-Бүр 1998 онд хийсэн “Нохой орон” кино дэлхийгээс 23 шагнал авсан байдаг. Тэрбум илүү хүнтэй урд хөршид ч ийм тооны шагнал авсан хүн үгүй гэх юм. Төрөөс шагнах л ёстой санагддаг, тэд анзаарахгүй байна уу, эсвэл та шагналд тийм дургүй хүн үү?
-За тэр цагаас өмнө төрнө гэдэг ч юу л бол. Зүгээр л нийт массын сэтгэлгээнээс арай өөр байж болох. Шагналын тухайд бол бүү мэд. Нохой хүний урд төрөл гэж кино хийгээд муу нэртэй л болсон хүн шүү дээ. Ардчилал гэж нохойн замаар орсон тухай ч кино гэж болох.
Малчин айлын хоточ нохой хотод хаягдаж золбирч, эцэстээ буудуулж үхээд эргээд хүн болж төрж байгаа л түүх шүү дээ.
Би Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байх үеэс хойш хөөцөлдөөд бараагүй одоо тэгээд Х.Баттулгаас авах нэг л сонин санагдаад огт ярьдаггүй юм шүү дээ. Гавьяат нь уг нь тэтгэвэр дээр хэдэн юм нэмэгддэг юм гэнэлээ. Би одоо тэр тэтгэвэрт нь гарлаа шүү дээ. Суугаад номоо бичихэд зүгээр ч юм шиг…
-Кино зохиол бичиж байна уу?
-Бичиж байгаа. Гэхдээ кино эрт ярих шал дэмий.Мөнгөнөөс шууд хамааралтай болохоор бүтээч үү, үгүй ч үү.
-Та “Санкара” номондоо та хэд хэдэн эмэгтэйтэй амьдарч байгаад салчихсанаа нуулгүй бичиж. Гэхдээ нэг л эвтэйхэн зүгээр л салаад явчихсан юм шиг харагдах юм?
-Гэр бүлийн гол зарчим бол дэм дэмэндээ дээс эрчиндээ л биз дээ. Гэтэл дэм болох биш зэм болоод өнөөх хайраар холбоотой дээсний эрч нь сулраад ирэхээр өөрөө аандаа хоёр тийш болдог шиг. Гэхдээ өчнөөн жил хамт амьдарчхаад өстөн болж салдгийг би ер ойлгодоггүй юм даа .Товчхон хэлэхэд ийм л юм. Тавилан тавилангаараа шүү дээ.
-Хайр сэтгэлийн тухайд таны бодол?
-Хайр гэдэг хамгийн мөнх бус зүйл шүү дээ. Баригдах юм юу ч байхгүй ердөө л сэтгэлийн асуудал. Амьдралд хамт удаан байгаад ирэхээр төрөлх өөр, өөр зан чанарууд нь алсдаа гарч ирнэ. Анхандаа сайхан санагдаж байсан зүйл яршигтай санагдаад эхэлнэ. Хүн үргэлж өөрчлөгдөж байдаг.
Амьдралд нухлагдана, мөнгө төгрөггүй болж, өвчин зовлон, үхэл хагацал бусдад сэтгэл алдрах гээд юу эсийг үзэх билээ дээ.иЮун хайр бүр бие биенээ үзэж чадахгүй болчих зөндөө. Мэдээж гээндээ ч байгаа, гоондоо ч байгаа. Бүр тэр хоёр хүнээс хамааралгүй шалтгаан ч бий. Гэхдээ америк кинон дээр гардаг шиг нэг л албан байгууллага шиг хоорондоо дипломат хандаад хүйтэн амьдрах хэцүү шүү дээ.
-Бүх хэрүүл голдуу өнгөрсөн цагийн тухай байдаг. Тэгэхэд чи тэгээ биз дээ… гээд л эхэлдэг гэж фэйсбүүктээ бичсэнийг харж байсан. Нээрээ ч тийм юм шиг?
-Хайртай байхад бүх зүйл нь сайхан санагддаг байсан байж болно.Бас ямар нэг зүйлээс болоод муухай зан гаргасан байж ч болно. Амьдралд бүх зүйл сайхан байдаггүй. Гэхдээ тэр хүн л өөрөө их өөрчлөгдсөн болоод өнгөрснөөс хамаг муу муухай зүйлсээ олж хараад л тэр өчүүхэн цэгийг сайхан бүхнээсээ илүүтэйгээр сэтгэлдээ цуглуулж эхлэхэд л хайргүй болсон байдаг шиг.
Хэний ч амьдралд сайхан үе нь муухайгаасаа хамаагүй их шүү дээ. Тэгэхээр өнгөрснөөс сайхнаа л түүж бодож, ярьж явсан нь өлзийтэй байх. Нэгэнт өнгөрчихсөн юм чинь. Өнгөрснөөс харыг нь өнөөдөрт авч ирж амь оруулаад эхэлбэл өнөөдрөө бас маргаашаа үгүй хийхийн л цондон.
-Үр хүүхэд гэр бүлийн хамгийн гол амь шүү дээ, тэгэхээр яах вэ?
-Үр хүүхдээ хайрлах хайр бол, өөр хайр. Ялангуяа ээжийн үрээ хайрлах хайр бол бараг л мөнх байх. Эр хүн ер нь их товчхондоо үрдээ маш их хайртай. Амь амьжиргаагаа залгуулчихдаг хоёр чанар л байхад болох юм шиг. Салалт хүүхдэд л маш ихээр хүнд тусдаг болохоор хоёр хүн өөрсдийнхөө сэтгэлийг л шинжиж ухаан зарах хэрэгтэй байх. Сэтгэлээ хөргөчихгүй л байхыг хоёул хичээх гэх юм уу даа. Энэ их адармаатай зүйл шүү дээ ер нь бол.
Дэлхийн ихэнх л кино, ном эр, эмийн харьцааны л тухай байдаг. Хүүхэд бурхан л гэсэн үг. Тийм амьтныг хайрлахгүй байгаа бол чөтгөр гэсэн үг. Хүүхэд хүчиндэж, тамлаж алсан чөтгөрийг цаазлах хэрэгтэй гээд байгааг би зөв гэж боддог юм шүү дээ. Угаасаа чөтгөр засраад бурхан болохгүй болохоор устгасан нь дээр байх.
-Та номондоо ээжийнхээ тухай тийм ч их өгүүлээгүй л юм билээ эмээгээ л яриад байсан болохоос?
-Тэр ойлгож ядах юмгүй шүү дээ. Намайг таван настай байхад хоёр дүүтэй минь хаяад явчихсан юм чинь. Тэгээд ч дүүгийнхээ өмнөөс хэрэг хүлээж арваад жил чангын шоронд сууж байхад нэг ч удаа эргэж очоогүй л юм даа. Чи өөрөө төсөөл дөө…Гэхдээ би ээжтэйгээ нас бартал нь л ойр байж тусалж дэмжсээр өнгөрүүлсэн. Бүх юмаа би юу гэж бичих билээ дээ. Бодит явдлаас сэдэвлэсэн гэх үү дээ. Гэхдээ ярьсан бүгд 90 хувь үнэн юм. Монтажлан, найруулсан л үнэн түүх.
-Эргээд л бүсгүйчүүд рүү… Та орос бүсгүй, америк модель бүсгүй гээд олон бүсгүйн тухай номондоо өгүүлсэн байсан. Яагаад ийм илэн далангүй бичих болсон юм?
-Уг нь эр хүн бүрт л ийм түүх байдаг байх. Гэхдээ би гэдэг хүн 21- тэй “аав”-ынд яваад дундаа нэг завсартай ч 32 -той гарч ирсэн болохоор арай илүү хүсдэг байсан ч байж болно. Үнэнээ ярихгүй л болохоос жинхэнэ сайн эрчүүдийн хажууд бол би хэн юм бэ? Хамаг залуу насаа хаалттай өнгөрүүлчихсэн юм чинь. Хүн бүр ярьдаггүй үнэнээ л ярьсан болоод тэгж байгаа биз.
-Яагаад үнэнээ, илэн далангүй бичих болсон юм?
-Үгүй яах вэ дээ. Зүгээр л багадаа уншиж байсан “Асуух нурууны эмч” номыг дахиж уншаад л Нью-Йоркод байсан үеэрээ нэг бэсрэг ном бичээд түүийгээ урагш хойш нэмсээр л ийм ном болчихсон юм. Алтан цээжтэй мөнгөн бөгстэй хүн болж харагдах ямар хэрэг байгаа юм. Би ямар худалч улс төрч биш…
-Ярилцлагынхаа төгсгөлд жаахан улстөржчихье. Манай улс төр болоод улс төрчдийн тухай ямар бодолтой явдаг вэ?
-Ганц манайх бишээ, хаа сайгүй улс төрчид худалч байх нь бараг хэв шинжит дүр шүү дээ.Харин манайхан нийтээрээ их хэлбэрдэх дуртай л юм даа. Хамаг мөнгөөрөө үнэтэй машин, үнэтэй утас, ганган хувцас авч үрээд л мөнгөгүй болчхоороо зовлон тоочоод л. Амьдрал маш сайхан шүү дээ. Хоолтой ч, хоолгүй ч адилхан. Бүх юм түр зуурын. Бүгд хөгширнө, бүгд үхнэ. Тэгэхээр энэ амьдралыг хайрлаж байх хэрэгтэй. Хайрлана гэдэг бүгд өнөө цагт л хамаатай гэдгийг ойлгох хэрэгтэй .Өнгөрсөн бол өнгөрсөн. Ирээдүй бол болоогүй зүйл.
Яах вэ дээ энэ ном миний бүх насаараа л хийсэн хариу үйлдэл буюу Санкарагийн түүх юм шүү дээ. Залуус их уншаад байх шиг байгаад сэтгэл хангалуун л явдаг. Хүний амьдралыг уншаад өөрөө ухаараад амьдралаа өөрчлөх юу л бол. Гэхдээ л бас хэрэг болж болох л юм даа. Яаж хүлээж авахаас бүх зүйл хамаардаг. Новш гэж бодвол хорвоо тэр чигээрээ новш. Сайхан, надад сургаалтай гэж бодвол муу зүйл ч гэсэн багш. “Сайн ану миний багш муу ану бас миний багш” гэдэг маш үнэн үг. Авах эсэх нь бас тэр хүнээс л хамаарна. Өөр хэнээс ч биш.