2024-12-21, Бямба
-22 C
Ulaanbaatar

С.Баяр: Чингис хааныг ардчилсан зүтгэлтэн байсан гэж нотлохыг оролдохгүй, гэхдээ…

ХБНГУ-ын Конрад Аденауэр сан Монгол улсад суурин төлөөлөгчийн газраа байгуулж, үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан “Монголын ардчилал: Өчигдөр, өнөөдөр” ардчиллын долдугаар чуулган өнгөрсөн сарын 25-нд болсон юм. Уг чуулганы үеэр Монгол Улсын 25 дах Ерөнхий сайд С.Баярын тавьсан илтгэлийг тоймлон хүргэе.

Монголчуудын эрх чөлөөг эрхэмлэсэн өнө эртний хандлага ардчилалд нөлөөлсөн

Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.БАЯР:

Өнөөгийн Монголын ардчилал балчир залуу ч олон салаа мөчиртэй маш том сэдэв. Ийм том сэдвийг мэргэжлийн судлаач, тэр тусмаа би богинохон хугацаанд багцалж ярих боломжгүй. Арван цаг, магадгүй арван өдөр яриад ч барахааргүй том сэдэв. Тийм хэдий ч Аденауэр сангаас тавьсан саналыг би зориглон хүлээж авсан юм. Зориглон хүлээж авах хоёр учир шалтгаан бий.

Эхний учир шалтгаан нь би өнөөдөр 66 настай. Амьдралынхаа 33 жилийг хуучин нийгэмд өнгөрөөсөн. Дараагийн 33 жилийг шилжилтийн үед өнгөрөөж яваа хүн. Өмнө нь амьдрал маань ямар байсан, өнөөдөр хэрхэн өөрчлөгдсөнийг нүдээрээ харж, биеэрээ туулж яваа. Тэр утгаараа энэ талаар ярих бололцоо надад бий гэж үзэж байгаа юм.

Хоёрдугаарт миний бие ардчилсан өөрчлөлт, шилжилтийн үеийн амьд гэрч төдийгүй зарим үед идэвхтэй оролцож явсан нэгэн. Зарим үед улстөрийн тайзнаа гарч тоглож явсан гол тоглогчдын нэг байж ирсэн учраас надад хэлэх хэдэн үг бий. Монголын ардчиллын талаар цөөн хэдэн саналаа хэлэх нь миний хувьд сайхан бололцоо.

Монголын ардчиллын өчигдөр гэж чухам хэзээний, ямар үеийг хэлж байна вэ? Ерөөс ардчилсан үзэл Монголд ямар үндэс суурьтай юм бэ? Ардчиллын тухай монголчууд XX зууны сүүлээр л олж сонссон хэрэг үү? Эсвэл монголчууд ардчилсан үзэл санаа, ардчилсан ёс журам, зарчмыг өмнө нь мэдэж байсан үндэстэн үү? Энэ мэт сонирхолтой асуултууд гарч ирдэг л дээ.

Ийм асуултуудад хариу өгсөн эрдэм шинжилгээний сайхан бүтээлүүд байдаг юм. Жишээ нь МУИС-ийн Улстөр судлалын тэнхимийн эрхлэгч доктор, профессор Ж.Төртогтох нарын судлаачид КАС сангийн дэмжлэгтэйгээр “Монгол дахь ардчиллын хөгжил, асуудал, сорилт 1990-2019” гэсэн судалгааны ажил хийсэн нь бий.

Энэ судалгаанд Монголын ардчиллын гурван давалгаа бий тухай дурджээ. Нэгдүгээр давалгаа 1828-1926 он, дараагийн давалгаа 1943-1963 он, гуравдугаар давалгаа 1974-1990 онуудад болсон гэж тодорхойлсон байдаг. Энэ судалгаандаа “Монгол улсын хувьд сүүлийн гуравдугаар давлагаанд өртсөнөөр ардчилсан улсын тоог нэгээр нэмсэн” гэж дүгнэсэн байдаг юм. Зарчмын хувьд энэ дүгнэлттэй маргахад хэцүү.

Гэхдээ ардчиллын давлагаанд өртсөн гэж хэлэх нь ардчиллаа өөрийн гараар цогцлон байгуулж яваа өнөөгийн монголчуудын хувьд өрөөсгөл дүгнэлт. Монголчуудыг өөрийн ухамсар мэдэлгүйгээр аль нэгэн давагдашгүй хүчин зүйлд автсан мэт арай л идэвхгүй байр сууринд тавьсан юм шиг. Гэхдээ би буруу ойлгосон байж магадгүй. Миний бодлоор Монгол улс ардчилсан реформоо маш богино хугацаанд тун эрчимтэй, идэвхтэй эхлүүлсэн.

Ингэж идэвхтэй эхлүүлэхэд хэд хэдэн онцлог нөлөөлсөн болов уу. Жишээ нь Монгол улс газар зүйн хувьд Ази тивд байршилтай. Энэ тивийн өнө эртний улсын нэг. Гэхдээ хорьдугаар зуунд, ялангуяа хорьдугаар зууны хоёрдугаар хагаст улстөр, эдийн засаг, өөр бусад хамаарлынхаа хувьд зөвлөлтийн буюу социалист лагерь гэгддэг хамтын нийгэмлэгийн салшгүй хэсэг болсон байсан юм. Тэр утгаар нь харвал хорьдугаар зууны Монгол улс Ази Номхон далайн бүс нутгийнхаа орнуудын амьдрал, харилцаа хамаарлаас харьцангуй хол явж ирсэн юм.

Харин ЗХУ Зүүн Европын өрнүүлж явсан улстөр нийгмийн үйл явцад илүү ойр бөгөөд сайн муу нөлөөнд нь нэлээд өртөмтгий улс байсан. Тийм ч учраас өнгөрсөн зууны далаад оноос хойш өрнөсөн солидарити байгууллагын хөдөлгөөн, наяад онд ЗХУ-д өрнөсөн Горбачёвын перестройка, Зүүн Европын зарим оронд болсон үйл явдал, Берлиний ханыг нураасан түүхэн явдал зэрэг нь Монголд дам биш шууд нөлөөгөө үзүүлсэн. Үүнийг харсан гэрч нь би юм. Монгол улс, Монголын нийгмийн нэг онцлог нь энэ болов уу гэж би хувьдаа таадаг.

Bayar

Ардчилал, ардчилсан үнэт зүйл, ардчилсан зарчим зэргийг хүлээж авах Монголын нийгэм, Монголын нийгмийг бүрдүүлэгч хүний хүчин зүйл нь юу байсан бэ гэсэн асуултад хариу хайвал бас нэгэн онцлог нь гарч ирнэ. Манай нийт хүн амын 70 орчим хувь нь 35-аас доош насны залуус. Аль ч орны залуус аливаа шинийг соргогоор хүлээж авдаг онцлогтой.

Тэр тусмаа тавиад оноос хойш Монгол улс ЗХУ руу, Зүүн Европын орнууд руу боловсрол эзэмшүүлэхээр мянга мянгаар нь илгээсэн түүхтэй. Энэ олон залуус, энэ том масс нь мэргэжил боловсрол эзэмшихээсээ гадна өөрийн нүдээр олон үйл явдлын гэрч болсон. Тэр үйл явдлуудыг харсан гэрч учраас өөрийн дүгнэлтээ хийх бололцоотой болсон гэсэн үг.

Миний ярьж буй тэр хугацаанд сайн, муу үйл явдал өчнөөн тохиосон. Жишээ нь 1956 оны Унгарын бослого байна. Зөвлөлтийн цэргийн Чехословак улс руу дайран орсон 1968 оны явдал бий. ЗХУ-д наяад оноос өрнөсөн перестройка. Энэ бүгдийн дунд Монголын мянга мянган залуус байж өөр өөрсдийнхөөрөө хүлээж авах сайхан бололцоо бүрдсэн юм. Энэ мэт том хүчин зүйлс Монголын ардчиллыг бүтээсэн. Монголчууд ардчиллаа идэвхтэй, эрчимтэй өрнүүлэх бас нэгэн том хүчин зүйл болсон болов уу.

Үүний үр дүнд Ази тивийн социалист гэгддэг орнуудаас Монгол улс олон намын тогтолцоо, чөлөөт сонгууль, эрх зүйт төрийн тогтолцоо, эрх мэдлийн хуваарилалт зэргийг эхлүүлж бүрдүүлж чадсан. Бусад улсад эхлүүлээгүй буйг бид бэлхнээ харж байгаа. Социалист гэгддэг улсууд өнөө ч байсаар байна. Ер нь том гүрнүүдтэй хил залгаа байршлаараа болж дунд нь хавчигдсан байдалтай явж ирсэн монголчуудын хувьд эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдал юу юунаас илүү чухал байсаар ирсэн. Өнөө ч хэвээр байгаа.

Монголчуудын эрх чөлөөгөө эрхэмлэсэн өнө эртний хандлага, түүнээс үүдсэн үндэсний сэтгэлгээтэй холбоотой өөр нэгэн онцлог ч бий болов уу гэж би таадаг юм. Монголчууд нүүдэлчин уламжлалтай.

Нүүдэлчид мал сүргээ дагаж амьдардаг. Мал сүрэг нь байгалийнхаа хуульд захирагддаг. Олон мянган жилийн туршид байгалийн хуулийн дор амьдарсан. Дээрээс, гаднаас тулгасан удирдлага захиргааг хүлээж зөвшөөрөх тун дургүй ард түмэн байсаар ирсэн. Монголын нүүдэлчид овог аймгийнхаа хүрээнд ах захаа дээдлэх ёс журмаа дагаж амьдраад, асуудлыг олноороо цуглан хэлэлцэж шийддэг уламжлалтай байсан.

Тийм ч учраас тогтсон тэр уламжлалынхаа дагуу дэлхийд алдартай эзэн Чингис хаанаа хүртэл сонгуулиар тодруулж явсан түүхтэй үндэстэн. Монголын бүх овог аймаг, ханлиг, ванлигууд 1206 оны намар Ононы эрэгт цуглаж Их Монгол улсаа байгуулснаа зарлан тунхаглаад их хаанаа сонгон өргөмжилсөн түүхтэй. Орчин цагийн хэлээр яривал найман зууны тэртээ монголчууд нийт үндэстнийхээ хэмжээний саналыг уралдуулаад төрийн тэргүүнээ сонгож байсан гэсэн үг шүү дээ.

Тухайн үед өрнөсөн энэ үйл явдлаас маш тод анзаарагдах ард олны өргөн төлөөллийг хангах, төрийн тэргүүнээ сонгуулийн аргаар тодруулах зэрэг нь өнөөдрийн бидний ярьж буй ардчилсан үзэл санаа, ардчилсан ёс журам, ардчиллын суурь зарчим, түүний чухал элемент гэж харагддаг.

Ингэж хэлснээрээ би Чингис хааныг ардчилсан зүтгэлтэн байсан, арвангуравдугаар зууны Монгол сүрхий ардчилсан нийгэмтэй байсан гэж нотлохыг оролдохгүй. Гэхдээ өнөөдөр дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч яваа төлөөллийн ардчиллын болон сонгуулийн суурь зарчим Чингисийн үеэс өвөрмөц хэлбэрээр хэрэгжиж ирсэн нь түүхэн үнэн.

Бараг мянган жилийн өмнө талын нүүдэлчид төрийн хэлбэртээ өнөө цагийн ардчиллын арга хэлбэрийг яагаад ашиглаж байсан юм бэ гэсэн асуулт гарч ирж таарна. Миний бодлоор нүүдэлчид супер прагматик хүмүүс. Тийм хандлагатай, тийм сэтгэлгээтэй улс. Ахуй амьдралд нь юу хэрэгтэй, түүнийг л авч хэрэглэдэг онцлогтой ард түмэн. Өргөн уудам тал нутгийн нүүдэлчдийг нэгтгэн захирах их хааныг цэрэг зэвсгийн хүчээр, түрэмгийллээр тохоон томилсон түүх бий л дээ. Гэхдээ тэгж байгуулсан төр засаг нь удаан насладаггүй байсан шиг байгаа юм.

Хоорондын зөрчил дайсагналаа зохицуулж, нэгдсэн бодлого, ашиг сонирхолтой болж чадаагүйн улмаас биесээ хядах, бусдын идэш болгосоор явж ирсэн сургамж буурал түүхэнд маань бий. Тийм ч учраас тогтвортой, зохион байгуулалт сайтай төр засгийг хүчээр биш эвээр, дарангуйллаар биш зөвшилцлөөр, тулгалтаар биш сонгуулиар байгуулах ёстой гэдгийг талын нүүдэлчид эрт дээр үеэс мах цусандаа шингэтэл ойлгосон болов уу.

Миний хэлсэн энэ санааг “Монголын ардчилалд төлөөллийн ардчиллын сорилт ба шууд ардчиллын боломж” гэсэн судалгааны бүтээлд тусгасныг хараад би хувьдаа их олзуурхсан.

Энэ судалгааг академич Г.Чулуунбаатар, Ш.Батсүх, судлаач Б.Ганцоож нар мөн л Конрад Аденауэр сангийн дэмжлэгтэйгээр хийсэн байдаг. Судалгааны энэ бүтээлд багтсан нэг өгүүлбэрийг би зориуд эш татахыг хүсч байна. “Олон зуун жил оршин тогтносон эзэнт гүрнүүд (Ромын, Монголын, Оросын, Османы гэх мэт) ардчилсан шинжтэй байсан уу гэсэн асуулт бий.

Ардчиллыг орчин үеийн либерал үзэл баримтлалын үүднээс ойлгож хандваас тэнд ардчилал байгаагүй. Харин бидний ярьж буй ардчилал бол хүмүүний заяамал хийгээд төрийн оршихуйн гол шинжийг илэрхийлсэн хийсвэр ойлголт, төр ба ардчиллын үзэл санаа хоёрыг салгаж үзэх боломжгүй гэсэн үзэл баримтлалын үүднээс бол ардчилсан шинж буюу ардчиллын үзэл санаа, ардчиллын ёс журам, зарчимд хамаарах өвөрмөц маягийн уламжлал байсан гэж үзэх боломжтой” гэж дүгнэсэн байдаг.

Төрийн менежменттэй ардчилсан механизм ашиглахаас гадна нийгэм эдийн засгийн болон гадаад харилцаа хүртэл өнөөдөр дэлхий нийтээрээ чухалчлан үзэж хэрэглэж яваа зарчим арга, хандлагуудыг Чингис хаан нэвтрүүлж явсан нь сонин шүү. Тэр 800 гаруй жилийн өмнө газар нутгаа булаалдан байнга хоорондоо тэмцэлдэн биесээ хядаж явсан тархай бутархай зуу гаруй нүүдэлчдийн овог аймаг, ханлиг, ванлигуудыг зөвшилцлийн аргаар нэгтгэж чадсан хүмүүн. Ингэснээр Чингис хаан Евразийн өргөн уудам нутагт хуурай газрын хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан түүхтэй.

Чингис хааны байгуулсан их гүрний хаана ч гэлээ арван хувийн л татвар авдаг байсан. Иргэдийн засгийн нэгдсэн орон зай бүрдэж байсан. Үр дүнд нь чөлөөт худалдаа, үйлдвэр эрчимтэй хөгжих эхлэл тавигдсан. Түүнчлэн нийгмийн харилцаандаа эрдэм боловсрол, мэдлэг чадварыг урамшуулан дэмждэг байсны зэрэгцээ бүх шашныг ижил тэгш хүндэтгэж үздэг журам тогтоосон. Тийм учраас загалмайтнууд, исламын шашинтнууд, буддын шашин шүтдэг олон мянган хүн Чингис хаан ба түүний үр сад нарын байгуулсан асар том эзэнт гүрэнд энх тайвнаар зэрэгцэн оршиж чаддаг байсан юм билээ.

Чингис хаан гадаад харилцаанд хүртэл гэрээ, хууль зүйн үндэслэл бүхий харилцаа тогтоохыг чухалчилдаг байж. Дипломат халдашгүй эрхийг олон улсын харилцаанд анх тунхаглаж мөрдлөг болгон төлөвшүүлж явсан нь түүхэн олон баримтаар нотлогддог гээд яривал өчнөөн юм бий. Гэхдээ энэ бүхэн бидний өнөөдрийн ярьж байгаа ардчиллын асуудлаас арай л холдох тул энэ сэдвийг орхиё.

Гэхдээ төрөө байгуулах ардчилсан механизм нь араасаа чөлөөт худалдаа, эрх зүйт харилцааг дагуулдаг нь нэг ёсны зүй тогтол байж мэдэх юм. Гол санаагаа ахиад онцлоход асуудлыг олноороо хэлэлцдэг энэ мэт арга зарчим өнөөгийн Монголд ардчиллыг тогтоон хэвшүүлэхэд түүхэн чухал суурь болсоор ирсэн. Энэ бол Монголын ардчиллын нэг чухал онцлог.

Өнөөгийн Монгол ардчилсан реформыг амжилттай эхлүүлсэн, амжилттай үргэлжлүүлж байна. Нийгэм, эдийн засгийн тодорхой үзүүлэлтүүд ч байна. Монголын хүн ам Конрад Аденауэр сан Монголд суурин төлөөлөгчийн газраас нээж байхад 2.2 сая байсан. Тэрнээс хойш гучин жилийн дараа Монголын хүн ам 60 хувиар өсч 3.5 саяд хүрлээ. Нэг хүнд ногдох ДНБ 1993 онд 365 ам.доллар байсан бол 2022 оны байдлаар 5033 ам.доллар хүрч өссөн буюу арав гаруй дахин өссөн байх жишээний. Гэхдээ үүний зэрэгцээ муугийн жишээ ч өчнөөн.

Шинэ Монголын ардчилсан үйл явцад авлига, хээл хахууль, ажилгүйдэл, хавтгайрсан архидалт, шударга бус шүүх гэх мэт олон бэрхшээл сорилт тулгарсаар ирсэн, өнөө ч асуудал хэвээр байна.

- Сурталчилгаа -spot_img

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу
Captcha verification failed!
Captcha хэрэглэгчийн оноо амжилтгүй боллоо. бидэнтэй холбоо барина уу!

Санал болгох

- Сурталчилгаа -spot_img