжтэй суусан ван гэсэн үг. Зэргэлдээ хошууныхан биднийг шоглодог л доо, хятад ноёнтой гэж. Манж гэдэг хятад биш л дээ. Нүүдэлчин улс. Үндэсний тусгаар тогтнолд хамгийн их хувь нэмэр оруулсан хүмүүс хятад, манж гэж дуудуулаад байгаа Эфү вангууд юм. Манжийн гүнжтэй суусан вангууд Бээжинд суудаг. Манж задрах гэж байна уу, Хятад тусгаар тогтнох нь уу гэх мэт мэдээллийг олон жилийн турш Богд хаанд мэдээлж байсан хүмүүс. Эфү гүнгүүд суурин тагнуул гэдэг шиг үүрэг гүйцэтгэж байсан юм билээ. Тийм учраас бид хошуу ноёноороо бахархдаг, эфү гүн гэж эмзэглэдэггүй.

Социализмын үед бурханы шашны тухай санаанд багтамгүй түүх зохиож түгээсэн

Манзушри хутагтБурханы шашин Монголд бага хаадын дараа үеэс маш хүчтэй дэлгэрсэн. Бага хаадын үе бол маш аймшигтай үе. Юань гүрний уналтын дараа төрийн засгийн төлөөлөл хуваагдаж нэг бол алдаг, эсвэл цэрэгт татдаг. Бага хаадын хуваагдал, талцал бутралын тэр хэцүү цаг үед бидний өвөг дээдэс бурханы шашныг голчлон дэлгэрүүлсэн түүхтэй. Өндөр гэгээний үед л бурханы шашин дэлгэрсэн, манжууд л монголчуудыг номхон дөлгөөн болгох санаагаар хүчээр дэлгэрүүлсэн гэх ойлголтыг социализмын үед маш нарийн төлөвлөгөөтэйгөөр ойлгуулж, системчлэн түгээж чадсан. Намын төв хорооны дэргэдэх үзэл суртлын хэлтэс гэж нийтэд юу үзэх, харуулахыг шийддэг газар байсан гэдэг. Тухайн үед тэд “Нүгэл буян” гэдэг киног таван удаа буцаасан түүх бий. ”Лам нарыг бага муулсан байна, ахиад муулаад ир” гэсэн ганцхан шалтгаанаар. Ганцхан кинон дээр ийм хандлага гаргаж байсан юм чинь түүхэнд яаж хандаж байсан бол? Санаанд багтамгүй аймшигтай түүх зохиож түгээсэн. Тэр түүхэнд нь итгэдэг хүмүүс өнөөг хүртэл байдаг нь харамсалтай.

Бурханы шашин бол аз жаргалыг бүтээдэг технологи

Ганц бурханы шашин ч биш ер нь шашин гэдэг хүний амьдралтай салшгүй холбоотой. Өнөөдрийн нийгэмд тулгамдаж буй гол асуудал бол сэтгэл зүй. Ганихардаг, ганцаарддаг, шаналдаг хүмүүс олон болсон. Энэ бүгдийг шашинтай хүн давж гарч чаддаг. Энэ бол маш том баялаг. Өнөөгийн хүмүүс баялаг гэхээр барилга барих, бизнесийн төсөл хэрэгжүүлэх гэж сэтгэж “Хөгжил хаана байна вэ” гэж асуудаг. Хөгжил их өргөн утгатай. Бид хүнлэг энэрэнгүй нийгмийг бүтээнэ гэж Үндсэн хуульдаа заачихсан. Хүнлэг энэрэнгүй байхыг бурханы шашин гайхамшигтайгаар номлодог. Монгол багш, бясалгал их зааж яваа Бат-Итгэлт лхаарамба гэх мэт олон сайн лам нар бий. Бат-Итгэлт лхаарамба шинжлэх ухаанч, их мундаг хүн. Нэг хүн түүнээс “Бурханы шашин гэж юу юм бэ” хэмээн асууж л дээ. Лхаарамба “Аз жаргалыг бүтээдэг технологи” гэж хариулсан байдаг юм. Маш гоё хариулт. Тэр технологийг ажиллуулахад л аз жаргалыг үйлдвэрлэж танд өгөх нь.

Төвд, Хятадад бурханы шашин дэлгэрэхээс өмнө монгол газарт бурханы хөшөөг алтаар бүтээсэн баримт бий

Бурханы шашныг манжууд бодлогоор дэлгэрүүлээгүй гэдгийг илтгэх олон баримт бий. Саяхан болсон олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр Хүннү, Дунхугийн үед Монголд бурханы шашин дэлгэрснийг Хятадын архивт байгаа баримтаар нотолсон. Хятад, болон Төвдөд бурханы шашин дэлгэрэхээс өмнө Монголд, Хүннү Дунху нарын үед дэлгэрчээ гэдэг санаагаар нэг хүн илтгэл тавьж байсан. Тухайн үед байлдааны үеэр Хүннү Дунху нараас алтаар хийсэн хүний хөшөө олзолж авч байж. “Юу гэдэг нь мэдэгдэхгүй зүйл олзолж авсан” гэж тэмдэглэн үлдээсэн байж. Бүр хожим бурханы шашин дэлгэрсний дараа Бурхан багш билүү Майдар бурханы алтаар хийсэн хөшөө байснийг мэдсэн гэдэг. Бат нот бас нэг баримт бий. Булган аймгийн Могод сумаас олдсон Хүйс толгойн бичээс. Жужан Нирун улсын үед төрийн шашин бурханы шашин байсныг илтгэсэн судалгаа их гарч байгаа. Хүйс толгойн бичээс 1420 гаруй жилийн өмнөх монголчуудын бичиг соёлын төдийгүй бурханы шашны маш гайхамшигтай нээлт. Археологийн няцаашгүй, баримтат нээлт. Тэр бичээст “Бодьсадва мэт хаан төрөх болтугай, хааны хойноос зул өргөж тахивай” гэсэн үгс байж.

“Оросууд бидний аврагч” гэсэн зохиомол мэдээллийн уг өнөөдөр ч арилаагүй байна

Монголчууд Оросуудыг туслахаас өмнө бөөсөндөө баригдсан, тэмбүү өвчинд нэрвэгдсэн байсан юм шиг буруу ойлголтыг социализмын үед бодлогоор төрүүлсэн байдаг. Дэлхий дээр бичиггүй авианууд их байдаг юм билээ. Ярьдаг, хэлэлцдэг хэрнээ бичигт буулгаагүй хэл, галигууд бидний шүтдэг өрнөдөд их байдаг. Гэтэл социализмаас өмнө монголчууд арав гаруй бичиг үсэг хэрэглэж явсан түүхтэй ард түмэн. Ихэнхийг нь эрдэмтэй соёлтой лам хүмүүс зохиосон байдаг. Социализмын үеийн “оросууд бидний аврагч” гэсэн зохиомол мэдээллийн уг өнөөдөр ч арилаагүй шиг санагддаг.

Бурханд итгэнэ гэдэг хувь хүний хөгжилд итгэх итгэл

Өөрт болон бусдад хорлолтой итгэл үнэмшил, үйлдлийг мухар сүсэг гэвэл илүү ойрхон тодорхойлолт болох байх. Бурханы шашны номыг гүн бат ойлгож амьдралдаа хэрэгжүүлэхгүйгээр мөнгө идэж, авлига авчихдаг, нүгэл хийсэн мөнгөнөөсөө ламд аваачаад өгчихвөл нүгэл нимгэрдэг гэх байдлаар шүтдэг хүмүүс байдаг шиг байгаа юм. Тийм сэтгэхүйтэй амьдарснаас “Эзэн харж байгаа учраас би авлига авч болохгүй” гэж хичээдэг хүмүүс илүү дээр юм шиг санагддаг. Бурханы шашны гүн ухааныг мэдэрчихсэн, үйлийн үрийн хуулийг ойлгодог хүн бол ямар нэг байдлаар мөнгө завшиж бурууг хийхгүй. Бурханд итгэнэ гэдэг чинь хуврага хүний хөгжилд итгэнэ гэсэн үг.

Бурханы номд “Цацрал байвал гэгээрэл үгүй” гэсэн үг бий. Ийм тийш цацрахгүйгээр нэг зүйлд төвлөрч байж гэгээрэл рүү замнана гэсэн санаа л даа. Гэгээрэхийн тулд бясалгах ёстой, сэтгэлээ нэгэн үзүүрт төвлөрүүлж бясалгах учиртай хэмээдэг. Бясалгал нь иогийн суудал аваад юу ч бодохгүй унтаа байдал биш гэдэг. Бясалгал бол маш мэдрэмжтэй, сэрэмжтэй байхыг хэлнэ гэж бясалгалын багш нар хэлдэг. Хүний сэтгэл оюун хөгждөг. Хүн өөрчлөгддөг.

Төрөлх зан чанар өөрчлөгддөг. Зарим хүмүүс “Гэм биш зан” гэдэг. Тийм биш л дээ. Бүх зүйл өөрчлөгддөг. Өөрчлөх арга зам нь бясалгал, гэгээрлийн зам. Тэр гэгээрлийн эцсийн шатанд хүрсэн хүнийг л бурхан гэдэг болохоос бусад үзэл шиг бүтээгч эзэнд итгээд л бурханы дэргэд очно гэж үгүй. Дээр байгаа хүчин зүйтэй харилцаж байж л аврагдана гэдэг итгэл үнэмшил бурханы шашинд байхгүй. Зарим хүмүүс нийтлэг ойлголтоороо бурханы шашинд ингэж хандах гээд байдаг. Жанрайсиг тэргүүтэй бурхад өөрсдийг нь авардаг гэж ойлгоод байгаа анзаарагддаг. Тийм зүйл байхгүй. Жанрайсиг бурхад болон бусад бурхдыг даган дуурайж, номыг нь сонсч хэрэгжүүлэх учиртай.

Ингээд харахаар бурханд итгэх итгэл бол өөрөө өөртөө итгэх итгэл юм. Өөрөө өөрийнхөө хөгжилд итгэх итгэл, сэтгэл болон оюун ухааныхаа хөгжилд итгэж буй л итгэл. Бүр энгийнээр хэлбэл хувь хүний хөгжилд итгэж байгаа итгэл. Зарим хүн хэлдэг л дээ. “Өөр шашинд бол ганц л хүнд итгээд болчих юм. Бурханы шашинд болохоор олон бурханд итгэх болчихоод байна. Арай ажилтай биш үү” гэдэг (инээв). Бас л гоё асуулт. Биднээс өмнө Бурхан багш шиг өөрийгөө хөгжүүлчихсэн маш олон хүн бий. Ертөнцөд зовж буйгаа мэдээд, зовлонгийн мөн чанарыг ойлгоод, зовлонгоос гарах арга замаа олж хараад бидэн шиг залхуурч хэвтэлгүйгээр сэтгэл мэдрэмж, оюун ухаанаа хөгжүүлж гэгээрсэн маш олон хүн бий. Тийм болохоор маш олон бурхан байгаа юм. Одоо ч хаа нэгтээ хэн нэг хүн гэгээрч л байгаа. Товчхондоо бидний санаанд багташгүй маш олон бурхан бий.

Бурхан бол хамгийн гайхамшигтай оюун ухаан. Оюун ухаан төгс хэлбэрт хүрэхээр материд захирагддаггүй. Бид бол материд захирагддаг. Тархи гэдэг бол матери. Оюун ухаан биш. Материд захирагдаж байж оюун ухаан маань ажиллаж чаддаг. Хэрвээ бид сэтгэл, оюун ухаанаа маш төгс хэлбэрт хүргэж чадвал оюун ухаан маань бидэн шиг мах цус, материд захирагдахгүйгээр өөрөө ямарваа нэг дүрсэд хувирч чаддаг. Яаж сүсэглэж, яаж хармаар байгаад нь тохируулаад маш олон дүрд хувирч чаддаг. Цаана нь хүн л бий. Хүн дотроо нэгэн цагт бидэн шиг уурладаг, сэтгэлээр унадаг хүн байсан. Эцэст нь оюун ухааны мөн чанарыг олж харж бясалгаад төгс гэгээрэлд хүрсэн хүмүүс. Бид тэдэнд итгэдэг учраас дагаж дуурайж, ном үзэж бясалгахын төлөө аж төрдөг. Тийм учраас бидний итгэл үнэмшил бусдаас жаахан өөр.

Оюун санааны удирдагчгүй учраас монголчууд үнэт зүйлгүй байна

Монголчууд маань үнэт зүйлгүй болчихсон юм шиг. Уг нь монгол хүнийг монгол хүн болгодог үнэт зүйл, мөн чанар байх ёстой шиг санагддаг. Монголчууд түвдүүдийг дуурайгаад үндэстнээ доройтуулах шашин шүтээд байна гэж шүүмжлээд тас хар хувцастай хүмүүсийн зураг тавиад байдаг л даа, сошиалд. Би түвдүүдтэй хамт амьдардаг. Түвд хүмүүсийг сайн мэднэ. Тэд үнэт зүйлтэй. Далай багш гэж оюун санааны удирдагчтай учраас үнэт зүйлээ хадгалаад явдаг гэж боддог юм. Монголчууд өнөөхөндөө оюун санааныг удирдагчгүй учраас үнэт зүйлгүй байгаа болов уу гэсэн бодол төрдөг. Мэдээж уулын мод урттай богинотой, буруу ойлголт төрүүлэхээр түвд хүн байж болно шүү дээ. Гэхдээ нийтлэг түвд хүмүүс их өөр. “Би түвд хүн” гэж хэлэхэд л үнэт зүйл нь мэдрэгддэг. Бид түвд хүн учраас ингэх ёстой, ёсгүй гэсэн суртахуун ямар ч түвд хүнд байдаг.

Манзушри хутагтБид Зонховын шашныг авчихсан, Бурхан багш бадарчилж даяанчлаад их гоё байж байгаад түвдэд ороод их сонин болчихсон, манайх тэрийг нь авчихсан гэх сонин хандлага анзаарагддаг. Яг тэгж боддог хүмүүст Ламрим, Болдьсадын явдалд орохуй, Бодь мөрийн зэрэг, Садир номлолын алтан эрхи гэх мэт номнуудыг уншуулмаар санагддаг. Богд Зонхова ямар ч ном тайлбарласан дандаа бурхан багшийн айлдвартай тулгадаг. Ийм байна, яагаад гэвэл бурхан багш ингэжээ л гэдэг. Чойрын, тайлбарын ухаанаар ардаа бат зогсдог суурьтай, суурь номлолтой, тэрийгээ дагадаг, онолд тулгадаг, баталгаа нотолгоог дагадаг гайхамшигтай гүн ухааны, чойрын мэтгэлцээний боть боть сургаалиуд бий. Элдвээр харддаг шүүмжилдэг хүмүүсийн тухайтад тэр номнуудыг бичжээ гэж бодох болсон. Өнөөдрийн бурханы шашны ном Бурхан багшийн гол философиос огт зөрөөгүй гэдгийг баталгааг хэдэн мянган түвд мэргэдийн бичсэн.

Өнөөдрийн Монголын бурханы шашин бол Өндөр гэгээний шашин

Буддизмын нэг онцлог мөн чанар бий. Буддизм их уян хатан. Ямарваа нэг зүйлээр барьж хорьдоггүй. Зарим нэг шашин үзэлдээ хэт автаад хүнд хэт халдах гэж үздэг байсан шиг байгаа юм. Европын түүхэнд хориотой номын сан гэж бий. Библээс зөрчилдсөн бол уншихыг хориглодог номын сан байдаг гэдэг. Буддизм тийм биш. Бурхан багш сургаалаа дөрвөн өөр янзаар тайлбарласан. Нэгийг нь бариад нөгөө гурвыг нь харангуут буруу юм шиг харагддаг.

Гэхдээ бүгд Бурхан багшийн сургааль. Хүн хүний харах өнцгөөр тайлбарласан хэрэг л дээ. Ингэж аливаа улс орны ард иргэд, хүн зоны мөн чанартай нь нийлж уусч чаддаг. Ингээд харахаар бурханы шашин Монголд орж ирэхдээ гүн ухааны агуулгаа алдаагүй хэрнээ тухай улс үндэстний, өв соёд уялдан шингэж чадсан байдаг. Тэгэхээр өнөөдрийн Монголын бурханы шашин бол Бурхан багшийн ч шашин мөн. Аж Ринбүүчийгийн ч шашин, Богд Зонховын ч шашин. Гэхдээ бас биш ч гэж хэлж болно, өөрөөр хандаж яваа хүмүүст хэлэхэд. Өнөөдрийн Монголын бурханы шашин бол алтан ургийн Занабазар гэх эрхмийн шашин. Өндөр гэгээний шашин. Хувцас хунар, хурлын дэг жаяг, философи бүх зүйлээрээ Өндөр гэгээний бүтээсэн шашин.

Богд Жавзандамбын шашин. Ууц хөндөхөөс эхлээд хүнийг хэрхэн хүндлэх гэх мэт маш олон ёс Гандан хийдэд хадгалагдаж байдаг. Өөрөөр хэлбэл өнөөдрийн Монголын бурханы шашин Монголын гэх тодотголтой, өөрийн хэв шинжийг агуулсан өндөр гэгээний шашин юм. Өндөр гэгээний сургаал номлолын маш онцлог зүйлс нь манай шашинд шингэж үлдсэн. Тэгэхээр бурханы шашинд Монголын өв соёл бий. Монгол хүнийг юу монгол хүн болгодог тухай философи бурханы шашны үзэл онолтой уян хатнаар сүлэлдэж байгаа. Монголчуудын үнэт зүйл болох боломжтой өв соёл Бурханы шашинд хадгалагдаж яваа.

Монголчууд эрт үед үнэт зүйлтэй байсан. Хамгийн том үнэт зүйл нь Чингис хаан. Тэгээд алтан ургийн ариун хэлхээ монголчуудын үнэт зүйл болсон. Алтан ургийн удам угсааг таслахгүй авч үлдэх үүрэгтэй хүмүүсийн хувьд алтан ургийн ариун хэлхээ үнэт зүйл нь болж байсан шиг санагддаг.

- Сурталчилгаа -spot_img

10 СЭТГЭГДЭЛ

    • олон сая живаа дүнчүүр сэтгэшгүй их жилээр хойшлох

  1. орчин цагийн лхаарамба, аграмба, гавж нтр гэсэн дальчигар хар юмнууд байхымаа. дандаа ертөнцийн ном ярина. үнэтэй олзтой олзгүй алдартай алдаргүй. цатгалдсан муухай инээсэн дургүй хүргэсэн юмнууд. нүднээс далд ороо номгүй муйхар балиар санаат минь

    • тэмбүүтэй эсвэл тэмбүүгүй, орос муухай эсвэл орос гоё

  2. шашиныг заавал шүтэх албагүй гэж далай лам хэлсэн гэнүү. одоогийн шашин урсгал сект дарамт болоод тэгдгиймуу. шашана буюу сайшаах гэдэг анхны утгаараа бол байх ёстой зүйл гэж бодном.

  3. чойроо үзээгүй, юмсын мөн чанарыг таниагүй олон юм донгосох, бусдыг тасархайд унагах хамгийн аймар нь дөө

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img