2024-11-23, Бямба
-1 C
Ulaanbaatar

Т.Чимгээ: Зураг дарчихаад нөгөөхөө цаасан дээр буугаад сонинд хэвлэгдтэл айдаг байлаа

МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Т.Чимгээтэй ярилцлаа.

-Та Соёлын гавьяат зүтгэлтэн болтлоо зүтгэлээ. 1984 оноос зураг авч эхэлсэн гэл үү?

-Тийм. 1982 онд Нийтийн ахуй үйлчилгээний Техник мэргэжлийн сургуульд ороод 1984 онд төгссөнөөсөө хойш зураг авсан.

-Та Ховд аймгийн Дарви сумд төрсөн гэсэн. Ховдын сайхан байгаль, нутаг ус хар багаас онцгой мэдрэмж өгсөн байх даа?

-Би Ховд аймгийн Дарви сумд 1966 онд төрсөн хүн. Намайг төрдөг жил зуд болоод, гурван сартай хүүхдээ орхиод ээж маань үхсэн малын арьс өвчдөг байсан гэдэг. Зун нь Улаанбаатарт их үер болоод, өвөл нь аймшигтай зуд болсон гэдэг юм. Нялх нойтон хүүхдээ хаяад “Ядахдаа үхсэн малынхаа арьсыг нь авъя” гэж явжээ. Ховдын хоёр гуравхан халх сумын нэг нь Дарви. Төрсөн нутагтаа дөрөвдүгээр анги хүртлээ байсан. Говь-Алтайд том радио станц байгуулагдаж, ахыгаа дагаад явсан юм. Говь-Алтайд наймдугаар анги төгссөн.

Төрсөн нутаг маань сайхан. Хавар хөгшин аав, ээж хоёр дээрээ очоод, хурга хариулдаг сан. Хургаа хариулж яваад унтана. Хурга хаяад ирэхэд хөгшин аав ташуурддаг байв. “Дандаа хурга үнэгэнд өгч ирдэг, чи” гээд загнана. Хааяа хонинд явахаараа айгаад уйлна. Үнэг, хярс гээд амьтан их явдаг. Манай Дарви нүцгэн хүрэн улаан уултай, хад асга ихтэй. Хөл нүцгэн гүйж явдаг. Жижиг биетэй мөртлөө 39 размерын гутал өмсдөг хүн шүү дээ. “Миний бондгор улаан хүүхэн гүйгээрэй” гэнэ. Мариалаг охин байсан.

Орой хонио хотлуулчихаад гэртээ  ороход  уулын орой тооноор харагдаж байдаг сан. Хөшөөтийн хөндий рүү зусланд гардаг. Орой харанхуй болсон ч уулын орой дээрх хонь харагдаж л байдаг юм.

-Тэр үеийн хүүхдийн мөрөөдөл юу байв?

-Ямар юмаа мөрөөдөх вэ дээ. Бид одоогийн хүүхдүүд шиг сэргэлэн байгаагүй.  Хөгшин аав маань ажилтай хүн байлаа. “Миний хүүгийн үед цөвүүн цаг ирнэ.  Хүний яс, мөс их муудна” гэж хэлдэг сэн. “Яс нь муудахаар яах юм бэ, өвөө” гэхээр “Дуугүй дуугүй, тэгээд хэл ам сугалчих гээд байдаг юм” гэдэг. Хөгшин аав ямаан сахалтай, өндөр том хүн байсан. Хөгшин аавыгаа хонинд яваад ирэхэд угтаад гүйгээд очно. Надад тошлой гэж жимс түүгээд өвөртлөөд ирдэг. “Миний бумбагар улаан хүүхэн” гэдэг байлаа.

-Яаж яваад зурагчин болов?

-Дунд сургууль төгсөхөд сурлагаар жагсаахад би Дарханы Мах консервны техникумын хуваарь авсан юм. “Энэ сургуульд явахгүй” гэж зүтгэлээ. Нагац ах маань Төлөвлөгөөний комисст дарга байсан. “Чи яах гэсэн юм” гэхээр нь “Би үсчин  эсвэл зурагчин болмоор байна” гэчихлээ. Тэгээд нагац ах маань Ахуй үйлчилгээний техник мэргэжлийн сургуульд оруулж өгсөн юм. Тэр үед гэрэл зураг авдаг хүн цөөхөн. Зургаан сар хичээл заалгаад, “Гутлын 22”-ын зурагчин дээр дадлага хийж байсан юм. Анх зурагны уут наах ажил хийсэн. Тэр үед хүмүүс маш их зураг авхуулдаг байлаа. Эхлээд зурагны уут наалгаж, дараа нь зураг хайчилж, ууталж сурсан. Бидний ууталсан зургийг чанар шалгагч шалгана. Зурагны өнгийг тааруулж угааж уу, хүний хамар, нүд гарсан эсэхийг шалгадаг байж. Төгсөхөд маань Биокомбинатын Гэрэл зургийн газар луу явуулсан. Тэнд гурван сар ажиллаад, Хуримын ордонд зураг авч байлаа.

-Та маш олон зураг авсан. Хөгтэй тохиолдол олон биз?

-Н.Багабанди Ерөнхийлөгч байх үед талбай дээр цэцэг өргөх болоод, зураг авах гээд гүйж байсан юм. Талбай одоогийнх шиг гоё боржууртай байгаагүй, туфлины өсгий цементэн завсар хавчуулагдаад үлдчихсэн, гутал нь сугарсан мөртлөө гүйгээд байсан. Араас “Хөөе мангар аа, гутлаа ав” гээд нэг цэргийн хүн гутлыг минь шидэж билээ. Хэвлэл мэдээллийн байгууллагад гэрэл зурагчин байна гэдэг Ахуй үйлчилгээний газар гэрэл зурагчин байхаас огт өөр ертөнц.

Ер нь л би их хөглөдөг. Их айна. Зураг дарчихаад нөгөөхөө цаасан дээр буугаад сонинд хэвлэгдтэл айдаг байв. Анх 1996 онд “Өнөөдөр” сонинд ороод удаагүй байхад боксын том арга хэмжээ циркт болоход Ж.Отгонцагаантай хамт явсан юм. Түлхэлцээд, сэтгүүлчид толгой руу ч цохиод, мөргөөд аймаар юм боллоо. Ухарсаар байгаад нэг мэдсэн чинь би ард гарчихсан зогсож байсан.

Ж.Отгонцагаан “Урагшаа ороод зургаа аваач ээ” гэж хашхирч билээ. “Нээрэн би урагшаа орж зураг авах ёстой юм байна” гэж ойлгоод, түүний орилох дуу чихэнд хадаад байж билээ. Сонин дээр буцаж ирээд зургаа гаран гартал айсан. Тэр үеийн өдөр тутмын сонины шалгуур өндөр. Их ч юм сурсан даа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: Дандаа бусдын зураг дардаг хүний зургийг дарж өгье.

-Томчуудын зураг их авсан байлгүй.

-Зүс танихгүй ч хүмүүс Т.Чимгээ гэж нэрийг мэддэг. Баабартай “Өнөөдөр” сонин ярилцлага хийх гээд очлоо. “Аан, Түдэвдагвын Чимгээ гэж өөрөө юу” гэж байсан юм. Бал эрхлэгч (Ц.Балдорж) нэг удаа “Улаанчулуутын хогийн цэг руу яв” гэлээ. Юу авахыг яг заана шүү дээ. Тэнд цаасан хайрцгаар гэр барьсан хүүхэн, залуу хоёр амьдардаг гэнэ. Тэрийг олж ав, тэнд амьдарч байгаад баяжсан хүн байдаг гэнэ. Тэрний зургийг ав, хогон дээрээс хэн юу олж байна, хэдэн настай хүн байна зургийг нь ав” гэсэн юм. Улаанчулуутын хогийн цэгт очсон чинь тэнд байсан нэг залуу намайг таниад байсан шүү дээ. Та “Өнөөдөр сонины  эгч тийм ээ, би таныг уруулын будгаар тань таньж байна” гэсэн.

-Таны уруулын будагны хурц тод өнгө өчнөөн жилд ерөөсөө өөрчлөгдөөгүй шүү дээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Дандаа бусдын зураг авдаг хүний зургийг дарж өгье”

-Тийм, час улаанаараа л байгаа шүү дээ. Манай сэтгүүлчид хөөрхөн. Гадагшаа явахаараа зарим нь надад уруулын будаг авчирч өгдөг. ММ-ын Ц.Цэнд “Англиас авчирсан шүү, яг танд таарна” гээд уруулын будаг бэлэглэж байсан. Улаан уруулын будагнаас болоод нэг ийм юм болов. Гэрэл зургийн холбооны ерөнхийлөгч Ц.Батбаатар Солонгос явж ирэхдээ сонин өнгөтэй уруул өнгөлөгч, гахайны сувинертэй  өглөө. (Тэгэхэд гахай жил байсан юм) “Миний найз ийм муухай улаанаар битгий уруулаа будаж бай. Үүгээр буд” гэлээ. Маргааш нь нөгөөхөөр нь будчихаад очтол “Яасан, миний найз, унтаж чадаагүй юм уу” гэж байна. “Чи өөрөө л уруулын будгаа соль гээ биз дээ” гэсэн чинь “Наадах чинь муухай юм байна, улаанаараа буд” гэж билээ. Нэг хэсэг намайг “Улаанаа” гэдэг байсан. (Инээв)

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол авсны дараа ямар мэдрэмж төрөх юм бэ?

-МОНЦАМЭ агентлагийн 100 жилийн ойн үеэр гэнэт шагнал гардуулсан юм. Үйл явдлын зураг авахаар гарах гээд камераа үүрч байтал манайхан “Гарч болохгүй, дээл чинь ойрхон байгаа юу” гэсэн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулж өгсөн юм. Ажилдаа тууштай зүтгэхээр үнэлэгддэг юм байна, үр дүн нь гардаг юм байна гэж бодсон.

Одоо ч заримдаа алхаж явахдаа гэнэт баяр төрөөд “Би чинь Монгол Улсын Соёлын гавьяат” шүү дээ гэж бодоод инээгээд явдаг.

-Та зургуудаа эмхтгээд, ном гаргаж байсан. Шүүж сонгоход хэцүү байсан уу, архив ихтэй байх даа?

-Их яараад жинхэнэ хальсаар авч байсан зургуудаа номдоо багтааж чадаагүй ээ.  Зураг авч эхлээд бараг 40 жил болж байна.

-Та зурагчин хүн, гэрийнхэн, хүүхдүүдийнхээ зургийг их авдаг уу. Эсвэл загасчны морь усгүй юу?

-Сүүлийн үед л авч байгаа. Түүнээс биш яг нэг их аваад байдаггүй. Муу ээжийнхээ зургийг аятайхан, сайхан байхад  нь авдаг байж дээ гэж одоо бодогддог.

Надтай хөдөө явахдаа манай гэрийнхэн бүгд зургаар амьсгалдаг. Зураг авах үеэр хүүхдүүд гэтээд, нөхөр маань хөдөө замд явж байхдаа “Хүүш тэрийг хар даа” гээд машинаа унтраагаад, зогсож өгнө.

-Энэ зургийг л авсан даа гэж бахархдаг уу?

-В.Путинийг Монголд ирэх бүрт нь зураг авсан байдаг. Зураг авч чадахгүй бол шар хөдөлнө, бухимдана. Гоё зураг авчихвал өдөржингөө инээгээд, баярлаад явдаг.

-Зурагчин хүн Монголд болж буй бүх л чухал үйл явдлын үеэр ажилтай л байж таарах байх даа?

-Миний ээж настай хүн. Цагаан сар, улсын баяраар ихэвчлэн гэртээ байдаггүй. “Дандаа байхгүй байх юм” гэж манайхан гомдоллодоггүй. Наадмаар гэртээ байж чаддаггүй. Зураг авч чадаагүй бол шар их хөдөлнө. Ослын үед үрэгдэгчдийн зураг ч авч л байсан. Үүрээр сэтгүүлчтэйгээ оршуулгын газар ч сурвалжилгын зураг аваад явж л байсан. Саяхан харин амаржих газар луу орж зураг авахдаа хүүхэд мэндэлж байх үеийн зургийг авч чадахгүй уйлаад байсан. Хүүхэд төрөөд чарласан чинь өөрөө уйлаад, зураг авч чадахгүй, оруулсан эмч маань намайг бушуухан гаргасан. Нас ахиад уярамтгай болсон юм уу зураг авч чадаагүй.

-Амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам юу гэж боддог вэ?

-Гэрэл зурагчин болсондоо л их баярладаг

-Эмэгтэй гэрэл зурагчидтайгаа хамтраад хамтарсан үзэсгэлэн олон удаа гаргасан. Эмэгтэй хүний нүд өөр байдаг уу?

-Гэрэл зурагчин хүнд мэдрэмж чухал. Хэдхэн хоромд хүн маш их өөрчлөгддөг. Хүний нүд маш их юм хэлдэг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img