2024-12-26, Пүрэв
-26 C
Ulaanbaatar

Ажилтай болохын төлөөх цусгүй тэмцэл

300 ажлын байр, 2 сая хүний анкет
Уттар Парадеш муж, Энэтхэг.

Энэтхэгийн 28 мужийг дээрээс нь эрэмбэлэн жагсаахад 235.6 гаруй сая хүн амтай Уттар Парадеш томоороо айргийн тавд орно.Түм түжигнэж бум бужигнаж, битүү чигжсэн мэт шигүү нягтралд амьдрах олон сая хүнтэй Уттар Парадеш мужид ажилгүйдэл маш өндөр аж.

Дээд боловсрол эзэмшсэн, мэдлэг чадвартай сая сая залуус ажлаар дутагдаж юу л олдоно, түүнээ л хийнэ гэсэн хүслээр ёстой л “ангаж цангаж” байна. Тэдэнд цалин бага, албан тушаал доогуур, ажлын нөхцөл тааруу хэмээн голж шилэх ямар ч сонголт байхгүй. Олон арван сая хүн өөрийн гэсэн ажилтай болж амьдралаа авч явахын төлөөх цусгүй тэмцэл жинхэнэ утгаараа Энэтхэгт л болдог.

Уттар Парадеш мужаас засаг захиргааны байгуулагын хамгийн доод шатны 368 ажлын байр зарлажээ. Уг ажлын нөхцөл шаардлага нь маш энгийн. Ердөө бүрэн дунд сургууль төгссөн байхад хангалттай. Гэтэл энэхүү ажлын байранд 2.3 сая хүний хүсэлт анкет ирж, мужийн албан хаагчдыг бичиг цаасаар даржээ.

Арван жилийн сургууль дүүргэсэн хүн байхад хангалттай атал мянга мянган их дээд сургууль төгсөгчид, нарийн мэргэжилийн ажилтнууд, өндөр боловсролтой эрдэмтэн докторууд хүртэл ажиллах хүсэлтээ өгчээ.

Анкет өгсөн хүн бүрийг ярилцлаганд оруулна гэж үзвээс бүхэл бүтэн дөрвөн жилийн хугацаа орно гэсэн тооцоог мэргэжилтэнүүд гаргажээ. “Хүний нөөцийн 10 мэргэжилтэн өдөр бүр 200 хүнээс ярилцлага авахад сарын 25 өдөр болно. Ингээд бодохоор дор хаяж бүтэн дөрвөн жилийн хугацаа шаардсан урт удаан ажил болно” хэмээн ахлах мэргэжилтэн Прабхат Миттал ВВС -д ярилцлага өгчээ.

368 ажлын орон тоон дээр нийт 2.3 сая хүн анкет өгснөөс: 255 PhD, 152.000 дээд боловсролтой хүн байна. Дахиад онцлоход тэднээс ярилцлага авахад бүхэл бүтэн 4 жилийн хугацаа зарцуулна гээд төсөөл дөө.

Сая сая хүний өрсөлдөн уралдах энэхүү ажлын сарын цалин нь энэтхэгийн 16.000 рупи. Долларт шилжүүлбэл 240, еврод хөрвүүлбэл 156 гэсэн тоо гарч байна. Ийм багахан цалингийн төлөө 2 сая гаруй хүн анкет өгсөн гэх энэ явдал дэлхийн олон орны чихийг дэлдийлгэсэн шуугиан болсон юм. 2017 онд Уттар Парадеш мужид 20-24 насны хоорондох залуусын ажилгүйдэл 13.2 саяд хүрч байсан бол 2023 оны гуравдугаар сарын байдлаар 5.45 хувиар хэмжигдэж байгаа аж.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img