2024-12-19, Пүрэв
-15 C
Ulaanbaatar

Авирах тусам өндөрсөх Арарат, өгсөх тусам дарагдах эго

Домогт Арарат таныхаа өлмийд сөгдөж, зулайд мөргөж
Догшин салхины исгэрээнээс гунигийг тань хуваалцаж, 
Энгэрт тань ээнэгшин
Эгшиг ярууд автах гэж,
Энэтээх ертөнцийг эзэгнэн суусан 
Эцэг өвгийнхөө сүлдэнд мэхийх гэж
Ихийг санаж ирвэй, өчүүхэн үр нь…
Ж.Б. (2022.6.9. Арарат уул, Турк). 
Онгоцны цонхоор үүлсийн дээгүүр цойлон харагдах сүр жавхлант цагаан оргил! Домогт Араратыг нүдээр харсан анхны тэр л агшин, тэрхүү ихэмсэг цагаан оргилын дүр зураг одоо ч зүрхэн тольтноо гэрэлтэн гялбалзаж байна.
 
♦ Арарат уул онгоцны цонхоор
Монгол Улсын Гавьяат тамирчин, уулчин Г.Өсөхбаяр 2022 оны зургадугаар сард Бүгд Найрамдах Турк Улсын дээвэр хайрхан Араратад монголчуудын бие даасан анхны авиралтыг зохион байгуулж, Өмнийн шаргал говь, Увсын цэнхэр хязгаараас, бүр алс холын Америк тивээс энэ л оргилын төлөө зорин ирж нэгдсэн өөр өөр аяг араншин, өөр өөрийн оршихуйтай 10 аялагч ахлагчийнхаа удирдлага дор атгасан гар шиг нэгдэн, домогт Араратын оргилд олон улсын уулчидтай эн зэрэгцэн багаараа амжилттай оргилдож Монголынхоо далбааг намируулсан сайхан үйл явдал тохиосон билээ.
Арарат уулАвиралтын өмнөхөн Г.Өсөхбаяраас тодруулга авахад “Монгол хүмүүс Арарат ууланд өмнө нь авираагүй учраас энэ уулын авиралтын талаарх мэдээлэл, туршлага бидэнд бага байна. Яах вэ, урьд нь авирч байсан туршлагадаа үндэслэж Арарат ууланд авирахаар зорьж ирсэн. Бид Туркийн талаас аялал жуулчлалын Two Ararat гэдэг компанитай холбогдож, тэд биднийг тосч авлаа. Бидний хийсэн алхам болгон, үйлдэл болгон Араратад авирах дараа дараагийн монголчуудад маань туршлага, мэдлэг болох учраас аялалаа эхнээс нь маш цэгцтэй хийгээд дуусгая гэсэн зорилготой байгаа” хэмээсэн. Багийн ахлагч маань яг л энэ зорилго, төлөвлөгөөнийхөө дагуу бүхнийг яв цав гүйцэлдүүлсэн. Харин миний бие тус багийн нэг гишүүний хувьд энэхүү түүхэн үйл явдлыг зөвхөн хувийн дурсамж болгон хадгалахаас илүүтэй цаасан дээр буулган бусадтай хуваалцах үүргийг өөртөө сайн дураар хүлээн авсан ч ажил, амьдрал гэж бужигнаж байх зуур бүтэн нэг жил харвасан сум шиг өнгөрчээ. Энэ хугацаанд монголчуудаас Араратыг зорьсон дараагийн хүмүүсийн тухай мэдээ дуулдсангүй.
Иймд, цаг хугацааг ухраан байж, зүрхнийхээ хэмнэлийг мэдрэн байж, зүүд, дурсамжаа онгичин байж эл бяцхан тэмдэглэлийг тэрлэв. Бидний гаргасан жимээр дараа дараагийн уулчид авирч, магад биднийхээс арвин олз омогтой эргэн ирэх нь цаг хугацааны л асуудал билээ.

Дэлхий дээрх хамгийн олон нэртэй уул

Далайн түвшнээс дээш 5137 метрт ихэмсэг орших энэ оргил мянга мянган жилийн тэртээгээс дэлхийн анхаарлыг татаж ирсний учир юу вэ?!
Игдир хотоос Догубаяазит тосгон руу явах замд
Юун түрүүнд, манай гараг дээрх амьд организмуудын сүйрэл мөхөл хийгээд үүсэл үүдлийн цэг хэмээгдэн эртний сударт тэмдэглэгдэж, тоо томшгүй судалгааны бүтээл, уран бүтээлүүдэд мөнхөрч, тэртээх XIX зуунаас дэлхийн уулчид, судлаачдын зорин ирэх гол шалтгаан болж, өдгөө эх орных нь нэрийн хуудас болон мянга мянган жуулчдыг татсаар буй домогт энэ уулаа туркууд Арарат нэрээр нь төдийлөн мэдэхгүй байгаа нь гайхаш төрүүлсэн юм.
Ахиулаад анзаарвал, Ойрхи Дорнодын бүс нутагт амьдардаг ард түмнүүд Араратыг өөр өөрөөр нэрлэдэг байх юм. Эрт цагаас эдүгээг хүртэл энэ уулын эргэн тойронд маш олон соёл иргэншил үүсэн бий болж, хөгжиж, мөхсөнтэй холбоотойгоор ч юм уу, Арарат дэлхий дээрх хамгийн олон нэрээр нэрлэгддэг уул ч байж мэдэх. Тухайлбал, Араратын турк нэр нь Агри Даги (Өвдөлтийн уул), курд нэр нь Чийайе Агири (Галт уул), перс нэр нь Кухи-Нух (Ноагийн уул), араб нэр нь Жабал аль-Харет (Хагалагч уул), харин эртний грек хэлээр Их Арарат уулыг Абос, Бага Арарат уулыг Нибарос хэмээн нэрлэдэг байжээ.
Арарат уул
♦ Арарат уул Армен талаасаа
Гагцхүү, Арарат уулын цаахан талд, Турктэй хил залгаа орших арменичууд энэ уулыг Арарат нэрээр нь дуудаж, алаг нүдний нь өмнө цэнхэртэвч алганы хонхор мэт хүрэлцэж үл чадах энэ л хайрханаа дээдлэн шүтэж, төрийн сүлдэндээ залсан хэвээр.
Арменичууд христос шашинтай, харин Туркууд ислам шашинтай. Христосын шашныг албан ёсны шашнаараа зарласан дэлхийн анхны улс болох Арменийн үндэсний бэлгэдэл нь Арарат уул. Библид бичсэнчлэн Ноагийн хөвөгч авдар тогтож үлдсэн ариун уул бол Арарат гэдэгт арменичууд итгэдэг.
Яагаад Арменийн тухай бичих болов гэхээр, Арарат уул одоогоос 100 гаруйхан жилийн өмнө тус улсын нутаг дэвсгэрт харьяалагдаж байжээ. Харин 1915-1920 оны Турк, Арменийн дайны үеэр Туркийн мэдэлд шилжсэн аж. Арарат өдгөө жуулчдын хувьд Турк улсыг зорих нэг том шалтгаан болж, Туркийг олон улсын тавцанд сурталчлан таниулахад томоохон үүрэг гүйцэтгэж байна.
Арарат уул
♦ Өндөр авалт
Арарат сонирхлыг татах, гайхан бишрүүлэх олон олон увдистай. Газар нутгийн хувьд эдүгээ Туркийн зүүн хязгаарт орших Арарат уул нь Ираны хил болон Азербайжаны Нахчиваны Автономит Бүгд Найрамдах улсын хилээс баруун тийш 16 км, Арменийн хилээс өмнө зүгт 32 км-ийн зайд оршдог.
Арарат уулын оргилоос өнөө цагийн Турк, Армени, Иран, Азербайжан, Азербайжаны Нахчиваны Автономит Бүгд Найрамдах улс гээд таван улсын газар нутгийг тольдон, оргил дээрх богинохон агшиндаа олон зууны туршид хаад, шах, султануудын захирч байсан өргөн уудам хөндийгөөр хараа бэлчээн, арван зууныг агшин хормоор товчлон өнгөрсөн цаг хугацаагаар аялаад ирж болдог нь үнэнхүү гайхамшигтай.
Арарат уул
♦ Өндөр авалт хийж биеэ дасгах үеэр
Бидний зорьж очсон Их Арарат уулаас 11-хэн километрийн зайд Египетийн пирамид шиг бас нэгэн үзэсгэлэнт оргил харагдсан нь Бага Арарат /3896 м/. Хоёр Арарат хоёулаа мөнх цаст, унтаа галт уулс. Эдгээр уулс НТӨ III мянганы үед идэвхтэй галт уул байсан гэнэ. Ямартаа ч 1840 онд Араратын сүүлчийн дэлбэрэлт болж, газар хөдлөлт, оргилоос садран буух халуун лаав, ус, шавар, цасан нурангийн улмаас ойр орчмын хот тосгод сүйрч, хэдэн мянган хүн нас барсан гэх мэдээ буй. Гэвч сонирхолтой нь, Араратын орой дээр гал уулын тогоо үгүй, харин биднийг очир эрдэнэс мэт нягт хатуу, талст мэт гялалзан гялтганах цасан мөхлөгүүдээр бүрхэгдсэн нүд гялбам шовх оргил угтсан билээ.

Араратад авирсан монголчуудын анхны баг: Бид 10-уул…

…Хацар исгэм хурц ирмэгт цасан мөхлөгүүд
Хад чулууг нь хаг мэт хучсан байна
Харц гялбам очир эрдэнэс шиг нягт мөсөөр
Хаан оргил хүрэм юугаа урласан байна…
Ж.Б. (2022.6.10. Өглөөний 06 цаг 30 минут. Оргил дээр).
2022.06.05. Араратыг зорьсон Монголын анхны баг эх орноосоо нисч, Турк улсын нийслэл Истанбулд буув.
Арарат уул
♦ Араратын багийн арван гишүүн
2022.06.06. Истанбулаас орон нутгийн нислэгээр Игдир хотноо газардлаа. Игдир хотоос Арарат уул яг л алган дээр тавьсан мэт харагдаж, ойртох тусам сэтгэл соронздон яаруулна. Тэнд биднийг Two Ararat компанийн менежер Фетта Седеф тосч, авто машинаар нэг цаг орчим давхиад Туркийн зүүн хязгаар нутагт орших Догубаяазит тосгонд авч ирэв.
Догубаяазит тосгон♦ Догубаяазит тосгон
Догубаяазит тосгоны буурчийн газарт Арарат уулаас дөнгөж бууж ирсэн Ираны уулчидтай тааралдан, эртний танилууд мэт тэврэлдэн уулзалдаж, их оргилын хийморт хүндэтгэн мэхийж, сэтгэлийн баярыг нь хуваалцан, гар утсан дээрх бичлэгнээс нь Араратын оргил дээрх омголон цагаан салхитай анхлан танилцав.
Уулс бидэнд ижил тэгш хандаж, ив ижилхэн бэрхшээл, омогшлыг мэдрүүлж, энэ насандаа биесээ харж байгаагүй хүмүүсийг эртний андууд шиг дотносуулж, элдэв өөр шашин шүтлэг, ёс жаягийн хил хязгаарыг давуулан нэгэн цул болгодог шидтэй билээ…
2022.06.07. Догубаяазит тосгоноос Арарат уул руу хөдөлж, авто машин явж болох эцсийн цэг хүртэл цаг гаруй давхиад, цааш 4-5 цаг алхаж ДТД 3200 метрт байрлах уулчдын үндсэн отогт очиж буудаллав. Доороос алхаж эхлэхэд цаг агаар тогтуун, нарлаг сайхан байсан ч эхний отогт ирэхэд л энэ уулын салхи гойд хүчтэй болох нь мэдрэгдэж эхэлсэн юм.
Догубаяазит тосгон
♦ Догубаяазит тосгон
2022.06.08. Энэ өглөө бид ДТД 3700 метрт байрлах дараагийн отог руу хөдлөв. Two Ararat компанийн үйлчилгээг авснаар өндрийн отгуудад биднийг бэлэн майхан, халуун хоол цай угтаж, ДТД 3700 метрт байрлах II отог хүртэл бидний ачааг мориор хүргэж өгсөн юм. Тэд “Энэ жил цас ихтэй учир морьд үүнээс цааш явах боломжгүй” гэв.
2022.06.09. Багийн гишүүд ДТД 3900 метр хүртэл өндөр аваад бууж ирэв. Жаахан амарч байгаад шөнийн 01:00 цагт оргилын авиралтаа эхлүүлэхээр тогтлоо.
2022.06.10. Шөнийн 01:00 цаг гэхэд бүгд бэлэн байдалд орж, ахлагчийнхаа удирдлага дор оргилын зүг цувран хөдлөлөө. Салхи ихтэй байв. Түнэр харанхуйд өмнөх хийгээд арын нөхдийн духны гэрэл одод мичид мэт гялтганавч харагдах орчин хязгаарлагдмал, басхүү мөстөж хөлдсөн хад чулуун дээгүүр хальтирч хийсчихэлгүй алхахад багагүй хүчин чармайлт шаардагдаж байлаа.
Ерөөс, авиралт эхэлснээс хойш оргил хүртэлх бүхий л замын туршид үе үе хүчит салхи хүүгэн исгэрч, хувцас нэвт жиндээн, хацар нүүрийг чимхээд авах мэт час часхийтэл хайрч байсан юм.  Тэгэвч бид аяллынхаа оргил цэг рүү алхам алхмаар урагшилсаар, агшин агшнаар дөхсөөр…, үүр манхайн цайж орчны юмс ч тодорсоор…
Гэв гэнэт л, алс тэртээх Монгол нутгаас алагхан зүрхийг минь соронздон татаж аглаг буйдад ирүүлсэн аниргүй цагаан оргил ургах нарны анхны туяанд өнгө үзэмж юугаа гайхуулан өмнө минь тулаад ирэв!
Араратын оргил♦ Араратын оргил
Домогт Арарат биднийг ийнхүү мөнгөн цагаан тэргүүн дээрээ алтан нарны хамт угтан тоссон мөч бол 2022 оны зургадугаар сарын 10-ны өглөөний 06:30 цаг билээ!
Хэдийгээр бид гаднаас нь харахад тамирдан ядрах, чээж давчдах, булчин чангарах, шөрмөс татах, дотор муухайрах зэрэг өндөр ууланд тохиолддог өөрчлөлтүүдийг дор бүртээ мэдэрч, даван туулж, үүр цайх үеийн бэрх хүйтнийг тэсч тэвчин зүдэрч яваа мэт боловч яг үнэндээ миний хувьд энэ л уулын эрх чөлөөт омголон цагаан салхины хамт дотоод руугаа авирч, жаргаж явсан билээ л.

Авирах тусам өндөрсөх уулс ба өгсөх тусам дарагдах эго 

Алсын замд гарахад аяны нөхөд чухал. Тэр дундаа, энгийн нэг аялал зугаалга биш, учрах нь тодорхой эрсдэлийг давах эсэхээ сорьж, угтаа өөрийгөө танихаар зорьж яваа уулчдын хувьд аливаа саад бэрхшээл тулгарахад багаа атгасан гар шиг зангидаад авч явж чадах туршлагатай уулчин, хөтөч, зохион байгуулагч хамгийн чухал билээ.
Оргилоос буух үе♦ Оргилоос буух үе
Огт явж үзээгүй, аяг занг нь мэдэхгүй Арарат хэмээх хайрханыг итгэлтэйгээр зорих болсны нэг шалтгаан нь яалт ч үгүй багийн ахлагч байсан юм. Тэр эрхэм бол Монгол Улсын гавьяат тамирчин, уулчин Готовдоржийн Өсөхбаяр.
Арарат уул
♦ Араратын оргил дээр
Өсөхөө олон таван үггүй, угаасаа ч олон юм яриад байх үгийн баялаг ч түүнд үгүй. Гагцхүү тэр уулчин хүн ямар байх ёстойг үйлдлээрээ л харуулдаг. Тухайлбал, замд гарахын өмнө багийнхан руугаа “За үүргэвчээ бэлдчихлээ” гээд зургийг нь явуулна. Тэрнээс нь бид “Өө, хувцас хэрэгслээ тус тусад нь сеткэн торонд хийгээд цүнхэлчихвэл гаднаасаа юу байгаа нь харагдаад, нэг юмаа олох гэж үүргэвчээ орвонгоор нь эргүүлээд хаячихгүй амар юм байна” гээд л ойлгоод авчихна. Ууланд зайлшгүй хэрэгтэй бүхий л хувцас, багаж хэрэгсэл түүнд байгаа хэрнээ яаж ингэж авсаархан явж чаддаг юм бол оо гэж би гайхдаг.
Ууландаа очихоороо Өсөхөө уул мэт болон хувирдаг! Тэрбээр, олон жилийн өмнөөс мөрөөдсөн оргилынхоо яг дор оччихоод биднийг хүлээж эхэлсэн. “Энэ хүйтэнд юугаа хийгээд зогсоод байгаа юм бэ, дээш авираач!” л гэмээр.
Гэвч, олонхын хувьд оргилд хэн түрүүлж хөл тавьсан нь чухал байдаг бол, насаараа авирч, өгсөж яваа хүний тухайд энэ тийм ч чухал биш болдог бололтой. Эцэст нь тэрбээр багийн нэг гишүүнээ өмнөө гаргаад оргилдуулсан нь бахархах сэтгэлийг эрхгүй төрүүлсэн билээ.

Биелээгүй хүслийн үзүүрт цайвалзан дүнхийх Дамаванд

Манай баг уг нь нэг удаагийн явалтаар хоёр ч улсын хамгийн өндөр уул болох Туркийн Арарат (ДТД 5137 м), Ираны Дамаванд (ДТД 5610 м) оргилд Монгол Улсынхаа далбааг мандуулах зорилго өвөрлөж байлаа.
Эзэнт гүрний баруун жигүүр Ил хаадын нутгаар аялж, нэгэн цагт Монголын их Хүлэгү хаан, түүний үр садын эзэгнэн сууж асан бүс нутагт очиж, тэргүүн оргилд нь хүндэтгэн мэхийхийн сацуу өвөг дээдсийнхээ үлдээсэн түүх соёлын дурсгалуудтай танилцан, ялангуяа дэлхий дээрх цор ганц Илханид музейд зочлон цаг хугацаагаар аялж, дотор сэтгэлдээ огшин, омогшихыг юу юунаас илүүтэй мөрөөдсөн билээ. Харамсалтай нь, Иран руу зорчих бидний виз гараагүйгээс Дамаванд ууланд энэ удаа бараалхаж чадаагүй юм.
Дэлхийн олон сайхан оргилд Монголоосоо хэн нэгэн нь анхлан авирч л таарна, хэзээ нэгэн цагт. Анхлан авирахын утга нь тухайн уулын тухай монголчууддаа анхлан танилцуулдагт оршдог. Агаараар нь амьсгалж, усыг нь умдаалж, хөрсөн дээр нь хөлөөрөө гишгэнэ гэдэг нь нүдэнд харагдтал бичсэн нийтлэл, биеийн шар үс босгом дүрс бичлэгтэй зүйрлэхийн аргагүй мэдрэмж. Бодитоос илүү бодит, сайхнаас илүү сайхан!
Араратын оргил дээр
♦ Бага Арарат уул
Энэ удаад Арарат хэмээх домог түүхийн эзэн болсон, дорно өрнөгүй алдраа дуурсгасан, догшин салхит, асгат цагаан ууланд хөл тавьсан анхны монгол хүмүүс нь бид байж таарлаа.
Домогт уулнаа Монгол Улсын төрийн далбаа намирч, тэнд авирахаар ирсэн Иран, Герман, Израйль, Турк, Голланд, Грек гээд газар газрын уулчдад тусгаар Монгол Улсаа дахин дахин тунхаглаж, алс тэртээх XIII зуунд энэ бүс нутгийг эзэгнэн суусан Монголчуудын үр хойч ийм хүмүүс байдаг гэдгийг танин мэдүүлсэн нь хамгийн бахархалтай байлаа.
Мөнгөн цагаан тэргүүндээ хөл тавиулсан домогт хайрхан Араратдаа, биелээгүй хүслийн үзүүрт цайвалзан дүнхийх Дамаванд ууландаа, аль алинд нь сүслэн залбирму. Сэтгэлдээ тээж явбаас хэзээ нэгтээ зорих цаг ирэх буй за.
- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img