2024-12-21, Бямба
-28 C
Ulaanbaatar

Д.Ширэндэв: Бакула багш байсан учраас ерэн оны хувьсгал цус урсгалгүй өрнөсөн

Монголын Випашяна судлалын төвийн тэргүүн Д.Ширэндэвтэй ярилцлаа.

-Бакула ринбүүчи гэж эрхэм хүний тухай ярилцахаар таныг зорьж ирлээ. Ярилцлагынхаа эхэнд нэг зүйл асуух гэсэн юм. Монголд анх удаа мянган бясалгагч Бөхийн өргөөнд бясалгалаа. Ийм том хэмжээний бясалгал зохион байгуулах болсон шалтгааныг сонирхуулаач?

-Хоёр шалтгаан бий. Випашяна бясалгалыг бурхан Буддагаас өнөө цаг үед авчирсан, зөвхөн монголчуудад биш дэлхийн 120 гаруй улсад түгээн хүргэсэн Гоенка багшийн маань зуун насны ой ирэх жил болно. Энэ ойг угтан зохион байгууллаа. Хоёр дахь шалтгаан нь энэ сайхан бясалгалтай учирч ач тусыг нь мэдэрсэн ч бясалгалаа тодорхой шалтгааны улмаас алдсан бясалгагчдынхаа бясалгалыг сэргээх зорилго байлаа.

Бакула Ринбүчи

-Энэтхэгээс Монгол улсад суух элчин сайд асан Бакула ринбүүчийн тухай асуумаар санагддаг нэг асуулт байдаг юм. Хувь хүнийхээ хувьд ямар хүн байсан бол?

-Ладакт төрсөн хааны хүү л дээ, Бакула багш. Хувь хүнийхээ хувьд ямар ч эгогүй, асар даруухан хүн байсан. Эрдмээ гайхуулж ярьдаггүй, бараг л юм мэддэггүй хүн шиг аж төрнө. Далай шиг эрдэмтэй хэрнээ тийм даруухан байна гэдэг гайхам чанар. Хувь хүнийхээ хувьд бодьсадвын шинж бүрэлдсэн хүн. Хүнд туслахын төлөө л төрсөн хүн байсан даа.

-Бакула ринбүүчийн сургаж байсан гол сургаалийг манай сайтын уншигчдад сонирхуулаач?

-Ер нь сахилтай лам хүний хамгийн гол сургаал ёс суртахуун. Бакула багш ёс суртахуунтай байхыг л сургаж байсан. Амьтан бүү хөнөөгөөрэй, худал хэлж болохгүй, хулгай хийх хэрэггүй гэж сургадаг байлаа. Сахилтай лам хүн ёс суртахууны ийм сургаалиудыг ард түмэнд хэлж сургаад ирэхээр нийгмийн хөгжилд асар эерэгээр нөлөөлдөг.

-Сахил сахисан ламын ач тус нийгэмд их шүү…?

-Харахад л хүндэтгэл төрмөөр санагддаг. Ингээд бодохоор лам хувраг хүний тухайд сахил сахих шиг эрхэм зүйл гэж үгүй. Ийм хувраг бүх л амьдралаа эгэл олонд зориулдаг.

-Манайд сахилаа сахидаг лам цөөн санагддаг. Аль улсын лам нар сахилаа яг таг сахидаг бол?

-Бирмийн лам нарыг онцолж хэлмээр байна. Сахилаа сайн сахисан лам нар эрдэм номтой болдог, эрдэм номтой лам нар нийгэмд эерэг нөлөө үзүүлж, ард түмнийг муу бүхнээс хол байлгадаг.

-Бакула ринбүүчигийн эрхэм сайхан нь сахилаа сахидагт оршиж байсан байх…?

-Тэгэлгүй яахав. Бирмийн лам нар шиг сахилаа сахидаг байсан. Дахиад хэлэхэд ямар ч эгогүй хүн байсан. Бакула багшийн дэргэд байхад л тайвширдаг байлаа. Хутагт хувилгаад гэхээр айж сүрдмээр. Гэтэл тийм мэдрэмж огт төрдөггүй байсан.

-Бакула ринбүүчийн гайхмаар чанар гэвэл…?

-Шашныг огт алагчлахгүй. Хүнийг алагчлах үзэл бүр огт байхгүй. Эрдэмтэй хүн учраас хэнийг ч хүлээн зөвшөөрч байгаа хэрэг л дээ. Хүн ер нь шүтсэн хүнээ дагадаг. Багшаасаа авсан эрхэм чанар бол хэнийг ч алагчлахгүй хандах.

Бакула Ринбүчи

-Сая мянган бясалгагч чуулахад Энэтхэгийн элчин сайд ирээд их гоё үг хэлсэн. “Хүн нисч байна. Ер нь бүх л гайхамшигт нэвтэрсэн. Гэхдээ энэ дэлхийдээ хүн шиг амьдарч чадахгүй байна. Хүн шиг амьдрахад нөлөөлж буй випашяна бясалгалдаа улам шамдаарай” гэсэн үг нь санаанд тод үлдчихэж. Бакула ринбүүчийн намтрыг уншихаар Энэтхэг, Монголын номын харилцааг илүү шинэ төвшинд гаргаж тавьсан элчин сайд байжээ гэсэн бодол төрдөг. Элчингээр ирсэн үе нь их хэцүү цаг таарсан…?

-Тэгсэн шүү. 1989 оны арванхоёрдугаар сард ирсэн. Монгол, Энэтхэг улсуудын харилцаа их сонин сайхан түүхтэй. Оюун санаагаараа холбогдсон гүн бат сэжим бий. Яг тэр сэжмээр Монголтой холбогдсон хүн. Ж.Батмөнх гуай “Энэтхэгийн элчин сайд гэж нэг хүн ирлээ. Лам хүн юм” гэж гайхануй хэлсэн байдаг (инээв).

-Нээрээ л лам хүн элчингээр ирнэ гэдэг гайхам хэрэг л дээ. Ринбүчи яг элчингийнхээ хувьд Монголд юу өгсөн хүн бэ?

-Тийм хүнд хэцүү үед ирсэн нь цагаа олсон томилгоо байсан л даа. Цаг эргэсэн, хаашаа л бол хаашаа хөлбөрч мэдэх цаг байсан шүү дээ. Монгол хүний цусанд шашнаа хүндэлдэг хандлага бий. Тэр хандлага, Бакула багшийн философитой нэгдсэн учраас өнөөдрийн Монголын суурь маш зөв тавигдсан.

-АН, МАН-ын томчууд Бакула ринбүүчитэй уулздаг байсан, тийм учраас ерэн оны хувьсгал цус урсгалгүй өрнөсөн гэсэн яриа дуулддаг. Үнэн байх нь ээ?

-Бодитой үнэн. АН, МАН-ын аль алиных нь томчууд Бакула багштай нууцаар уулздаг байсан. Бакула багш өнөөхөө л хэлдэг байсан л даа. Амьтан алж болохгүй, цус гаргах сайн зүйл биш гэж ирээд ярьдаг байсан болов уу. Бакула багштай уулзсан залуус муу юм хийж болохгүй гэсэн сэдэлтэй гардаг байсан учраас ерэн оны хувьсгал тайван замаар өрнөсөн. Би ингэж л боддог.

-Тэр хэцүү цагт шашин соёлын хувьд хаашаа ч эргэж мэдэхээр байсан байх. Шашны тал дээр их том чиглүүлэг болсон байх нь, Бакула ринбүүчи…?

-Та зөв харсан байна. Элчин сайдууд тодорхой хугацаатай ажилладаг. Гэтэл Бакула багш арван жилийн турш элчингээр суусан. Шалтгаан нь ойлгомжтой. Энэтхэг, Монголын хэдэн зууны оюун санааны харилцааг жинхэнэ утгаар нь өрнүүлсэн хүн юм. Идэх хоол ч үгүй болчихсон ард түмнийг сэтгэл санаагаар нь тайвшруулж байсан хүн.

-Шадар туслахтай нь ярьж байхад газар сайгүй л явж номоо айлддаг байсан юм билээ…?

-Арван жил элчингээр суухдаа яваагүй аймаг байхгүй. Шашин сэргэх үед ирж таарсан нь монголчуудын зол болсон. Газар сайгүй сүм хийд үүсэх суурийг тавиад явсан хүн л дээ. Шашин, соёлыг зөв сууриар нь хөгжүүлэхэд маш том дэм болсон элчин сайд. Багшийн ард иргэдэд тавьж явсан сургаал маш энгийн. Ойлгох аргагүй философи ярихгүй. Газар сайгүй явж бурханы сургаалийг энгийгээр хүүрнэсэн нь ард түмнийг тайтгаруулчихсан.

Нийгмийн шилжилт хийсэн тэр хэцүү цагт бухимдсан ард түмэн юу ч хийж мэдэх байсан. Ямар ч сөрөг үзэгдэл гарч болох эрсдэл байсан. Тэр цагт тийм эрсдэл рүү улсаараа гулсаагүйн гол учир Бакула ринбүүчид байсан шүү. Аймаг бүрийн сүм хийдээс сүрхий сийрэг лам нарыг Энэтхэгт сургах ажлыг эхлүүлсэн хүн. Эхлээд лам нарыг сургахаар явуулж байсан ч сүүлдээ төрийн албан хаагчдыг явуулж эхэлсэн. Ингээд харахаар төрийн албыг чадавхжуулахад их нөлөө үзүүлсэн хүн.

-Энэтхэгийн төлөө биш Монголын төлөө л ажилласан хүн юм биш үү?

-За бараг тийм шүү. Тийм учраас л “Элчин багш” гэсэн алдар хүртсэн. Тэр хүний Монголын төлөө гэсэн сэтгэлийг би танд нэг жижигхэн үйл явдлаар жишээлж хэлье. Биднийг Энэтхэгт сургахаар явуулчихаад, дараа нь дүн өвлөөр эргэж ирсэн. Тийм настай хүн Энэтхэг рүү явуулсан хэдэн залуусын араас тэгж ирнэ гэдэг гайхам хандлага шүү. Энэтхэгт сурч буй анхны оюутнуудыг эргэж очиж байсан үеийнх нь зургийг би нандигнан хадгалдаг.

-Таны яриаг сонсохоор Энэтхэг, Монголын өнөөгийн харилцаа Бакула ринбүүчигийн тавьж өгсөн замаар л явж байгаа юм байна гэсэн бодол төрлөө…?

-Би ч бас тэгж боддог.

Бакула Ринбүчи

-Бакула багшийн санаа зовж байсан асуудлыг сайн мэдэх хүний нэг дээ та?

-Бурхан багшийн сургаал номлолыг цэврээр нь байлгахын тухайд санаагаа чилээж явсан хүн. Сүм хийдийн хурал номын дэг жаягийг хүртэл их нарийн хэлж зааж өгсөн. Эмэгтэй лам нарын хийдийг байгуулахад хүртэл туслаж явсан хүн. Ингэж дэмжсэний эцэст сахилаа алдсан лам нар олширсон гэх асуудал үүссэн. Тэгээд л Бэтүб хийдийг байгуулсан юм. Бэтүб гэдэг нь үлгэр жишээ гэсэн утгатай. Бэтүб хийдэд сахилаа сахисан лам нар суудаг. Товчхондоо энэ хийдийн жишгээр яваарай, ингэж чадвал та бурханы шашинтан гэж үлгэрлэсэн хэрэг.

-Бурхан багшийн дэргэд байсан 16 Найдангийн нэг Бакула ринбүүчи ирнэ гэсэн ам дамжсан хүлээлт монголчуудад байсан гэдэг билүү?

-Тийм яриа байсан. Миний тухайд ам дамжсан яриа юу, судар бичигт үнэхээр тэмдэглэгдсэн зүйл үү гэж сонирхсон л доо. “Ганжуур”-т 16 Найдангийн тухай жижиг судар байдаг юм. Бурхан багш нирваан дүр үзүүлэхээсээ өмнө 16 Найданг дуудаж уулзаад “Намайг нирваан дүр үзүүлснээс хойш, Майдар бурхан хорвоод залрах хүртэл ном сургаал хаана дэлгэрнэ, тэр газарт тусалж яв” гэж захисан байдаг юм.

Ийм даалгавар өгөөд 16 Найданг Майдар бурхан хүний ертөнцөд залрах хүртэл үлдээхээр болчихсон. 16 Найдангаас 9 дэх нь Бакула багш байсан. 9 дэх Найдан нь Бурхан багшаас 70 насаар ах байсан. Хималайн ууланд олон жилээр даяанчлаад самади-н өндөр шатанд хүрсэн арш хүн байсан юм. Бурхан багштай уулзаад номонд нь орсон бодьсадва хүн байсан. Бодьсадва нар төрөл аваад яваад байдаг нь цаанаа ийм учиртай. Хувилгаан гэх ойлголт “Ганжуур”-т бол байдаггүй. Жинхэнэ бодьсадва хүнийг хэн нэгэн өргөмжлөх шаардлагагүй. Өөрөө үйлээ хийгээд гараад ирдэг. Бурханы ном цагийн эрхээр доройтсоны эцэст Энэтхэгээс Бакула ирнэ гэсэн яриа монгол лам нарын дунд байсан гэдэг.

-Хэзээний яриа бол?

-XVIII зууны үед лав яригдаж байсан. Хэзээнээс эхэлснийг баттай мэдэхгүй. Монгол лам нар ирээдүйг хардаг байсан уу, эсвэл хуучны сударт нь байсан уу, мэдэхгүй. Ямартай ч шашин ном унасны эцэст Жагарын орноос Найдан Бакула ирнэ гэсэн яриа байсан. Тэр үеэс сүм хийдэд Найдан Бакулагийн чог хурж байх ёстой гээд хурал хурж эхэлсэн. Шашин устсаны эцэст Найдан Бакула сааталгүй ирж шашин сэргээх болтугай гэсэн ерөөл тавьж эхэлсэн үе нь XVIII зуунаас эхтэй гэсэн үг. Түүгээр ч барахгүй сүм хийдэд 16 Найдангийн танка зурж үлдээсэн. Голд нь Бурхан багш, тойроод 16 Найдан байдаг юм. Гэтэл монголчууд яг голд нь Найдан Бакула-г хийчихсэн. Орой дээр нь бурхан багш, тойроод 15 Найданг зурсан танка байдаг. Чог хурахдаа тэр танка-г залдаг байсан.

-Тэр танкаг хаанаас олж үзэх боломжтой вэ. XVIII зууны үед хамаарах танка гэж ойлголоо…?

-Тийм ээ, яг тэр үеийн танка. Та Бакула багшийн шадар туслах байсан хүнээс асууж сураглаад үзэх боломжтой. Тэр танканы тухайд танд нэг сонин юм хэлэх үү?

-За…?

-Яг голд нь дүрсэлсэн Найданг та анзаараарай. Яг Бакула багшийн өнөөгийн төрх.

-Сонин юм аа?

-Юм их учиртай. Үнэхээр сонирхом түүх. Бакула багш бүх л амьдралаа Монголын төлөө зориулсан.

-Ингэхэд Бакула ринбүүчи хэзээнээс манай улсыг сонирхож эхэлсэн юм бол?

-Жараад оноос сонирхож эхэлсэн юм билээ. ЗХУ-д очихдоо буриадаар явсан гэдэг. Тэр үедээ Монгол гэж сонирхол татам улс байдгийг мэдсэн хэмээдэг. Сүм хийдүүдийг нь нураасан гэх мэтээс эхлээд нэлээд сураг мэдээ дуулчихсан байж. Сүм хийд нь эргэж сэргэх ёстойг ч ухаарч байсан хүмүүсийн нэг.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img