Чингис хаан дэлхийд байлдан дагуулалт хийсэн үү, амар амгаланг тогтоосон уу?
Чингис хааны тухай эсрэг тэсрэг хоёр бодрол, дүгнэлт бий. XIII зуунд дэлхий дахинд хоёр жарны туршид “байлдан дагуулалт хийсэн” үү, эсхүл “Монголын амар амгаланг тогтоосон” гэх хоёр дүгнэлтийн аль нь лавтай үндэслэгээтэй болохыг харьцуулан шинжилж судлахыг хичээлээ.
Ийм шалтгаанаар илтгэлээ Монголын амар амгаланг тогтоох урьдач нөхцөл, түүний уг сурвалж, эдүгээ үед Монгол Улсад болон дэлхий дахинд ач холбогдол бүхий зарим сургамж гэсэн гурван үндсэн хэсгээр бэлдлээ.
“Pax Mongolica” яагаад эхлэв?
Хэрэв Чингис хааныг залгамжлагчид эзлэн түрэмгийлсэн байлдан дагуулалт (аян дайн) хийсэн бол хохирсон, зовж зүдэрсэн, өшөө хорсол нь буцалсан улс түмнүүд заавал өс авч, дахин эргэж өс авалт ээлжлэн үргэлжилсээр дэлхий дахинд хоёр жарны туршид буюу 140 жил амар амгаланг яагаад ч тогтоож чадахгүй байлаа. Алдарт Марко Пологийн бичсэнчлэн Чингис хааны засаглал шулуун шударга болохыг үзэж мэдэрсэн бусад орны хүн ард түүнтэй өөрсдөө ирж нийлэн нэгдсээр байсан юм. Ийн явсаар нэг мэдэхэд түүнийг дагалдагсад, дэмжин талархагсад газар дэлхийг хучин бүрхсэн үй түмэн болсон хэрэг. Үүнийг Хамаг Монгол Улсад нэлээд улс орон (Уйгар, Хар Кидан /Хятан/, Карлук /Харлаг/, Солонгос зэрэг) дагаар орсон явдал нотолно.
Их эзэн Чингис хаан Хэрэйд, Мэргид, Найман, Ойрад зэрэг өөр хоорондоо эвдрэлцэж, өсөрхөн тэмцэлдэж ирсэн 31 монгол овог аймгуудын эв эеийн хүчирхэг нэгдлийг буй болгон, эсгий туургатны Хамаг Монгол Улсыг өргөн уудам тал хээр нутагт дахин цогцлоож, цөөхөн монголчуудаа амар жимэр, сэтгэл тэнүүн, аз жаргалтай аж төрөх нөхцөлийг бүрдүүлсэн түүх өнгөрсөнд бий.
Гэвч түүнд учруулсан ноцтой саад тотгорыг даван туулахгүйгээр Хамаг Монгол Улсын цаашдын ирээдүй нэн бүрхэг болсон юм. Хамаг Монгол Улс дахин сэргэн бадарсанд хонзогносон дотоодын хүчнийхэн тухайлбал, Сэнгүм, Тогтога бэхэ, Хүчүлүг нар Тангуд, Алтан, Уйгар зэрэг харийн улсад дүрвэн гарсныг тэдгээр улсууд орогнуулан ивээлдээ авч, хүчийг нь зузаатган Хамаг Монголын эсрэг өдөөн турхирч байлаа. Дотоодын эдгээр дайсагнагч хүчин болон тэдгээрийг ивээлдээ авагчдын хорон явуулгыг саармагжуулах явдал Чингис хааны өмнө тэргүүн зэргийн зорилт болон тулгарсныг өнгөрсөн түүхээс харж болно.
Ази, Европоор нүүдэллэн тархсан Кипчакууд монголчуудын дотоод ба гадаадын өштнийг өмгөөлөн Чингис хааны дайчидтай амь бие хайргүй дайтсан тул тэднийг элдэн хөөсөөр Карпатын нуруу давуулахад ар талд нь Азербайжан, Гүрж, Армен, Умард Кавказ, Орос, Европын тэгш тал үлдсэн байж. Оросын нэрд гарсан эрдэмтэн В.Н.Гумилев “Монголчуудын дайсан мэргидийг половчууд өмгөөлж байв. Онон мөрнөөс Днепр хүрэх хийгээд Днепрээс Онон хүрэх тал хээрийн зам нэг бөгөөд хил хязгаараа дайсан этгээдэд нээж үлдээх нь учир утгагүй хэрэг байлаа. Монголчуудад половецтэй дайтсан шалтгаан чухам үүнд орших бөгөөд тэднийг Карпатын чанад руу хөөн гаргах зорилгоор монголчууд Русийн гүн рүү нэвтэрсэн юм” гэж бичсэнтэй санал нийлэхгүй байх аргагүй.
Хөрш улсуудтайгаа амар жимэр аж төрөхийг туйлаас хүсэмжилж байсан боловч Алтан улс олон жилийн туршид монгол овог аймгуудыг өөр хооронд нь дайсагнуулан эвдрэлцүүлж, “бие биенээр нь нухчин дарах” харгис бодлого явуулж, татар овог аймгийг ашиглан Чингис хааны өвөг дээдэс Амбагай хаан, Охин Бархаг нарыг бариулан хэрцгийгээр амь насыг нь бүрэлгүүлсэн, эрхэмбээрийн аав Есүхэй баатар татаруудад хорлогдсон. Алтан улсын цаашдаа үргэлжлэх энэ харгис бодлогыг таслан зогсоогоогүй тохиолдолд цөөхөн монголчууд амар амгалан аж төрөхөд нэн хүнд нөхцөл байдал үүсэв.
Удаа дараа энхийн гэрээнээсээ эргэж буцсан (Тангуд, Алтан болон Өмнөд Сүн, Оросын вант улс зэрэг), улмаар Монголын эсрэг цэргийн нэгдэл байгуулсан (Тангуд, Алтан улс) улсууд Хамаг Монгол Улсын гадаад аюулгүй байдалд шууд аюул занал учруулж эхэлсэн юм.
Хамаг Монгол улсын дотоодын дайсагнагч хүчний зарим нь тухайлбал, харьд дүрвэн гарсан Найманы Таян ханы хүү Хүчүлүг Хар Киданы засгийн эрхийг булаан авч, лалын мөргөлтнүүдийг элдэвээр харгислаж, тэр ч атугай хамба лам Ала-ал-Динийг сүмийн хаалганд тэлж хадан амь насыг нь бүрэлгэн тэндэхийн ард иргэдийг тэвчихийн аргагүй байдалд оруулсан тул Чингис хаан Зэв жанжинаар удирдуулсан цэргээ илгээж, шударга ёсыг тогтоолгосон учир Хорезм улстай Хамаг Монгол Улс хил залгах болжээ.
Ийнхүү Их Монгол улс Өрнө ба Дорныг холбож, хөгжил дэвшилд хүргэх худалдааны (торгоны) их замын аюулгүй байдлыг хангасан байтал зөрчилдөөн дайсагнал гарсаар байв. Хорезмын шах өөрт нь Чингис хааны илгээлтийг хүргэсэн Монголын элч, худалдаачдыг толгой дарааллан хүйс тэмтэрч, эд хөрөнгийг нь тонон дээрэмдсэн аймшигт явуулгад яагаад ч хүлцэнгүй хандах аргагүй болж.
Ийм шалтгаанаар Хорезмын зүг Чингис хаан өөрөө оройлон цэргээ хөдөлгөж, тэнд шударга ёсыг тогтоосон билээ. Сөргөлдөн тэмцэлдсэн Хорезмын султаныг нэхэн хөөсөн монгол дайчид бүр Энэтхэг хүрсэн гэдэг. Энэ бүхэн нь шударга ёс ба энхийг тогтоох тодорхой тодорхой “ажиллагаа (операц)” байснаас биш эзлэн түрэмгийлэх байлдан дагуулалт байгаагүй юм.
Хамаг Монгол Улс ийнхүү Их Монгол Улс болон өргөжин тэлж, дэлхий дахины цаашдын хөгжилд их хариуцлага хүлээх болов. Яагаад дэлхийн талд гэхгүй дэлхий дахинд гэж бичив гэвэл XIII зуунд даян дэлхий зөвхөн Европ, Ази тивээр төсөөлөгдөж байсан билээ. Африк тивийн баруун эргийг л XV зуунаас португальчууд анх нээсэн түүхтэй. Европтой харьцуулахад дорно, өрнийг холбосон Монголын эрин үе нэгэнт улиран одсон боловч өрнийнхөн буюу европчууд Марко Поло-гийн аян замын тэмдэглэлийг бие биеэсээ өрсөн уншицгаажээ.
Марко Пологийн аян замын тэмдэглэл бүхэлдээ шинэ газар, шинэ нэрс, шинэ бараа таваар, баялаг, шинэ адал явдал, шинэ нээлтүүдэд уриалсан нэг ёсны дуудлага болж байжээ. Марко Пологийн аян замын тэмдэглэлийг баримжаа болгосон Испанийн далайч Х.Колумб XVI зуунд Монголын эзэнт гүрэн байсан нутаг орныг зорих аян замдаа төөрч будилан бүр эсрэг зүгт далийхдаа Америк тивийг нээсэн юм.
Австрали тивийг XVII зууны үеэс мэдэх болсныг сануулах юун. Өөрөөр хэлбэл, Монголын эрин үед Африк, Америк, Австрали тив нээгдээгүй байв. Ингэхээр дэлхий дахиныг монголчууд бүхэлд нь элбэн тохинуулж байсан учраас Pax Mongolica буюу Монголын амар амгалан гэсэн нэр томъёо буй болсныг монгол болон иран судлаач Д.Морган, дорно дахин судлаач Жон Боль, монгол судлаач Удо Б.Баркманн, монголын эзэнт гүрний судлаач, японы Сүгияма Масааки нарын зэрэг гадаадын цөөнгүй судлаачдын бүтээлээс олж үзэж болно.
Энэ бүхнээс үзэхэд Чингис хаан дотооддоо төдийгүй харийн улс гүрэнд шударга ёс, амар амгаланг тогтоосон бөгөөд энэ нь их хааны “Эдүгээ Mөнх тэнгэрийн хүчинд тэнгэр, газраа хүч аугаа нэмэгдэж, гүр улсыг шударгадаж, гагц жолоондоо оруулсан” гэсэн айлдвараар шууд батлагдана.
“Монголын амар амгалан”-гийн уг суурь нь юу вэ?
Монголын амар амгалангийн оюун санааны уг сурвалж нь ёс суртахуун байж. Ёс суртахуун хүмүүний хувьд үүсмэл (итгэл үнэмшил, зарчим) бус харин Байгалиас заяагдмал болохыг агуу Аристотелиос эхлээд суут сэтгэгчид нээж, орчин үеийн байгалийн шинжлэх ухаан тухайлбал, квантын физик, энергийн таталцлын хууль, эсийн биологи (ДНК), биофотон судлалын ололтоор нотлогдсоор байгаа билээ. Тухайлбал, ёс суртахууны физик (fiscal moral) нь Сансарын доторх хүмүүн ухаж ойлгосон болон сайн дурын үндсэн дээр оюун ухаанаараа ухамсраа дээд түвшинд хөгжүүлэх замаар туйлын өндөр амжилт ба аз жаргалд хүрэх чадвартай гэсэн гаргалгаанд үндэслэдэг юм.
Чингис хааны ер бусын ололт амжилтын уг сурвалж ёс суртахуунд нь байсан бөгөөд түүнийгээ их хаан ямагт эцэг Тэнгэртэй холбож үздэг байжээ. Жишээлбэл, Монголын нууц товчоонд Чингис хаанаас “Эрэмгий сайнаар, Эзэн эс боллоо би. Эрхт Тэнгэр Эцгийн хайраар Эзэн боллоо би. Хамрагч сайнаар Хаан эс боллоо би. Хан Тэнгэр эцгийн Хайраар эзэн боллоо би” гэж айлдсаныг тэмдэглэсэн байдаг. Хутагт арш Чанчунь бомбо Чингис хаан шавьдаа “Хаан Та агуу гавъяат үйлсийг бүтээн Тэнгэрээс оноосон цаг хугацааг дүүргэвээс Тэнгэрт эргэж морилон одны суудалдаа залрах болно” хэмээн айлдсан түүх бий..
Академич Ш.Бира “Эртний монголчууд тэнгэрийг ихэд тахин шүтэж, аливаа нандин бүхнээ, үүний дотор төр улсаа дээдлэн өргөмжлөхдөө юуны өмнө Тэнгэр бурхантай шууд холбон үзэж, энэ талаар улс төрийн бүхэл бүтэн сургаалыг буй болгосон бөгөөд түүнийг нь бид Тэнгэрийн үзэл буюу Тэнгэризм хэмээн нэрлэж байгаа юм” хэмээн бичсэн нь угтаа Байгалийн хууль- ёс суртахуун юм. Энэ хуулийг ноцтой зөрчсөн хүмүүнийг Ертөнц хэзээ нэгэн цагт заавал шийтгэдэг, түүний дагуу амьдарсан хүмүүнийг шагнаж урамшуулдаг жамтай ажгуу.
Чингис хаан хүмүүсийн хоорондын хүйтэн цэвдэг болсон харьцааг эелдэг найрсаг (монголчуудын хувьд зочломтгой) ёс, шударга бусыг цэх шударга, аймхай, хулчигар занг эр зориг, хэмжээ хязгааргүй шунал хэрээс хэтэрсэн тансаглалыг эс шунахуй, эрээ цээргүй, ичгүүр сонжуургүй ааш авирыг ичих ба эмээх мэдрэмж, цалгар назгай, хариуцлагагүй явдлыг үүрэг ба хариуцлагаа ухамсарлаж биелүүлэх, хүний мөсгүй чанарыг жудаг, харгис хэрцгий, балмад үйлийг нинжин сэтгэл, хууран мэхлэх, итгэл эвдэх, хулхидах явдлыг итгэл даах, нэр нүүрээ барах явдлыг нэр төрөө эрхэмлэх, хагарал, талцал, үзэн ядалт, дайсагналцлыг эв эе; урван тэрслэлтийг үнэнч зан; атаархал, хорсол, атгаг сэтгэл, өс хонзон, хорон муу санаархлыг сайхан сэтгэл болгоход онцгой хувь нэмэр оруулжээ.
Ингэснээр хорвоо ертөнцөд амар амгалан буюу Pax Mongolicaг тогтоож чадсан юм. Жишээлэхэд “Иран Тураны хоорондох бүх улс орон гайхалтай амар жимэр амьдрах болов. Алтан цар толгой дээрээ тавиад Ливантаанаас Кушант хүртэл өөдгүй хүнтэй тааралдалгүй сэтгэл түвшин явдаг болжээ”.
Тайванийн түүхчийн бичсэнээр Монголын Юань гүрний үед Хятадад Дундад Ази, Баруун Ази, Өмнөд Орос, Европоос маш олон тооны шашин номлогч, соёлыг түгээгч иргэд, худалдаачид ирж улмаар Хятад урд хожид байгаагүй олон үндэстэн, соёлоос бүрдсэн нийгэм болон хувирсан ажээ. Монголчуудын удирдлагад байх үедээ Руссийн олон хот суурин ямар ч хохирол амсаагүйгээр барахгүй Алтан орд улсын үед хүчирхэгжин хөгжиж байсныг Оросын түүхчид өөрсдөө нотлон бичих болжээ.
Японы эрдэмтэн Сүгияма Масааки “Монголоор төвлөрсөн улс төрийн олон бүтэц олон туйлтай болох үйл явц” явагдсан гэж бичсэн нь дэлхий дахинд өнөө үед буй болгох гэж зорьж буй олон туйлт үйл явцыг монголчууд XIII зуунд буй болгосныг хэлээд байгаа юм биш үү?
XIII зуун буюу Монголын амар амгалангийн эрин үед урьд өмнө хаагдсан торгоны замыг дахин нээж, Евразийн их худалдааны бүсийг цэцэглүүлэн хөгжүүлж, улс хооронд соёлын харилцаа тогтоож, Газрын дундад тэнгисийн Венеци, Генуягаас Их Монгол Улсын дундуур дайрч, Хятад хүрэх замын нутаг дэвсгэрийн аюулгүй, найдвартай байдлыг хангаж, тэдгээрийг нутгийн голч шударга хүмүүсээр удирдуулснаар Дорно, Өрнө хоёрыг нягт холбож өгсөн юм. Түүний үр шимийг Европчууд, Төв Азийн лалынхан, еврейчүүд, хятадууд, Азийн бусад улс түмэн хүртсэн билээ.
Энэ бүхэнд хүргэсэн шалтгааны тухай Чингис хаан багшдаа бичсэн захидалдаа “Хаан миний бие умар зүгийн их хээр талд аж төрөн сууж, чигч шударгыг эрхэмлэн тогтоогоод, бүрэлгэн сүйтгэхийг хориглон зогсоож, өмсөх хувцас, идэх хоолоон адуучин үхэрчинтэйгээ хуваалцан, ард иргэдийг хүүхэдтэйгээ адил үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээн мэт хүндэлж, эе эвийг сахиулж, энэрэл хишгээ түгээмүй” хэмээсэн нь бий. Энд шударга ёс (чигч шударгыг эрхэмлэн тогтоосон), нинжин өгөөмөр сэтгэл (өмсөх хувцас, идэх хоолоон адуучин үхэрчинтэйгээ хуваалцан, ард иргэдийг хүүхэдтэйгээ адил үзэж, цэрэг дайчид, эрдэмтэн мэргэдийг ах дүүгээн мэт хүндэлсэн), эв нэгдэл (эв эеийг сахиулсан), энэрэхүй (энэрэл хишгээ түгээсэн) зэрэг ёс суртахууны эрхэм нандин гол өгөгдлийг багтаажээ. . Үүнээс үзэхэд Монголын амар амгалангийн үзэл санааны уг сурвалж нь ёс суртахуун байж.
Монголын амар амгалангийн хууль зүйн үндэс нь Чингис хааныг залгамжлагчид дэлхий дахиныг элбэн тохинуулсан “Засаг” (Yasag) бөгөөд энэ нь амин сүнс нь болсон ёс суртахууныг “хууль” хэмээн үзэж, ягштал мөрдүүлж байжээ.
“Засаг”хэмээх үг нь Монголын нууц товчоонд хэдэнтээ (Үз.: 74, 81, 153, 189, 193, 197, 199, 227, 240, 257, 278 дугаар зүйл) давтагдсан байх бөгөөд бүр эртнээс хууль, засаглах, засан тохинуулах, шийтгэх гэсэн утга санааг илэрхийлж иржээ. Өөрөөр хэлбэл, хуулийг одооных шиг хууль тогтоогчдын баталсан хэм хэмжээ бус харин ёс суртахууны жам ёсны өгөгдлийг ноцтой гажуудуулсан үйлд тохирох цээрлэл зэмлэл үзүүлэх явдал хэмээн үзэж байсан ажээ. Монголчууд XIII зуунд орчин үеийнх шиг хуулийг хэм хэмжээний бүрдүүлбэр хэмээн үзэж, түүнд онцгой ач холбогдол өгч байгаагүй юм.
Төрийнх нь байгууламж орших ба эс орших эсэхийг ёс суртахуунтай салшгүй уялдуулж зангидсан (хаант) засаглалыг түлхэн унагах замаар засгийн эрх авсан улс төрийн шинэ хүчин энэ дэлхийд ёс суртахуун ба хууль хоёрыг зааглан тусгаарлаж, хуулийг хууль тогтоогчдын дур зоргын хэрэг болгон мөнгө, ашиг ба элдэв янзын хэрээс хэтэрсэн тансаглалыг голчлон чухалчилж, хүн төрөлхтөн ёс суртахуунаа тэргүүн зэрэгт тавихаа больсноос хойш элдэв янзын олон хүндрэл бэрхшээлтэй байнга нүүр тулах болж. Ний нуугүй хэлэхэд эдүгээ шударга үнэнч нь тэнэгийн шинж харин зальхай, шунамхай байх нь ухаантайн гэж олонх боддог болсоноос болж хүн төрөлхтөн соёл иргэншилээ сүйрүүлэхэд нэгэнт тулж очоод байна.
“Монголын амар амгалан”-гаас үүдсэн сургамжууд
Монголчууд бид өвөг дээдсийнхээ гайхамшигт үүх түүхийг өөрсдөө нягтлан шүүн тунгааж хойч үедээ үлдээхийн оронд элэг буруутнаас механикаар хуулбарлаж “байлдан дагуулагч”, “аян дайнч” гэх мэтээр алдаатай бичсэнээ засамжлах цаг нэгэнт иржээ. Швейцар Улсын иргэн Вальтер Боссхард (Walter Bosshard) 1938 онд хэвлүүлсэн “Сэтгэл булаам Монгол орон мину” (Kuhles Grasland Mongolei) хэмээн нэрлэсэн аян замын тэмдэглэлдээ “Монголчуудыг дандаа буруугаар ойлгодог, яагаад гэвэл, тэд түүхээ хэзээ ч өөрсдөө бичиж байгаагүй, хэзээ ямагт эсрэг тоглогчид нь бичсэн байдаг” хэмээн бичсэн нь өмнө өгүүлснийг хэлсэн юм биш үү?
Өнөөгийн Монгол Улсын хувьд улс үндэстнийхээ оршин буй Байгалиас заяамал нөхцөл байдалтай шүтэлцэн барилдсан аж төрөх ёсны өвөрмөц онцлог, түүнээс үүдэлтэй үүх түүх, уламжлал, соёл, сэтгэлгээний хэв маяг, өөрийгөө хамгаалах чадварыг дэлхий нийтийн ёс суртахуунлаг ололт амжилттай нэгтгэн зангидсан өөрийн гэсэн нэгдмэл язгуур цогц ҮЗЭЛ САНАА-ны загварыг буй болгож хөгжүүлснээр Монголын өнөөгийн нийгэм, эдийн засаг, оюуны санааны гүн хямралыг амжилттай даван туулах боломжтой болохыг Монголын амар амгалангийн түүхэн сургамж харуулж байна. Дан ганц харийн үзэл суртлыг хуулбарлан авч, (марксист-ленинист онолыг) төрийнх болгосон үед гайхамшигт өвөг дээдсийнхээ өв сургаалыг хөсөрдүүлж байсан үеэ дахин давтах ёсгүй.
Их Монгол Улсын эрин үед ямар ч ард түмэн, улс үндэстний аж төрөх ёс, хэл, арьсны өнгө, хүйс, үндэс угсаа, шашин шүтлэг, соёл, уламжлалд хүндэтгэлтэй хандаж, тэдгээрт хөндлөнгөөс бүдүүлгээр халдаагүй, ямар ч улс үндэстнийг уугуул нутаг уснаас нь хөөн зайлуулаагүй, хүйс тэмтрээгүй, улс түмнийг бие биеэ үзэн ядаж дайсагналцахад хүргээгүй, түүнчлэн монголчууд үндэснийхээ ямар нэгэн өвөрмөц онцлогыг бусад ард түмэнд тулган хүлээлгээгүйгээр тогтоосон Монголын амар амгалангийн түүхэн сургамжийг дахин эрэгцүүлэх шаардлага дэлхий дахинд буй болжээ.
Эдүгээ хүртэл Их эзэн Чингис хааны гал голомт – Монгол Улсын нутаг дэвсгэрээс XIII зууны үед харийн гүрнээс тонон дээрэмдэж эх нутагтаа авчирсан гэх нэг ширхэг ч үнэт эд зүйл олдоогүй нь бусдын эд баялагт шүлэнгэтсэн байлдан дагуулалтыг Их эзэн Чингис хаан болон их хааныг залгамжлагчид хийгээгүй болохыг нотлон харуулна.
Чингис хааны үед төрийг одоогийнхон шиг биш харин биологийн бус амьд организмтай адилтган зүйрлэж байсан түүхэн сургамж өнөө үед ач холбогдлоо алдаагүй байна. Төрийн дээд удирдлагад хэн нэгнийг цэх шударга байдал, эр зориг, нэр төр, итгэл дааж чадах эсэх, эрдэм чадал зэрэг ёс суртахууны шалгуураар тавьдаг байв. Германы монгол судлаач Б.Баркманн профессор “Чингис хааны цусан төрлийнхөн удирдах албан тушаал бараг хашиж байсангүй. Тэгэхээр орчин үеийн боловсон хүчний бодлогод ч гэсэн Чингис хаанаас суралцууштай юм бас байх шиг” хэмээн тэмдэглэжээ.
Хүн төрөлхтний өмнө айсуй дэлхийн III дайны аймшигт аюулыг зайлуулах цорын ганц арга зам нь хүн төрөлхтний ёс суртахуунд л байгаа бөгөөд Чингис хааны “Хорт могойн хэл, Хооронд минь хутгаж, Хов жив оруулбал, Холдож салалгүй, харин Хоёр нүүрээр учирч, Хор хөнөөлийг таслаж байя” гэсэн айлдвар нь сөргөлдөгч талуудыг хэлэлцээний ширээнд нүүр тулан сууж, нүд нүдээ ширтэлцэн, муу сайнаа цээжээ онгойтол илэн далангүй ярилцаж, болзошгүй хор аюулыг холтгох арга замыг сүвэгчлэхээс өөр замгүй гэдгийг нотлон харуулж байгаа юм биш үү?
Судрын чуулганд “хожим таван зуу, мянга, арван мянган жилд ч нарт хорвоод төрж, хаан төр барих удмынхан минь аль ч улс түмэнд хэрэглэж болох Чингис хааны ёс суртахуун, Засагийг өөрчлөхгүйгээр сахивал мөнх Тэнгэр хишгээ хүртээж, тэд маань өнө мөнхөд гэр хотлоороо амар амгалан, аз жаргалтай байх болмуй за” гэж бичсэнээр илтгэлээ өндөрлөе.