Америкийн “Оскар”, Их Британийн “BAFTA” шагналд нэр дэвшиж, “Алтан бөмбөрцөг”-ийн тусгай, Францын “Сезар”-ын хүндэт шагнал хүртсэн, долдугаар сарын 13-нд 81 нас хүрэх гандан бууршгүй Харрисон Фордыг Холливудын амьд домог хэмээн зүй ёсоор хүндэлдэг. Тэрээр “Оддын дайн” цуврал кинонд сансрын нисгэгч Хан Соло, “Индиана Жонс” цувралд археологич эрдэмтэн Индиана Жонсын дүрээрээ дэлхий даяар алдршсанаас гадна “Ирэн дээгүүр гүйгч” (“Blade Runner”), “Эх орончдын тоглоом” (“Patriot Games”), “Оргодол” (“The Fugitive”), “Нэгдүгээр нисэх хүчин” (”Air Force One”), “К-19”, “Гэрч” (”Witness”) гээд маш олон сонирхолтой киноны гол дүрийг чадварлагаар бүтээсэн билээ.
Харрисон Форд Индиана Жонсын дүрд анх 1981 онд “Индиана Жонс: Алдагдсан хөлөг онгоцыг эрэгчид” (“Indiana Jones: Raiders of the Lost Ark”) кинонд тогложээ. Тэгвэл үүнээс даруй 42 жилийн дараа тус цувралын тав дахь буюу “Индиана Жонс: Хувь тавилангийн хүрд” (“Indiana Jones: The Dial of Destiny”) киноны нээлт Каннын кино наадмын үеэр болж, алдарт жүжигчин тус наадмын хүндэт шагнал хүртсэн юм. Дашрамд дурдахад манай улсад энэ кино зургадугаар сарын 30-наас эхлэн “Өргөө”, “Prime Cineplex” кино театруудаар үзэгчдийн хүртээл болох ажээ.
Харрисон Фордын 60 насандаа учирсан сүүлийн хайрын тухай “Hello” сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн өгүүллийг энд хүргэж байна.
Насны хол зөрүүтэй хосын харилцаа ямар ч сайн зүйлд хүргэхгүй гэдгийг бараг л бүх нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Гэвч Харрисон Форд, Калиста Флокхарт нар энэ хэвшмэл ойлголтыг няцааж чадсан юм. Калиста Харрисоны хүү Бенээс ердөө гуравхан насаар эгч. Гэвч тэр хоёр 20 жилийн турш хамтдаа амьдарсаар…
Калиста Харрисонтой яриа өдөөх үнэмшилтэй шалтаг хайвч “Хүүхэд насандаа таны тоглосон Индиана Жонсыг шүтдэг байв” гэхээс олигтой санаа ер орж ирсэнгүй. Калиста Флокхарт, Харрисон Фордын нэгэн адил “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслолд зориулсан үдэшлэгт уригдсан байж. Үдэшлэг өндөрлөх дөхөж, илэрхий уйдсан Форд ч гэртээ харихаар зэхжээ. “Одоо, эсвэл хэзээ ч биш”. Калиста ийн бодож өөрийгөө зоригжуулаад нэг шил оргилуун дарс аваад түүн рүү дөхөж очингуутаа зориудаар бүдрэхэд дарс алдарт жүжигчний ханцуй руу асгарах нь тэр. Форд ханцуйгаа гөвөөд болчимгүй үйл хийсэндээ минчийтэл улайсан Калисто руу харж инээмсэглээд, “Зүгээр ээ. Санаа зовсны хэрэггүй. Маргааш хими цэвэрлэгээнд өгчихнө” гээд гарыг нь соёлтойгоор үнсчээ. Тэгээд, “Таныг хундага дарсаар илүү зохимжтой газар дайлж болохсон болов уу?” гэж асуусан аж. Үдшийг тэр хоёр хамтдаа өнгөрүүлж Харрисон, “Миний дуртай шанцайтай боов ханхийтэл үнэртүүлсэн та бол энэ гариг дээрх хамгийн гайхамшигтай бүсгүй. Харин өгөрч хуучирсан гудас шиг болсон хөгшин би харь гаригийнханд итгэдэг, таныг ч тэдний нэг гэж бодох юм… Тэгээд ч тэр Индиана Жонст тоглосон минь аль хэдийн өнгөрсөн явдал. Гэхдээ л би тэр баатрынхаа дүрсгүй занг алдаагүй шүү! гээд донжтой нь аргагүй инээжээ.
Калистаг Элм Драйв дахь гэрт нь хүргэж өгөхдөө Харрисон зориудаар хамгийн урт замыг сонгоод явах зуураа, “Намайг хүргэж өгсөнд нөхөр тань уурлахгүй байгаа даа? Үзэсгэлэнт эхнэрийг нь эрэгтэй хүн хүргэх нь түүнд таалагдах нь юу л бол…” гэжээ.
38 настай Калиста үүний хариуд, “Нөхөр гэв үү? Би хэзээ ч нөхөрт гараагүй. Харин хүү Лиам маань унтаагүй бол түүнд таалагдахгүй нь лав. Тэр намайг оройтож ирэхэд дургүй л дээ” гэсэн аж. Гайхсан Харрисон эмэгтэйгээс, “Та хүүтэй юм уу? Таны үзэсгэлэнт цэнхэр нүдийг дуурайсан байх даа” гэв. Тэгэнгүүт гэнэт Калиста өөрөө ч мэдэлгүй үнэнээ өчиж, “Лиамыг би өргөж авсан юм. Би хүүхэд төрүүлэх боломжгүй эмэгтэй” гэжээ.
Форд Калистагийн байшингийн үүдэнд машинаа зогсооход тэр хоёрын дунд ийм яриа өрнөв.
-Би мэдсэнгүй, өршөөгөөрэй.
-Зүгээр ээ. Би анхны болзоогоороо л баахан юм ярьчих шив, тийм үү?
-Та бид хоёр болзсон гэдгийг би шууд ойлгоогүй шүү…
Дараа нь Форд бүсгүйн үсийг илэн, “Санаагаа зовоогоод хэрэггүй дээ. Би эмч нарын зөвлөгөөг нэгд нэгэнгүй дагасан бол тантай ингээд ярилцаад зогсох байсан ч билүү, үгүй ч билүү, хэн мэндлээ” гэж тайтгаруулжээ.
Тэр хоёр маргааш орой нь “Луижигийнд” гэх итали зоогийн газар уулзахаар тохиролцоод салав. Ноён Форд түүний насан туршдаа хүлээсэн хүн мөн гэдэгт Калиста итгэхийг маш их хүсчээ.
Тэр үед Калиста Флокхарт нэлээд алдартай жүжигчин болж, олон ангит “Элли Макбил” киноны гол дүрээс гадна “Эмэгтэйчүүдийн нууц”, “Зуны шөнийн зүүд” зэрэг кинонд тоглон “Алтан бөмбөрцөг” шагналыг хүртэж, киноны “Эмми” шагналд нэр дэвшиж амжсан байв. Тэрээр амьдралдаа олон эртэй үерхсэн боловч нэгэнтэй нь ч гэрлээгүй аж. “Элли Макбил” киноны гол дүрд тоглох гурван мянган бүсгүйгээс түүнийг сонгосон продюсер Дэвид Келли түүнийг нэлээд удаан эргүүлээд янаг уулзалтад нь хэн ч саад болохгүйн тулд Калистад хөлсний байр түрээсэлж өгөхийг санал болгожээ. Үүнд дургүйцэнгүүт Келли бүсгүйг гол дүрээс хасах эрх мэдэлтэйгээ сануулсан байна. Тэр үед Келли кино од Мишель Пфайфферын нөхөр, харин Калиста жүжигчний карьераа дөнгөж эхлүүлж байв. Келлиг ганц үг хэлэхэд л киноны карьер нь үүрд дуусна. Гэсэн ч тэрээр бууж өгсөнгүй. Калиста Пфайффер руу залган болсон бүх зүйлийн талаар ярьжээ. Мишель Пфайффер энэ дуулианаас болж нөхрөөсөө салахаа шахаж, харин Калиста олны анхаарлыг татан “Элли Макбил”-ийн дүрдээ хэвээр үлджээ.
Хожим тэрээр найруулагч Сэм Мендес, инээдмийн жүжигчин Бен Стиллертэй хэсэг хугацаанд нийлсэн ч төд удалгүй хоёр тийш болсон аж…
“Луижигийн” зоогийн газрыг зорихдоо Калиста өөртөө итгэлгүй байв. Соёлтой үйлчлэгч Форд, Флокхарт хоёрыг тусгай танхимд оруулахад ширээг нил ягаан сарнай, анхилуун лаагаар чимэглэжээ.
Форд хоолны цэсийг нээгээд, “Та сайтар хооллох нь дээр болов уу. Тэгэхгүй бол галзуу секийн тухай бодсоны ч хэрэггүй” гэж наргихад сандарсан Калистагийн хоолойгоор хоол орохоо болив.
Хатагтай Флокхарт аажмаар Харрисонтой улам бүр дотносч, түүний амьдралын тайван, яаралгүй хэмнэлд уусан дасчээ. Бүсгүйд түүнд бяслагтай бялуу хийж, цамцыг нь сонгож, болзооноос хоцроход нь гомдлоо илэрхийлэх хүртэл таалагддаг байв. Нэмж дурдахад Харрисон эмэгтэйд болон түүний хүүд маш их анхаарал халамж тавина. Эхэндээ Калиста хүүхдээ асран хүмүүжүүлэх талаар түүнээс тусламж хүсэхээс ичдэг байжээ. Тэгтэл дөрвөн хүүхдийн эцэг Харрисон, “Би энэ тал дээр маш их туршлагатай” гээд үүнийгээ нотлон бяцхан хүүгийн хувцсыг хэдхэн хормын дотор сольсон гэнэ.
Хангалттай их мөнгөтэй болсон учраас тэр үү, Харрисон мөнгийг ер тоодоггүй, үнэ цэнийх нь талаар ямар ч төсөөлөлггүй юм шиг санагдана. Калистатай учрахаас өмнө хэдий хоёр гэрлэсэн ч Харрисонд хайр л дутагдаж байсан гэлтэй.
Тэрээр эхлээд коллежид хамт суралцаж байсан Мэри Марквардтай гэрлэж арван таван жил хамт амьрахдаа Бенжамин, Виллард гэх хоёр хүүтэй болжээ. Гэвч эхнэр нь түүний кино урлагийн ертөнцөд алдарших хүслийг нь хуваалцдаггүй байж. Харин Харрисон эхний гэр бүл салж сарнисанд өөрийгөө л буруутган, “Би дэндүү залуухан, хүлээцгүй, бүх ертөнцийг байнга хараан зүхдэг маш арчаагүй нөхөр, эцэг байсан юм” гэсэн нь бий.
Хоёрдахь эхнэр, кино зохиолч Мелисса Метисоноос яагаад салснаа Харрисон анх түрүүнд Калистад л мөн ярьжээ. Тэрээр Мелиссатай найруулагч Фрэнсис Копполагийн “Дэлхий сүйрэл өнөөдөр” кинонд 1979 онд тоглож байхдаа танилцсан аж. Тэрээр Мелиссагаас хүү Малколм, охин Жоржиатай болсон ч хосын харилцан хайр хөрч, эцэст нь унтлагын тусдаа өрөөнүүдэд нойрсдог болжээ. Мелиссатай арван дөрвөн жилийн турш хамт амьдраад гэр бүлээ цуцлуулсны дараа Харрисон сэтгэл санааны гүн хямралд орсон аж.
Тэрээр Вайоминг мужид тавин таван га-д жимс, цэцэгс тариалсан гайхамшигтай сайхан эдлэн газартаа олон жил телевиз үзэлгүй, утасны дуудлагад хариулалгүй бүгжээ. Харрисон загас барьж, мужаан хийж, хүнсний ногооны талбай, жимсний моддоо арчилж гадаад ертөнцийн тухай “Нью Йорк таймс” сониноос л олж мэддэг болов. Харин Калистатай учрангуутаа Харрисон түүнд хүүтэйгээ хамт эдлэнд нь нүүж ирэхийг санал болгожээ. Тэгээд өглөө бүр эртлэн босоод сэмхэн машиндаа сууж шинэхэн талх, жимс, тараг авахаар явна. Калиста, Лиам хоёр түүний чанасан кофены үнэрээр сэрдэг болжээ.
Калиста Харрисоныг бүх талаар дэмжиж, хүн бүхэнд нөхөрт гарах бодолгүй, хайрт хүнтэйгээ хамт байгаадаа л баярлаж явдаг гэдэг байв. Хэдий тийм ч Калиста түүнээс эхнээрээ болох хүсэлтийг хэзээ тавих бол гэж битүүхэн хүлээнэ.
Нэг орой Харрисон гэнэт “Би Лиамыг үрчлэн авмаар байна” гэжээ. Калиста тэр даруй, “Сайхан санаа. Гэхдээ үүний тулд өмнө нь та надтай гэрлэх ёстой бус уу?” гэж хариу барихад Харрисон ”Яагаад болохгүй гэж?” хэмээн маасайтал инээжээ.
Гэгээн Валентины өдөр Харрисон халааснаасаа бөгжтэй хайрцаг гаргаж ирээд Калистаг түүний эхнэр болохыг ёс төгөлдөр хүссэн аж. Харрисон Калистагаас 22 насаар ах ч хайртай эхнэрийнхээ хамт жинхэнэ аз жаргалтай гэр бүл цоглоожээ. Тэрээр эхнэрийнхээ тухай нэгэн ярилцлагадаа, “Калиста намайг амьдралдаа цэг тавихад бэлэн байхад хүрэлцэн ирж түшсэн миний сүүлийн хайр юм” гэсэн билээ.